Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2026/ДШМ/473

 

202           04          21                                                                        2026/ДШМ/473

Ө.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан /томилолтоор/,  

шүүгдэгч Ө.С- /цахимаар/,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Сэлэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ө.С-д холбогдох эрүүгийн 2408000000630 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

У- овгийн Ө-ын С- /РД: ПӨ-/, 1985 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаягтаа оршин суудаггүй, хаяг тогтоох төвөөр байрладаг,

Урьд, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан.

Шүүгдэгч Ө.С- нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, О- дүгээр байрны хажуу хашаанд байсан хохирогч Д.Л-гийн 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй төмрийг, мөн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Л- хорооллын 107 дугаар байрны 2 дугаар орцны 14 давхарт байсан хохирогч Д.Л-ны 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй “Трек” брэндийн “марлин 7” загварын унадаг дугуйг тус тус  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ө.С-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.С-ийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-д шийтгэсэн 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-ийн цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн 2508000000630 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.С- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Л-, Д.Л-н нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн гэм буруу, үйлдсэн хэрэгтээ маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол гомдол байхгүй бөгөөд энэ бүгдийг минь харгалзан үзэж мөн өөрийн минь ар гэр байхгүй, төрөл садан, ах дүүгүй цор ганц амьдардаг байдлыг минь бодолцож үзүүлсэн болон шийтгэсэн ялаас минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн тайлбартаа: “..Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Шүүх тогтоолдоо дурдахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг харгалзан үзэж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ө.С- нь  2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, О- дүгээр байрны хажуу хашаанд байсан хохирогч Д.Л-гийн 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй төмрийг, мөн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Л- хорооллын 107 дугаар байрны 2 дугаар орцны 14 давхарт байсан хохирогч Д.Л-ны 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй “Трек” брэндийн “марлин 7” загварын унадаг дугуйг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/,

Хохирогч Д.Л-гийн “...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн би өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо О- дүгээр байрны хажуу талын хашаанд ирэхэд гэрлийн шон хийх гэж байсан төмөр бага багаар алдагдаад байхаар нь тоохгүй орхисон чинь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ажил руугаа явж байхад миний алдагдсан төмрийн машин дээр ачсан явж байхаар нь зогсоогоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөх болсон. Тэгээд тухайн хүнтэй уулзаж ярилцахад хоёрдогч түүхий эд худалдан авдаг хүн болж таараад миний төмрүүдийг надаа буцааж өгсөн юм. Манай байгууллагын хашаанаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 2 тн гаран төмөр алдагдсан юм. Би тухайн төмөр нарыг хоёрдогч түүхий эд худалдан авах цэгээс хэрэглээний төмөр гэж 1,000-2,000 төгрөгийн хооронд худалдан авч цуглуулж байсан юм... Гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд хохирол, хор уршиг учраагүй. Би сэтгэл санааны хохирлоо шүүх шинжилгээний ерөнхий газраар тогтоолгохгүй. Надад сэтгэл санааны хохиролтой холбоотой ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,

Гэрч Ч.А-ийн “... Би өөрийн ажил болон Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо үйлдвэрчний гудамж А- тоотод үйл ажиллагаа явуулдаг хоёрдогч түүхий эд худалдан авах цэг дээр миний санаж байгаагаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш урьд өмнө нь манайд түүхий эд өгч байгаагүй залуу өдөр болгон турбо авчирч өгдөг болсон. Өдөрт ирэхдээ 2-3 ширхгийг чирээд ирдэг байсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манайх төмрүүдээ машин дээрээ ачаад явж байхад үл таних эрэгтэй хүн “...манай алдсан төмөр байна...” гээд цагдаа дуудсан. Тухайн залуу нь 30-40 орчим насны үл халзан, шар өнгийн оюу толгой гэсэн бичигтэй куртик өмссөн залуу байсан. Би тухайн залууг одоо харвал танина. Манайх хаягдал төмөр 1кг нь 200 төгрөгөөр худалдан авдаг тул 200 төгрөгөөр л худалдан авдаг байсан. Тухайн залуу нь нэг ирэхдээ 40-50 кг төмөр өгдөг байсан. Тэр залуу ямар ч байсан 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өдөр болгон ирдэг байсан. Нэг удаа ирэхдээ 2-3 турбо төмөртэй авчирдаг байсан. Миний баримжаагаар 1 тн гаран төмөр авчирч өгсөн байх... тухайн залуу нь “...би айлын хашаа цэвэрлээд тухайн төмрийг авч байгаа юм аа...” гэж хэлсэн учир би итгээд авдаг байсан.... Худалдан авсан төмрүүдийг өнөөдөр эзэнд нь хүлээлгэн өгсөн... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Тэргүүн үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай “...алдагдсан төмрийн үнэлгээ 1,000,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-22/,

Гэрч Ч.А-ээр фото зургаар шүүгдэгч Ө.С-эг таньж олуулсан ажиллагааны үр дүнг бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-30/,

Шүүгдэгч Ө.С-ийн яллагдагчаар өгсөн “...би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол Депо Л- хорооллын дунд хог түүж явдаг. Би өөрийн санаж байгаагаар 2024 оны 03 дугаар сарын сүүл хавиас эхлэн Л- хорооллын урд талд байрлах О- дүгээр байрны хажуу талын хашааны урд талд архи уугаад сууж байхад тухайн хашаан дотор маш их хэмжээний төмөр овоолсон байхаар нь тухайн хашааг давж ороод өөрийн даах хэмжээгээр төмрийг хашаа давуулан шидэж авсан төмрийг Депогийн урд байрлах хоёрдогч түүхий эд худалдан авах цэгт тушаадаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Л- хорооллын 107 дугаар байрны 2 дугаар орц 14 давхарт хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-64/

Хохирогч Д.Л-ны “...2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед өөрийн ажил болох Хархорин захаас өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Л- хорооллын 107 дугаар байрны 2 дугаар орц 14 давхарт ирж өөрийн унадаг дугуйг гэрийнхээ үүдэнд цоожлоод гэртээ орсон юм. Тэгээд би 21 цагийн үед эхнэрийн хамт гэрээсээ гараад гадуур явж байгаад А- цагийн үед гэртээ ирэхэд унадаг дугуй байж байхаар нь гэртээ ороод унтаж амраад, маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 50 минутын үед гэрээсээ гараад ирэхэд миний унадаг дугуй алга болсон байсан... Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгөөр худалдан авсан Трек /Trek/ брэндийн “марлин 7” загварын унадаг дугуй байсан юм... миний алдагдсан унадаг дугуй одоо надад байгаа. Цагдаагийн байгууллагаас миний дугуйг олж өгсөн... Надад сэтгэл санааны хохиролтой холбоотой ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68, 72/,

Гэрч Б.Д-ын “... 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хамтран амьдрагч О-аас салаад сэтгэл санаа унаад тухайн өдрөөс эхлүүлээд 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хооронд өөрийн гэр болон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо О- тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шөнө нэг мэдсэн чинь унадаг дугуй түрцэн 21 дүгээр хорооллын гарцан дээр явж байсан. Тэгээд өглөө нь сэрсэн чинь гэрт тухайн унадаг дугуй нь байж байсан юм. Би хаанаас, хэнээс авсан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 77/,

“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 24/005 дугаартай “... Трек фирм, Марлин 7 загварын унадаг дугуй... нийт үнэ 2,000,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнийн магадлагаа /хх-ийн 77-80/,

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Л- хорооллын 107 дугаар байрны 2 дугаар орц 14 давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийгээд шүүгдэгч Ө.С- нь унадаг дугуйг авч буй үйл явцыг бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 90/,

Шүүгдэгч Ө.С-ийн яллагдагчаар өгсөн “... Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны 01 цагийн гээд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Л- хороолол орж 107 дугаар байрны 2 дугаар орцны 14 давхарт гарсан чинь нэг хаалганы хажуу тал галд цэнхэр өнгийн унадаг дугуй байхаар нь тухайн унадаг дугуйг аваад лифтэнд суусан чинь тухайн унадаг дугуй нь лифтэнд багтахгүй байхаар нь шатаар авч гараад Л- хорооллын “CU” дэлгүүрийн гадаа үл таних 45-50 орчим насны эрэгтэй хүнд 20,000 төгрөгөөр зарчихсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.С-ийн хашаа болон орцноос бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоосон боловч хашаанаас төмөр хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хүндрүүлэх шинжийн талаар алдаатай дүгнэлт болжээ.

Тодруулбал, тусгайлан хамгаалсан байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх төдийгүй хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхүйцээр байршуулсан, техникийн болон хүний хүчээр хамгаалагдсан байх бөгөөд үүнийг нь мэдсээр байж зөрчин гэмт хэрэг үйлдсэн бол хууль бус нэвтрэлт гэж үзэн хүндрүүлэн зүйлчилнэ.

Гэтэл хохирогч хохирогч Д.Л-гийн төмөр байсан хашаа нь хяналтын камергүй, томилон ажиллуулсан харуул хамгаалалтын ажилтангүй, хашаалуу ороход төдийлөн идэвхтэй үйлдэл хийх шаардлагагүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, хүндрүүлэх нөхцөл байдал болох учиргүй юм.  

Иймд дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн О-.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийн талаар хөнгөрүүлсэн зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд оногдуулсан хорих ялын хугацааг 6 сар болгон өөрчлөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ө.С-ийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш нийт 85 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...1. Шүүгдэгч Ө.С- нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, О- дүгээр байрны хажуу хашаанаас хохирогч Д.Л-гийн төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Л- хорооллын 107 дугаар байрны 2 дугаар орцны 14 давхарт байсан хохирогч Д.Л-ны эзэмшлийн “Трек” загварын “Марлин 7” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Д.Л-гийн: “...

зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна...” гээд нотлох баримтуудын агуулга, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн талаараа тусгаагүй орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл, уг шийтгэх тогтоол нь дутуу бичигдсэн, шүүгч өөрөө хянаж үзэн албажуулаагүй алдааг гаргасан байгааг тэмдэглэхийн зэрэгцээ давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээн авсан болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн О-.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос Ө.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “...“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

2 дах заалтыг: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-ийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

3 дах заалтын: “...3 жилийн хугацаагаар...” гэснийг “...6 /зургаа/ сарын хугацаагаар...” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-ийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                              Г.МӨНХТУЛГА