Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01417

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01417

 

А.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 104/ШШ2022/00274 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.Ц

Хариуцагч: Ө ХХК, Ц ҮЦК ХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ө ХХК-д холбогдох, Цгийн Эг Ө ХХК-ийн 270 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, Ц ҮЦК ХК-д холбогдох ногдол ашгийн мөнгийг ногдол хувийн мөнгө гэж андуурч гүйлгээ хийлгэсэн үйлдлийг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, хариуцагч Ц ҮЦК ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дөлгөөн, хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.Ц нь Ж.Эгийн нэр дээр 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ард капитал групп ХХК-д данс нээлгэсэн. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 269 ширхэг хувьцаа, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1 ширхэг хувьцааг тус тус нийт 110,800 төгрөгөөр худалдаж авсан. Ө ХХК нь 2018 оны 04 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар хаалттай болсон. Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар компаниа өөрчилсөн, энэ асуудлаар маргахгүй. Гол маргаан нь манай хүүхдийн данс руу 67,000 төгрөг хийгээд яагаад хувьцаагаа авчихав. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаар тогтоолын 3 дугаар заалтад хувьцаа эзэмшигчээр үлдэх боломжтой байсан. Хүсэлтээ шуудангаар явуулсан. Манай талын зүгээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Ө ХХК нь 2018 оны 4 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар хаалттай болсон. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаар тогтоол гарахаас өмнө энэ хувьцаа чөлөөтэй арилжаалагдаж байсан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь мөнгө хүсэх өргөдөл, хэзээ данс нээсэн талаарх баримтаа явуулсан. Ард капитал групп ХХК нь ямар нэгэн дотоод мэдээлэл ашиглаагүй. Энэ нь хууль ёсны явагдсан гэдгээ албан тоотдоо тусгасан. Мөн Ж.Эгийн хувьцааны талаарх баримтуудыг хавсаргасан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаар тогтоолын 3-т дансанд орсон мөнгийг гаргасан учраас дахин хувьцаа эзэмшигчээр бүртгэх боломжгүй гэсэн тайлбарыг хэлдэг. Ногдол ашгийн мөнгийг ногдол хувийн мөнгө гэж андуурч гаргасан үйлдлийг тогтоолгохоор Ц ҮЦК ХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Дансанд орсон мөнгөө байршуулсан. Мөнгө хүсэх өргөдөл дээр А.Ц гарын үсэг зурсан боловч бөглөөгүй. Ц ҮЦК ХК нь зөвхөн мөнгө хүсэх өргөдлийг дамжуулж өгсөн, хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг өгдөг. Тухайн үед ажиллаж байсан н.Өнөрбаян гэх брокер эмэгтэй таны дансанд мөнгө байна. Та авах уу гэхэд нь би ногдол ашгаа л авна гэж хэлсэн. Би өмнө нь гарын үсэг зурчихсан байсан маягтыг бөглөсөн. 67,000 төгрөгийг манай тал бага гэж үзэж байна. Учир нь анх 110,000 төгрөгөөр хувьцаа авсан. Иймд Ө ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх эрхээ хэрэгжүүлмээр байна гэжээ.

2. Хариуцагч Ө ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Ө ХХК хэлбэрээ өөрчилсөн нь хууль ёсны дагуу явагдсан талаар маргаагүй. Манай талын зүгээс Ж.Эг хувьцаа эзэмшигчээр тогтоох боломжгүй. ХК нь ХХК болоход хэчнээн хувьцаа эзэмшигч байна тэр тоо, баримт, бүх зүйлийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гаргуулж авсан. Хувьцаат компанийн эрх бүхий дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал. Үүгээр тасалбар болгоод үйл ажиллагааг явуулсан. Тасалбар болгох үеэр Ж.Э манай хувьцаа эзэмшигчээр байгаагүй. Ж.Э сүүлд хувьцаа эзэмшигчээр орж ирсэн. Энэ нь төрийн өмчит компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон. ХХК болох шийдвэр гарсантай холбогдуулан өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хувьцаа эзэмшигч түүнд ногдох ногдол хувийн мөнгөн хөрөнгийг авалгүйгээр ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэх хүсэлтийг хэдийд ч гаргаж болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос дурдсан. Хугацаа явчихсан, мөнгөө тодорхой хэмжээгээр авчихаад буцаадаг хуулийн заалт байхгүй. Манайх нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ц ҮЦК ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Харилцагч Ж.Э нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн төвлөрсөн хадгаламж данс нээх, мөнгөн хөрөнгө үнэт цаасыг хадгалах, төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор харилцагч төвлөрсөн хадгаламжид данс нээх гэрээг Ц ҮЦК ХК-тай 2011 онд байгуулсан. Гэрээний хүрээнд харилцан эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Харилцагчийн гүйлгээг цаг тухайд нь түргэн шуурхай гүйцэтгэх, харилцагч дансны гүйлгээг шалгаж, өөрийн гарын үсгээр баталгаажсан баримтаар гүйлгээг гүйцэтгүүлэх үүрэгтэй. А.Цд манай брокер н.Өнөрбаян гэх хүн үйлчилсэн. Анхан шатны баримт бичиг буюу мөнгө хүсэх өргөдөл дээр А.Цгийн гарын үсэг байсан. Харилцагчтай утсаар яриад зөвшөөрсний үндсэн дээр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү очиж гүйлгээг хийлгэсэн. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ногдол ашиг, ногдол хувь гэдгийг ялгахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Компанийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.2-д заасныг баримтлан Ж.Эгийн хууль ёсны төлөөлөгч А.Цгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө ХХК-д холбогдох Ж.Эг Ө ХХК-н 270 ширхэг хувьцааны эзэмшигч болохыг тогтоолгох, хариуцагч Ц ҮЦК ХК-д холбогдох Ө ХХК-ийн ногдол ашгийн мөнгийг ногдол хувийн мөнгө гэж андуурч гаргасан үйлдлийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч анхан шатны шүүх дээр давж заалдах шатны магадлалд дурдсан тодруулах шаардлагатай Санхүүгийн зохицуулах хорооноос, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс, Ард капитал группээс, Хөрөнгийн биржээс, Ц ҮЦК ХК болон хууль зөрчсөн ажилтан н.Өнөрбаянаас бүхий шаардлагатай нотлох баримтууд гаргуулах хүсэлт гаргасан. Мөн н.Өнөрбаяныг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүйд гомдолтой байна.

Түүнчлэн, шүүх гүйлгээг би хийлгээгүй Ц ҮЦК ХК нь андуурч гүйлгээ хийсэн буюу хийлгэсэн, хийсэн гэх үгэн дээр алдаа гаргаж байна. Хариуцагч Ц ҮЦК ХК-аас ногдол хувийн мөнгө гэж гарсан тул хэмээн маргаж байгаа гэсэн нь өөрөө буруу бөгөөд бид ногдол ашгийн мөнгө авах хүсэлт өгсөн зэргийгээ тодорхой хэлж, тухайн үеийн мэйл баримт болон бусад баримтуудаар нотолж байгаа. Хариуцагч ногдол хувийн мөнгө хүлээн авалгүй үлдэх хүсэлтэй өгөхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдсан. Бид одоо ч мөнгөө аваагүй байгаа бөгөөд Ц ҮЦК ХК хууль бус гүйлгээний буцаалтыг нэн дариу хийлгэсэн нь дансны хуулгаар нотлогдож байна. Түүнчлэн санхүүгийн зохицуулалттай зах зээлд хууль зөрчсөн хариуцагч Ц ҮЦК ХК нь тус шүүх хуралдаанаар харилцагч А.Цтай н.Өнөрбаян утсаар холбогдсон гэж хэлдэг бөгөөд өмнөх шүүх хуралдаанаар ногдол ашгийн мөнгө болоод ногдол хувийн мөнгө андуурсан, харилцагчийн хүсэл зориг зөвхөн ногдол ашиг байсан тухай, хувьцаагаа огт зардаггүй, олон компанид цуглуулдаг тухай хэлж баталсан байдаг. Мөнгө хүсэх өргөдлийн бланкийн А.Цгийн өгсөн зааврын дагуу бөглөсөн гэх зүйл шүүх хуралдаан дээр яригдаагүй бөгөөд Ц ҮЦК ХК нь утсаар мөнгө хүсэх өргөдлийг баталгаажуулсан тухай хэлдэг. Түүнчлэн Ц ҮЦК ХК өөрсдийгөө хамгаалах зорилгоор хэлсэн үг нь зөрдөг бөгөөд сүүлийн шүүх хуралдааны үеэр А.Ц өөрийн биеэр ирээд харж бөглүүлсэн ч байж болно ш дээ хэмээн хэлсэн нь өмнө утсаар ярьсан буюу зайнаас ярьж хэлснээ өөрчлөхийг хүссэнийг шүүгч хүлээн авсан нь хууль бус байна. Ер нь үнэт цаасны тухай хуульд зохицуулалттай этгээд холбогдох хууль журмын дагуу ажиллах үүрэгтэй байдаг бөгөөд харилцагчийн хоосон маягтад дээр гарын үсэг зуруулж үлдэж болдоггүй. Гарын үсэг ашиглаж гүйлгээ хийхийг хориглодог. Энэ бол дэлхий дахинд нийтлэг болж заншсан зарчим юм. Нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээ өмнө нь 2 удаа гараар бичиж өгсөн байтал зохигчдын аль аль нь шүүхэд нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй хэмээн дурджээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа бөгөөд хууль дээдлэгч, шударга шүүх иргэд хооронд үүссэн иргэний хэрэг болох энэхүү хүүхдийн ирээдүйн үнэ цэнэ бүхий хөрөнгөд хууль бусаар халдсан тухай яаралтай мэдэж эргүүлэн хэвийн байдалд оруулахаар хандсан эцэг хүнийг, харилцагчаа боловсролгүй мэт дурдаж шүүхэд хамааралгүй зүйл ярьж хүүхдийн санхүүгийн баталгааны хүчирхийлэл үйлдэж байна гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ц ҮЦК ХК-ийн хариу тайлбарын агуулга: Шүүхийн тогтоолд агуулгыг гуйвуулж бичсэн тухай байгаа боловч гүйлгээ хийлгэнэ гэдэг нь өөрөө харилцагч маягтад гарын үсэг зурснаар гүйлгээ хийлгэх даалгавар өгч байна гэж ойлгож байна. Гүйлгээ хийсэн, хийгээгүй гэх асуудалд гомдол гаргах шаардлагагүй. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мөнгөн хөрөнгийн гүйлгээний журамд харилцагчийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийг дотор нь ноогдол ашиг гэж хуваарилж байлгана. Түүнийг зөвхөн ноогдол ашиг ноогдол хувиар нь хувааж гаргана гэсэн зохицуулалт тус журамд байхгүй. Уг журамд харилцагчаас ирж байгаа гүйлгээний баримт ямар байх ёстой талаар шаардлагуудыг тавьсан байдаг. Шаардлага тодорхой гаргацтай, мэдээлэл бүрэн бүтэн, алдаа засваргүй байх шаардлагатай. Мөнгөн хөрөнгө гүйлгээний журамд тавигдсан байдаг. Ноогдол ашиг, ноогдол хувийг ялгаж гаргана тусад нь баримт явуулна гэж зүйл байхгүй. Журмын шаардлагын дагуу харилцагчийн мөнгө хүссэн өргөдөл төвлөрсөн хадгаламжийн төв очсон. Шаардлага хангасан мөнгөн хүссэн өргөдлийн дагуу мөнгөн хөрөнгийн зардлын гүйлгээг хийсэн. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон зохицуулалтын этгээдийн дүрэмд заасан брокерын үйл ажиллагаа өөрөө Монголын хөрөнгийн биржийн арилжаанд харилцагчийг зуучлах, хоёрдогч зах зээл, анхдагч зах зээлийн арилжаанд харилцагчийг зуучлах үнэт цаасны зах зээлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг брокерын үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Ө ХХК хэлбэрээ өөрчилсөнтэй холбоотойгоор брокерын хоёрдогч зах зээлийн арилжаанд зуучлах үйл ажиллагаанаас өөр хуулийн зохицуулалтаар явж байгаа. Брокер харилцагчийн өмнөөс захиалга өгч зарсан асуудал байхгүй. Компанийн тухай хуулиар Ө ХХК хэлбэрээ өөрчилж шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхийг хувьцаа эзэмшигчид нээлттэй үлдээж байгаа. Брокер дундаас нь захиалга өгч зарсан, харилцагчийн өөрийн зөвшөөрөлгүй хассан зүйл байхгүй. Мөнгө хүсэх өргөдлийн дагуу Ө ХХК-аас байршуулсан дансанд А.Цгийн Эгийн Голомт банк ХХК-ийн данс руу шилжиж, гүйлгээ хийгдсэн. Энэ талаар хэрэгт хуулбар авагдсан. Нэхэмжлэгч гүйлгээ хийж авчхаад нэн даруй буцааж байршуулсан учраас буцааж шаардах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй тухай дурдсан. Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор шийдэгдэж байгаа учраас Ц ҮЦК ХК тайлбар илүүц байна. Нэхэмжлэгч манай брокертой харилцан брокерын үйл ажиллагаа авдаг хүн юм. Мөнгө хүссэн өргөдөл буюу хоосон бланканд өөрөө гарын үсгээ зурж өгсөн хууль зөрчсөн талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хоосон бланканд гарын үсэг зурж болохгүй гэдэг журам, дүрэм, нийтлэг жишиг байхгүй. Аль ч дэлхийн улс оронд ямар нэгэн гэрээ контракт байна уу, баримт байна уу, маягт байна уу энэ асуудалд гараар бөглөсөн, компьютероор бөглөснөөс үл шалтгаалан оролцогч талууд гарын үсэг зурсан тохиолдолд баримт материал хүчинтэй болсонд тооцдог нийтлэг жишигтэй. Харилцагчийн гарын үсгээр баталгаажуулсан баримтыг гүйлгээг хийсэн. Үүнд ямар хууль зөрчсөн болох нь ойлгомжгүй байна гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ө ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Гомдолд хэлэх зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны дагуу гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.Ц нь Ө ХХК-д холбогдуулан Ө ХХК-ийн 270 ширхэг хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, Ц ҮЦК ХК-д холбогдуулан ногдол ашгийн мөнгийг ногдол хувийн мөнгө гэж андуурч гүйлгээ хийлгэсэн үйлдлийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Ө ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 02/2018 дугаар тогтоолоор Ө ХК-ийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж, хувьцаат компани болгох шийдвэр гаргасан байх /1хх.53/ бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

4. Нэхэмжлэгч А.Ц нь Ц ҮЦК ХК-тай 2011 оны 03 дугаар сарын 17-ны Харилцагч төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэх гэрээ байгуулж, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ө ХК-ийн 1 ширхэг хувьцааг 357 төгрөгөөр, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ө ХК-ийн 269 ширхэг хувьцааг 110,424.50 төгрөгөөр тус тус худалдан авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна /2хх 23, 3хх 70/

5. Төвлөрсөн хадгаламжийн данснаас мөнгө хүссэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 7-613612 дугаар өргөдөлд өргөдөл гаргасан Ц-н Э хэсэгт зурагдсан гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг мөн эсэх, уг гарын үсгийг нэхэмжлэгч зурсан үйл баримтын талаар зохигч маргаагүй. Өөрөөр хэлбэл, уг өргөдөлд нэхэмжлэгч нь Ө ХК-ийн ногдол ашиг, эсхүл ногдол хувь авах хүсэл зориг илэрхийлсэн эсэх нь маргааны зүйл буюу шаардах эрхийн үндэслэл болж байна.

6. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн Ж.Эгийн БДК дахь 7-613612 дансанд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ...Ө ногдол хувь тараах гүйлгээ гэсэн утгаар орлого 67,230 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ...Ө ногдол хувь буцаан байршуулав гэсэн утгаар орлого 67,230 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

7. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана. Мөн зүйлийн 46.5 дахь хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хэрэгт авагдсан баримтаар Ө ХК нь 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаартай, Ө ХК-ийн 311,872 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасах тогтоол гарах хүртэлх хугацаанд Ө ХК нь 2017-2019 оны ногдол ашиг хуваарилсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Түүнчлэн, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/1797 дугаар албан бичгээр Ө ХК-ийг тус төвтэй 2012-2018 оны хооронд ногдол ашиг зуучлан тараах гэрээ байгуулж байгаагүйг дурдсан байна /2хх 170/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 7-613612 дугаар өргөдлийг гаргах үед Ө ХК нь ногдол ашиг хуваарилж байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх өргөдлийг ногдол хувь биш, ногдол ашиг авахаар гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан 7-613612 дугаар өргөдлийг ногдол ашиг авах зорилгоор үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ...А.Ц гарын үсэг зурсныг тухайн үеийн ажилтан н.Өнөрбаяныг байлцуулан тодруулах, албан тоот хавсаргах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар ...н.Өнөрбаяныг байлцуулан тодруулах, албан тоот хавсаргах хүсэлт ойлгомжгүй, ..гэрчээр асуулгах тохиолдолд н.Өнөрбаянын оршин суугаа хаягийг тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Учир нь, нэхэмжлэгч н.Өнөрбаяныг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж буй эсэх нь ойлгомжгүй байхаас гадна нэхэмжлэгч нь н.Өнөрбаяныг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

9. Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Компанийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар компанид эргүүлэн худалдахаар тохиролцсон хувьцаа эзэмшигчийн хувьцааг уг компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн дагуу хөрвүүлж үл болохоор заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь компанийг өөрчлөн байгуулсантай холбогдсон хувьцаа эзэмшигчийн эрхэд хамаарна. Гэтэл шүүх уг зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийн үндэслэл нь өөрийн эзэмшлийн 270 ширхэг хувьцааг ногдол хувь хэлбэрээр худалдсанаар түүний өмчлөх эрх хөндөгдсөн буюу бусдаас шаардсан агуулгатай байгаа нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх зохицуулалтад хамаарч байна.

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 104/ШШ2022/00274 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын Компанийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.2-д гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН