Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00588

 

                                            Шинэ төгрөг ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00931 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 241 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Шинэ төгрөг ББСБ ХХК,

Хариуцагч : Х.Эрдэнэсоёл,

Хариуцагч : О.Гончигсүрэн,

Нэхэмжлэлийн шаардлага: 31.282.686 төгрөг гаргуулах тухай

Хариуцагч нарын төлөөлөгч Д.Түвшинтамирын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагч нарын төлөөлөгч Д.Түвшинтамир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Х.Эрдэнэсоёл нь 2013.9.05-ны өдөр зээл авах тухай хүсэлт гаргасны дагуу 10/2013 дугаар зээлийн гэрээг байгуулж, 207.715 ам.доллар авч, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Магда төв 46 дугаар дэлгүүрийн 65 м.кв талбай, зоорийн давхар, газар эзэмших эрхийн хамт  худалдан авсан.  Шинэ төгрөг ББСБ нь  350 сая төгрөг буюу 207.715 ам.доллар /тухайн үеийн ханш 1685 ам.доллар/-ыг нэг сарын 4 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай Х.Эрдэнэсоёлд олгосон. Х.Эрдэнэсоёл  гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээ төлөөгүй  бөгөөд  хүсэлтийх нь дагуу 2013.10.15-наас 2013.11.20-ны өдөр хүртэл 10/2013 дугаар нэмэлт гэрээ хийж, гэрээний хугацааг сунгасан. 2013.10.07-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан бөгөөд энэ үед өмчлөх эрхийн гэрчилгээ зээлдэгчийн нэр дээр гаргаагүй байсан тул зээлдэгч  хүүд 35.993.333 төгрөг төлсөн. Төлбөр барагдуулах хэлцлээр зээлдэгч нь  350 сая төгрөгийг 2013.11.20-ны өдөр гэхэд төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Зээлийг төлж чадахгүй бол   үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний худалдан авагчийн эрхээсээ бүрэн татгалзаж, худалдан авагчийн бүхий л эрхийг  Шинэ төгрөг ББСБ-д шилжүүлэх замаар зээлийн төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. Х.Эрдэнэсоёл  200.000 ам.доллар буюу 350 сая төгрөг  төлсөн одоо 7715 ам.доллар, хүүг 7942 ам.доллар төлөх үүрэгтэй байгаа тул нийт 31.282.686 төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2013.9.05-ны өдөр Шинэ төгрөг ББСБ-тай 350 сая төгрөгийг, 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалттайгаар зээлж авахаар харилцан тохиролцсон бөгөөд уг зээлийн гэрээг байгуулах өдөр тус ББСБ нь 350 сая төгрөгийг тухайн өдрийн ханшаар хөрвүүллээ гээд зээлийн гэрээг 207.715 ам.доллараар хийсэн боловч, 350 сая төгрөгийг кассын зарлагын баримтаар Х.Эрдэнэсоёлд хүлээлгэн өгсөн юм. Талууд зээлийн гэрээний хугацааг сунгахаар харилцан тохиролцож байх үедээ 2013.10.07-ны өдөр зээлийн төлбөрийг барагдуулах асуудлыг тодорхой болгох үүднээс төлбөр барагдуулах хэлцийг байгуулсан ба энэ хэлцлээр төлбөр төлөгч Х.Эрдэнэсоёл нь зээлийн 2 сарын хүү болох 35.933.333 төгрөгийг төлсөн болохыг баталгаажуулж, зээлийн гэрээний хугацааг 2013.10.14-ний өдрөөс 2013.11.20-ны өдөр хүртэл сунгасан. Тухайн үедээ талууд Х.Эрдэнэсоёлд хүлээлгэн өгсөн зээлийн мөнгөн дүн буюу 350 сая төгрөгийг 2013.11.20-ны өдөр гэхэд бүрэн төлж дуусгах үүргийг хүлээлгэсэн бөгөөд энэ нь төлбөр барагдуулах хэлцийн 2.1-т төлбөр төлөгч нь 2013.9.06-ны өдөр зээлж авсан 350 сая төгрөгийг 2013.11.20-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээж байна гэж зааснаар тогтоогдож байна. Ингээд зээлдэгч Х.Эрдэнэсоёл нь 2013.11.20-ны өдөр 350 сая төгрөгийг Шинэ төгрөг ББСБ-д бүрэн төлж дуусган, төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн атал тус ББСБ нь бүтэн 2 жилийн дараа ам.долларын зөрүүгээр их хэмжээний зээлийн төлбөрт биднийг унагаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь талууд хэдийгээр зээлийн гэрээний мөнгөн дүнг 2013.9.05-ны өдөр ам.доллараар тодорхойлсон боловч, зээлийг монгол төгрөгөөр хүлээлгэн өгсөн болохыг харилцан ярилцаж тохиролцоод, 2013.11.20-ны өдөр гэхэд 350 сая төгрөгийг бүрэн төлж дуусгаснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах болохыг баталгаажуулан гэрээ хэлцэл байгуулсан болно. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ам.долларын зөрүү гэж 7,715 ам.долларыг зохиомлоор үүсгэн, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байхад өнөөдрийг хүртэл бүтэн 2 жилийн хүү тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний уулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нар талуудын харилцан тохиролцсон гэрээний хугацаанд, гэрээний дагуу хүлээн авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд, Гэрээний 4.5-д зээлдэгч нь валютын зээлийг төгрөгөөр буцаан төлөхдөө ханш буурсан, өссөн тохиолдолд анх зээл авахад тохирсон ханшаар төлнө гэж заасны дагуу зээлдэгч нь 207,715 ам.долларыг 2013.9.05-ны өдрийн 1685 төгрөгөөр тооцож, 350 сая төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байгааг шүүхээс анхаарна уу гэжээ.  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00931 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан Шинэ төгрөг ББСБ ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 241 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2016/00931 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж,  Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нараас 15.002.982 төгрөг гаргуулж “Шинэ төгрөг ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 16.279.704 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүх гэрээ хэлцлээр талууд валютын ханш болон төлбөр төлөх хугацааг илүү тодорхой болгож, тохиролцсон атал энэ гэрээ хэлцлийг огт үнэлэлгүй орхигдуулж, харин зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулсан 2013.10.14-ний өдрийн тохиролцоог зээлийн үүрэг гүйцэтгэх өдрөөр валютын ханшийг тохиролцсон мэтээр үнэлж дүгнэсэн нь буруу. Иргэний хуулийн 200.2-т заасны дагуу талууд гэрээний стандарт нөхцлийг нэг бүрчлэн тохиролцож тогтоосон гэж үзэх бөгөөд харин энэ өдрөөс өмнө буюу 2013.9.17-ны өдрийн гараар бичсэн нөхцлийг тусгайлан тогтоосон, бие даасан тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй атал давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан. 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хариуцагч нар тус ББСБ-д зээлийн үлдэгдэлтэй гэдгийг өөрийн үйл ажиллагаанд ашигладаг харилцагчийн дансны хуулгаар хангалттай нотлогдож байна гэж тайлбарладаг. Хэрэв хариуцагч нар нь зээлийн үлдэгдэлтэй байсан тохиолдолд Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28.2-т “...Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө.", Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27.1, Зээлийн мэдээллийн сангийн журмын 2.1.1-т “...3-аас дээш сараар хэтрэх бүрт мэдээллийг журмын дагуу бөглөж Зээлийн мэдээллийн санд ирүүлнэ." гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч зээлийн үлдэгдлийг ангилж, Монголбанкны Зээлийн мэдээллийн санд заавал байршуулах ёстой. Харин зээлдэгч Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нар нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учраас Зээлийн мэдээллийн санд тэднийг бүртгүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан лавлагаагаар тогтоогдож байгааг давж заалдах шатны шүүх огт анхаарсангүй. Анхан шатны шүүх үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн, харин нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 7,715 ам.доллар төлөөгүй гэх үндэслэлээ баримтаар хангалттай няцаагаагүй" гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй үйл баримт хангалттай нотлогдсон эсэхэд дүгнэлт хийлгүй, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолд ирүүлсэн тайлбартаа: 1. Хариуцагчийн төлөөлөгч 350 сая төгрөг бус 207.715 ам.доллар зээлсэн гэж үзсэнтэй маргаагүй байна. Харин хариуцагч нарын зээл төлөх өдрийн ханшаар төлөхөөс татгалзаж байгаа. Гэрээний 4.5 дахь заалтыг тайлбарлавал: Ханш буурсан тохиолдолд зээлийг төгрөгөөр буюу 350  сая төгрөгөөр төлнө, харин ханш өссөн тохиолдолд 270.715 ам.доллар төлнө гэснийг мөн нотариатын тамгаар баталгаажуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.2-т заасны дагуу 7.715 ам.долларыг үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцох нь зүйтэй гэж үзсэн нь зөв байна. 2. Нотариатын тухай хуулийн 27.1-т заасны дагуу Г.Үлэмжаргалын бүрэн эрхийн талаар маргах боломжгүй. Байгууллагын ерөнхий захирал М.Баярсайхан зээлдэгч нартай Зээлийн гэрээний сунгалт гэсэн гэрээн дээр Үндсэн гэрээний нөхцлүүд, гараар бичсэн нэмэлт нөхцөл хэвээр гэж заасан нь Г.Үлэмжаргалын эрхийн хувьд маргаангүй. 3. Зээлийн мэдээллийн санд их төлбөрийн үлдэгдэл байхгүй байсан тул бүртгүүлээгүй болно гэжээ.

ХЯНАВАЛ: 

“Шинэ төгрөг ББСБ” ХХК нь Х.Эрдэнэсоёл, О.Гончигсүрэн нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэг 31.282.686 төгрөг гаргуулахыг шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангажээ.

Хариуцагч нарын төлөөлөгч  хяналтын  гомдолдоо “...талууд валютын ханш болон төлбөр төлөх хугацааг тохиролцсоныг үнэлэлгүй, харин 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тохиролцоог зээлийн үүрэг гүйцэтгэх өдрөөр валютын ханшийг тохиролцсон мэтээр үнэлсэн нь  буруу... гэрээний стандарт  нөхцлийг  тогтоосон... 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гараар бичсэн нөхцлийг тусгайлан тогтоосон, бие даасан тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй... хариуцагч нар нь зээлийн үлдэгдэлгүй байсан нь нотлогдоно...”  гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн зарим шаардлага нотлогдсон байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 350 сая төгрөг буюу 207.715 ам.доллар зээлүүлэх хүсэлт /хх 11/ гаргасны дагуу зохигчид 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 10/2013 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч зээл олгох үүргээ биелүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.  

Нэхэмжлэгч 207.715 ам.доллар зээлүүлэхдээ нэг америк долларыг 1685 төгрөгөөр тооцож хариуцагчид 350 сая төгрөг шилжүүлсэн, хариуцагч зээлийг буцааж төлөхдөө  350.000.000 төгрөг төлснөөс зээлдүүлэгч 7715 ам.доллар төлөгдөөгүй гэж үзэн маргаан үүсгэсэн  байна.   

Зохигчдын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 10/2013 дугаар  гэрээний 4.5 дахь хэсэг, ханш тооцох талаарх 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тохиролцоо, 7715 ам.долларын зарим хэсгийг 2013 оны 12 сард багтааж төлөх тухай баримт зэргийг харьцуулан үзвэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 7715 ам.доллар төлөөгүй байна. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээг  тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох тул давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 189, 198-р зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.     

            Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 4.5-д “зээлдэгч валютын зээлийг төгрөгөөр төлөхдөө ханш буурсан, өссөн тохиолдолд анх зээл авахад тохирсон ханшаар төлнө” гэсэн тохиролцоо нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй байна.   Талууд гэрээний 4.5-с гадна 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр “ханш буурсан тохиолдолд төгрөгөөр буюу 350 сая, ханш өссөн тохиолдолд ам.доллараар буюу 207.715 ам.доллар төлнө” гэж тохиролцжээ. Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй. Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын төлөөлөгчийн гомдол Иргэний хуулийн 200 дугаар зүйлд нийцээгүй байна.

Талууд ам.долларын ханш тооцох /хх 14/ тохиролцоог хийсэн, хариуцагч 207.715 ам.доллараас 7715 ам.доллар төлөөгүй нь нотлогдсон /хх 22, 147/, давж заалдах шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  хариуцагч нарын  төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 241 дүгээр магадлалыг хэвээр үлдээж үлдээж, хариуцагч нарын төлөөлөгч Д.Түвшинтамирын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч Х.Эрдэнэсоёл хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 232.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ