Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0539

 

2018 оны 10 сарын 10 өдөр   

  Дугаар 221/МА2018/0539

Улаанбаатар хот

 

 

“С г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, С.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0548 дугаар шийдвэртэй, “С г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, УСУГ-БМ-2018-19 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0548 дугаар шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28.7, 28.7.3, 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, УСУГ-БМ-2018-19 дугаар тендерийг үнэлсэн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, 01 дүгээр зөвлөмжийг тус тус хүчингүй болгож, “Ус сувгийн удирдах газрын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, уг тендерт “С г” ХХК- ийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т тус тус даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “П” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Х давж заалдах гомдолдоо: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Хариуцагч хуулиар тодорхойлсон журмыг хэрэгжүүлээгүй ба энэ нь шалгараагүй 4 компанийн тендерээ бүрэн гүйцэд үнэлүүлэх, тухайн тендерт тэгш оролцох эрхийг зөрчсөн байна” гэж дүгнэсэн. Дээр заасан хуулийн зүйл заалтаас үзэхэд шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс хэтэрсэн хэлэлцээ хийж болох тухай хуулийн зохицуулалт байна. Уг тендерт “П” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нь төсөвт өртөгт багтсан байдаг.

УСУГ-БМ-2018-19 дугаар тендер шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу хамгийн бага үнийн санал гаргасан “П” ХХК-ийг шалгаруулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, “С г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах УСУГ-БМ-2018-19 дугаартай тендерийг зарлан Үнэлгээний хороо 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тендерийн нээж, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гуравдагч этгээд “П” ХХК-ийг шатахуун нийлүүлэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “С г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...”П” ХХК-ийн тендерийн материал шаардлага хангаагүй, тухайлбал “Петровис” ХХК-ийн цахим картыг ашигласан, “НИК” ХХК, “Петротрейдинг” ХХК-ийн лабораторид хийсэн судалгааны дүгнэлтийг өгсөн, бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүн нь “П” ХХК-ийн бүтээгдэхүүн болох нь эргэлзээтэй” гэж дурдсан бөгөөд шүүх хэргийн оролцогч нарын маргаж буй үндэслэл бүрт дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 5.1.5-д “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” хэлнэ, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Тендерийн үнэлгээний хороо оролцогчдын ирүүлсэн тендерийн материал нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэхдээ тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийн дагуу ирүүлсэн эсэхийг шалгах бөгөөд гуравдагч этгээд “П” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй, хууль тогтоомжид нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд шүүх хариуг өгөх боломжгүй.   

 “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах УСУГ-БМ-2018-19 дугаар тендерийг үнэлэх захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг буюу тендерийн баримт бичгийг хариуцагчаас нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс “П” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал нь шаардлага хангасан эсэхэд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цуглаагүй байна.

Түүнчлэн хариуцагчаас “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т шатахуун нийлүүлэх төсөвт өртөг 1.713.673.571 төгрөг байхаар төсөвлөсөн бөгөөд нэхэмжлэгч “С г” ХХК нь 1.863.439.252 төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан шаардлагыг хангаж буй эсэх, энэ нь тухайн тендерийг хянан үзэхэд аль үзүүлэлтэд хамаарч байгаа талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэв.  

“С г” ХХК нь “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-2018-19 дугаар тендерийг үнэлсэн, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэр, түүнийг үндэслэн гаргасан дарга Ц.Төрхүүгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 дугаар тендерт шалгараагүй тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С г” ХХК-ийг шалгаруулахыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-т нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбарыг авсан атлаа хариуцагч Тендерийн үнэлгээний хороонд буюу тус хорооны дарга Л.Энхтөгст нэхэмжлэлийн хувийг гардуулж, бичгээр хариу тайлбарыг аваагүй байна. 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ТМ2018/2574 дүгээр тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа нэхэмжлэлийн шаардлагаа “Ус сувгийн удирдах газарт шатахуун нийлүүлэгчийг сонгох УСУГ-БМ-2018-19 дугаар тендерийг үнэлсэн Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны шийдвэр, 01 дүгээр зөвлөмж,  2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 6/875 дугаар тендерт шалгараагүй тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож, уг тендерт “С г” ХХК-ийг шалгаруулахыг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т тус тус даалгах” гэж нэмэгдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн “...уг тендерт “С г” ХХК-тай гэрээ байгуулахыг Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т даалгах” гэх нэхэмжлэлийн шаардлагатай нь холбогдуулж хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар авах ажиллагааг хийгээгүй атлаа энэ талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн заалтыг зөрчихөд хүргэжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, “П” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                                     Ц.ЦОГТ

         ШҮҮГЧ                                                     Ц.САЙХАНТУЯА