| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0252/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/252 |
| Огноо | 2018-09-26 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2018/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа ,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-өд холбогдох эрүүгийн 1838000000319 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Б-,
Шүүгдэгч Д.Б- нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутгаас зөвшөөрөлгүй мод бэлтгээд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сум руу ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, Мөрөн сум руу ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх түлээгүй болчихоод би эрхийн бичиг байхгүй юм чинь хэдэн гишүү ачаад ирье гэж бодоод 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр модонд яваад тус сумын Хавцгайт гэх газраас унаанги шургааг мод бэлтгээд машиныхаа тэвшин дээр ачаад оройн 22 цагийн орчимд Мөрөн сум руу орж ирж яваад Хөвсгөл аймгийн байгаль орчны ажилтан гэх хоёр эмэгтэй хүнтэй таарсан. Тэгээд намайг мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичгээ шалгуул гэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичиг байхгүй гэж үнэн учраа хэлсэн. Тэгээд тэр хоёр цагдаа руу дуудлага өгөөд замын цагдаа Ц.Э- ирээд миний машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд тавьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Хохирогч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өгсөн: “Би сайн мэдэхгүй байна. Намайг Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон. Миний мэдэж байгаагаар манай сумаас хууль бусаар мод бэлтгээд баригдсан гэж сонссон. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна...Хууль бусаар мод бэлтгэсэн иргэн экологи, эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг төлж барагдуулчих юм бол надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өнөөдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад ... улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэж яваатай таараад уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийг Д.Б- гэдэг хүн жолоодож явсан бөгөөд жолоочоос жолооны үнэмлэх, мод тээвэрлэх эрхийн бичгээ шалгуулахыг шаардсан боловч жолооч Д.Б- нь надад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичиг байхгүй манай түлээ дуусчихаад ах нь жоохон гишүү ачиж орж ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд гарал үүслийн бичиг болон мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд хийгээд жолоочийн бичиг баримтыг авч үлдээд маргааш ирж байцаагчтайгаа уулзаарай гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2018/12 дугаартай “Иргэн Д.Б- нь МУ-ын Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт /Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/-ыг зөрчсөн байна” дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр 2.7м3 шинэс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Ч.О-, гэрч Ц.Э- нарын мэдүүлэг, 162.000 төгрөгийн экологи, эдийн засгийн үнэлгээтэй 2.7м3 шинэс мод бэлтгэж, тээвэрлэсэн талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Д.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.7 м3 хэмжээтэй хуурай модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, мөн шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан битүүмжлэгдсэн М.М-н эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, ... улсын дугаартай Киа Бонго маркийн ачааны автомашиныг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Экологи, эдийн засгийн хохирол 162.000 төгрөгийг төлж барагдуулсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн мэдүүлэг зэргийг үндэслэн /хх-ийн 43 дугаар хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх, мөн цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ийг хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-өд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.7 м3 хэмжээтэй хуурай модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн М.М-н эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, ... улсын дугаартай Киа Бонго маркийн ачааны автомашиныг шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Эрүүгийн 1838000000319 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР