| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2506000001602 |
| Дугаар | 2026/ДШМ/497 |
| Огноо | 2026-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/497
2026 04 23 2026/ДШМ/497
Б.Л-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ө.Эрдэнэмөнх,
шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,
хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Н.Дашдулам,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2796 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2506000001602 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Б-ын Л- /РД:ДБ-/, 1995 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .... тоотод оршин суух,
урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан;
Шүүгдэгч Б.Л- нь 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” төвийн караокед хохирогч Н.Б-ьтой маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Б-ын Л-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Л-оос 11.111.580 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Б-ид 9.729.580 төгрөг олгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд 1.382.000 төгрөг төлүүлэхээр, хохирогч Н.Б-ь нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Л- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Л- нь хохирогч Н.Б-ийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба шүүхээс оногдуулсан торгуулийн ялтай маргахгүй байгаа болно. Зөвхөн хохирогч Н.Б-ийн гаргаж өгсөн хохирлын баримтууд нь эмчилгээ хийлгэсэн нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй. Анхан шатны шүүх хохирлыг буруу тооцсон гэж үзэж байх тул хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Л- гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн баримттай холбоотой асуудалд, хохирогч Н.Б-ь “Говь медикал” гоо сайхны эмнэлэгт 4,829,000 төгрөгийн мэс ажилбар хийлгэсэн” гэж хохирол төлбөр нэхэмжилсэн. Хохирогч Б.Л- тухайн эмнэлэгт үзүүлсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Би “Говь медикал” эмнэлгээс нотлох баримт гаргуулж авах талаар хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. “Говь медикал” эмнэлгийн баримтад, хохирогч Н.Б-ийн овог, нэр, регистрийн дугаар байхгүй. Хэрэг учрал болсноос 114 хоногийн дараах “Сант хайрхан” ХХК-с 648,000 төгрөгийн эм тариа авсан баримт гарч ирсэн, хохирогч Н.Б-ь эмчилгээ хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй. Хохирогч Н.Б-ийн гарсан хохирлын хэмжээ нийт 5,477,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг, ажилгүй байсны цалинтай холбоотой асуудалд маргаагүй. Тэгэхлээр 9.729.580 төгрөгөөс 5,477,000 төгрөгийг хасаж шийдвэрлэнэ үү. ...” гэв.
Хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Н.Дашдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ял оногдуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Л- хохирогч Н.Б-ид ямар нэг байдлаар уучлал гуйх, эмчилгээтэй холбоотой зардал мөнгийг төлөх талаар харилцаа холбоо байдаггүй. Хохирогч хамар, өгзөг хэсэгтээ гэмтэл авсан. Гоо сайхны эмчилгээ нэг хийлгээд тогтохгүй, олон дахин давтамжтай хийлгэсний үндсэн дээр шарх, сорви бүрэн эдгэрдэг. “Говь медикал” эмнэлгээс хохирогч үйлчилгээ авсан. Энэ талаарх баримтыг гаргаж өгсөн. Эмийн сангаас авсан баримтын тухайд 114 хоногийн дараа баримт гаргасан талаар маргаж байна. Хохирогч өнөөдрийг хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа. Дутуу баримттай холбоотойгоор иргэний журмаар нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. ...” гэв.
Прокурор Ө.Эрдэнэмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүл мэндийн хохирол нэхэмжилсэн баримт, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийн Б-ит учирсан хохирлыг Б-итой тогтоож шүүгдэгч Б.Л-оос гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Н.Б-ь “Говь медикал” эмнэлэгт хагалгаанд орсон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй. Үнэхээр Н.Б-ь хагалгаанд ороогүй атлаа хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжтой. Хэргийг нотлох баримтад үндэслэж Б-итой дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Л-ид холбогдох 2506000001602 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
шүүгдэгч Б.Л- 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ караокед хохирогч Н.Б-ьтой маргалдан түүнийг зодож, түүүний эрүүл мэндэд “...зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “багын найздаа зодуулсан” гэх тэмдэглэл /хх-ийн 2/,
хохирогч Н.Б-ийн биед нь гэмтэл учруулсан этгээдийг шууд заасан: “...Бид нар дахиад пиво аваад ууж эхэлсэн, миний өмнөх өдрийн уусан архи гараагүй байсан болоод тасарчихсан байсан. Би ажлынхаа газрын эмэгтэйг дуудаад “би мөнгөгүй болчихлоо намайг ирээд аваач” гээд гуйгаад манай найз ирэхээр нь би “за явъя, манай тасарсан найзыг аваад явъя” гээд эргээд хартал намайг нэг юмаар цохих шиг болсон, тэрнээс бусдыг нь би санахгүй байна. Тэгээд нэг ухаан ортол цохиж байсан, би босох гэтэл намайг араас боочихсон байна. Тэгээд манай М- гэх найз сэрээд салгасан....” /хх-ийн 9-10/ гэсэн мэдүүлэг,
хохирогч Н.Б-ийн биед Б.Л-ийн гэмтэл учруулж байгааг бэхжүүлсэн караокены хяналтын камерын бичлэг /хх-ийн 30-35/,
хохирогч Н.Б-ийн биед Б.Л-ийн гэмтэл учруулсан болохыг мэдүүлсэн гэрч Э.Б-ын: “...Тухайн өдрийн орой 22:00 цагийн үед Л- миний утас руу залгаж, би Б-ийг зодчихлоо гэж ярьсан.” /хх-ийн 13-15/, гэрч Г.М-н: “...Караокед ороод дуулаад пиво уугаад сууж байхад би 2-3 өдөр нойргүй явсан байсан учир унтаад өгсөн. Тухайн газрын ажилтан “танай нэг найз найзыгаа бакалаар цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд би босоод харахад Л- Б-ийг газар унагаагаад дээр нь тэвэрсэн байдалтай байж байхаар нь очиж салгаад Л-ийг аваад пабаас гарсан. Б-ь пабд үлдсэн. ...” /хх-ийн 17/ гэх мэдүүлгүүд,
хохирогч Н.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0725/7042 дугаар: “...Н.Б-ийн биед зүүн өгзөгт хатгагдаж, зүсэгдсэн шарх, дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, тус дүгнэлтийг гаргасан шинжээч Э.Баасанжавын “...Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ЕГ0525/984 дүгээр: “...Урьд гаргасан 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0725/7042 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Н.Б-ийн биед зүүн өгзөгт хатгагдсан шарх, доод уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хацар, хүзүүнд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх зүүн өгзөгт хатгагдсан шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тус бүр нэг удаагийн үйлдлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-93/, тус дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Э.Эрхэмбаярын: “...Дээрх дүгнэлтийг гаргахад бичилтийн техникийн алдаа гаргаж дээд уруулд үүссэн шарх гэмтлийг андуурч доод уруулд гэж бичсэн байна. Дээд, доод уруулд алинд ч байсан хохирлын зэрэгт өөрчлөлт орохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154/,
хохирогч Н.Б-ийн эмнэлэгт 2025 оны 5 дугаар сарын 16-аас 2025 оны 5 дугаар сарын 23-ны хугацаанд хэвтэн эмчлүүлсэн “Өвчний түүх” /хх-ийн 98-116/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.382.000 төгрөгийг хохирогч Н.Б-ийн эмчилгээнд зарцуулагдсан талаарх баримт /хх-ийн 127/, тус хохирлыг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 131/,
хохирогч Н.Б-ийн эмнэлэгт сэтгэцэд сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан байгааг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0825/2496 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 136-137/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн Б-ит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Б.Л-ийн хохирогч Н.Б-ьтой маргалдан түүнийг зодсон үйлдэл нь шууд санаатай үйлдэл байх ба түүний үйлдлээс Н.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүхээс Б.Л-ийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн Б-ит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан Б.Л-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн байна.
3. Шүүгдэгч Б.Л-ид торгох ялыг сонгон 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 төгрөгөөр оногдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор байна.
4. Шүүгдэгч Б.Л- нь хохирогч Н.Б-ийн гаргаж өгсөн хохирлын баримтуудын үндэслэлтэй эсэхийг хянуулахаар давж заалдах гомдол гаргажээ.
Хохирогч Н.Б-ь өөрт учирсан хохиролтой холбоотой:
- 4,829,000 төгрөгийн “Гоёл медикал” гэсэн 2025.09.08-ны өдөр хэвлэгдсэн QR код бүхий төлбөрийн баримт /хх 175/, “Гоёл медикал” гоо сайхны эмнэлгийн 2025.10.09-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт /хх 176/,
- 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 648,500 төгрөгийн эмийн баримт /хх 174/,
- дутуу авсан цалин 889420 төгрөгийг гаргуулахтай холбоотой цалингийн баримт/хх-ийн 176, 191/-уудыг шүүхэд гарган өгчээ.
Анхан шатны шүүх, 648,500 төгрөгийн эмийн баримтыг шүүгдэгч Б.Л-ийн үйлдэлтэй холбоотой талаарх баримтаа гарган жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин хэн төлсөн нь болон шүүгдэгч Б.Л-ийн үйлдлийн хохирол, хор уршигтай холбоотой үйлчилгээг хийлгэсэн эсэх нь тодорхой бус “Гоёл медикал” гэх гоо сайхны эмнэлгийн 4,829,000 төгрөгийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх “Гоёл медикал” гэх эмнэлгийн 4,829,000 төгрөгийн баримт, эмнэлгийн тодорхойлолт гэсэн баримтыг эргэлзээ бүхий, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гэдгийг нотлохгүй байна гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүгдэгч Б.Л-оос гаргуулах боломжгүй гэж үзлээ.
Хохирогч Н.Б-ийн шүүхээс энэ гэмт хэрэгтэй хамтатган шийдвэрлээгүй орхисон хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэлээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.
Хохирогч Н.Б-ийн сэтгэцэд учирсан нэгдүгээр зэрэглэлийн хор уршгийн нөхөн төлбөрийг гэмт хэрэг болсон 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлж тогтоосон нь хохирогчийн биед ир үзүүртэй зүйлээр гэмтэл учруулсан хэр хэмжээ, эмнэлэгт мэс засал хийлгэж хохирлоо эмчлүүлсэн хохирогчийн эрүүл мэндийн байдал зэрэгт тохирсон байна.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын хохирол гаргуулсан 5 дахь заалтын шүүгдэгч Б.Л-оос гаргуулан хохирогч Н.Б-ид олгох хохирол, хор уршгийн 9,729,580 төгрөгөөс нотлох баримтын эргэлзээтэйгээр гаргуулсан “Гоёл медикал” гэх гоо сайхны эмнэлгээс үйлчилгээ авсан гэх 4,829,000 төгрөгийг хассан өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ. Мөн “Гоёл медикал” гэх эмнэлгийн 4,829,000 төгрөгийг 4,892,000 төгрөг гэж 63,000 төгрөгөөр зөрүүлж анхан шатны шүүх тооцсон байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөж шүүгдэгч Б.Л-оос гаргуулах хохирлын хэмжээг тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2796 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Л-оос 11.111.580 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-ид 9.729.580 төгрөг олгож, ...” гэсэн хэсгийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Л-оос 6,219,580 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Б-ид 4,837,580 төгрөг олгож, ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ