| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2503 01122 1235 |
| Дугаар | 2026/ДШМ/466 |
| Огноо | 2026-04-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/466
2026 04 20 2026/ДШМ/466
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
хохирогч Д.Э-,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ө.Болормаа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/498 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2503 01122 1235 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө- овгийн Б-ын Б-, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин айлд мал малладаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ......... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: СБ-/;
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн зүүн талын явган хүний гарц дээр “Mitsubishi Colt” маркийн Б- ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Э-ыг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шаант ясны гадна доод ирмэг, шагайн гадна, дотор хашлага ясны сэлтэрсэн хугарал, зүүн шагай ясны гадна хашлаганы цууралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн тавхайд зулгаралт, баруун, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 9.504.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-т олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн 2026/ШЦТ/498 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. ... Миний бие зам тээврийн осол болсон цагаас эхлэн хохирогчид эмнэлгийн тусламж дуудах, эмчилгээний төлбөр тооцоог 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 320.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд 426.000 төгрөг гээд нийт эрүүл мэндтэй холбоотой 746.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд 551.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие нь тухайн зам тээврийн ослын улмаас Д.Э-ын биед хүндэвтэр гэмтэл учруулснаа анхны мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж байгаагаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд илэрхийлж байсан. Хохирогч Д.Э-ын шүүхийн шатанд хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны өмнө баримтаар нэхэмжилсэн 426.000 төгрөгийг төлсөн. Мөн хохирогч Д.Э-т учирсан сэтгэл санааны хор уршигийг анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэмжээгээр хохирол төлбөрийг бүрэн төлөхөө илэрхийлсэн тайлбарыг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан. Зам тээврийн осол гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. ... Би гэм буруугаа хүлээж байгаа. Би 3 хүүхэд, нөхрийн хамт хувиараа хөдөлмөр хийж амьдардаг. Хохирогчид учирсан бодит хохирлыг өгсөн ба түүнээс уучлалт ч гуйсан. Хохирогчтойгоо эвтэй харьцаатай байдаг. Анх удаагаа гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ба би бага насны 3 хүүхэдтэй хөдөө орон нутагт мал маллан амьдрал ахуйгаа авч явдаг байсан бөгөөд тухайн зам тээврийн ослоос хойш Улаанбаатар хотод түр оршин сууж, хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг юм. Анхан шатны шүүхээс надад 1 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийх эрүүгийн хариуцлага оногдуулсан нь миний амьдралд хүнд тусч байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь, би хөдөө орон нутагтаа айлын туслах малчнаар нөхрийн хамт мал маллан амьдардаг. Миний бие шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа биш, төрөөс энэрэнгүй байдал гаргаж, намайг нэг удаа харж үзээч гэж төрдөө хандаж байгаа юм. Давж заалдах шатны шүүгч нараас хүсэхэд хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг барьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэж, надад нэг удаа боломж олгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ө.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын биеийн байцаалтад ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэж бичигдсэн. Бодит байдал дээр шүүгдэгч нь нөхөргүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг тул Сүхбаатар аймгаас зугтааж, 2-8 насны 3 хүүхдээ дагуулан Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Б-ы Б- тоотод 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг. 270 дугаар цэцэрлэгт 2 бага хүүхэд нь явдаг, том нь сургуульд явдаг. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь сонгох санкцтай. Улаанбаатар хотоор зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах боломжтой. 2-8 насны хүүхдүүдийг эсгий гэрт том хүний хараа хяналтгүй үлдээх маш эрсдэлтэй. Шүүгдэгч нь гэм буруу дээр маргадаггүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа тул түүнд оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2025 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр осолд орсон. Шүүгдэгч надтай эвтэй, байнга холбоотой байгаа талаар ярьдаг. Миний утсан дээр мессеж нь байгаа. Нөхөр 3 хүүхэдтэйгээ ирээд “...би хохирлоо төлье, та цагдаагаас гомдлоо авчих, хувиараа ярьж байгаад, хоёулаа төлбөрөө төлж дуусъя, хэрэв намайг төлбөрөө төлөхгүй тохиолдолд буцаагаад цагдаад өгөөрэй. ...” гэсэн. Намайг сар гаруй хугацаанд хэвтрийн байхад ганц удаа эргэж ирээгүй тул би хуулиараа явна гэдгээ хэлсэн. Өнөөдөр өрх толгойлсон эх болж байна. Өөрийнхөө л эрх ашгийг боддог. Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш ганц удаа утсаар яриагүй, утасны дугаараа сольсон байсан. ... Шүүх хурал дуусахад, шүүгдэгч өмгөөлөгчөө дагаад гараад гүйсэн, надтай мэнд ч мэдээгүй. Өнөөдөр хүртэл сайн байна уу, бие чинь яаж байна гэж асуугаагүй. Миний хувьд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд нөхөртэйгөө ирсэн байсан. Нөхөргүй гэж худлаа ярьж байна. ...” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн зүүн талын явган хүний гарц дээр “Mitsubishi Colt” загварын Б- ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Э-ыг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шаант ясны гадна доод ирмэг, шагайн гадна, дотор хашлага ясны сэлтэрсэн хугарал, зүүн шагай ясны гадна хашлаганы цууралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн тавхайд зулгаралт, баруун, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Э-ын “.... 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн орчим бага охин Б.У-ын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв шуудангийн ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тал руу гардаг явган хүний гарцаар гарахаар зогсож байхад гэрэл дохио ногоон өнгөөр ассан. Тэгээд зам хөндлөн гаргах гэтэл урдаас хойд чиглэлд явж байсан тээврийн хэрэгсэл миний зүүн талын өвдөг орчим мөргөсөн. Би мөргүүлээд газар унасан, босох гээд байж байтал миний зүүн хөл дээгүүр гарсан. Манай охин цонхны урд талыг цохиод “хүн дайрчихлаа” гэж хэлээд “зогсооч” гээд орилоод байсан. ...” /хх 17/,
гэрч Б.У-ын “... Би ээж Э-ын хамт Төв шуудангийн ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчин явж байсан ба явган хүний гарцын гэрэл дохио ногоон асах үед зам хөндлөн гарах үед Сүхбаатарын талбай чиглэлээс баруун эргэх үйлдэл хийсэн тээврийн хэрэгслийн жолооч манай ээжийг ирж мөргөсөн. Мөргүүлээд газар унасан “хүн дайрчихлаа” гэж би хэлсэн. ... Намайг тээврийн хэрэгсэл мөргөөгүй, тухайн үед манай ээж миний зүүн гар талд явж байсан болохоор ээжийг мөргөсөн. ...” /хх 33/,
иргэний нэхэмжлэгч Ч.З-ын “... Дээрх гэмт хэргийн улмаас Д.Э- нь эрүүл мэндийн байгууллагаас 551.000 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын лавлагаа баримт бичгээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь дансанд нөхөн төлүүлж өгнө үү. ...” /хх 27/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Д.Э-ын биед зүүн шаант ясны гадна доод ирмэг, шагайн гадна, дотор хашлага ясны сэлтэрсэн хугарал, зүүн шагай ясны гадна хашлаганы цууралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн тавхайд зулгаралт, баруун, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0725/9060 дугаартай дүгнэлт /хх 36-37/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн “... Тухайн зам тээврийн ослын улмаас Д.Э-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэсэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0825/3504 дугаартай дүгнэлт /хх 50-52/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч М.Жамсранжавын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 481 дугаартай дүгнэлт /хх 42-46/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Бадрахын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1479 дугаартай “... Явган зорчигч Д.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. “Mitsubishi Colt” загварын Б- ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, ...-д зам тавьж өгнө.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна. ...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх 61/,
дуудлага, мэдээллийн бүртгэл /хх 41/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байхаас гадна анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүхээс шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ... эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, ...” эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан.
Хэдийгээр шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн боловч хохирогч Д.Э-аас “миний эрүүл мэндийн талаар огт асууж байгаагүй, түүнд гомдолтой” гэсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх талаар шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/498 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/498 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ М.АЛДАР