| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04333/И/Н |
| Дугаар | 191/ШШ2026/04066 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2026/04066
| 2026 03 18 | 191/ШШ2026/04066 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.Ж,
Нэхэмжлэгч: Т.Л нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Д
Хариуцагч: Ж.Э нарт холбогдох
2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0430, 0431 дугаартай итгэмжлэл, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0555, 0556 дугаартай худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үүргийг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагч Т.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
/Хариуцагч Ж.*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааны оролцогчид түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авсан болно./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.*******, Л.******* нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Л.*******ы төрсөн аав нэхэмжлэгч Т.******* 2023 онд цус харвасанаас болж биеийн байдал нь муудаж байнгын асаргаа сувилгаанд орж, хийж буй үйлдлээ 100 хувь бүрэн ухамсарлах боломжгүй байх үед нь буюу 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэртээ хэвтэж байхад нь төрсөн дүү болох Т.******* нь эхнэр Ж.*******гийн хамт ирж, таны салсан эхнэр А.******* таны хашаа байшинг авах гээд байна, надад мөнгөний хэрэгцээ гараад байна хашаа байшинг чинь барьцаанд тавиад зээл авах гэсэн юм туслаач гээд түүнийг нотариат дагуулж яваад 0430, 0431 дугаартай итгэмжлэл дээр гарын үсэг зуруулсан. Нэхэмжпэгч Т.******* тухайн үед биеийн байдал нь муу байсан учир уг итгэмжлэлийг бусдад худалдан борлуулах, шилжүүлэх эрхтэй гэдгийг ойлгож уншиж чадаагүй, дүүдээ итгэж гарын үсэг зурсан. Гэтэл дүү Т.******* нь банкинд барьцаанд тавьж зээл авах бус өөрийн эхнэр Ж.*******гийн нэр дээр шилжүүлэн өгсөн болохыг нь сүүлд мэджээ. Улмаар Т.*******д хандаж чи яагаад надад худал хэлсэн юм бэ, зээл авна гэж хэлчихээд эхнэрийхээ нэр дээр шилжүүлж өгдөг нь ямар учиртай юм бэ, хашаа байшингаа буцааж авья гэхэд хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг, бид хоёр хашаа байшинг чинь хамтран өмчлөх эрхтэй буцаан шилжүүлж өгөхгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.8-д заасан Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх бөгөөд 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж, 128.4-т заасан гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж, 56.1.8-д заасан Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж заасныг тус тус үндэслэн гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн итгэмжлэл болон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулснаар гарах үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар шаардаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0430, 0431 дугаартай итгэмжлэл, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0555, 0556 дугаартай худалдах худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн 0 тоотод байрших 144 м2 хэмжээтэй сууцыг газрын хамт буцааж өгөх үүргийг Т.*******, Ж.******* нарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.
2. Хариуцагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.******* миний бие 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр том ах Т.******* дээр ганцаараа очсон, эхнэр Ж.******* очоогүй. Уг итгэмжлэл нь Т.*******гийн өөрийн хүслийн дагуу үнэн зөв явуулсан. Тухайн үед хамтран амьдрагч нь н.******* хамт байсан. ******* овогтой ******* нь төрсөн эцгээ харж ханддаггүй. Сүүлийн 4-5 жил очиж золгоогүй байж, 2025 онд 0 дугаар хороо газарт орсон сургаар аавынхаа эд хөрөнгөнд нь болж дүү нар болон хамаатан садан нартай нь уулзуулахгүй утсаар яриулахгүй гэрийн хорионд оруулж авга ах болох миний бие Т.*******г худал гүтгэж байна. Би зарж үрж, худал хэлсэн юм байхгүй. Т.******* ахыгаа бодоод байлгаж байгаа. Л.******* шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө Т.******* ах надтай уулзаагүй, буцааж нэр дээр шилжүүлж өгөөч гэж яриагүй. Л.******* хэнд ч мэдэгдэхгүй нэхэмжлэл гаргасан. Би нэхэмжлэл хүлээж аваад Т.******* ахтай уулзах гээд Л.*******ы гэрт очсон боловч намайг ахтай уулзуулаагүй гэртэй оруулаагүй. Өмнөх шүүх хурлын дараа авга эгч Т.*******ыг хэл амаар доромжилж бас өөрийн 30 жилийн өмнөх 4 өрөө байрыг нь чи ах нараасаа булааж авсан, надад 100 төгрөг ч өгөөгүй гэж шунахай сэтгэлээр хандаж, мессэж бичиж доромжилсон. 2025 оны 7 дугаар сарын 25-нд шүүх хуралд оролцохоор ирэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******өөр дамжуулж Л.*******г ах дээрээ ирж уучлалт гуйх юм бол шилжүүлээд өгье гэж хэлэхэд төлөөлөгч нь намайг шуналтай гэж хэл амаар доромжилсон.
Иймд Л.******* нь хувь хүний хувьд ч хуулийн өмнө ч эрээ цээргүй үйлдэл гаргасанд нь гомдолтой байгаа тул шилжүүлж өгөхөөс татгалзаж байна гэв.
3. Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Ж.******* миний бие 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Т.*******тэй хамт том ах Т.*******гийн гэрт очоогүй, нөхөр ганцаараа очсон. Л.******* эргэж тойрох битгий хэл сар шинээр очиж золгодоггүй байж хуулийн байгууллагад худал хэлж гүтгэж байна. Т.******* ахыг хуурч мэхэлсэн юм байхгүй. Манай нөхөр эргэхээр Т.******* ахын гэрт нь очсон, ах маань надад нотириат ороод эд хөрөнгөө шилжүүлж өгсөн. Нотириат нэг бүрчлэн асуудаг юм байна, зарсан ч болно гэж хэлсэн байсан. Бид 2 одоо ахын биеийн байдал сайжирсан, эмчилгээ тариа гайгүй болсон юм чинь байлгаж байя гээд нэр дээрээ шилжүүлсэн.Т.******* ахтай бид 2 байнга холбоотой эргэж тойрч утсаар ярьж, гэр орноороо орж гардаг хүмүүс. Т.******* нь 6 дүүтэй бүгд л харж хандаж тусалж дэмжиж ирсэн. Харин үр хүүхдүүд нь холбоогүй эргэж тойрдоггүй. Иймд эд хөрөнгийг нь шилжүүлж өгөх эсэхийг манай нөхөр Т.******* мэднэ гэв.
4. Нотлох баримт: Нэхэмжлэгч Л.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-2,3/, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0430, 0431 дугаартай итгэмжлэл /1хх-4,5,130,131/, Т.*******гийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1хх-6/, Л.*******ы төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-7/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1хх-8,132/, Ундрах-ирээдүй ӨЭМТ-ийн тодорхойлолт /1хх-9,134/, Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем /1хх-10,135/, нэхэмжлэгч нарын итгэмжлэл /1хх-11,93,139, 2хх-7/, Т.*******гийн тайлбар /1хх-19/, нэхэмжлэгч Т.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /1хх-126,127,194,195/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-128,129,196/, Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа /1хх-133/, нэхэмжлэгч нарын тодруулсан нэхэмжлэлийн шаардлага /1хх-242,243/-ыг тус тус нэхэмжлэгч нар нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч Т.*******гийн хариу тайлбар /1хх-20-22,180, 181, 2хх-1,2/, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0430, 0431 дугаартай итгэмжлэлийн хуулбар болон бусад баримт /1хх-23-27/, хариуцагч Ж.*******гийн хариу тайлбар /1хх-37,179,238, 2хх-3/, Ж.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-157,248/, хариуцагч Т.*******гийн итгэмжлэл /1хх-245,246/, Т.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-247/-г хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн байна.
5. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10-7/1124 дугаартай албан бичиг болон 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-7/1387 дугаартай албан бичиг /1хх-165,214/, 2025 оны 10 дугаар сарын 23, 12 дугаар сарын 11-ний өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-166,173,215,216,225,226/, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /1хх-167,174,217,227/, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0430, 0431 дугаартай итгэмжлэл /1хх-168,169,175,218,228/, Т.*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-219,223/, Т.*******, Ж.******* нарын иргэний үнэмлэх /1хх-170,177,222,232/, 001227738 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-171/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 04-160/15728 дугаартай албан бичиг болон хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоол /1хх-172 болон арын нүүр/, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0555 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /өмчлөлийн газар/ /1хх-176,230,231/, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0556 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх-220,221/, Т.*******гийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-177 арын нүүрэнд, 229,233/, Ж.*******гийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-178,234/, Ж.*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-224/-г тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.*******, Т.******* нар нь хариуцагч Т.*******, Ж.******* нарт холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 0430, 0431 дугаартай итгэмжлэл, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0555, 0556 дугаартай худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үүргийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1а. Л.*******ы Т.******* болон Т.*******, Ж.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг, Т.*******гийн Т.*******, Ж.******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШЗ2025/54187 дугаартай захирамжаар нэгтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШЗ2026/03523 дугаартай захирамжаар Т.*******г хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн.
1б. Нэхэмжлэгч Л.*******, Т.******* нар нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодруулсан байна.
2. Хариуцагч Т.******* нь өөрийн ах Т.*******г хууран мэхэлсэн зүйл байхгүй, хүүхдүүд болох Л.******* нь өөрийн эцгийг харж ханддаггүй байсан, одоо маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд хэн ч амьдраагүй хоосон байж байна, Л.******* нь хувь хүний хувьд ч хуулийн өмнө ч эрээ цээргүй үйлдэл гаргасанд нь гомдолтой байгаа тул шилжүүлж өгөхөөс татгалзсан гэж, хариуцагч Ж.******* нь эд хөрөнгийг нь шилжүүлж өгөх эсэхийг манай нөхөр Т.******* мэднэ зэргээр маргаж байна.
Нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Л.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Улаанбаатар хот, 0 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Т.******* бүртгэгдэж, 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
Мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 144 мкв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.******* бүртгэгдэж, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
3б. Нэхэмжлэгч Т.******* нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрийн дүү Т.*******д 0430 дугаартай итгэмжлэлээр улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 144 мкв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 0431 дугаартай итгэмжлэлээр нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус бусдад ...худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ... зэрэг үйлдэл хийх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ.
3в. Энэхүү итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Т.******* нь хариуцагч Ж.*******тай 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 0555 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах (өмчлөлийн газар) гэрээ-г байгуулж, нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, 0556 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ (үл хөдлөх эд хөрөнгө)-г байгуулж, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 144 мкв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
3г. Дээрх худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн өмчлөх эрх дуусгавар болж, шинэ өмчлөгчөөр 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ж.******* бүртгэгдэж, түүний өмчлөх эрх үүссэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Л.******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдэж байсан болох нь тогтоогдохгүй байна.
3д. 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0555 болон 0556 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах (өмчлөлийн газар) гэрээ, Худалдах, худалдан авах гэрээ (үл хөдлөх эд хөрөнгө)-нүүдийн 3.1-д ... Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 9,500,000 ... 85,200,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 3.2-т ... 2024.05.27-ны өдөр төлбөрийг худалдагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******гийн Хаан банкны 5087174753 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлнэ, 3.3-т ... төлбөрийг бүрэн төлж дууссан гэсэн агуулгаар тусгагдсан боловч хариуцагч Ж.******* нь эдгээр гэрээний дагуу 94,500,000 төгрөгийг өмчлөгч Т.*******, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******гийн дансанд бодитоор шилжүүлээгүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
4. Дээр дурдсан үйл баримтууд болон хариуцагч Т.*******гийн ... одоо хашаа байшин нь хоосон байгаа, Т.*******г өөрөө ирээд амьдарна гэвэл хүлээлгэн өгөхөд бэлэн, цаашдаа газар нь газарт орвол ахынхаа нэр дээр байр авч өгнө гэж бодож байгаа ... зэргээр шүүх хуралдаанд тайлбарласэн зэргээс үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор заасны дагуу Т.*******гээс Т.*******д олгосон итгэмжлэл, уг итгэмжлэлийн дагуу Ж.*******тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.
4а. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул хариуцагч Ж.*******гийн өмчлөлд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, Улаанбаатар хот, 0 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 144 мкв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.*******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон хариуцагч нарт даалгах нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй, 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж, 128.4-т заасан гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасныг тус тус үндэслэн гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэн өгсөн итгэмжлэл болон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардах эрхтэй байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж байх бөгөөд нэхэмжлэгч Л.*******ы хувьд дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагүй, түүнчлэн Т.*******тэй нэг ам бүлд амьдарч байсан гэр бүлийн гишүүн болох нь ч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
5а. Харин нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэгч Т.*******гийн хүүхэд болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа-гаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүсэх учиртай бөгөөд ийнхүү өмчлөх эрх үүссэн тохиолдолд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.4-т заасан зохицуулалтын дагуу гэр бүлийн гишүүнээс зөвшөөрөл авах асуудал яригдана.
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан бөгөөд энэхүү хэсгийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.*******ы хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /70,200+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700,650 /630,450+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний илүү төлсөн 71,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 700,650 /630,450+70,200/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгох нь зүйтэй.
7. Хариуцагч Ж.*******д түүний 0 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааны бусад оролцогчид Ж.*******гийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******гээс хариуцагч Т.*******д 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгосон 0430, 0431 дугаартай Итгэмжлэл-үүд болон уг итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Ж.*******тай байгуулсан 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 0 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /өмчлөлийн газар/, мөн өдрийн 0556 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ж.*******гийн өмчлөлд бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгож, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 700 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 144 мкв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.*******г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон хариуцагч Т.*******, Ж.******* нарт даалгаж, нэхэмжлэгч Л.*******ы хариуцагч нарт холбогдуулан гарсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /70,200+70,200/ төгрөг, нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700,650 /630,450+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 71,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгож, хариуцагч Т.*******, Ж.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 700,650 /долоон зуун мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2025/29129 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн 2 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ