| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2406 07533 2941 |
| Дугаар | 2026/ДШМ/485 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/485
Э.А-, Б.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ганчимэг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг үндэслэн Э.А-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2406 07533 2941 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ч- овогт Э-ын А-, 1996 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, Э- Э- дүгээр ангийн салбар Э- дугаар ангийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ЖЭ-/;
2. Ц- овогт Б-н Б-, 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн аюулгүй байдал мэргэжилтэй, Э- Б- дүгээр ангийн удирдлагын төвийн ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ИБ-/.
Шүүгдэгч Э.А- нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед согтуурсан үедээ Б.Б-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 10 дугаар гудамжинд хохирогч М.Б-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үснээс нь зулгаах, гараараа цохих, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чамархайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;
шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед согтуурсан үедээ Э.А-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 10 дугаар гудамжинд хохирогч М.Б-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үснээс нь зулгаах, гараараа цохих, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чамархайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.А-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.А-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-, Б.Б- нарыг 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн нутаг дэвсгэрээр тус тус хязгаарлаж, уг ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогч М.Б-гаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А-гээс 410.250 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-өөс 410,250 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М.Б-д, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.А-гээс 140.881 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-өөс 140.881 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн ерөнхий газарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Б- нь тус гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн болно. Зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялыг бууруулж, хорихоос өөр төрлийн ялыг нэмэгдүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг богино хугацаанд сэргээх нөхцөлийг бүрдүүлэх буюу нийгмээс тусгаарлахгүйгээр зарим эрхийг хязгаарлан, ажил эрхлэх, сурч боловсрох боломжийг олгож, гэр бүл, олон нийтийн дунд засарч хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх болон цээрлүүлэх зорилготой бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах...” хүний суурь эрхэд хориг, хязгаарлалт тогтоосон эрүүгийн хариуцлагын төрөл юм. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...өөрийн оршин суух газраас явахыг хориглох... гэж заасан ба оршин суух газар гэх ойлголтыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1,1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог" ойлгоно гэж хуульчилсан.Монгол Улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид жилийн 4 улиралд нүүдэллэн амьдардаг онцлогтой боловч Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн нутаг дэвсгэр нь сум, багт хуваагдана. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь хэт өргөн буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэн, шүүгдэгчийн оршин суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж шийдвэрлэж, хууль хэрэглээний практик тогтоосон байна. Тодруулбал, оршин суух газраас явахыг хориглох хүрээг шүүгдэгчийн оршин суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж, зорчих, явахыг хориглож, хязгаарлалт тогтоох нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгод нийцэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...өөрийн оршин суух газраас явахыг хориглох...” гэж заасан ба оршин суух газар гэх ойлголтыг Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1,1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог" ойлгоно гэж хуульчилсан байхад “сум”-ын бус “аймаг”-ийн нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад, мөн зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Сүхбаатар, Увс аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон хууль зүйн үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн “Эрүүгийн хариуцлагын талаар” гэсэн хэсэгт дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг /...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл/ зөрчсөн байх бөгөөд энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлд тус тус хамаарч байх тул шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэрээр тус тус хязгаарлаж...” гэж өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.А-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос Э.А- нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед согтуурсан үедээ Б.Б-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 10 дугаар гудамжинд хохирогч М.Б-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үснээс нь зулгаах, гараараа цохих, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чамархайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;
шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн үед согтуурсан үедээ Э.А-тэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 10 дугаар гудамжинд хохирогч М.Б-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үснээс нь зулгаах, гараараа цохих, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чамархайн хуйх, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч Э.А-, Б.Б- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.А-, Б.Б- нарыг 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн нутаг дэвсгэрээр тус тус хязгаарлаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгахаар хуульчилсан ба анхан шатны шүүх шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа хэрэгт байхгүй буюу Сүхбаатар, Увс аймгийн хэмжээгээр хүрээ хязгаарыг тогтоож, улмаар уг хязгаарлалтыг тогтоосон үндэслэлээ шийдвэрт тусгаагүй нь уг хуулийн заалтыг зөрчиж байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.А- нь Сүхбаатар аймагт, шүүгдэгч Б.Б- нь Увс аймагт тус тус оршин суудаг талаарх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд энэ талаар шалгаж тодруулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн дээрх алдаа, зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд, прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч Э.А-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ