| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2503 00441 1105 |
| Дугаар | 2026/ДШМ/467 |
| Огноо | 2026-04-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/467
2026 04 20 2026/ДШМ/467
О.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
хохирогч Д.Т-, түүний өмгөөлөгч Н.Анхтуяа,
шүүгдэгч О.Х-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Т-, түүний өмгөөлөгч Н.Анхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Х-д холбогдох 2503 00441 1105 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Л- овгийн О-гийн Х-, 2005 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн мэргэжилтэй, “О-” ХХК-д менежер ажилтай, ам бүл 9, өвөг эцэг, эцэг, эх, дүү нарын хамт ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: МО-/;
Шүүгдэгч О.Х- нь Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны гүүрэн дээр 2025 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутын үед “Тоёота акуа” маркийн О- УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Т-г мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: О.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Х-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Х-аас нийт 31.809.521 төгрөгийг гаргуулж /Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЗ/1290 дугаар шүүгчийн захирамжаар залруулсан/ хохирогч Д.Т-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Х-аас 10.206.375 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч Д.Т- нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Т-, түүний өмгөөлөгч Н.Анхтуяа нар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорыг буруу тодорхойлсон буюу сэтгэцэд учирсан гэм хорыг тодорхойлох талаар Улсын дээд шүүх болон эрх бүхий байгууллагаас баталсан журам, аргачлалыг зөрчсөн, зөрүүтэй хэрэглэсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, мөн хохирлын тооцоог үндэслэл бүхий бүрэн хийгээгүй, зарим нэхэмжлэлийг хангаагүй шалтгаандаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Нэг. Сэтгэцэд учирсан гэм хорыг буруу тодорхойлсон талаар:
1.1. Хохирогч зам тээврийн осолд орж, олон тооны бэртэл гэмтэлтэй ... буюу хүнд гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн тус дүгнэлтэд баруун талын уушгины урд болон ар хэсгээр дотор ба гадна зоноор тархмал агааржилт буурсан, ууцны S1-S3 нугаЛ-ын зүүн лаггериал масс дайрсан бяцарсан хугаралттай, бүсэлхийн L4-L5 нугаЛ-ын зүүн хөндлөн сэртэн дайрсан салсан зөрүүтэй хугаралттай, биеийн ерөнхий байдал хүнд гэсэн оношийг тавьж байсан.
1.2. 2025 оны 09 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн 3-р зэрэгт хамаарч байна гэж тодорхойлсон. Байшингаар тооцоход 7,8 давхар байшингаас унасантай тэнцэх хэмжээний өндрөөс шидэгдэж, цаашид хэвийн ажиллаж амьдрах боломжгүй болсон, өмнөх зүйлээ мартах, санах нь ихэссэн, 5 сар гаруйн хугацаанд орондоо хэвтрийн дэглэмтэй байж, сэтгэл санаа тогтворгүй болж арай гэж тэнхрэх найдлага бий болж эхэлж байхад намайг бараг сэтгэл санаагаар хохироогүй юм шиг 3-р зэрэг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
1.3. Монгол Улсын Дээд шүүхээс баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байдаг.
1.3.1. Тухайн аргачлалын 5-р зэрэг “хохирогчийн бид учирсан гэмтэл хүнд хөдөлмөрийн чадвар алдалт 35-100%” гэж тодорхойлсон.
1.3.2. Тус аргачлалын 3-р зэрэг хэсэгт “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” гэж тодорхойлсон байдаг.
1.3.3. ... 2025.08.07-ны өдрийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 60% гэж тогтоосон ба энэ талаар баримт хэрэгт авагдсан.
1.4. Гэтэл шүүхийн зүгээс яагаад Улсын Дээд шүүхийн баталсан аргачлалаас өөрөөр гаргасан шинжээчийн дүгнэлтийг баримталсан нь тодорхойгүй, яагаад тус аргачлалыг баримтлаагүй талаараа үндэслэл бүхий дүгнэлт, тайлбар хийгээгүй байна. Тэгсэн атлаа дээд шүүхийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баримталсан талаараа дурдаж, ямар үндэслэлээр 3-р зэрэг гэж үзсэн нь тодорхойгүй байна.
1.5. Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023.07.31- ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар зам тээврийн ослын улмаас буюу Эрүүгийн хуулийн 27.10-2-2.3-т заасан гэмт хэрэг нь 5-р зэрэглэлд хамаарахаар тусгасан байна. Гэтэл шүүхийн зүгээс энэхүү журмыг яагаад хэрэглээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.
1.6. Хохирогч миний хувьд хөдөлмөрийн чадвараа 60% алдсан гэж тогтоогдсон. Гэтэл сэтгэцэд учирсан гэм хорыг үнэлэхдээ дээрх 60%-ийг үнэлж, дүгнээгүй байгаа нь хууль зөрчсөн. Дээрх зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор хохирогчийн зүгээс дараах хүсэлтүүдийг гаргаж байсан ч мөрдөн шалгах байгууллага болон прокурор, шүүхээс хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан байдаг.
1) 2025.09.26-ны сэтгэцэд учирсан гэм хорыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлттэй санал нийлээгүй, буруу тодорхойлсон гэж үзэж 2025.10.21-ний өдөр хэргийг шалгаж байсан мөрдөгчид дахин шинжээч томилуулахаар гомдол гаргасан ч миний гомдол гаргасан өдөртөө шууд хүлээн авахаас татгалзаж, 2025.10.22-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Хүсэлтийг хангаагүй талаараа хохирогч надад болон миний өмгөөлөгчид ямарч мэдэгдэл ирүүлээгүй, миний дараагийн шатны байгууллагад гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн.
2) 2025.12.19-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргаж, сэтгэцэд учирсан хохирлын хэмжээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”, Монгол Улсын Дээд шүүхийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-тай нийцээгүй тул дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан ч шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй. Сэтгэцэд учирсан гэм хорыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам, аргачлалд нийцүүлэн хүнд хохирол учирсан буюу 5 дугаар зэрэглэлээр тооцуулах нь үндэслэлтэй гэж гэж байна.
Хоёр. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй талаар:
2.1. Хохирогч Д.Т- нь би шүүгдэгчийн гэм буруугаас зам тээврийн ноцтой осолд орж, нарны гүүрнээс шидэгдэж, байшингийн өндрөөр тооцоход 7-8 давхар хэмжээний өндөр барилгаас унаж байгаатай ижил хэмжээгээр унаж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан. Азаар 2 удаагийн хагалгаа амжилттай болж, асаргаа сувилгаа сайн хийгдсэний улмаас одоо хөл дээрээ зогсож чадах хэмжээнд хүрсэн. Азаар би үхлээс аврагдсан ч байнгын эмчилгээ сувилгаа, асаргаа, нөхөн сэргээх, гам барих, огцом хөдөлгөөн хийхгүй байх, хоолны дэглэмийг тогтмол хэрэгжүүлэх шаардлагууд үүссэн. Энэ гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх гол шаардлага нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хувьд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь одоогоор надад чухал байна. Гэтэл анхан шатны шүүхээс миний зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх ажлыг бүрэн хийгээгүй, хохирлын тооцоог бүрэн гаргах боломжгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдааны төгсгөлд шүүгч дүгнэж байгаад би маш гомдолтой байна.
2.2. Эрүүгийн хуулийн 5.1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Гэтэл энэхүү эрүүгийн хариуцлагын зорилгыг бүрэн хэрэгжүүлээгүйгээр, миний зөрчигдсөн эрх, хохирлыг нөхөн төлүүлэхгүйгээр анхан шатны шүүх шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.
2.3. Дараах хохирлуудыг шүүхээс тогтоож өгөөгүй. Ажилгүй байсан хугацааны цалин 7.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны үйл ажиллагааны орлого 24.500.000 төгрөг, бусад зардал 1.117.308 төгрөг, өмгөөлөгчийн зардал 4.000.000 төгрөг зэргийг холбогдох баримтуудыг өгсөн боловч хангаагүй.
2.4. Хохирогчийн зүгээс 2025.10.19-ний өдөр хохирлын тооцоог холбогдох 569 хуудас нотлох баримтыг мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн.
2.5. Хохирогч Д.Т- би осолд орох хүртлээ ажил хөдөлмөр эрхэлж, үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг “О-” ХХК байгуулж, 2021 оноос тогтвортой ажиллуулж ирсэн. Осолд орсноос хойш би хүнд гэмтэж, босож ч чадахгүй, хэвтрийн дэглэмтэй байсан байхад миний 2025.05.04-2025.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хохирлоо авах талаар шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэртээ энэ талаар дүгнэлт огт хийгээгүй, зөвхөн цаашид хохирол гарвал иргэний шүүхэд хандан гаргуулах талаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна. Би ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар өмнө нийгмийн даатгалын лавлагааг хавсаргаж, 1 сарын 1 сая төгрөгийн цалин хөлс буюу нийт 7 сарын хугацааны 7 сая төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний хохиролд нэхэмжилсэн, баримтуудыг шүүхэд гарган өгсөн байхад эдгээрийг үнэлээгүй нь хуульд нийцээгүй байна.
2.6. Ажилгүй байсан хугацааны үйл ажиллагааны орлогын нэхэмжлэлийг хангаагүй тухайд:
2.6.1. Д.Т- би “О-” ХХК байгуулж, 2020 онд Санхүүгийн зохицуулах хорооноос Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч 2021 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2021-2025 онд байнгын үйл ажиллагааг эрхэлж ирсэн.
2.6.2. Энэ хугацаанд 1.330.750.000 төгрөгийн үнэ бүхий зуучлалын гэрээг 94 харилцагчтай байгуулж, 116.019.210 төгрөгийн цэвэр орлогыг олсон.
2.6.3. “О-” ХХК-д зөвхөн би өөрөө ажилладаг бөгөөд өөр ямар нэгэн ажилтангүй. Зөвхөн би өөрийн хөдөлмөрөөр дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Тиймээс үйл ажиллагааны орлогыг сар бүр 3.500.000 төгрөгөөр тооцож, 2025 оны 05 сараас 2025 оны 12 сар хүртэл хугацаанд 24.500.000 төгрөгийг нэхэмжилсэн.
2.6.4. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр дээр энэ нэхэмжилж байгаа үнийн дүнг ямар үндэслэлээр хангаагүй нь тодорхойгүй байна. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсантай холбоотой би дараах нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн. Д.Т-гийн Хаан банкны 5О-4 тоот төгрөгийн дансны 2021-2025 оны хуулга, нийт 91 хуудас. Тус хуулгаар 570 сая төгрөгийн орлого олсон нь харагдана. Бүх гэрээний эх хувийг хэрэгт хавсаргасан. “О-” ХХК-ийн 2021-2025 оны 04 сар хүртэлх үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээний эх хувиуд буюу 94 харилцагчтай байгуулсан 440 хуудас гэрээ, үнийн дүн нийт 2,4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 116 сая төгрөгийн орлого олсныг харуулсан. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон үл хөдлөх хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрлийн хуулбар.
2.6.5. Дээрх баримтуудыг бүрдүүлэн өгсөөр байхад 7 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулаагүйгээс нэхэмжилсэн 24.500.000 төгрөгийн хохирлыг яагаад хангаж шийдээгүй нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр дээрээ тусгаагүй.
2.7. Бусад зардлыг хангаагүй тухайд:
2.7.1. Д.Т- миний эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлэгт очих, эмнэлгээс гарах үеийн замын зардлууд, эмнэлэгт хэвтэх үед сахиурын хоол хүнс болон миний аав, эмээ нар Ховд аймгаас намайг осолд орох үед ирээд, буцсан замын зардлыг оролцуулан бусад зардал нь нийт 1.117.308 төгрөгийг нэхэмжилсэн.
2.7.2. Бусад зардалтай холбоотой 17 баримтыг хүргүүлсэн. Гэтэл шүүхээс энэхүү зардлыг яагаад хангаагүй талаар шүүхийн шийдвэр дээрээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
2.8. Өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаагүй тухайд:
2.8.1. Д.Т- би осолд орноос хойш 2 сарын дараа буюу 7 сар гэхэд хүнтэй юм ярилцаж, ухаан санаа гайгүй болж эхэлсэн. Ингээд 2025 оны 09 сар хүрэхэд мөрдөгч, прокуророос нэг ч хүн надтай холбогдоогүй, мэдүүлэг авах, хохирлын тооцоог гаргах талаар хэн ч холбогдоогүй байдаг.
2.8.2. Тиймээс би 2025 оны 09 сард өмгөөлөгч авах хэрэгтэй юм байна гэж үзээд өмгөөлөгч авсан. Манай өмгөөлөгч хэргийг шалгаж байгаа мөрдөгчид удаа дараа хүсэлт, гомдол гаргасны дараа буюу хэрэг болсноос хойш 4 сарын дараа 2025.09.06-нд надаас анх удаа хохирогчийн хувиар мэдүүлэг авсан.
2.8.3. Мөн өмгөөлөгч авснаас хойш хохиролтой холбоотой баримтуудыг өмгөөлөгч цэгцэлж, мөрдөн шалгах байгууллагад гаргаж өгсөн. Тэрнээс өмнө би надаас мэдүүлэг авах талаар, хохирлын баримтуудаа би өөрөө гаргах өгөх талаар ойлголтгүй байсан. Цагдаа, прокурорын байгууллагаас ч надтай нэг удаа холбогдоогүй. Тиймээс би зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Н.Анхтуяа өмгөөлөгчтэй гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт 4 сая төгрөгийг төлсөн.
2.8.4. Би энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ ноцтой хохирсон байхад яагаад дахин өмгөөлөгч авч, дахин 4 сая төгрөгөөр хохирч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Хэрэв би өмгөөлөгч аваагүй бол мэдүүлгээ ч өгч чадахгүй, хохирлын тооцоогоо гаргаж, баримтуудаа ч өгч чадахгүй байсан. Энэ нийгэмд хүн бүр Эрүүгийн хууль, хэргийг шийдвэрлэхтэй холбоотой хууль эрх зүйн мэдлэгтэй байдаггүй, би ч гэсэн тэдгээр иргэдийн л адил энэ талын мэдлэггүй. Энэ мэдлэггүй байдлыг өмгөөлөгч оролцож, учрыг тайлбарлан өгч миний эрх ашгийг хамгаалсан.
2.8.5. Анхан шатны шүүхэд өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ, өмгөөллийн хөлс төлсөн баримтуудыг гарган өгсөн ч тухайн өмгөөллийн ямар үндэслэлээр төлүүлээгүй талаараа шийтгэх тогтоолдоо хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүй байгаа нь хуульд нийцээгүй байна.
2025 оны 10 дугаар сард миний гарган өгсөн хохирлын тооцоог хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тусгахаар хуульд заасан. 2025.11.10-ны өдрийн яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг яг хэд гэж тусгасан нь тодорхойгүй, яллагдагчийн зүгээс 8.6 сая төгрөгийн хохирлыг төлсөн талаар ганц л мэдээлэл авагдсан. Хохирогч миний зүгээс 2025 оны 10 сард гарган өгсөн хохирлын тооцоо болон баримтуудыг үнэлсэн эсэх, хохирлын тооцоог ямар хэмжээтэй болохыг тодорхой заагаагүй байсан. Тиймээс 2025 оны 12 сард шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлтийг гаргаж, тухайн хүсэлтийн 3 дахь хэсэгт хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй, тодорхойлоогүй талаар тусгаж, хохирлыг зөв тооцох талаар хүсэлт гаргасан ч шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой гэж үзэж, урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хохирогч миний одоогийн байдал бол зөрчигдсөн эрх буюу хохирлоо бүрэн төлүүлэх байхад миний хэрэгт хавсаргаж өгсөн баримтуудыг үнэлээгүй, хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, яагаад үнэлээгүй талаар шийдвэртээ тусгаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. Тиймээс сэтгэцэд учирсан гэм хорыг хохирол болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн зөв тодорхойлж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг бодитой, бүрэн тодорхойлж, барагдуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч О.Х-ын өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн ослын үйл явдалд шүүгдэгч О.Х- болон өмгөөлөгчийн зүгээс харамсал илэрхийлж байна. Шүүгдэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн. ... Анхан шатны шүүх бодит хохирол гэж юуг ойлгох, шалтгаант холбоо, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас заавал гаргуулах бодит хохирол зэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд нь хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж, 31.809.000 төгрөгийн хохирлыг тогтоож, бодитоор шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнээс бусад давж заалдах шатны шүүхэд гомдолд дурдаад буй асуудлын тухайд иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Тухайлбал, сэтгэл санааны хохирлын хувьд, Шүүхийн шинжилгээний тухай хуулийнхаа 40.1-д зааснаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогддог асуудал. Өөр хэн нэгний үзэмжээр зэрэглэлийг тодорхойлохгүй. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэл санааны хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тодорхойлсон бөгөөд энэ хэмжээгээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн. ... Нэгэнт хэрэгт нэмэлт шинжилгээ, дараа дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 5 дугаар зэрэглэл гэж тодорхойлоогүй байхад 5 дугаар зэрэглэл гэж үзэх боломжгүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зайлшгүй зардал гэдэгт өмгөөлөгчийн зардал хамаарахгүй гэж заасан. ... Хохирогч Д.Т- гэх хувь хүн буюу бие хүн. Гэтэл хуулийн этгээдийн орлогыг шаардсан нь учир дутагдалтай. Хамаарах нөхцөл байдлуудыг тодорхойлоод, иргэний журмаар олох ёстой байсан орлого гэдгээр иргэний хуулийн холбогдох заалтын дагуу нэхэмжлэх эрх нь нээлттэй. Тухайн гэмт хэрэгт шууд учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй. Цалингийн хувьд, аливаа иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын хуулийн дагуу орлого олж буй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл болон улсад төлж буй татвар тайлангаар баталгааждаг. Энэ талаарх баримт хэрэгт бүрэн бодитой авагдаагүй. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай андуураад байх шиг байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн дээд хязгаар 100 хувь гээд түүнээс доош мөнгөн дүнгийн хэмжээгээр хувилж байгаа. Түүнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар хувилж тооцохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тогтооно” гэж заасан. Энэ нь шүүхийн бүрэн эрхийн асуудал. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт хийж, өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Х-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогч Д.Т-, түүний өмгөөлөгч Н.Анхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос шүүгдэгч О.Х-ыг Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарны гүүрэн дээр 2025 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутын үед “Тоёота акуа” маркийн О- УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Т-г мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” нь давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл”-ийг заавал заах учиртай.
Уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Тодруулбал, гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгт холбогдсон шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлын хэмжээг бодитойгоор үнэлж, дүгнээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзлээ.
Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2, 3 дугаар хавтас бүхий /хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нийт 500 хуудас нотлох баримтуудыг бэхжүүлсэн хэдий ч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /4 хх 135-144/-ээс үзэхэд уг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.
Хохирогч Д.Т-гийн ажилгүй байсан хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны үйл ажиллагааны орлого, сэтгэцэд учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх...” хуулийн зорилтод нийцэх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотолбол зохих бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой.
Иймд хохирогч Д.Т-, түүний өмгөөлөгч Н.Анхтуяа нарын “...хохирлыг бүрэн, зөв тооцуулах...” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2026/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч О.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ М.АЛДАР