Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-ьд холбогдох эрүүгийн 1838004430307 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.О-,

Шүүгдэгч Б.О- нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Агьт гэх газарт хохирогч Д.Ч-ын хэвлийн зүүн хэсэг рүү өшиглөсний улмаас зүүн талын 2 ширхэг хавирганд хугарал, 1 ширхэг хавирганд цууралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О- нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Агьт гэх газарт хохирогч Д.Ч-ын хэвлийн зүүн хэсэг рүү өшиглөсний улмаас зүүн талын 2 ширхэг хавирганд хугарал, 1 ширхэг хавирганд цууралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... 2018 оны 05 дугаар сарын сүүлээр байхаа гэр лүү Д.Ч- эгчид хандаж та одоо ямар сонин юм бэ хонь малаа ч хашихгүй, ууж идэх нь үнэн юм байж гэж хэлээд нүцгэн хөлөөрөө хэвлийн зүүн хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Д.Ч- эгч юу ч дуугаралгүй хүүхдээ тэврээд гараад явсан. ... Маргааш Д.Ч- эгч аавын гэрт эмнэлэгийн машинтай ирээд гэр лүү явж орсон. ... Би шинжээчийн дүгнэлттэй нэг бүрчлэн уншиж танилцсан. Уг дүгнэлттэй холбоотойгоор санал хүсэлт алга байна. Дээрх гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг / хх-ийн 20-21, 32 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ... Болдбаатар, Б.О- хоёр гэрт орж ирээд Б.О- нь чи яасан том байнаа гээд миний толгой руу гараараа 2 удаа цохисон. Миний зүүн хавирганы тэр лүү 1 удаа тийрч өшиглөсөн. Тэгэхээр нь би дунд хүүгээ тэврээд гэрээс гараад шууд аавынх руугаа явсан. ... Аавынд очоод байж байтал зүүн хавирга руу өвдөөд болохгүй болохоор нь сумын төв рүү эмнэлэг дуудсан. ... 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр рентген зураг авахуулсан рентгений эмч нь хавирга хугарсан байна гээд картан дээр юм бичсэн. ... Би тухайн үед аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлчихээд хувиараа Энх-Амгалан эмчийн Цээнэ эмнэлэгт 4 хоног хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн. Эмнэлэгийн зардал гэж 140.000 төгрөгийг өгсөн. Ер нь бол эмчилгээндээ нийтдээ 250.000 / хоёр зуун тавин хоёр мянга/н төгрөгийг зарцуулсан байгаа. Б.О-иас нэхэмжлэх ямар нэгэн зүйл алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-16 дугаар хуудас/,

Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед Болдбаатар өөрийн хүү Б.О-тай хамт гэртээ ирсэн гэсэн. Манайд Д.Ч- шөнө 03 цагийн үед хүүхдээ тэврээд орж ирсэн. Болдбаатар, Б.О- 2 согтуу ирээд Б.О- нь хонь хашсангүй гээд миний шанаа руу 2 удаа цохиод зүүн бөөр лүү өшиглөсөн гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 267 дугаартай “ 1.2. Д.Ч-ын биед зүүн талын 2 ширхэг хавирганд хугарал, 1 ширхэг хавирганд цууралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 4. Д.Ч-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 1838004430307 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.О- нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн Агьт гэх газарт хонь хашсангүй гэх шалтгааны улмаас хохирогч Д.Ч-ын хэвлийн зүүн хэсэг рүү өшиглөсний улмаас зүүн талын 2 ширхэг хавирганд хугарал, 1 ширхэг хавирганд цууралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.Ч-, гэрч Д.Тэрбиш нар нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Хохирогч Д.Ч- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн 1838004430307 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.О- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838004430307 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ЭРДЭНЭ-ОЧИР