| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0181/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 187
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гансүхийн Эрдэнэбаатарт холбогдох 183100000175 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, утас засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 031 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэрэг хариуцах чадвартай, гэх Боржигон овогт Гансүхийн Эрдэнэбаатар, /РД: МЮ91062212/,
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 3 дугаар хэсэг, 14-01 тоотод Х.Алтанхуягийн толгойн хэсэгт шаазан аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн эмээ Хандсүрэнгийнд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг 8 дугаар хэсгийн 14-1 тоотод 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед өөрийн аав Гансүх, Бадамаа, Бадамаагийн төрсөн эгч гэх үл таних эмэгтэйн хамт очиж цай унд уугаад сууж байсан. Тэгээд бүгд хоорондоо юм яриад инээлдээд сууж байсан чинь Алтанхуяг нь хөгшин хүмүүсийн яриан дундуур нь орж илүү дутуу юм яриад байхаар нь миний аав Гансүх нь Алтанхуягт хандан “чи цаашаа яв“ гэж хэлсэн чинь Алтанхуяг аав Гансүхийн урдаас “юу гээд хуцаад байгаа юм бэ, би гэр орондоо байж, байж яахаараа явдаг юм бэ өөрсдөө зайлцгаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтанхуягт хандан “та одоо юу яриад байгаа юм бэ, хүмүүс ирчихсэн байхад” гэж хэлсэн чинь надад хандан “ чи муу юу юм бэ “ гээд заазуур барьж дайрсан. Тэгтэл гэрт байсан хүмүүсийн нэг нь заазуурыг нь авахаар нь би очоод Алтанхуягийн нүүр хэсэг рүү нь зүүн гараараа алгадахад гэрт хүмүүс бид 2-ыг салгаад би суусан. Алтанхуяг нь намайг сууж байхад над руу аяга шидэхээр нь би тонгойход миний толгойн дээгүүр өнгөрөөд хана онож хагарсан. Тэгээд би уурандаа босч очоод цай уух гэж байсан аягаараа Алтанхуягийн толгой хэсэгт 1 удаа цохиход толгой нь хагарч цус гарсан. Алтанхуяг нь надад цохиулаад орилоод гараад явсан. Тэгээд Алтанхуяг эмнэлэг явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44-р ху/,
2. Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эм тариа авч өгсөн. Торгуулын ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
3. Хохирогч Х.Алтанхуягийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай төрсөн ах Гансүх эхнэрээ манай гэр бүлийхэнтэй танилцуулах гээд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас манай гэрт ирсэн юм. Тэгээд манай гэр бүлийнхэн хоорондоо юм яриад сууж байтал манай ах Гансүх намайг “чи гэрээс гар, битгий энд байгаад бай, гар л даа” гээд удаа дараа буюу гурван удаа тэгж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Гансүх ахын өөдөөс “та одоо юу яриад байгаа юм бэ, би төрсөн гэртээ байж болохгүй юу” гэж хэлтэл Гансүх ахын том хүү Эрдэнэбат босож ирээд миний өөдөөс “та одоо юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд намайг шанаадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохьсон, тэгсэн чинь Эрдэнэбат цаашаа очоод над руу дахиад аягатай цай шидсэн, гэхдээ намайг оноогүй хажууд буусан. Тэгэхээр нь би цаанаас заазуур барьж аваад далаасан чинь надаас бултаад миний цээж рүү дахиад цохьсон. Тэгээд би газар унатал миний толгой руу аяга шидээд хагалсан тухай үед миний толгойн тус газраас их хэмжээний цус гарсан учраас би эмнэлэгт дуудлага өгсөн удалгүй эмнэлэгийн машин манай гэрт ирж би эмнэлэгт хүргэгдсэн. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18-р хуудас/,
4. Гэрч Л.Хандсүрэнгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр миний 3 дахь болох Гансүх нь Цагааннуур сумаас өөрийн эхнэр, хүү Ээгий, мөн эхнэрийнхээ эгчтэй хамт манай гэрт үдээс хойш ирсэн. Тэгтэл Алтанхуяг “ээж босооч, ах ороод ирлээ” гэж хэлэхээр нь би босч цай чанаад байж байхад Алтанхуяг жаахан ууртай миний дэргэд ирчихээд зогсоод байсан. Тухайн үед миний ойлгосноор Хуягаа маань ах ирлээ гээд юм ярих санаатай хажууд нь суухад Гансүх “чи яах гэж суугаад байгаа юм бэ, гар, зайл гээд байсан” гэж Хуягаа надад хэлсэн. Тэгээд байж байхад Ээгий босч ирээд Хуягаагийн нүүр лүү цохисон. Тэгээд Хуягаа аяга авч Ээгий рүү шидэхэд оноогүй, дараа нь Ээгий босч ирээд Хуягаагийн толгой руу цохиж хагалсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/,
5. Гэрч Х.Отгонжаргалын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12 цагт манай төрсөн ах болох Гансүх нь Цагааннуур сумаас эхнэр болон эхнэрийнхээ эгч, хүү Эрдэнэбаатар, бэр Золжаргал нарын хамт орж ирсэн. Тэгээд орж ирээд орон дээр хэвтэж байсан ээжийг “та босоод суучих” гээд чихэр боов өгөөд бүгд сууцгаасан. Тэгээд байж байгаад Гансүх ах Хуягааг “гар, зайл, чи цаашаа бай” гээд гадуурхсан байдалтай яриад байсан. Тэгтэл Хуягаа уурлаж “Ганаа ах та арай дэндэж байна, би гал голомтондоо байна, дуртай юм бол өөрөө яв” гэж хэлсэн. Тэгтэл Эрдэнэбаатар босч ирээд алгадсан. Тэгтэл Хуягаа заазуур барьтал манай эгчийн хүү Хэнчбиш дундуур нь орж заазуурыг авсан. Тэгээд Хуягаа ах уурлаад аяга аваад шидсэн чинь Эрдэнэбаатарыг оноогүй. Тэгэхэд Эрдэнэбаатар босч ирээд аавынхаа цай ууж байсан аягыг шүүрч аваад Хуягаа ахын толгой руу нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд маш их хэмжээний цус гарч бид нар түргэн дуудсан. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/,
6. Гэрч Б.Золжаргалын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Эрдэнэбаатартай 2010 онд танилцаад үерхэж нөхөрлөж байгаад 2015 оноос хамтран амьдарч байна. Ханилан суугаад 3 жил хамт амьдарч байна. Эрдэнэбаатар бид 2 эхнэр нөхрийн харилцаатай бөгөөд бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Манай хүүхэд одоо 3 нас 4 сартай. Зодоон болсон гэх өдөр нөхөр Эрдэнбаатарын хамт 8-р багт байрлах эмээгийн гэрт охины хамт гурвуулаа очсон. Тухайн өдөр би эмнэлэг дээр ажилтай байсан учраас ажил руугаа Эрдэнэбаатараар хүргүүлсэн. Тэгээд Эрдэнэбаатар эмээгийн гэр лүү буцаад явсан. Тэгээд удалгүй эмнэлэг дээр ирээд “гараа зүсчихлээ” гээд ирсэн. Тэгэхээр нь би боолтны сувилагчаар гарыг нь боолгуулсан. Тэгээд удаа ч үгүй хүлээн авах дээр Хуягаа ах эмээ 2 ирчихсэн байсан. Харин дараа нь гэртээ ирчихээд нөхрөөсөө яагаад гараа зүсчихсэн талаар нь лавлаж асуухад “Хуягаа ах уур хүргээд байхаар нь аягаар цохисон чинь аяга нь хагараад миний гарыг зүсчихлээ” гэж л хэлсэн. Харин дараа нь болсон явдлын талаар эмээ надад дэлгэрэнгүй ярьж өгсөн. Эрдэнэбаатар нь ямар нэгэн илүү дутуу зан аашгүй, тохитой томоотой, жаахан чанга ярьдаг учраас хүмүүст ааштай, омогтой юм шиг санагддаг юм шиг байна лээ. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/,
7. Гэрч Б.Батбаатарын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Эрдэнэбаатар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед Ээгий гар нь боолттой вагоноос цемент буулгахад нь хараад асуухад “гараа гэмтээчихсэн л” гэж хэлсэн. Дараа нь буюу вагон буулгаж дуусгаад асуухад Ээгий манай авга ах Хуягаа манай аав ирсэн чинь томроод байсан тэгэхээр нь “боль” гэж хэлээд болиулсан. Тэгтэл Хуягаа ах нь Ээгийг хэл амаар доромжилсон гэсэн. Тэгэхээр манай хүн өөдөөс нь юм ярьж байхад ах нь заазуур барьж дайрахад аягаар толгойн тус газар нь цохисон гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/ ,
8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 327 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Х.Алтанхуягийн биед толгойн хуйханд шархтай, зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 31-р ху/,
9..Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн №63/18 магадлагааны дүгнэлт хэсэгт:
1.2. иргэн Х.Алтанхуяг нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт өвчинтэй болно.
3.4. Х.Алтанхуяг нь архины хамааралгүй болно.
5.Х.Алтанхуяг нь сэтгэцийн Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт өвчинтэй боловч албадан эмчилгээ шаардлагагүй болно.
6.Х.Алтанхуяг нь тухайн үед болсон явдлыг үнэн зөв мэдүүлж буй талаараа ухамсарлан ойлгох чадвартай болно.
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 50-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 07-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 09-р ху/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 14-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 31-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 32-33-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 39-40-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 47-р ху/, хохирогчийн талаарх баримтууд, /хх-ийн 55-61-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 3 дугаар хэсэг, 14-01 тоотод Х.Алтанхуягийн толгойн хэсэгт шаазан аягаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар цэнхэр алаг өнгийн шаазангийн 2 ширхэг хэлтэрхийг шүүхэд ирүүлсэн байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч нар прокурорын гаргасан 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон 450 нэгжээр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Эрдэнэбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Эрдэнэбаатарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.Эрдэнэбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр алаг өнгийн шаазангийн 2 ширхэг хэлтэрхийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Шүүгдэгч Г.Эрдэнэбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН