Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 188

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

    Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

        Улсын яллагч                                          Г.Цолмонгэрэл

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.Гансүх       

        Нарийн бичгийн даргаар                        Б.Мөнхзул  нар  оролцов.

 

    Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жигжидсүрэнгийн Наранбаярт холбогдох 1831002130171  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

    Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй. бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлааст 24 дүгээр гудамжны 719 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн Бэлчир 5-2 тоотод амьдарч байгаа, улсаас авсан г,авъяа шагналгүй,  ял шийтгэл, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жигжидсүрэнгийн Наранбаяр, /РД:МП89092774/,          

    Шүүгдэгч Ж.Наранбаяр нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Цагаан зүрийн гол” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль-экологид 3.075.570 /гурван сая далан таван мянга таван зуун дал/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Ж.Наранбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын  20-нд  яллагдагчаар  өгсөн:  ..Би өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй болохоор хялбар аргаар мөнгө олох зорилготой Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан зүр” гэх газарт 2018 оны 06-р сарын 27-ны өдөр 16-17 цагийн орчимд хадам аав Эрдэнэцогтын хамт ашигт малтмал олборлосон. Хадам аав Эрдэнэцогт нь урьд өмнө ямар нэг байдлаар  ашигт малтмал олборлож мэддэггүй. Надад тус болох зорилгоор хамт явсан. Би өөрөө дур мэдэж газрын хэвлийг хөндөж алт олборлосон нь үнэн.   ...Мэргэжпийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18-05-038/28 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дээрхи дүгнэлтэнд  миний хууль бусаар ашигт малтмал олборлосон газарт хэмжилт хийж эколгои эдийн засгийн үнэлгээ гаргасан байдаг. Уг үнэлгээнд 3.075.570 төгрөгний хохирол учирсан гэсэн байна.  Өөрийн гаргасан гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-р хуудас/

      2.Шүүгдэгч Ж.Наранбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна.  Хохиролоо нөхөн төлсөн. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “Самсунг-55” маркийн эксковаторыг би өөрийнхөө найзын эхнэрээс худалдан авсан. Анх авахад л бичиг баримт нь байхгүй байсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.  ...гэх мэдүүлэг,

      3. Хохирогч Ч.Оюунсүрэнгийн  мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ... Сумын засаг даргын зүгээс Хүдэр сумын нутаг дэвсгэр “Цагаан зүрийн гол гэх газар Ж.Наранбаяр нь тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон хэрэгт хохирогчоор томилсон. Хүдэр сумын 'Цагаан зүрийн гол” гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Наранбаяр нь гэрээ байгуулж, бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18-05-038/28 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ж.Наранбаяр нь хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль экологид учруулсан 3.075.570 төгрөгний хохиролыг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 21-р хуудас/

     4.Гэрч Ц.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн өгсөн: ...2018 оны 06-р сарын 10 даар Хүдэр суманд  хүргэн Наранбаярынд амрахаар ирсэн.  Тэгж байж байхад 2018 оны 06-р сарын 26-ны орой Наранбаяр нь “Та надад ганц өдөр эксковатор бариад туслаад өгөөч”   гэхээр нь  би “за тэгье” гээд маргааш өглөө нь үүрээр Наранбаярын хамтаар эксковатор  ачсан том машинд суугаад “Монгол алт” гэх газар луу явсан. Тэгээд Наранбаярын “самсунг 55”  нэртэй жижиг оврын эксковаторыг барьж тусалсан. Эхлээд юунд явж байгаа талаараа надад хэлээгүй, ууланд очих замдаа “та надад туслаад өгөөч, алт олборлох гэж байгаа юм, ганц өдөр тусалчих” гэсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р хуудас/

    5.Гэрч Ж.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: "... 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байж байхад Наранбаяр манайд ирээд өөрийн эзэмшлийн Самсунг-55 маркийн техник ашиглан хууль бусаар алт олборлох зорилгоор “Монгол алт” руу 06 цагийн үед ганцаараа явсан. Харин би өөрийн эзэмшлийн  УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэлтэй наранбаярын хадам аавыг хүргэж өгөх зорилготой “Монгол алт” руу явж байхад  Наранбаярын алт олборлож байсан газраас холгүй шороон  төв зам дээр том оврын ачааны машинаас “Хюндай ЛС-3000” маркийн эксковаторыг “буулгаж өгөөч” гээд нэг залуу зогсож байсан. Тэгээд Наранбаяр очоод нөгөө эксковаторыг буулгаж өгөхөд нөгөө залуу тэр эксковатораа жолоодоод явсан. Наранбаяр өөрийн алт олборлож байсан газраа хадам аавтайгаа үлдсэн.  гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р хуудас/,

  6. Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О Болд-Эрдэнийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн: 18-05-038/28 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Хүдэр сумын нутаг дэвсгэрт байх Монгол алтны зам Цагаан зүрийн гол гэдэг газар нь усан сан бүхий хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт хамаарагдана.

2. Ашигт малтмал хайх, ашиглах, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж нь ТЭЗҮ, тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг 30 гаруй бичиг баримтын бүрдэл бүрдүүлж байж ашиглалтын болон хайгуулын ажлыг явуулна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэд АМГТГ-аас гаргасан дүгнэлтийн дагуу сумын засаг даргатай гэрээ байгуулан бичил уурхайн журмын хүрээнд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж болно.

3. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Цагаан зүрийн гол" гэх газарт ашигт малтмал хайх үйл ажиллагаа буюу хөрс хуулалт, гол мөрний гольдрол өөрчлөгдөөгүй байна.

4. Хууль бус олборлолт. ашиглалтын үйл ажиллагаанаас үүдэн голын гольдрол өөрчлөгдөөгүй. Байгалийн тэнцэл алдагдах эсэхийг экологи эдийн засгийн үнэлгээнд үндэслэн гаргана.

 5. Хууль бус ашиглалт, олборлолт хийгдсэн талбайд техникийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай бөгөөд уг газар очиж үзлэг хийхэд өмнө эвдэгдсэн байсан ба техникийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай.

 6. Ж.Наранбаярын Хүдэр сумын “Цагаан зүрийн гол’ гэх газарт хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбай газар, газрын хэвлий болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал нийт 3.075.570 /гурван сая далан таван мянга таван зуун дал/ төгрөгийн хохирол байгаль экологид учирсан гэж дүгнэв.

 7. Байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирол болон бусад хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцэл, байгалийн баялгийг нөхөн сэргээхэд цаашид гарах зардлыг уг дүгнэлтийн 6 дахь асуулгад тооцсон болно.

 8.Ж.Наранбаярын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчин экологид 3.075.570 /гурван сая далан таван мянга таван зуун дал/ төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь цаашид экологийн тэнцэл алдагдах хэмжээнд ноцтойгоор нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 34-38-р хуудас/

     7. Шүүгдэгч Ж.Наранбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 54-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 04-05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-08-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 10-11-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 13-14-р ху/, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 32-33, 42-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 49-50-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 51-53-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 39-40, 44-45-р ху/, шүүгдэгчийн урьд өмнө  нь шийтгүүлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 55-60–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 64-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

    Шүүгдэгч Ж.Наранбаяр нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Цагаан зүрийн гол гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль-экологид 3.075.570 /гурван сая далан таван мянга таван зуун далан/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан талаар дурьдах нь зүйтэй.

   Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “Самсунг-55” маркийн эксковаторыг шүүгдэгч нь “би өөрийнхөө найзын эхнэрээс худалдан авсан. Анх авахад л бичиг баримт нь байхгүй байсан гэж мэдүүлж байгаа тул  уг техникийг шүүгдэгчийн өмчлөлд байсан гэж үзэх үндэслэлтэй байгаа тул хураан авч улсын орлого болгох нь зүйтэй.

  Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй 

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч Боржигон овогт Жигжидсүрэнгийн Наранбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал ...олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жигжидсүрэнгийн Наранбаярыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийтгэсүгэй.

  3.Шүүгдэгч Ж.Наранбаяр нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  болохыг тус тус  дурьдсугай. 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2 дахь хэсэгт шүүгдэгч зааснаар Ж.Наранбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  “Самсунг-55” маркийн эксковаторыг /Хүдэр сумын Баянцагаан 2-р баг бэлчир 5-2 тоот хашаанд битүүмжилсэн/ хураан авч улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.

  5.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Наранбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

   9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

  10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН