| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0184/Э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 189
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ердийн журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч Б.Мөнхзул
Нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөрвөд овогт Дарьсүрэнгийн Нэргүйд холбогдох 1831001960160 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, Хуурч 4 хэсэг хойд гарам 6 гудамж 28 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа, шагналгүй, ял шийтгэл, 2003 оны 05 сарын 22-ны өдрийн 1/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар, баривчлах ялаар, 2003 оны 12 сарын 19-ний өдрийн 1/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Дөрвөд овогт Дарьсүрэнгийн Нэргүй, /РД ЖИ82071612/,
Шүүгдэгч Д.Нэргүй нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Их алт” нэртэй газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Д.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 09-нд яллагдагчаар өгсөн: ...Би эхнэр Мөнхзулын хамт Бугант тосгоны “Их алт” гэх газартуурхай дээр ажиллаж байсан. 2018 оны 06-р сарын 16-ны өдөр архи уусан.Эхнэр хүртэл тогоочтой дарс уусан. Ингээд эхнэр бид роёр ажилчдын байранд орж унтсан.Тэгээд үүрээр шээс хүрээд гарч шээчихээд орж ирээд эхнэрээ сэрээж “цайгаа чана” гэхэд эхнэр “жаахан байж байгаад босъё” гээд босолгүй унтаад байсан. Ингээд дахиад дуудахад “Баяраа болиочээ” гээд танмхгүй эрэгтэй хүний нэр дуудахаар нь гэнэт уур хүрээд орноос нь түлхсэн чинь орноосоо уначихсан. Ингээд “аллаа, барилаа” гээд учир зүггүй орилоод байхаар нь алгадсан. Тэгээд орилоод байхаар нь бакалан гутлаараа цохиж зодсон. Халамцуу байсан, бас хардалтаас болсон Тэгж байхад хүмүүс ирээд салгасан. ...Би өөрийн хийсэн хэрэгтээ ихэд гэмшин байна. Хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-37-р ху/,
2.Шүүгдэгч Д.Нэргүйгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Бугантын “Их алт” гэдэг газар эхнэртэйгээ хамт ажиллаж байсан. 2018 оны 06 дугаар сарын 15-16 шилжих шөнө хамт олноороо уусан. Өглөө гэгээ орход эхнэрээ “Хүмүүс босохоос өмнө, цай ундаа бэлд” гэж хэлэхэд эхнэр “жаахан унтаад босъё” гэсэн. Хэсэг байж байгаад ахиад дуудахад танихгүй хүний нэр дуудсан. Тэгээд гэнэт миний уур хүрээд орноос нь түлхсэн. “Аллаа” гэж хэлэхээр нь “дуугүй бай, хүн амьтан унтаж байна” гээд хэдэн удаа цохьсон. Өөр зүйл болоогүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ ихэд гэмшин байна. Хорих ялыг тэнсэж өгнө үү гэж хүсч байна.. гэх мэдүүлэг,
3. Хохирогч Б.Мөнхзулын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө нөхөр маань ажлынхантайгаа уусан. Би бас тогоочтойгоо 1 шил дарс хувааж уусан. Тэгээд нөхөртэйгээ унтахаар байрандаа ороод унтсан. Өглөө үүрээр “хүний нэр хэллээ, хэн юм” гээд өшиглөж унагаагаад бакалаараа зодсон. Нөхөр маань ажил хийж байх үедээ уудаггүй. Амрах хугацаандаа архи уудаг. Уусан үедээ агсам тавьдаг. Нөхөр маань одоо архи уухгүй гэсэн. Би ч бас хүүхдүүдээ бодоод нөхөртөө гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ажил хийж байх үедээ уудаггүй. Амрах хугацаандаа архи уудаг. Уусан үедээ агсам тавьдаг. Цагдаагийн байгууллагад хандсанаас хойш нөхөр Нэргүй сайн талаараа их өөрчлөгдсөн. Дахин архи уухгүй гэсэн. ...гэх мэдүүлэг,
4.Хохирогч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Би нөхөр Нэргүй болон 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн цагааннуур суманд амьдардаг. Бид хоёр эрхэлсэн ажилгүй учир Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд ажил хийхээр очсон. 2018 оны 06-р сарын 16-ны өдөр манай нөхөр нэргүй уурхайн ажилчидтай архи уугаад согтсон байсан болохоор би тогооч Туяатай 1 шил дарс хувааж уусан.Тэгээд би нөхөртэйгээ бас 2 ажилчинтай 1 гэрт орж унтсан. Унтаж байхад үүрээр нөхөр маань гэнэт намайг сэрээгээд “пизда минь чи зүүдэндээ Баяраа гээд байна. хэнийг дуудаад байгаа юм” гэхээр нь би “тийм хүн танихгүй, юу яриад байгаа юм, унтаач” гэхэд “чамайг ална” гээд учир зүггүй уурлаад намайг өшиглөөд орноосунагасан. Тэгээд газраас намайг босоод ирэхэд өөрийн өмсдөг бакал гутлаараа толгой, нүүр, гар хөл, нуруу, цээж гээд биеийн бүх хэсэг рүү цохисон. Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Их алт гэх газарт манай нөхөр Д.Нэргүй намайг зодсон, Сэлэнгэд ирээд аавын гэрт 3 хоног хэвтсэн. Сүүлдээ бие өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж үзүүлсэн... нөхөртэйгээ хамт 12 жил амьдарч байна. ...миний хувьд маш их гомдолтой байна....гэх мэдүүлэг, / хх-ийн 05-07-р ху/,
5.Гэрч Д.Дарьсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...Миний хүү Нэргүй эхнэр Мөнхзултайгаа амьдраад 10 гаран жил болж байна. ...манай бэр өмнө нь хүнтэй суугаад салаад миний хүүтэй суусан, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Цагаан сарын баярын өмнөхөн буузаа чимхэж байгаад л эхнэрээ зодсон гэж сонссон. ...саяхан уурхай руу ажил хийхээр яваад тэнд эхнэрээ зодсон гэж сонссон. ...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/,
6. Гэрч Д.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...миний хувьд 2 удаа дуудлагаар очиж байсан. “Нөхөр агсан тавиад байна” гэсэн дуудлага өгсөн байдаг байсан. ...амьдралын түвшин муу хар бор ажил хийгээд явдаг байсан. ...2018 оны 02 сар, 03 сард дуудлага өгч байсан. ..намайг хөдөө гадаа ажлаар явсан байхад Сайнзаяа цагдаа очдог байсан...надтай таараад зодуулсан талаараа эхнэр нь ярьдаг байсан өргөдөл өг гэхэд өөрөө ирээгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 хуудас/,
7. Гэрч Н.Сайнзаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...2018 оны 03 сарын сүүлээр санагдаж байна, “нөхөр агсан тавиад байна” гээд дуудлага өгөөд хамт очиж гэрээсээ хувцас болон хүүхдүүдээ авсан. ...үүнээс өмнө хэд хэдэн удаа” нөхөр агсан тавиад байна” гэж дуудлага өгдөг. Очиход нөхөр нь унтсан эсхүл нэг бол гараад явсан байдаг ба эхнэр нь гомдолгүй гэдэг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 хуудас/,
8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 сарын 26-ны өдрийн 265 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Б.Мөнхзулын биед 2 хавирганы хугарал, бугалга, гарын сарвуу, дал, мөр, өгзөг, гуя, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...гэх дүгнэлт /хх-ийн 25-р ху/,
9.Шүүгдэгч Д.Нэргүйгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 38-р ху/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 24–р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 28-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 27-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 32-33-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 34-37-р ху/, шүүгдэгчийн урьд нь ял шийтгүүлж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 40-41, 42-43-р ху/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 45-48-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 51-р ху/, шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт, /хх-ийн 52-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай, /хх-ийн 54-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай, /хх-ийн 55-р ху/,зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Нэргүйг согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Их алт” нэртэй газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Нэргүйг согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Их алт” нэртэй газарт гэр бүлийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Мөнхзулыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Нэргүй нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ тхэд гэмшиж байгаа, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дөрвөд овогт Дарьсүрэнгийн Нэргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Дөрвөд овогт Дарьсүрэнгийн Нэргүйг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч Д.Нэргүйг согтууруулах ундааг 1 жилийн хугацаанд хэрэглэхийг хориглож, хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар согтууруулах ундааг 1 жилийн хугацаанд хэрэглэхийг хориглож, хязгаарлалт тогтоосныг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Нэргүйд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Нэргүй нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нэргүйд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН