| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 25020085000005 |
| Дугаар | 2026/ДШМ/498 |
| Огноо | 2026-04-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/498
2026 04 23 2026/ДШМ/498
Л.Ө-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ө- даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн,
шүүгдэгч Л.Ө-ын өмгөөлөгч Ю.Батболд,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/528 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 25020085000005 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Л-гийн Ө- /РД: ЙЛ-/, 2002 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Л.Ө- нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үеэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Их нарийн гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис (ургамал)-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
улмаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, Л- Л- тоот өөрийн гэртээ 7 хэсэг бүхий нийт 2 кг 610.9 грамм (2610.9 грамм) цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис (ургамал)-ыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт шалган нэвтрүүлэх цэгт Toyota Prius 30 загварын Л- ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 хэсэг бүхий нийт 500.6 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис (ургамал), “шавар” гэх нэршилтэй 5.4 грамм цэвэр жинтэй бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Л.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Х- овогт Л-гийн Ө-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис (ургамал, шавар)-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа эд мөрийн баримтуудыг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Ө- давж заалдах гомдолдоо: “...Л.Ө- миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй, тухайн хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Тус гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй, өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Л.Ө-ын өмгөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багт түүсэн ургамлыг мөрдөгчид зааж өгч хураалгасан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшин харамсаж байгаа. Би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй, үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэн харгалзах, эсхүл боломжит хэмжээд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Прокурор Г.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Л.Ө-т 3 жилийн хугацаатай ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Л.Ө-ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн 25020085000005 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Л.Ө- нь 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн үеэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн Их нарийн гэх газраас сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар Өвөрхангай аймгийн Хархорин сумд байх өөрийн гэртээ 7 хэсэг бүхий нийт 2 кг 610.9 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис (ургамал)-ыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлт шалган нэвтрүүлэх цэгт Toyota Prius 30 загварын Л- ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 хэсэг бүхий нийт 500.6 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис (ургамал), “шавар” гэх нэршилтэй 5.4 грамм цэвэр жинтэй бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь:
шүүгдэгч Л.Ө-ын сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан болохыг тогтоосон түүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгахад “илэрсэн” талаар тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 9-10/,
шүүгдэгч Л.Ө-ын жолоодож явсан Toyota Prius 30 загварын Л- ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3-р баг, Л- Л- тоотод байх гэрт нь тус тус нэгжпэг хийж сэтгэцэд нөлөөт бодис (ургамал)-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 11-19/,
хэсэгчлэн гялгар уутаар хуваан боож хадгалсан сэтгэцэд нөлөөт бодис (ургамал)-ыг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27/,
Л.Ө-ын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 32-33/,
шүүгдэгч Л.Ө-ын сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байдлыг тодорхойлж буй Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЕГ0325/7818 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Л.Ө- ИЛ- 2025.11.06” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 50-51/,
шүүгдэгч Л.Ө-аас хураан авсан эд мөрийн баримт болох зүйлсэд шинжилгээ хийхэд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад хориглосон сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн болохыг нотолж буй 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ЕГ0325/7824 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн объект нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн гялгар ууттай шавар мэт зүйл, скочоор ороож битүүмжилсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, хуйлсан “АТ3941593” гэсэн серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Шавар мэт зүйлийн цэвэр жин нь 5,4 грамм, скочоор ороож битүүмжилсэн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 391,4 грамм, цагаан өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 109,2 грамм байна...” /хх-ийн 56-58/,
2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/8153 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “Хар тамхитай тэмцэх газар Мөрдөн шалгах хэлтэс наалдамхай туузаар боосон 6 ширхэг ногоон өнгийн өвс мэт ургамал, 2 ширхэг гялгар ууттай ногоон өнгийн ургамал” гэж хаягласан шар өнгийн уутанд ирүүлсэн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, №1-6 хүртэл дугаарласан наалдамхай туузаар боосон ургамал мэт зүйлс тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Гялгар ууттай хар өнгийн ургамал мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 160 грамм, гялгар ууттай хар өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 19,3098 грамм. №1 гэж дугаарласан наалдамхай туузаар боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 410,1 грамм, №2 гэж дугаарласан наалдамхай туузаар боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 465 грамм, №3 гэж дугаарласан наалдамхай туузаар боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 432,4 грамм, №4 гэж дугаарласан наалдамхай туузаар боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 324,4 грамм, №5 гэж дугаарласан наалдамхай туузаар боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 426,9 грамм, №6 гэж дугаарласан наалдамхай туузаар боосон ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 392,1 грамм байна...” /хх-ийн 65-71/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
шүүгдэгч Л.Ө-ын хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1187 дугаартай: “...Л.Ө- нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Л.Ө- нь одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Л.Ө- нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Л.Ө- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Ө- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.Ө- нь мансууруулах бодисын хамааралтай /донтой/ гэх эмнэл зүйн шинж тэмдэг үгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Шүүгдэгч Л.Ө-ын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис (ургамал)-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэсэн, гэртээ 2 кг 610.9 грамм (2610.9 грамм) цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис (ургамал)-ыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Toyota Prius 30 загварын Л- ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2 хэсэг бүхий нийт 500.6 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис (ургамал), “шавар” гэх нэршилтэй 5.4 грамм цэвэр жинтэй бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Л.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон ...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан...” гэмт хэргээр зүйлчилжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн хоёр төрлийн ялаас шүүх Л.Ө-т хорих ялын төрлийг сонгож, тус зүйл, хэсэгт заасан “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэсэн хугацаанаас гурван жилийн хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, Үндэстний аюулгүй байдалд хор уршигтай байдаг нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч Л.Ө-ын мансууруулах үйлчилгээтэй ургамлыг олж авч хатааж бэлтгэсэн, хэсэгчлэн хувааж хадгалсан хэр хэмжээ, тус бодисыг хэрэглэдэг хувийн байдалд нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ө-ын гаргасан “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Ө-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас тус давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/528 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ө-ын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Өсөхбаяр
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ