| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2511 01060 1983 |
| Дугаар | 2026/ДШМ/484 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Х.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/484
Б.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Билгүүн,
шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2511 01060 1983 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О- овогт Б-ийн Э-, 1982 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ...... тоотод оршин суух хаягтай,
- урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан. /РД:ЦБ-/
Шүүгдэгч Б.Э- нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Б- 33 дугаар гудамжны Б- тоот гэртээ 6 настай Ү-г байхад 360.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг мөнгөн аягыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч дээрэмдсэн,
2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- 33 дугаар гудамжны Ү- тоот хохирогч Ё.С-ийн эзэмшлийн гэрт хууль бусаар нэвтэрч 682.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung загварын зурагтыг кабелийн төхөөрөмжийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Э-т 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ын цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-аас 1.022.000 төгрөг гаргуулж 682.000 төгрөгийг хохирогч Е.С-эд, 360.000 төгрөгийг хохирогч Б.Э-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдолдоо: “...Миний бие уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь, тус хэрэг болсон гэх өдрүүдэд надтай цуг байсан манай хөрш болох Л-, Б- нараас гэрчийн мэдүүлэг огт аваагүй ба хохирогч гэх хүмүүс бүгд ямар ч хохирол гомдолгүй гэснийг шүүхээр авч хэлэлцээгүй. Мөн миний бие тус хэргийг огт үйлдээгүй, “тус өдрүүдэд хөршийндөө байсан гэснийг тус хэргийг үйлдсэн хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна” гэх мэтээр тус тогтоолд ташаа тусгагдсан байна. Иймд миний хэргийг дахин шалгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч “...би хэрэг болсон өдөр Л-, Б- нарын гэрт архи ууж байсан. М-гийнд орж зурагт, өөрийн дүү Э-ынд орж аяга авснаа санадаггүй...” гэж мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Б.Э-ыг зурагт авч явж байхыг харсан бага насны хүүхэд байдаг талаар мэдүүлдэг боловч тухайн бага насны хүүхдээс мэдүүлэг аваагүй. Дэлгүүрийн худалдагч “Б.Э- зурагт барьчихсан явж байсан, гэхдээ манайд авч орж ирээгүй” гэж мэдүүлдэг. Мөн хэсгийн төлөөлөгч “Б.Э-ыг зурагт авч явж байгаа камерт үзлэг хийв” гэдэг боловч хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдалд шүүгдэгчийн гэм бурууг хөтөлбөргүйгээр нотолж, нотлох баримтыг цуглуулах талаар зохицуулсан байдаг. Шүүгдэгч өөрөө “санахгүй байна” гэж байгаа боловч Б.Э-ыг зурагт авч явсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогддоггүй. Зурагт алга болсон газарт хэргийн газрын үзлэг хийсэн гэж байгаа боловч хөрөө, цоож дээрх хурууны хээг аваагүй асуудал байдаг. М-гийн “манай урьд хашааны хүүхэд Б.Э-ыг зурагт авч явж байсан” гэх мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэнд тооцсон. Дэлгүүрийн худалдагч “Б.Э- зурагт барьж явж байсан, яг ямар зурагт байсныг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Таньж олуулах ажиллагаагаар таньсан гэж яригддаг боловч Б.Э- нь тухайн дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг бөгөөд “архи уугаад явж байдаг хүмүүсийн нэг нь учраас таньсан” гэж хэлсэн. М-гийн яг тухайн зурагтыг бариад явж байсан нь хэргийн газрын үзлэг, хяналтын камерын бичлэгээр тогтоогдоогүй гэж үзэж байна. Б.Э- “охин Ү- Б.Э- ахыг ороод гарсан” гэж мэдүүлдэг ба Б.Э- өмнө нь манайд орж ирж, манай мөнгөн аягыг хулгайлдаг юм чинь, энэ архи уудаг юм чинь авсан байж таараа гэдэг байдлаар таамаглаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан.” гэв.
Прокурор Х.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн үйл баримтын хувьд гэрч нарын мэдүүлэг хоорондоо хамааралтай, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт камерын бичлэг авагдаагүй боловч дуудлагаар очсон эрх бүхий албан тушаалтнууд илтгэх хуудас бичиж, тэмдэглэсэн байсан. Мөрдөгч тухайн алба хаагч нарт гэрчийн эрх, үүргийг танилцуулж, гэрчийн мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан. Дүүгийнхээсээ 2 ширхэг мөнгөн аяга авсан гэх хэргийг нэгтгэсэн. Шүүгдэгч “дүүгийнхээсээ мөнгө аяга авснаа санахгүй байна” гэдэг боловч 21-ний өдөр хохирогч Е.С-этэй холбоотой хэрэгт сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “надад дүүгийнхээ гэрээс авсан мөнгөн аяганаас өөр хулгай хийсэн зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай хүрэлцээтэй, анхан шатны шүүх хэргийн талаар зөв дүгнэлт хийж, шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Б.Э- нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- 33 дугаар гудамжны Б- тоот дүү Б.Э-ын гэрээс 2 ширхэг мөнгөн аягыг,
2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- 33 дугаар гудамжны Ү- тоотод байх монгол гэрийн цоожийг эвдэн орж Е.С-ийн эзэмшлийн “Samsung” загварын зурагт, кабелийн төхөөрөмж зэргийг нууцаар, хууль бусаар авч хулгайлж, нийт 1.022.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/,
хохирогч Е.С-ийн “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа ирчихээд дүү М-гийн гэрийн хаалгыг татсан чинь дотор нь хүнгүй, гэрийн хойморт байсан зурагт алга болчихсон байсан. М-г гэртээ ирэхээр нь асуусан чинь алга болчихсон, цоож хөрөөдөөд эвдээд аваад явчихсан байсан гэсэн. Тэгээд би өөрийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр зурагтыг би өөрийнхөө мөнгөөр худалдаж авч байсан. Кабелийн төхөөрөмжийг 150.000 төгрөгөөр авч байсан. Манай зүүн талд байдаг дэлгүүрийн хүнээс асуусан чинь тэр хүн манай хашааны урд талд байдаг хөршийн ах Э-ыг зурагт аваад явж байсан, 100.000 төгрөгөөр авах уу гэж асуусан ба нэг их удахгүй мөнгөтэй болж орж ирээд тэр дэлгүүрээс юм авсан гэж хэлсэн. Тийм болохоор би Э-ыг авчихсан болов уу гэж бодож байна...” /хх 22-23/,
гэрч М.Э-ын “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Э-” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Тухайн дэлгүүрийг Э- ч гэж нэрлэдэг. Тухайн өдөр зурагт худалдаж авах уу гэж нэг хүн орж ирснийг санаж байна. Би тэр зурагтыг нь сайн хараагүй. Манай дэлгүүрийн үүдэнд тавьчихаад орж ирсэн. Тэгэхээр нь би хаана байгаа ямар зурагт вэ гэж асуусан чинь манай найзын зурагт байгаа юм, чамайг авна гэвэл би аваад ирье гэж хэлээд гараад явсан. Дараа нь орж ирээд манай найзын зурагт байгаа юмаа, авчих л даа. Би энэ зурагтаар танайд тавьсан өрөө дараад, дээрээс нь нэмээд 50.000-60.000 төгрөг авъя гэхээр нь би татгалзаад тэр хүн гараад явсан. Би тэр хүнийг одоо харвал танина. Манай дэлгүүрээр тэр хавийн архи уудаг хүмүүс их орж гардаг болохоор таних байх. Намхан нуруутай бор царайтай хүн байсан...” /хх 35-36/,
гэрч Е.М-гийн “...Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ 12 цагийн үед гарах гэж байхад гэрт Э- согтуу орж ирээд жоохон унтаад авъя гэхээр нь би гарах гэж байна гээд чирээд гаргасан, тэгээд найз Б-тай уулзчихаад 14 цагийн үед буцаад гэртээ ирэхэд манай гэр онгорхой цоож эвдэрсэн байсан ба гэр рүү ороход хойморт байсан зурагт алга болсон байсан. Тэгээд урд талын айлын хүүхэд таны зурагтыг Э- ах аваад гарч байсан гэсэн. Би Э-ыг хайж олж уулзахад би аваагүй гээд худлаа яриад байсан...” /хх 27-28/,
гэрч Д.Б-ийн “...Тухайн дуудлагаар очиход Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайлсан байсан. Ойр хавиар нь биечлэн сурвалжлага хийж, дэлгүүрийн камер шүүж үзэхэд нэг залуу зураг тэвэрчихсэн камерт ороод ирсэн. Тэрийг дуудлага өгсөн М- гэгч хараад Э- байна гээд таньж байсан. Э- нь тухайн камерын бичлэгт ганцаараа явж байсан...” /хх 43-44/,
хохирогч Б.Э-ын “...Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Б-ын 33 дугаар гудамжны Б- тоот хаягт нөхөр 7 хүүхдийн хамт амьдардаг. Миний төрсөн ах Э- нь манай гэрт амьдардаг байсан. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр У-, Б-, Д- нарыг сургуульд хүргэж өгөөд тээврийн хэрэгслийн дугуй хагарсан байсан учир Ү-, Г-, А- нарыг гэртээ үлдээгээд гэрээс гарсан. Манай гэрийн хоол иддэг ширээн дээр ил тавьсан байсан 2 ширхэг мөнгөн аягийг алга болсон байхаар нь хүүхдүүдээс асуусан чинь Ү- /6 настай эмэгтэй/ нь Э- ах мөнгөн аяга аваад гарсан гэж надад хэлсэн. Э- өмнө нь манай гэрт байсан 2 ширхэг мөнгөн аягыг 3-4 удаа авч ломбард болон дэлгүүрт архины барьцаанд тавьдаг байсан. Тухай бүрт нь би өөрөө очиж авдаг байсан. Э- нь миний төрсөн ах бөгөөд 2020 оноос хойш манай гэрт амьдарсан. 2025 оны 01 дүгээр сараас хойш манай гэрт битгий ирээрэй гэж хэлээд явуулсан. Тэр үеэс эхлэн манайд зөвшөөрөлгүй орох эрхгүй болсон гэсэн үг. Би гомдолтой байна өөрт учирсан хохирлыг барагдуулан авна...” /хх 131/,
шүүгдэгч Б.Э-ын “...Миний санаж байгаагаар би тэр өдрийн маргааш нь гэрээсээ автобусны буудал орох гээд алхаад явж байтал манай гэрийн ойролцоо амьдардаг надтай хааяа архи хувааж уудаг М- надтай гудамжинд тааралдаад гэрээс нь хулгай хийж зурагтыг авч явсан гэж хэлж байсан. ...дүүтэйгээ утсаар холбоо барихад манайхаас авсан миний 2 ширхэг мөнгө хаана байна гэж хэлээд надаас нэхээд байсан. Би аваагүй гэж хэлэхэд чамайг танидаг архичин найзууд чинь мөнгөн аяга зарна гээд яриад явж байна лээ гэж хэлээд байсан. Би 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.Э-ын гэрт очсон байж магадгүй. Гэрээр нь орж хоол унд идсэн байх гэж бодож байна. Дүүг байхгүй үеүдийг дайруулж очдог. Тэгэхгүй бол дүүтэй таарахаар архи уулаа амьдралд гай боллоо гээд байнга загнадаг. Намайг очих үед Г- гэх хөгжлийн бэрхшээлтэй охин, Ү- нар байж байдаг. Би дүүгийнхээ мөнгөн аягыг авсандаа гэмшиж байна...” /хх 75-76, 147-148/ гэх мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЧД2-25-126 дугаартай “...Samsung маркийн 49 инчийн хуучин хэрэглэж байсан 2022 оны хувь хүнээс авч байсан гэх зурагт зах зээлийн үнэлгээгээр 552.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 47-52/,
мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “...Хохирогч мэдүүлэгтээ алдагдсан Сансар кабелийн төхөөрмжийг 150.000 төгрөгөөр худалдаж авсан гэх ба уг төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээ нь 130.000 төгрөгөөр тогтоож байна...” гэсэн магадлагаа /хх 55-56/,
таньж олуулах ажиллагаа явуулсан “...1-4 дугаартай хүмүүсийн зургийг үзүүлж 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр танд зурагт зарах гэж орсон хүн энэ зурган дотор байгаа эсэхийг заана уу гэхэд, дунд талд байгаа 2 дугаартай зураг мөн байна гэж Б-ийн Э-ыг таниад зааж байгааг харуулав. А хувилбарт 1-4 дугаартай хүмүүсийн зургийг үзүүлж 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр танд зурагт зарах гэж оролсон хүн энэ зурган дотор байгаа эсэхийг заана уу гэхэд доод талд нь байгаа 4 дугаартай зураг мөн байна гэж Б-ийн Э-ыг таниад зааж байгааг харуулав...” /хх 59-61/,
“Дамно” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЧД2-25-130 дугаартай “...Мөнгөн аяга 2 ширхэг нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 360.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 138-140/,
эргүүлийн офицерын бичсэн “...Гудамж талбай ойр хавийн дэлгүүрийн камерыг шалгахад А- дэлгүүр гэх нэртэй дэлгүүрийн камерт иргэн Б.Э- нь хулгайд алдагдсан зурагтай ижил төстэй зурагт зарахаар явж байсныг олж тогтоон илтгэх хуудас болгож бичив...” гэсэн тэмдэглэл /хх 108/,
хохирогч Е.С-ийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх 106/,
мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай санал /хх 110/,
Б.Э-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 79/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 81/,
иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 83/,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоол /хх 97-104/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Э-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Э-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамааруулан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь байх хэдий ч хэргийн зүйлчлэлийн хувьд хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдал, нотлох баримтын хүрэлцээ, шүүгдэгчийн үйлдлийн шинж чА-, нийгмийн аюулын хэр хэмжээг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж, зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд, анхан шатны шүүхээс Б.Э-ын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- 33 дугаар гудамжны Б- тоот дүү Б.Э-ын гэрээс 2 ширхэг мөнгөн аягыг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.
Хэдийгээр анхан шатны шүүхээс дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг бус хулгайлах гэмт хэрэг гэж зөв дүгнэсэн боловч шүүгдэгчийг уг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч буюу хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч нь өөрийн төрсөн дүү Б.Э-ын гэрт орж, тухайн үед гэрт байсан бага насны буюу бусдын хийж байгаа гэмт үйлдлийн нийгмийн аюултай шинж чА-, үр дагаврыг ойлгох чадвар бүрэн суугаагүй хүүхдийн дэргэдээс тухайн айлын эд хөрөнгө болох зурагтыг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Ийнхүү нэвтрэн орохдоо шүүгдэгч нь тухайн орон байр буюу гэрт хууль бусаар нэвтрээгүй, харин хохирогчтой хамаарал бүхий этгээд /төрсөн ах/ учир тухайн орон байранд орох боломж, харилцааны хувьд саадгүй байсан нь түүний уг үйлдлийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүдэгчид холбогдох дээрх хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг хөнгөнийг хүндэд нь багтааж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус заасан шүүгдэгчийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчлөх нь зүйтэй байна.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чА-, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Э-т 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
5. Шүүгдэгч Б.Э-ын гаргасан “...надтай цуг байсан манай хөрш болох Л-, Б- нараас гэрчийн мэдүүлэг огт аваагүй, ...миний бие тус хэргийг огт үйлдээгүй, ...миний хэргийг дахин шалгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдал, хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.
Ш
үүгдэгч Б.Э- нь дээрх гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж маргаж байх хэдий ч хохирогч Е.С-ийн “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...гэрийн хойморт байсан зурагт алга болчихсон байсан. ...Манай зүүн талд байдаг дэлгүүрийн хүнээс асуусан чинь тэр хүн манай хашааны урд талд байдаг хөршийн ах Э-ыг зурагт аваад явж байсан, 100.000 төгрөгөөр авах уу гэж асуусан ба нэг их удахгүй мөнгөтэй болж орж ирээд тэр дэлгүүрээс юм авсан гэж хэлсэн...” /хх 22-23/, гэрч М.Э-ын “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...зурагт худалдаж авах уу гэж нэг хүн орж ирснийг санаж байна. ...манай найзын зурагт байгаа юмаа, авчих л даа. Би энэ зурагтаар танайд тавьсан өрөө дараад, дээрээс нь нэмээд 50.000-60.000 төгрөг авъя гэхээр нь би татгалзаад тэр хүн гараад явсан. Би тэр хүнийг одоо харвал танина. Манай дэлгүүрээр тэр хавийн архи уудаг хүмүүс их орж гардаг болохоор таних байх. Намхан нуруутай бор царайтай хүн байсан...” /хх 35-36/, гэрч Е.М-гийн “...Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээсээ 12 цагийн үед гарах гэж байхад гэрт Э- согтуу орж ирээд жоохон унтаад авъя гэхээр нь би гарах гэж байна гээд чирээд гаргасан, ...гэртээ ирэхэд манай гэр онгорхой цоож эвдэрсэн байсан ба гэр рүү ороход хойморт байсан зурагт алга болсон байсан. Тэгээд урд талын айлын хүүхэд таны зурагтыг Э- ах аваад гарч байсан гэсэн...” /хх 27-28/, гэрч Д.Б-ийн “...Тухайн дуудлагаар очиход Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайлсан байсан. Ойр хавиар нь биечлэн сурвалжлага хийж, дэлгүүрийн камер шүүж үзэхэд нэг залуу зураг тэвэрчихсэн камерт ороод ирсэн. Тэрийг дуудлага өгсөн М- гэгч хараад Э- байна гээд таньж байсан. Э- нь тухайн камерын бичлэгт ганцаараа явж байсан...” /хх 43-44/, хохирогч Б.Э-ын “...Миний төрсөн ах Э- нь манай гэрт амьдардаг байсан. ...Манай гэрийн хоол иддэг ширээн дээр ил тавьсан байсан 2 ширхэг мөнгөн аягийг алга болсон байхаар нь хүүхдүүдээс асуусан чинь Ү- /6 настай эмэгтэй/ нь Э- ах мөнгөн аяга аваад гарсан гэж надад хэлсэн. Э- өмнө нь манай гэрт байсан 2 ширхэг мөнгөн аягыг 3-4 удаа авч ломбард болон дэлгүүрт архины барьцаанд тавьдаг байсан...” /хх 131/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 59-61/, эргүүлийн офицерын бичсэн тэмдэглэл /хх 108/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гаргасан дээрх давж заалдах гомдол няцаагдаж байна.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим гэрчээс мэдүүлэг аваагүй нь дангаараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд нэмэлт ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй ба уг хэрэгт дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Э-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт
- 1 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 77 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ