Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2026/ДШМ/471

 

2026             04          21                                                                        2026/ДШМ/471

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших /томилолтоор/

шүүгдэгч Б.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Т.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/559 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Т.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2306055392267 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овгийн Б-ы Б- /РД: КБ-/, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, Б- ХХК-д ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........ дугаар тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- хотхоны Б- дугаар байрны 26 тоотод хохирогч 3. П-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний зүүн талын хавирга, хэвлий орчинд хутгалсны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндий болон хэвлийн хөндийд нэвтэрч өрц, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн цээжний хөндий, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-г гурав /3/ жил дөрөв /4/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялын хугацааг мөн өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, өмгөөлөгч миний гаргасан “сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Тухайлбал, тогтоолын 5-6 дугаар талд: “...шүүгдэгч нь хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн нь нотлогдоогүй...” гэж дүгнэсэн байгааг буруутгахгүй. Харин хэргийн нөхцөл байдлыг дахин үнэлэх шаардлагын тухайд уг хэрэг: ахуйн хүрээнд, согтууруулах ундаа хэрэглэсэн үед, хоёр хүний хооронд үүссэн маргааны улмаас, богино хугацаанд өрнөсөн нөхцөл байдалтай болохыг харгалзан үзэх нь зүйтэй байна. Мөн хохирогч хэрэгт нэг удаа мэдүүлэг өгсөн, өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан болон бичгээр гаргасан хүсэлтдээ шүүгдэгчид хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэхийг хүссэн зэрэг нөхцөл байдал нь хэргийн бодит үнэлгээнд ач холбогдолтой юм. Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндэд халдсан үйлдлийг санаатай, сэтгэл санааны гэнэтийн цочролын улмаас гэж ялган зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг оновчтой, ялгамжтай оногдуулах зарчимд нийцүүлсэн зохицуулалттай. Иймд хэрэг бүрийн нөхцөл байдлыг харгалзан зүйлчлэлийг ялгамжтай тогтоох боломж, эрх шүүхэд нээлттэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б- нь 4-14 насны гурван охиноо өсгөн хүмүүжүүлж байгаа, анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирлыг барагдуулсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулахад харгалзан үзэх чухал нөхцөл болно. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл шүүгдэгчийн үйлдэл нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тухайн үеийн нөхцөл байдлын нөлөөн дор, агшин зуурын байдлаар үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжид нийцэх боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан анхан шатны шүүхийн 2026/ШЦТ/559 дугаартай тогтоолын зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Т.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэргийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Хавтаст хэргийн 84-85 дахь талд байх 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13449 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт     

“1. Б.Б-гийн биед зүүн сарвуунд шарх, баруун алга, баруун сарвуу баруун бугалга, зүүн мөрний зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Зүүн мөрний зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь ир үзүүр, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн сарвууны шарх гэмтэл нь дангаараа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр тогтоох үүрэгтэй гэж заасан байдаг. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

Гэтэл шүүгдэгч Б.Б-гийн биед учирсан “хөнгөн зэргийн гэмтэл”-ийг хэн хэзээ хэрхэн учруулсны мөрдөн шалгах ажиллагааны явцад огт тогтоогоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах”-ыг гэмт хэрэг болохыг хууль тогтоогчид хуульчилсан байна. Энэ гэмт хэргийг хэн, хэзээ, хэрхэн үйлдсэн бэ гэдгийг мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоох буюу бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Б.Б-гийн биед гэмтэл учирсан нь шинжээч эмчийн дүгнэлт, хавтаст хэргийн 53 дахь талд 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “хүний биед хийсэн үзлэгийн тэмдэглэл”, 54-57 дахь талуудад хавсаргасан гэрэл зургуудаар хангалттай нотлогдож байна. Хохирогч Э.П- нь гэмт хэрэг болсон гэх өдрөөс хойш 11 хоногийн дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “цор ганц” мэдүүлэг өгсөн байдаг. Хавтаст хэргийн 62-64 дэх талд байгаа энэ мэдүүлэгт “... Б- ах бид 2 вискигээ уусан. Намайг утсаар оролдож байхад Буяа ах хиам зүсээд гоймон дэвтээж өгсөн. Юугаар яаж зүссэн талаар анзаарч хараагүй. Ингээд гоймонгоо идчихээд Буяа ах бид 2 вискигээ уусан. Буяа ах гар утаснаасаа зураг үзүүлээд энэ зурагнаас намайг ол гээд бага насныхаа зургийг ол гэхээр нь би зургийг нь буруу заагаад байсан. Тэгсэн Буяа ахыг одоо унтаж амаръя гээд ойртож суутал миний зүүн талын хавирга орчимд цус гоожоод хартал Буяа ах гартаа хутга барьчихсан байж байгаад арчаарай гэж хэлээд гараад явсан. Б- ах бид хоёр маргалдаж муудалцаж зодолдоогүй. Б.Б- ахын биед учирсан гэмтлийг мэдэхгүй байна.... Би эхлээд хутга барьсан зүйл байхгүй....” гэж ярьсан байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн бодит байдалтай огтхон ч нийцэхгүй байгаа бөгөөд дараах байдлаар энэ мэдүүлэг нь худал болох нь тогтоогдож байгаа юм. Учир нь хавтаст хэргийн 66-67 дахь талд байх гэрч Ц-ын П-, Б.Б- нар нь намайг унтаж байхад маргалдаа зодолдоод нэг нэгнийгээ хутгаар гэмтээсэн байсан....”. хавтаст хэргийн 70 дахь талд байх гэрч Д.О-гийн “... Манай хүү эхлээд надад болсон явдлын талаар ярихгүй байж байгаад... бид 2 архи ууж сууж байгаад маргалдсан....”, хавтаст хэргийн 74-75 дахь талд шүүгдэгч Б.Б- 2023 оны 10 дугаар сарын 21-нд өгсөн анхны мэдүүлэгтээ “П- эхлээд миний зүүн гуяны гадна хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр би босож ирээд П-ыг багалзуурдаад түлхсэн. Ингээд заамдалцаад П- миний нүүр рүү 2 цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд П-ын нүүр лүү хоёр удаа гараараа цохисон. Тэгтэл П- ширээн дээр хиам зүсэж байсан шар өнгийн иштэй хутгыг аваад “...намайг ална...” гээд дайрахаар нь би хутганы ажлын хэсгээс нь зүүн гараараа барьж авсан. Ингээд бид 2 хутгаа нэг нэгнээсээ авах гээд ноцолдсон. Ноцолдож байгаад би хутгыг нь булааж аваад зүүн хавирга хэсэг рүү хатгасан. Ингээд хүн хутгаллаа гэдгээ бодож шоконд ороод Ц-ын гэрээс гарч яваад гадуур явж байгаад үүрээр орж унтсан....”, хавтаст хэргийн 77-79 дахь талд байх 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “... Тухайн гэмтлүүдийг П- надад учруулсан. П- эхлээд хөлөөрөө миний зүүн гуя руу өшиглөсөн. Би тэгэхээр П-ын хоолой хэсэг рүү түлхээд сандал руу суулгасан. Тэгтэл П- нь ширээн дээр хиам зүсэж байсан шар эрээн иштэй хутгыг аваад над руу дайрсан. Тэгэхээр нь хутгыг нь зүүн гараараа хутганы ир хэсгээс нь бариад авахад миний зүүн гарны эрхий болон долоовор хурууны дунд хэсэгт гэмтэл учирсан. Би хутгыг нь авч чадалгүй Э.П- бид хоёр барьцалдаж аваад ноцолдоод шалан дээр унасан. Тэгэхэд миний баруун алга баруун сарвуу, баруун бугалга, зүүн мөрөнд зулгаралт үүссэн. Ингээд хутгыг нь Э.П-аас булааж аваад бид хоёр шалан дээрээс боссон ба Э.П-ын сандал сууж байхад нь би босоо зогсож байгаад дээрээс нь доошоо хутгалсан, муудалцаад ноцолдож байхад ширээ байрнаасаа хөдлөөд ширээн дээр байсан чихрийн бид хоёр маргалдаж байхад таваг ширээн дээрээс шалан дээр унаад хагарсан. ...” гэх мэдүүлгүүд, мөн хавтаст хэргийн 28-30 дахь талд байх “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”-д “... гэрийн эзэн нь гэрт хагарсан таваг, архины шил зэргийг цэвэрлээд гаргаад хаясан ...хар өнгийн хувцанцар уутыг нээхэд хагархай шилэн таваг, цус мэтээр бохирлогдсон улаан өнгийн зүйлийг... түр хураан авав. холбогдогч хэрэг гарах үед өмсөж явсан цамцаа тээврийн хэрэгсэлдээ үлдээсэн шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав. ...”, хавтаст хэргийн 148-149 дэх талд байгаа Б.Б-гийн хэрэг болох үед өмсөж байсан хар өнгийн малгайтай цамцанд хийсэн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт ...хар өнгийн малгайтай цамцанд 30*45мм, 20*15мм хэмжээтэй, шинээр, хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гогдолтууд байна. ...” гэх нотлох баримтуудаар хохирогч Э.П-ыг худлаа мэдүүлэг өгсөн нь хангалттай нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болдог. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн бодит байдлаас үзэхэд Б.Б-гийн биед үүссэн гэмтлийг хохирогч Э.П- учруулсан байх бүрэн үндэслэлтэй байна. Ийм байхад Э.П-ын мэдүүлгийн үнэн зөв эсэхийг, хэргийн бодит байдал, нотлох баримтуудтай нийцэхгүй байхад мэдүүлгийн зөрүүг арилгах, хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг мөрдөгч болон прокурор огт хийгээгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь талд “... Нөгөөтэйгөөр, шүүгдэгч Б.Б- нь Э.П- хутга авч, халдах үйлдлийг зогсоох явцад түүнийг биед гэмтэл учруулсан гэж гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хүргэсэн гэх боловч хохирогч Э.П- “... Б- ахыг одоо унтаж амаръя гээд ойртож суутал миний зүүн талын хавирганы орчимд цус гоожоод хартал Б- ах гартаа хутга барьчихсан байж байгаад аргалаарай гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна. Тодруулбал, хавтаст хэргийн 90-91 дэх талд байх 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаар шинжээч эмчийн дүгнэлтийн хэсэгт “ Цээжний зүүн талд суганы арын шугамаар 8-9-р хавирганы завсраар 3 см зах ирмэг тэгш, дээрээс доош, гаднаас дотогш, ташуу чиглэлтэй 2 ширхэг оёдол бүхий шархтай. ...” гэснээр Э. П-ын мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа юм. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн IV бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байсан эсэх, Э.П-ын хутга бариад чамайг ална гээд дайрахад нь Б.Б- тус хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалт” буюу өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг дүгнээгүй байна. Хэргийн бодит байдал, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээч эмчийн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Б- нь аргагүй хамгаалалтын улмаас бусдын биед гэмтэл учруулсан байж болохоор байгаа юм. Мөн хохирогч Э.П-ын гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтэд /хх-ийн 91/ “... Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.18-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн байдаг. Тухайн дүгнэлтийг гаргахад буюу 2023 оны 10 дугаар сарын 26-нд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам” хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тэгвэл энэ журмын 3.1.8-д “том судасны гэмтэл Үүнд: гол судас болон гүрээ, суга, бугалга, ташаа, гуя, тахим, эгэмний доорх тараагуур, хураагуур судасны тасрал, урагдал, зүсэгдэлт түүнчлэн гэмтлийн гаралтай цүлхэн хамаарна.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Э.П-д учирсан цээжний зүүн хөндий болон хэвлийн хөндийд нэвтэрч өрц, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн цээжний хөндий, хэвлийн цус хуралдалт гэмтэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д заасан гэмтэлд хамаарахгүй байгааг анхан шатны шүүх мөн дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Анхан шатны шүүх бүрэлдэхүүн хэрэг болсноос хойш, мөн унтуулгатай мэс засалд орсноос хойш 11 хоногийн дараа хохирогчийн өгсөн “худал” мэдүүлгийг үндэслэж Б.Б-ыг гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын 6 дахь талд тодорхойлох хэсэгт”... Түүнчлэн хохирогч Э.П-ын “... хэрэгт Б.Б-гийн өгсөн мэдүүлэг үнэн зөв байна. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэх гаргасан хүсэлт нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үгүйсгэх байдал болохгүй, тэрээр хохирол төлбөр авах, түүнийг барагдуулсантайгаар холбогдуулан гаргасан хүсэлт гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Улсын яллагчийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13449 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Б.Б-гийн биед учирсан гэмтлийн талаар 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 838х дугаартай яллах дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийсэн байдалд талуудаас маргаагүй, шүүх хуралдаанд дүгнэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй....” гэсэн нь туйлын ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ. 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 838х дугаартай яллах дүгнэлтэд шинжээч эмч Ц- нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.Б-д учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг “тогтоогдохгүй” гэж мэдүүлсэн гэж огт худлаа, яриагүй зүйлийг ярьсан мэтээр яллах дүгнэлтэд тусгасан байна. Шинжээч эмч Ц- нь мэдүүлэгтээ Б.Б-гийн зүүн гарын сарвууны гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэж огт хэлээгүй байдаг. Харин хавтаст хэргийн 195 дахь талд байгаа мэдүүлэгт “... Харин дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт баруун өгзгөнд, баруун сарвууны ард, зүүн мөрийн ар хэсэгт үүссэн зулгаралтууд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байгааг гэмтлийн зэрэг хамаарахгүй....” гэж л хэлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үздэг. Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 2026/ШЦТ/559 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү  ...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Прокуророос: Шүүгдэгч Б.Б-гийн хэрэгт анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор биш, шүүгдэгч Б.Б-д шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн дүгнэлт тогтоогдсон. Шүүгдэгчийн гарын сарвуу, мөр, эгэмд зулгаралт үүссэн. Тухайн хөнгөн гэмтлийг хэзээ хэн үүсгэсэн талаар хэрэгт нотлох баримт байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үүссэн асуудал, шүүгдэгч Б.Б-д 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Хөнгөн зэргийн гэмтэлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Одоо ямар нэгэн байдлаар прокурор болон анхан шатны шүүхэд буцаалаа гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл байхгүй учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж заасны дагуу зүйлчлэл хөнгөрүүлэх талаар гомдолдоо дурдаж байна. Хохирогч “Б.Б- ах олон хүмүүсийн буюу бага насны хүүхдүүдийн зураг үзүүлээд эндээс намайг тань гэж хэлсэн. Би энэ гэж хэлээд би таньж чадаагүй. Тэгсэн чинь гэнэтхэн цус халуу дүүгээд ирсэн. Тэгээд би хутгалуулсан гэдгээ мэдсэн. Гэтэл Б.Б- аргалаараа гэж хэлээд гараад явсан” гэх мэдүүлэг. Хохирогчийн мэдүүлгээс харахад шүүгдэгчийн сэтгэл санаа цочрон давчидсан зүйл байхгүй. Хохирогчтой зодолдсон учраас цочрон давчдаж хүнд гэмтэл учруулсан гэдэг. Хоёр хүн муудах болгонд цочрон давчидсанаар хэргийг зүйлчлэх үү. Шүүгдэгч Б.Б- хохирогч Э.П-ыг хутгаар зүсэх, хатгах үед хүний биед гэмтэл учран гэдгийг мэдэж байсан. Шүүгдэгч шоконд орсон талаараа хавтаст хэрэгт мэдүүлдэг. Ийм байдлаар хуулийг өөр өөрөөр тайлбарлаж болохгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, шүүгдэгчид хамгийн хөнгөн ял оногдуулсан. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруудаа маргахгүй, хохирол төлбөрөө төлсөн гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэл, бодит байдалд тохирсон ял оногдуулсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн прокуророос Б.Б-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- хотхоны Б- дугаар байрны 26 тоотод хохирогч Э.П-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний зүүн талын хавирга, хэвлий орчинд хутгалсны улмаас эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндий болон хэвлийн хөндийд нэвтэрч өрц, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн цээжний хөндий, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан, дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэж үзээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна. Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон шинжтэй хэм хэмжээний тухайд хэрэглэх үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоосны үндсэн дээр дотоод итгэлээрээ шийдвэрлэдэг онцлогтой.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болох эрх хэмжээг шүүхэд олгосон.

Энэ хөнгөрүүлэх зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ дээрх ерөнхий нөхцөлийг бүрдсэн эсэхэд дүгнэлт хийхээс гадна Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасанэнэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” зохицуулалтыг харгалзан үзэх учиртай.

Уг зохицуулалтаар бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд л шүүх хэрэглэх үндэслэл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг түүнд хөнгөрүүлэн оногдуулж болох юм.

“Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэдэгт тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруу болон түүний хэлбэр, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, эдгээр нөхцөл байдлын талаар мөрдөх байгууллага, прокурор, шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэлийн талаар огт маргахгүй байгааг ойлгоно.

Шүүгдэгч Б.Б- нь хэргийн үйл баримтын талаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...би одоогоор сайн санахгүй байна. Санаатай хүнд хохирол учруулсан гэдэгтээ санал нийлэхгүй байна. Хийсэн үйлдэл минь санаатай байгаагүй...” /1 хх-ийн 216/, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч “...мөрдөн шалгах ажиллагааны үед бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж өгөх зүйлгүй...” /2хх-ийн 89/ гэж тус тус мэдүүлсэн байна.

Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Б.Б- нь хэргийн үйл баримт, гэм буруугийн хэлбэрийн талаар маргаж байхад анхан шатны шүүх түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэмээн дүгнэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нь буруу бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 10-р сарын 26-ны өдрийн  дүгнэлтэд “...Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 3.1.18-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”/1хх-ийн 91/ гэж тусгасан. Уг дүгнэлтийг гаргах цаг хугацаанд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам” хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Энэ журмын 3.1.18-д том судасны гэмтлийн талаар тодорхойлоод үүндээ гол судас болон гүрээ, суга, бугалга, ташаа, гуя, тахим, эгэмний доорх тараагуур, хураагуур судасны тасрал, урагдал, зүсэгдэлт түүнчлэн гэмтлийн гаралтай цүлхэн гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар зохицуулжээ.

Гэтэл хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь цээжний зүүн хөндий болон хэвлийн хөндийд нэвтэрч өрц, их сэмж гэмтээсэн хатгагдсан шарх, зүүн цээжний хөндий, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүдэд хамаарах талаар шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудад тусгасан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь том судасны гэмтэл хамаарахгүй боловч гэмтлийн зэрэг тогтоох журмын аль хэсэгт хамаарах талаар шүүх тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад энэ байдлыг шүүх анхаараагүй байна.   

Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Т.Энхбаярын “тогтоолыг хүчингүй болгох” агуулгатай гомдлын зарим хэсгийг хүлээн авч, өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн “зүйлчлэл өөрчлүүлэх” агуулгатай гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/559 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Б.БАТЗОРИГ

                       

                                    ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                   ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА