Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 181/2021/03143/И |
Дугаар | 210/МА2022/01377 |
Огноо | 2022-07-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2022/01377
2022 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2022/01377 |
Л.Ч-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01109 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Л.Ч-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Л.Б-т холбогдох,
323,400,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Л.Б-тай 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон тооцоо нийлэх актын дагуу дизель түлшийг нийлүүлсэн. Үүнд, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1 литр нь 2100 төгрөгийн үнэ бүхий 32,000 литр дизель түлшний үнэ болох 67,200,000 төгрөг, тээврийн зардал 1,600,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1 литр нь 2000 төгрөгийн үнэ бүхий 50,000 литр дизель түлшний үнэ болох 100,000,000 төгрөг, гэрээний 2.2.1-д заасны дагуу алданги 1,300,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу нийт 278 хоногийн алданги 95,632,000 төгрөг, үүнээс үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй зохицуулалтын дагуу 34,400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20,000 литр түлшийг 1400 төгрөгт тооцон авсан 28,000,000 төгрөг.
Л.Б- нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулж нийт 215,600,000 төгрөгийг Л.Ч-т төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 215,600,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд уг хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон. Иймд Л.Б-аас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөрт нийт 215,600,000 төгрөг, алданги 107,800,000 төгрөг, нийт 323,400,000 төгрөг гаргуулж, хэрэв хариуцагч нь төлбөрийг сайн дураар үл биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлж өгнө үү.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Л.Б- нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт дурдсанчлан 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 67,200,000 төгрөгийн үнэ бүхий 32,000 литр дизель түлш худалдан авсан бөгөөд уг дизель түлшийг тээвэрлүүлсэн талаар маргахгүй. Харин талууд дээрх бараа материалыг харилцан шилжүүлэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй буюу алданги тооцохоор талууд тохиролцоогүй. Нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй юм. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 50,000 литр дизель түлш зээлээр худалдан авсан ба төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Уг гэрээний 2.2.3-т зааснаар талууд алданги тооцохоор тохиролцсон хэдий ч алдангийн хэмжээ хэт өндөр байгааг харгалзан үзэж багасгаж өгнө үү.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Б-аас гэрээний үүрэгт 194,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 129,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Л.Б- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206019692 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17027/ Зайсан гудамж, 52 дугаар байр, 00 тоот, 141.82 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206019692 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17027/ Зайсан гудамж, 52 дугаар байр, 00 тоот, зоорийн давхарт, 18 м.кв талбайтай автомашины зогсоолоор шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,915,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас 1,129,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ч-т олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 129,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс талуудын байгуулсан гэрээ, тооцоо нийлсэн акт, хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн дизель түлш, тээврийн зардал зэрэг үйл баримтад маргадаггүй бөгөөд бүрэн хүлээн зөвшөөрсөн. Харин нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн хэмжээ их байна гээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу багасгаж өгөх талаар тайлбар гаргасан.
Талууд өмнө байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Л.Ч- болон Л.Б- нарын тооцоо нийлсэн актыг үндэслэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч нь 215,600,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Тус хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан.
Тодруулбал 215,600,000 төгрөг төлөх төлбөрийн алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн бөгөөд 107,800,000 төгрөг, нийт 323,400,000 төгрөг болж байна.
Гэтэл шүүхээс дүгнэхдээ алдангийг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлж 129,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзсэнийг эс зөвшөөрч байна. Талуудын хүсэл зоригийн үндсэн дээр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэрээгээр тохиролцсон төлбөрийг шүүх багасгаж нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан гэж үзэж байна.
Түүнчлэн, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ талуудын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1-д заасан 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 32,000 литр дизель түлшний тээвэрлэлтийн зардал 1,600,000 төгрөгийн алдангийг орхигдуулж шийдвэрлэсэн. Тооцооллын алдаа гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн гомдолд дурдсанаас бусад хэсгийг зөвшөөрч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүн 67,200,000 төгрөг, 100,000,000 төгрөг, 28,000,000 төгрөг, тээврийн зардал 1,600,000 төгрөгүүдийг нэмсэн дүнгээс өмнө төлсөн 100,000,000 төгрөгийг хасч тооцсон. Анхан шатны шүүхээс алданги тооцож, хариуцагчийн төлсөн байгаа хэсгийн алдангийг хасаж шийдвэрлэсэн. Шүүхийн үндэслэх хэсэгт заасан тооцоо зөв гэж үзэж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Л.Ч- нь хариуцагч Л.Б-т холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дизель түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөрт нийт 215,600,000 төгрөг, алданги 107,800,000 төгрөг, нийт 323,400,000 төгрөг гаргуулах,
хариуцагч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд улсын бүртгэлийн Ү-2206019692 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17027/ Зайсан гудамж, 52 дугаар байр, 00 тоот, 141.82 м.кв талбайтай гурван өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206019692 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17027/ Зайсан гудамж, 52 дугаар байр, 00 тоот, зоорийн давхарт, 18 м.кв талбайтай автомашины зогсоолуудыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч тал худалдан авсан түлшний хэмжээ, үнэ, үлдэгдэл төлбөрийн тухайд маргаагүй байна.
3.а. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дизель түлш худалдах, худалдан авах гэрээнээс гадна, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн болон 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай гэрээнүүдийг байгуулахдаа алданги тооцож төлбөр барагдуулахаар тохиролцон, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлбөр барагдуулах тухай гэрээний үнийн дүнг үндсэн үүрэг гэж үзэж, мөн хугацаанаас алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
4. Зохигчдын байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дизель түлш худалдах, худалдан авах гэрээнээс гадна, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн болон 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлж төлбөр барагдуулах тухай гэрээнүүдийг нийтэд нь дүгнэж үзвэл, талууд тооцоо нийлэх бүртээ алданги тооцон төлөх дүнгийн талаар тохиролцож, нэхэмжлэгч нь энэ дүнг үндсэн үүрэг гэж үзэн алдангийг дахин тооцон нэхэмжилсэн нь хуульд заасан үндэслэлгүй байна.
4.а. Харин 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дизель түлш худалдах, худалдан авах гэрээний 2.1-ийн 1 дэх заалтаар тээвэрлэлтийн зардлын 1,600,000 төгрөгийг гэрээний зүйлд оруулан тооцож, 3 дахь заалтад гэрээний нийт үнийг 168,800,000 төгрөг гэж, гэрээний 2.2.1, 2.2.3-т гэрээний үнийн дүнгээс алдангийг тооцохоор талууд харилцан тохиролцсон байх тул тээвэрлэлтийн зардлын 1,600,000 төгрөгөөс алданги тооцно.
5. Талуудын байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дизель түлш худалдах, худалдан авах гэрээний үнэ 168,800,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн худалдан авсан 20,000 литр дизель түлшний үнэ 28,000,000 төгрөг, үүнээс 2020 оны оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 100,000,000 төгрөгийг хасч тооцон, 96,800,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэгдээгүй байна. Энэ дүнгийн хэмжээгээр хариуцагчийн төлөх алдангийн дүн 48,400,000 төгрөг болно. Мөн өмнө төлөгдсөн 100,000,000 төгрөгт 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 246 хоногийн алдангид 12,300,000 төгрөг төлөхөөр байх ба эдгээрийг нэмж тооцоход 157,500,000 төгрөг төлөгдөхөөр тооцоо гарч байна.
6. Анхан шатны шүүх хариуцагч Л.Б-ын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 100,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Л.Б- энэ талаар гомдол гаргаагүй тул гомдол гаргасан нэхэмжлэгч талын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ц.АЛТАНЦЭЦЭГ