Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 190

 

 

                                    

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

         Улсын яллагч                                                      А. Энхтуяа     

Хохирогчийн өмгөөлөгч                                        М.Гансүх

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                Б.Дэлгэрсэн        

    Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      А.Отгонбаяр

        Нарийн бичгийн даргаар                                   Б.Мөнхзул  нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овогт Алтансүхийн Алтангэрэлд холбогдох 1831001890161  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Говь-Алтай аймагт 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсэг, 5-2-158 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Адуучин овогт Алтансүхийн Алтангэрэл, /РД: ДА-00263010/,

          

Шүүгдэгч А.Алтангэрэл нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн спорт зааланд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээний дараа Б.Тэмүүжингийн эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

  1.Шүүгдэгч А.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 08-нд  яллагдагчаар  өгсөн:  ... 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил, сургалт үйлдвэрийн төвийн спорт зааланд Батсайхан багшийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээндд орох гэж очсон. Би тухайн өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар сургуулийн багт орж тоглосон бөгөөд аваргын төлөө Орхонтуул сумын багтай тоглох үед тухайн тэмцээнийг Тэмүүжин гэх хүүхэд шүүсэн юм. Тэр үед Орхонтуул сумын багийн тоглогчид бөмбөгөө авахдаа тогтоогоод, буруу авалт хийгээд байхад нь тухайн тэмцээнийг шүүж байсан Тэмүүжин нь нөгөө талын багт шүүгээд байсан. Тухайн үед би тоглож байхдаа Тэмүүжинд хандаж нөгөө талын багийг дүрэм зөрчөөд байгаа талаар хэлж байсан. Тэгээд манай баг Орхонтуул сумын багт хожигдсон. Уг тоглолт дууссаны дараа би Тэмүүжин дээр очоод “Чи яаж шүүгээд байгаа юм бэ? зөв шүү л дээ” гэсэн чинь Тэмүүжин надад хандаж “Ахаа гээд байхад давраад байгаарай” гэж хэлээд над руу салаавч гаргахаар нь миний уур хүрээд Тэмүүжинг нэг удаа алгадах үед Тэмүүжин намайг зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа өшиглөчихсөн юм. Би тэр үед Тэмүүжингийн нүүрэнд өшиглөнө гэж бодоогүй . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р ху/,

2.Шүүгдэгч А.Алтангэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн спорт зааланд Батсайхан багшийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болсон. Орхонтуул болон манай баг хоорондоо тоглож байсан. Орхонтуулын багийн тамирчид бөмбөгөө буруу аваад байхад Б.Тэмүүжин эсрэг талд шүүсэн. Тоглолт дууссаны дараа би Б.Тэмүүжин дээр очоод “миний дүү яаж шүүгээд байгаа юм” гэсэн чинь “ах ах гээд байхаар битий давраад байгаарай” гээд дунд хуруугаа гаргахаар нь нэг алгадсан. Б.Тэмүүжин эргүүлээд намайг цохихоор нь би нүүр лүү нь өшиглөсөн гэв. ...гэх мэдүүлэг,

3.Насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүжингийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрсэний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:   2018 оны 5 дугаар сарын 18-ны өглөө манай хүү “Батсайхан багшийн нэрэмжит тэмцээн Шаамар суманд болно. Би явж оролцоно” гээд ааваараа хүргүүлсэн. Тухайн өдөр утас нь холбогдохгүй байсан. Маргааш өдөр нь Наранбаатар багшаас нь асуусан чинь “манай эрэгтэй баг хожигдсон. Эмэгтэй баг тоглож байгаа. Хүүхдүүд арай ирэх болоогүй байх” гэсэн. Орой вагонаар манай хүү гэртээ ирсэн. Ирэхдээ хувцас нь цус болсон, нүдний орчим хөхөрсөн, хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Юу болсон талаар асуухад “тэмцээн дээр А.Алтангэрэл ах намайг өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгээд 103-т очоод хамарт нь чихээс хийлгэсэн. Эмч “хамар нь хугарсан байна, одоогоор өвчин намдаах эм уу, яаралтай хот явах хэрэгтэй” гэхээр нь А.Алтангэрэлийг дуудсан. А.Алтангэрэл эгчтэйгээ ирсэн. Юу болсон талаар А.Алтангэрэл асуухад “Б.Тэмүүжин тэмцээн шүүсэн. “Буруу шүүлээ” гээд би цохьсон” гэж хэлсэн. Маргааш нь А.Алтангэрэлийн хүргэн ах, эгчтэй нь хамт бид 4 хот явсан. Очоод “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлээд томографийн зураг авахуулсан. Тэр 160.000 төгрөгийн төлбөрийг А.Алтангэрэлийн талаас төлсөн. Авахуулсан зургаа бариад эмч дээр А.Алтангэрэл, түүний эгчтэй нь хамт орсон. Эмч “хамрын яс хугарсан, хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай, хавдартай байгаа тул өнөө маргаашдаа орох боломжгүй. Хавдрыг нь буулгаж байгаад хагалгаанд орно” гэж тайлбарласан. А.Алтангэрэлийн эгч нь эмчээс “хагалгааны төлбөр ойролцоогоор хэд болох вэ” гэхэд эмч “доод тал нь 1.250.000 төгрөг болно” гэсэн. Улаанбаатараас ирснээс хойш А.Алтангэрэлийн ар гэрийнхэнтэй учир зүйгээ олохгүй явсаар аав руу утасдахад “танай хүүхдийн буруу” гэж ярьсан. 2 хүүхдийн хувь заяаг бодоод, хоёулаа тамирчин учраас “шүүх, цагдаа гэж яваад яах вэ, хүүхдийг минь эрүүл болгоод өгчих” гэдэг байдлаар хандсан. Нөгөө талаас эхлээд “тэгье” гэж байснаа “3-р эмнэлэгт үзүүл, ийм өндөр төлбөр төлж чадахгүй” гээд анх эмнэлэг дээр байхад бид маргалдсан. Би “хүүхдээ аль сайн эмнэлэгт эмчлүүлнэ, эмнэлэг дамжиж цаг алдмааргүй байна” гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Ямар нэг байдлаар уулзаж, ярьж тохироогүй учир цагдаагийн байгууллагад хандсан. ...гэх мэдүүлэг,

4.Насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өгсөн:  ... 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын МСҮТ-ийн спорт зааланд Батсайхан багшийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болсон. Би уг тэмцээнд Спорт сургуулийн багаас орсон бөгөөд 3 тоглолт хийгээд тэмцээнээс хасагдсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр би 1 дүгээр байрны төлөөх тэмцээнийг үзээд сууж байхад нэг багш намайг тухайн “тэмцээнийг шүүчих” гэхээр нь би зөвшөөрөөд тэмцээнийг шүүсэн. Тэгээд 2 дугаар байранд орсон Сүхбаатар сумын 6 дугаар сургуулийн багаас орж тоглосон Алтангэрэл ах надад хандаж “Чи дүрмээ мэддэггүй юм уу?” гээд над руу уурлаад миний мөрнөөс татаад намайг “гарах уу?” гээд байсан. Тэгэхээр нь би Алтангэрэл ахаас айгаад “гарахгүй” гэж хэлсэн чинь Алтангэрэл ах намайг нэг удаа алгадахаар нь би Алтангэрэл ахыг түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэгээд би газар унасан байсан цамцаа авах гээд доошоо тонгох үед Алтангэрэл ах миний нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед ийм л зүйл болсон. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 6-р ху/,

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дэлгэрсэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 13-ны  өдөр өгсөн: ...Манай хүү Тэмүүжин нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний орой вагоноор ирээд гэртээ орж ирсэн. Тэр үед хүүгийн маань нүд нь хөхөрчихсөн, нүүр хэсэг нь тэр чигтээ хавдсан, хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би өөрийн хүүгээс юу болсон талаар асуухад “А.Алтангэрэл гэдэг ах хамар руу өшиглөсөн” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед А.Алтангэрэл гэх хүүхдийн гэрийнхэнтэй уулзах үед “эмчилгээний зардал, бүх хохирол мөнгийг өгнө” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Алтангэрэл өөрийн ахын хамт манай хүү Тэмүүжин бид хоёрыг аваад Тэмүүжинг үзүүлэх гээд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод “ЭМЖЖ” нэртэй эмнэлгийн чих, хамар, хоолойны эмчид үзүүлэхэд “Тэмүүжингийн хамрын яс хугарсан, хагалгаанд орох шаардлагатай” гэж хэлсэн. Тэгээд “хагалгаанд ороход доод талын төлбөр нь 1.250.000 төгрөг болно” гэж хэлсэн. Тухайн үед бид нарын хажууд Алтангэрэл болон түүний эгч нь байсан. Тэгээд хэсэг хугацаанд Алтангэрэл болон түүний ар гэрийнхнийг манай хүүгийн хамрыг янзлаад өгөх юм болов уу? гэж хүлээсэн боловч ерөөсөө тоохгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/,

6.Гэрч Ж.Батсайханы  мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн : ... Жил болгон миний өөрийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болдог юм. Энэ жилийн хувьд энэ оны 5 дугаар сарын 18, 19-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт зааланд залуучуудын дунд зохион байгуулагдаж дууссан бөгөөд тэргүүн байранд Орхонтуул сумын баг тамирчид, 2 дугаар байранд Сүхбаатар сумын 6 дугаар сургуулийн баг тамирчид орсон. Уг тэмцээн нь ямар ч хэрүүл маргаангүй зохион байгуулагдаж дуусан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр над руу Батсайхан гэдэг хүн залгаад “Манай хүү Тэмүүжин нь таны нэрэмжит тэмцээнд ороод Алтангэрэл гэдэг хүүхдэд зодуулсан байна” гэж хэлсэн. Миний хувьд ямар нэгэн зодоон цохион болсон талаар мэдээгүй байсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р ху/,                   

7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн № 258 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Б.Тэмүүжингийн биед хамар ясны зөөлөн эдийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 30-р ху/, 

8.Шүүгдэгч А.Алтангэрэлийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 42-р ху/, хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, /хх-ийн 07-р ху/, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн баримт, /хх-ийн 27-29-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 31-32--р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 36-37-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 38-39-р ху/, шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл, /хх-ийн 40-р ху/,  шүүгдэгчийн өөрийнх нь тухай баримтууд, /хх-ийн 44-61-р ху/, хохирлын талаархи баримт, /хх-ийн 62-63-р ху/, хохирол төлсөн баримт, /хх-ийн 70-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  А.Алтангэрэл нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн спорт зааланд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээний дараа Б.Тэмүүжингийн эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хэргийн талаар  мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн баримт, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл,  шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл,  шүүгдэгчийн өөрийнх нь тухай баримтууд, хохирлын талаархи баримт, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч А.Алтангэрэлийг 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн спорт зааланд зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээний дараа Б.Тэмүүжингийн эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд харамсаж байгаа, шүүгдэгч нь насанд хүрээгүй байхдаа энэ хэргийг үйлдсэн болон хохирогчид учирсан гэмт хэргийн хор уршиг арилаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Алтангэрэл нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон  хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна.

Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид эмчилгээ хийлгэсэн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич эрхтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.2-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Шүүгдэгч Адуучин овогт Алтансүхийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Адуучин овогт Алтансүхийн Алтангэрэлийг 550 /таван зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Алтангэрэлийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 /таван зуун тавин/ нэгжээр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Алтангэрэлд мэдэгдсүгэй.

5.Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.                                                                                                                                                                                                             

6.Шүүгдэгч А.Алтангэрэл нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирлыг нөхөн төлсөн, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус  дурьдсугай.  

7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Алтангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн  агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН