| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2403 00774 0355 |
| Дугаар | 2026/ДШМ/437 |
| Огноо | 2026-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2026/ДШМ/437
2026 04 15 2026/ДШМ/437
Н.С-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
хохирогч Ц.М-ын өмгөөлөгч Н.Баатардорж,
цагаатгагдсан этгээд Н.С-ын өмгөөлөгч Х.Даваахүү,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/172 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Билгүүтэйгийн бичсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай прокурорын эсэргүүцэл болон хохирогч Ц.М-, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.С-ад холбогдох 2403 00774 0355 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Н-ийн С-, 1955 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 69 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЧБ-/;
Цагаатгагдсан этгээд Н.С- нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 26 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс молл дэлгүүрийн баруун урд замд “Тоёота рав-4” Б- УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Эко байк цахилгаан дугуйг мөргөж, Ц.М-ын эрүүл мэндэд нь зүүн шилбэний шаант яс болон баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, хоёр хөлийн шилбэнд шарх, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Н.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-ад холбогдох эрүүгийн 2403 00774 0355 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Н.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогчийн болон түүний өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч болон түүний өмгөөлөгч нь энэ талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор М.Билгүүтэй бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй, цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Замын хөдөлгөөний дүрэм зөрчих үйлдэл нь ноцтой эсхүл ялимгүй гэсэн ойлголт байхгүй гагцхүү тухайн зөрчсөн үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоотой бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэн шалгах ёстой бөгөөд энэ хэргийн хувьд Н.С- нь “Тоёота рав-4” загварын Б- УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөний улмаас Эко баяк маркийн цахилгаан дугуйг мөргөж, улмаар цахилгаан дугуй унаж явсан Ц.М-ын эрүүл мэндэд нь зүүн шилбэний шаант яс болон баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, хоёр хөлийн шилбэнд шарх, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, мөн осол болох үеийн хяналтын камерын бичлэг зэргээр жолооч Н.С- нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасныг зөрчсөн үйлдэл нь осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон байхад осол гарахад эко байк унадаг дугуйтай зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь тухайн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон мэтээр хэргийн бодит байдалтай нийцэхгүйгээр дүгнэлт хийж хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байхыг шаарддаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хэрэгт обьектив талын заавал байх шинж нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, хууль, дүрмээр хүлээсэн үүргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тухайн үйлдлийн шууд шалтгаанаас үүдэлтэй хор уршиг учирсан байх нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болдог. Анхан шатны шүүхээс хохирогчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэмээн дүгнэвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос бус түүнийг гэм буруугүй гэж үзэх, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл болохгүй юм. Тодруулбал, жолооч Н.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Харин нь Эко баяк цахилгаан дугуйн жолооч Ц.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 26.6 “...Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарахыг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэснийг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул холбогдох Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах нь үндэслэлтэй юм. Түүнчлэн эко баяк маркийн цахилгаан дугуйн жолооч Ц.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 26.6 дахь заалтыг зөрчсөн нь шүүгдэгч явган хүний гарц руу ойртон ирэхдээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа замын хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгөх үүргээс чөлөөлөх буюу Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөн үйлдлийг үгүйсгэх нөхцөл болохгүй. Гэтэл шүүгдэгч Н.С-ын хувьд тээврийн хэрэгслийг жолоодон явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хөдөлгөөний хурдыг хасаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн үед Эко баяк цахилгаан дугуйтай зам хөндлөн гарч явсан хохирогчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан талаар хийсэн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон, нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тогтоолд заагаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2026/ШЦТ/172 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ц.М- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Намайг машиныхаа баруун урд хэсгээр дайрч хоёр хөлийг минь хугалсан “Тоёота рав-4” машины жолооч ямар ч хариуцлага хүлээлгүй гарч байгаад гомдолтой байна. Би болсон үйл явдлыг маш тодорхой санаж байгаа, автомашин яах ийхийн зуургүй хажуунаас орж ирээд огт тоормос даралгүй дайраад явсан бөгөөд тухайн үед жолооч нь өөр зүйлд анхаарч явсан гэж ээжид хэлсэн байдаг. Би анхан шатны шүүхийн энэ цагаатгасан шийдвэрийг огт ойлгохгүй байгаа бөгөөд манай улсын хууль ийм Монгол хүнээ малаас доор хамгаалдаг болсон юм уу гэж бодож гомдож гэрийнхээ орон дээрээс хэвтрийн болчихоод энэ гомдлыг бичиж сууна. Учир нь, зам дээр гэнэт гарч ирсэн адуу маш хурдтай явж байгаа хөдөөний замд хурдтай яваа машины жолооч зогсоох арга хэмжээ авч зогсож чадахгүй бол малын үнийг эзэнд нь төлдөг хуультай юм билээ. Тэгсэн байтлаа өдрийн цагаар хүн их нягтралтай газар явган хүний гарцан дээр бүхэл бүтэн хүнийг харалгүй анхаарал алдаж дайрчихаад ялгүй гарч байна гэдгийг ойлгохгүй, маш их гомдолтой байна. Жолооч Н.С- нь тухайн үед тоормосоо гишгээд зогсох бүрэн боломж байсан. Хэрвээ зам руугаа анхаарлаа хандуулж явж байсан бол гэж би хөлөө өвдөх бүрт байнга боддог бөгөөд Монгол улсад гарцаар скүтер унаад гарч яваа хүнийг машинаар дайрч болдог юм байна гэж харамсаж сууна. Иймд энэ цагаатгах тогтоолыг дахин хянаж хүчингүй болгож, хууль шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдэж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Ц.М-ын өмгөөлөгч Н.Баатардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, дараах гомдлыг гаргаж байна.
Нэг. Цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, хавтаст хэрэгт шүүгдэгч Н.С-ыг жолоодон явсан тээврийн хэрэгсэлд хохирогч Ц.М- мөргүүлэн эрүүл мэндэд нь ... хүнд хохирол учирсан, жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг хэргийн газрын үзлэг тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна” гэсэн, “...16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол болох үндсэн шалтгаан болсон гэснийг хангалттай үгүйсгэн няцаагаагүй, энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлгүй тул дээрх байдлуудыг үндэслэн хууль зүйн хувьд гэм буруутай үйлдэл, шалтгаант холбоо тогтоогдохгүй гэж дүгнэсэн болно” гэсэн, “...камерын бичлэгт хохирогч буюу эко баяк цахилгаан дугуй унасан жолооч нь “Тоёота рав-4” загварын машиныг зохицуулдаггүй явган хүний гарц дээгүүр явж байх үед жолоочийн баруун гар талаас гэнэт гарч ирж мөргөсөн нөхцөл байдал, тухайн зам, орчны нөхцөл байдалд машин нь жигд зөвшөөрөгдсөн хурдаар явж байгаа нь харагдаж, Замын хөдөлгөөний дүрмийн “...хурдаа хасаж...” гэсэн заалт зөрчигдсөн гэх үндэслэлгүй, зам тээврийн ослын үндсэн шалтгаан биш байна гэсэн дүгнэлтүүд нь харилцан бие биенээ үгүйсгэсэн утга агуулгатай байгаагаас яг аль дүгнэлт нь цагаатгах тогтоолын үндэслэл болоод байгаа нь ойлгомжгүй, логикийн хувьд дотоод зөрчилтэй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Хоёр. Анхан шатны шүүх хохирогч Ц.М- нь Замын хөдөлгөөний дүрмийн 25.6-д заасныг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэсэн 3 ба 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгосон ба энэ нь практикт зам тээврийн осол хэргийг шалгаж байгаа мөрдөгчид шинжээчээс осол гарах шалтгаан нөхцөлийг хэн бүрдүүлсэн бэ гэсэн агуулга бүхий асуултын хариулт юм. Тухайлбал: харилцан хоёр биедээ гэмтэл учруулсан хүний гэмтлийн зэргийг тогтоолгохдоо шүүх эмнэлгийн шинжээчээс “зодоон хэний буруугаас болсон бэ” гэж асууж байгаатай яг утга ижил юм. Энэ асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй хууль зүйн дүгнэлт өгөх асуудал учир уг асуултад хариулахгүй татгалзах эрх нь Шүүх шинжилгээний тухай хуулиар олгогдсон байхад зориуд хариулснаараа шүүх эрх мэдэлд халдсан үйлдэл болсон гэж үзэхээр байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчээс өмгөөлөгч миний бие “жолооч Н.С- нь Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээд автомашиныг зогсоох арга хэмжээ авсан бол энэ осол гарах байсан уу” гэсэн асуултад хариулсан бол ослын шалтгаан бодитоор тогтоогдох байтал санаатайгаар зайлсхийсэн байдаг. Шинжээч ингэж эргэлзээ бүхий дүгнэлт гаргаснаараа үйлдэл, хор уршиг хоёрын хоорондох шалтгаант холбооны талаарх хууль зүйн ойлголтыг техникийн ойлголт болгож хувиргаснаараа үйлдэл хохирол хоёрын шалтгаант холбоог тогтоож, гэм бурууг шийдвэрлэх нь онцгой бүрэн эрх Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гагцхүү шүүхэд хадгалагдах учиртай байхад энэ эрхэд ноцтой халдсан байна.
Гурав. Цагаатгах тогтоолын 11 дүгээр хуудасны “3.3. Хэрэг гарсан гэх А цэг дээр автомашины жолооч давуу эрх эдлэх ба...” гэж одоо мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 25.6 дугаар заалтад огт байхгүй “давуу эрх” гэсэн ойлголтоор тайлбарласан. Хэрэгт байгаа мөрдөгчийн магадлагаа болон бүрэлдэхүүнтэй дүгнэлтүүд бүгд жолооч Н.С- нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.6, 16.1 заалтыг зөрчсөн гэсэн дүгнэсэн байдаг бөгөөд шүүх үүнийг үгүйсгэсэн болон шүүгдэгчийн энэ хууль бус үйлдэл, хохирол хор уршиг хоёр яагаад шалтгаант холбоо байхгүй гэж үзсэн талаараа нотлох баримтад тулгуурлаж үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учир яллах дүгнэлтэд заасан үндэслэлүүд нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан биш байна гэсэн дүгнэлт нь эргэлзээтэй хэрэгт байгаа энэ олон зөрүүтэй дүгнэлтүүдийн яагаад нэгийг нь үндэслэл болгоод яагаад нөгөөг нь үгүйсгэж байгаа талаар тодорхой, ойлгомжтой тайлбарлаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд шүүхийн цагаатгах тогтоолын талаар хийсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн 172 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Н.С-ын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг ослын нөхцөл байдлыг зөв дүгнэж, Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг зөв хэрэглэж, оролцогчдын эрх, үүргийг ялган тогтоох шаардлагатай. Хохирогч нь цахилгаан дугуй унаж явсан бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн дагуу дугуй нь тээврийн хэрэгсэлд хамаарах тул түүнийг жолооч гэж үзнэ. Иймд явган зорчигчид хамаарах давуу эрхийг шууд эдэлнэ гэж үзэх боломжгүй. Харин явган хүний гарцаар гарахдаа дугуйгаа хөтөлж гарсан тохиолдолд явган зорчигчийн эрх эдлэх боломжтой байсан. Гэтэл хохирогч дугуйгаа унаж явсан, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодож зам хөндлөн гарсан нь тогтоогддог. Энэ нөхцөлд жолоочид бүх хариуцлагыг дангаар нь хүлээлгэх үндэслэлгүй. Мөн осол гарсан байршлын хувьд тээврийн хэрэгслийн урд хэсгээр шууд мөргөсөн бус, хохирогч хажуу талаас орж ирэн мөргөлт болсон нь жолоочийн харах өнцөг, нөхцөл байдалтай холбоотой гэж үзэх үндэслэлтэй. Шинжээч нь “тухайн нөхцөлд жолооч давуу эрхтэй, дугуйтай хүн явган хүний гарцаар унаатайгаар гарах ёсгүй” талаар мэдүүлсэн. Хэрэгт авагдсан схем зураг, фото зураг, камерын бичлэг зэргээр хохирогч нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, дугуйтай гарц нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Н.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй…” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөхөөр заажээ.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокурорын яллах дүгнэлтэд заасан Н.С-ыг буруутгаж буй гол нотлох баримт болох камерын бичлэгийг ямар үндэслэлээр хохирогч нь эко баяк цахилгаан дугуйтай зам хөндлөн гарахдаа Н.С-ын жолоодон явсан тээврийн хэрэгслийг хажуугаас мөргөсөн гэж үзсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Хэрэгт авагдсан камерын бичлэг болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр эко баяк цахилгаан дугуй унасан хохирогч Ц.М- нь эхлээд замын зорчих хэсэгт нэвтэрсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байхад хэргийн үйл баримтыг “...эко байк цахилгаан дугуй унасан жолооч нь “Тоёота Рав-4” маркын машиныг зохицуулдаггүй явган хүний гарц дээгүүр явж байх үед жолоочийн баруун гар талаас гэнэт гарч ирж мөргөсөн...” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг тус тус хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2026/ШЦТ/172 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР