| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2509000000212 |
| Дугаар | 2026/ДШМ/499 |
| Огноо | 2026-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/499
2026 04 23 2026/ДШМ/499
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Отгонбаатар,
яллагдагч Б.Б-ий өмгөөлөгч У.Пэрэнлэйжамц,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/1703 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Отгонбаатар 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Б.Б-д холбогдох 2509000000212 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
У- овгийн Б-гийн Б-, /РД: УБ-/, 1989 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, ......... тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.
Яллагдагч Б.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” нэртэй бааранд “хэл амаар доромжлолоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Я- руу ширээн дээр байсан эд зүйлсийг шидэж, эрүүл мэндэд нь баруун хөлийн шилбэнд шарх, хүзүү, баруун эгэм, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлах”-аар заасан нь прокурорын байгууллагын шатлан хяналтын тогтолцооны хүрээнд шийдвэрийг дахин нягтлуулах, улмаар алдаа, зөрчлийг засах боломжийг бүрдүүлэх зорилготой процессын баталгаа гэж ойлгогдоно.
Харин 15.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Дээд шатны прокурорын газар нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хянаж шийдвэрлэнэ” гэж заасан нь гомдлын төрлийг бүхэлд нь хязгаарласан зохицуулалт гэж үзэхээс илүүтэйгээр тухайн төрлийн гомдлыг шийдвэрлэх хугацааны зохицуулалтыг илэрхийлсэн гэж ойлгогдохоор байна. Иймд уг заалтыг хэрэглэхдээ 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тусгагдсан дээд шатны прокурорын газарт гомдол гаргах эрхийн баталгаатай уялдуулан авч үзэх шаардлагатай.
Хэрэв 15.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөвхөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гаргаснаас бусад төрлийн гомдлыг дээд шатны прокурорын газар хянах боломжгүй байдлаар тайлбарлан хэрэглэх тохиолдол бий болвол 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тусгагдсан шатлан гомдол гаргах эрхийн агуулга хязгаарлагдах, улмаар оролцогчийн гомдлыг дахин хянуулах процессын баталгааны хэрэгжилтэд нөлөөлөх нөхцөл үүсэх боломжтой юм.
Энэ хэрэгт өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдлыг прокурорын байгууллагад гаргасан боловч дээд шатны прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн зохицуулалтыг тайлбарлан, дээд шатны прокурорын газраас хянан үзэх шийдвэрийн төрлийг тодорхойлон хуульчилсан талаар дурдан гомдлыг хянахгүй гэсэн агуулгатай хариу ирүүлсэн нь оролцогчийн гаргасан гомдлыг шатлан хянуулах процессын эрхийн хэрэгжилтэд бодитой саад учруулсан нөхцөл байдал болсон гэж үзэхээр байна. Үүний улмаас энэ хэрэгт оролцогчийн гомдлыг шатлан хянуулах процессын эрх бодитой хэрэгжээгүй, гомдлыг бүрэн нягтлуулах боломж олгогдоогүй нөхцөл байдал үүссэн гэж шүүх үзэв.
Түүнчлэн, уг асуудал нь зөвхөн тухайн хэрэгт оролцогчдын хүрээнд хязгаарлагдахгүйгээр эрх зүйн хэрэглээний практикт тодорхой маргаан дагуулж, холбогдох зохицуулалтын талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгах хэмжээнд хүрсэн нь зөвхөн хэлбэрийн шинжтэй маргаан бус оролцогчийн хүсэлт, гомдлоо хянуулах эрхийн хэрэгжилттэй холбоотой, илүү өргөн хүрээний асуудал болж өргөжсөнийг харуулж байна.
Ийм нөхцөл байдал нь талуудын тэгш байдал, оролцогч өөрийн байр сууриа эрх бүхий байгууллагад танилцуулах, гаргасан гомдлоо шатлан хянуулах эрхээ хэрэгжүүлэх боломжид нөлөөлөх бөгөөд улмаар мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны, шударга байдлын талаарх эргэлзээ үүсэх үндэслэл болохоор байна. Энд гомдлын агуулга үндэслэлтэй эсэх асуудал нь хоёрдогч шинжтэй бөгөөд юуны өмнө оролцогч өөрийн гаргасан гомдлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлүүлэх боломжтой байх процессын баталгаа хангагдсан эсэх нь анхаарах ёстой асуудал болно. Өөрөөр хэлбэл, гомдлыг хүлээн авч шалгах, холбогдох үндэслэл, баримтыг нягтлан үзэх, шийдвэр гаргах ажиллагаа нь эрүүгийн процессын журмын хүрээнд хэрэгжих ёстой үйл ажиллагаанд хамаарна.
Харин гомдлыг хянан шийдвэрлэх шатанд уг асуудлыг дахин нягтлуулах боломж бүрдэхгүй нөхцөл байдал үүсвэл оролцогчийн өөрийн байр сууриа эрх бүхий байгууллагад танилцуулах, шийдвэрийг шатлан хянуулах боломж тодорхой хэмжээнд хязгаарлагдах эрсдэл бий болдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш оролцоо, шударга байдлыг хангах зарчимд тулгуурладаг тул хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ оролцогчийн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжийг хангах агуулгатайгаар авч үзэх нь зүйтэй. Ингээд үзэхээр оролцогчийн гаргасан гомдлыг хуульд заасан журмын дагуу бүрэн нягтлуулах, шатлан хянуулах боломжийг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга, ил тод байдлыг хангах ач холбогдолтой бөгөөд оролцогчийн процессын эрхийн баталгааг хангах зорилгоор уг зөрчлийг арилгуулах шаардлага үүссэн гэж шүүх үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” бол хэргийг прокурорт буцаахаар заасан бөгөөд оролцогчийн процессын эрхийн баталгааг хангах, уг зөрчлийг арилгах зорилгоор хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. ...” гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор П.Отгонбаатар бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн “хууль ёсны байх” үндсэн зарчмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оролцогчоос хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын шийдвэрийн талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт гаргахаар хуульчилсан байна. Яллагдагч Б.Б-ий өмгөөлөгч У.Пэрэнлэйжамцаас прокурорын яллах дүгнэлтийг эс зөвшөөрч тус дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргасныг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 928 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Түүнчлэн, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орж мөн хуулийн 15.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт дээд шатны прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хянаж шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтаар дээд шатны прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болон яллах дүгнэлт үйлдсэн хэргийг оролцогчийн гомдлоор хянах боломжгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гомдлыг хуульд заасан журмын дагуу бодитоор хянан шийдвэрлэх боломж бүрэн хангагдаагүй, шатлан хянуулах процессын баталгаа хэрэгжээгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж буй нь үндэслэлгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Б.Б-ий өмгөөлөгч У.Пэрэнлэйжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүхийн захирамж үндэслэл бүхий гарсан. Б.Б-д холбогдох хэргийн хувьд дүүргийн ерөнхий прокурор болон хяналтын прокурор, Нийслэлийн прокурор болон Улсын ерөнхий прокуроруудад удаа дараа хүсэлт гаргаж байсан. Дүүргийн хяналтын прокурорт хэргийн бодит байдлыг тогтоохын тулд нэмэлт шинжээч томилуулах, гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авах, хэргийн газарт сэргээн санах бүхий туршилт хийлгэхээр хүсэлт гаргадаг. Гэтэл дүүргийн ерөнхий прокурор хүсэлтийг хангаж шийдвэрлэдэггүй. Мөн Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Дээд шатны прокурорын газар нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хянаж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэх боломжгүй талаар тайлбар ирүүлсэн. Тэгэхлээр зарим нэг иргэдээс Могол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргачихсан. Прокурорын шатанд буруу тайлбарлаж хэрэглэж байгаа гэх агуулгаар хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг үндэслэл бүхий тайлбарлаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт шийдвэрлэгдэх ёстой, хэргийн бодит байдлыг тогтоогдох ач холбогдолтой. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүх, яллагдагч Б.Б-д холбогдох хэрэгт гаргасан прокурорын шийдвэрийг хянуулахаар дээд шатны прокурор яллагдагч Б.Б-ий өмгөөлөгчийн гомдол гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Дээд шатны прокурорын газар нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр”-т гаргасан гомдол биш байна гэсэн үндэслэлээр өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдлыг хянахгүй гэсэн агуулгатай хариу өгч, гомдлын үндэслэлийг хянан шийдвэрлээгүй нь хууль зүйн үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.
Үндэслэл нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Дээд шатны прокурорын газар нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд хянаж шийдвэрлэнэ” гэсэн заалт нь тус төрлийн гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг заасан зохицуулалт болохоос “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр”-ээс бусад шийдвэрийг дээд шатны прокурорын газар хянан шийдвэрлэхгүй гэсэн зохицуулалт гэж үзэхээргүй байна.
Хэрэв прокурорын эсэргүүцэлд дурдаж байгаа шиг “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр”-ээс бусад шийдвэрийг дээд шатны прокурорын газар хянан шийдвэрлэхгүй гэж үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана.” гэсэн заалт хэрэглэгдэхгүйд хүрэхээр байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах ёстой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, тус захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Отгонбаатарын бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЗ/1703 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Отгонбаатарын бичсэн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ