Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/446

 

 

 

 

 

 

  2026             04             16                                         2026/ДШМ/446

 

Б.А, Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Г,

цагаатгагдсан этгээд Б.Т, түүний өмгөөлөгч Б.Т,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Х.Б,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Г-ы бичсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр Б.А, Б.Т нарт холбогдох эрүүгийн ......................... дугаар хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.А, Б.Т нар нь бүлэглэж 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... дүүргийн .... дүгээр хороо, .... дүгээр гудамжны .... тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох А.Б-той маргалдан гал руу түлхэн унагааж цээж, баруун, зүүн бугалгад хоёрдугаар зэргийн түлэгдэлт, зулгаралт, цохиж зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Т, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Т-ийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.А-ээс 1,483,018 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч Б.А, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.А нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Г бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх, хохирогч А.Б-ын биед учирсан цээж, баруун, зүүн бугалгад хоёрдугаар зэргийн түлэгдэлт, зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл нь шүүгдэгч Б.А-ийн цохих, түлхэх үйлдлийн улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгч Б.Т-ийг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж шүүгдэгч Б.А-тэй бүлэглэн, А.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнээд, прокуророос шүүгдэгч Б.А, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээлэл агуулсан, хэрэгт хамааралтай, эх сурвалж нь бодитой төдийгүй хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан хэрэгт ач холбогдол бүхий хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Тодруулбал хавтаст хэрэгт хууль ёсны үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох хохирогч А.Б-ын “...манай эхнэр надаас 10,000 төгрөг асуусан бөгөөд би дуугай сууж байхад манай эхнэр миний нүд рүү гараараа 1 удаа цохисон..., манай эхнэр Б.Т надаас 30,000 төгрөг өгчих гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гээд өгөөгүй тэгсэн чинь эхнэр уурлаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон... тэгж байтал хамт байсан эхнэрийн дүү Б.А нь эгчийгээ өмөөрсөн үү яасан миний зүүн нүд рүү гараараа бас цохиод авсан... мөн биднийг ноцолдож байхад ээж гаднаас орж ирээд боль гээд болиулах гэтэл ээжтэй хамт намайг Б.А түлхсэн чинь ээж бид 2 гал түлсэн байсан зуух руу унаад миний цээж, гар түлэгдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Ж-ийн “...Б.Т эгч А.Б ахын нүд рүү нэг удаа цохисон чинь гаднаас А.Б-ын ээж орж ирээд цагдаад дуудлага өгсөн...”, та нар нийлээд намайг зодчих л доо гээд манай эхнэр лүү нүүр амаа ойртуулаад дайраад байхад нь манай эхнэр түүний нүүр лүү алгадаад авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Ч-ий “...Б.Т-ийн дүү Б.А нь А.Б-ын нүүр лүү гараараа цохиж зодоод байсан. ...зүүн билүү баруун нүд, хацар нь хавдаад хөхөрчихсөн цус гоожсон байдалтай нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай “...А.Б-ын биед цээж, баруун, зүүн бугалгад хоёрдугаар зэргийн түлэгдэлт, зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэргээр хохирогч А.Б-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг яллагдагч Б.Т, шүүгдэгч А нар нь бүлэглэн учруулсан нь нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” хүчингүй болгохоор хуульчилсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч, яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд эрс зөрүүтэй, нэгнээ өмгөөлсөн, хаацайлсан мэдүүлэг өгснийг анхаарч, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхэд дүгнэлт хийхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй атал зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-ийг буруутгасан нөхцөл байдлыг үнэлэн Б.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Б-ын нүүрэн тус газар нь цохисон үйл баримт болсны дараа орж ирсэн гэрч А.Ч, А.К-тай нарын мэдүүлгийг Б.Т-д холбогдох хэргийг цагаатгах шийдвэрийнхээ үндэслэл болгосон төдийгүй хавтаст хэрэгт авагдсан хэн гэгч гэрчийн хэддүгээр талд байгаа нотлох баримтыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн агуулгыг зөрүүтэй дүгнэсэн. Нөгөөтээгүүр хохирогч А.Б, гэрч С.Ж нарын удаа, дараа өгсөн мэдүүлэгт хэрхэн үнэлэлт, дүгнэлт хийж, мэдүүлэг нь ямар байдлаар нотлох чадвар алдсан гэж үзсэн нь тодорхойгүй. Б.Т-ийн цохилтын улмаас хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл шийтгэх тогтоолд тодорхой зааж, дүгнээгүй, хэргийн нөхцөл байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрх зүйн дүгнэлт хийхдээ “...шүүгдэгч Б.А-ийн үйлдэл нь хууль зүйн хувьд идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч А.Б-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно...” гэж үзсэн хэр нь ...Б.А-ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учирсан гэж үзнэ...” дүгнэсэн хэргийн үйл баримтыг тал бүрээс бүрэн бодитой хянаж, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэж заасан нь шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй байна гэж үзэхээр байна. Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд дээрх хуулийн дагуу шүүгдэгч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэгдэхээр байтал шүүх тусгайлан торгох ял биелэх хугацааг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосон үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг буруу дүгнэх буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заах байдлаар зөрүүг арилгаагүй, шууд эргэлзээтэй гэж үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлүүдэд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-г гэм буруутайд тооцсон, үүн дээр маргаагүй. Б.Т-тэй бүлэглэн хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдон тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Прокурор эсэргүүцэлдээ “...хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Т нь хохирогч А.Б-ыг зодсон болох нь тогтоогдсон. ...” гэж бичсэн байна. Хохирогч А.Б “шүүгдэгч Б.Т намайг цохихын хувьд цохисон. Б.Т-ийн цохилтоос надад гэмтэл учраагүй. ...” гэж, гэрч С.Ж “нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн болохоос зүүн нүд рүү цохисон гэж мэдүүлээгүй. Цохилтын улмаас А.Б-ын зүүн нүд хөхөрч, хадсан” гэх шинжээчийн дүгнэлт авагдсан. Мөн прокурор “Б.А-ийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн” гэж байна. Б.А-ийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий этгээд биш юм. Б.Т-ийн төрсөн дүү бөгөөд тусдаа Хэнтий аймагт амьдардаг. Хэрэгт авагдсан баримтаар Б.Т, Б.А нар бүлэглэн хохирогчийн зодсон болох нь тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие А.Б-д гомдолтой байна. А.Б намайг зоддог. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Т-ийн өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлж, дүгнэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байна. Гэвч хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж байгаа нотлох баримтууд нь зөрчилтэй байна. Миний үйлчлүүлэгч Б.Т-ийг “Б.А-тэй бүлэглэн хохирогчийн биед халдаж, гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон” гэж байна. Хавтаст хэргийн 31, 34 дүгээр талд хохирогч А.Б-ын мэдүүлэг, 35, 38 дугаар талд Б.Т-ийн мэдүүлэг авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгч эхлээд нөхөртөө цохиулж, гар, хөлөө мушгисан асуудал байгаа. Нөхрийгөө цохихоор нь биеэ хамгаалж цохисон гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад зүүн нүд рүү нь цохисон уу, баруун нүд рүү нь цохисон уу гэдгийг хөтөлбөргүй тогтоогоогүй. Шинжээч миний үйлчлүүлэгчийг хохирогчийн зүүн зовхины дотор хэсэгт бор өнгийн цус хуралттай, зүүн хацрын дээд хэсэгт 1.5х1 см-н хэмжээтэй хатуувтар зөөлөн эдийн гэмтлийг учруулсан” гэж дүгнэсэн. Гэвч хохирогчийн зүүн нүд рүү цохиж, гэмтэл учруулсан талаарх нотлох баримт байдаггүй. Миний үйлчлүүлэгчийг гэмтэл учруулсан гэж үзэж байгаа бол Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т зааснаар хөнгөн гэмтэлд хамаарах боломжгүй. Миний үйлчлүүлэгчийг бусдад зодуулж байхад гэрч С.Ж салгаж, мөн Б.А-ийн мэдүүлэгт энэ талаар дурдагдсан. Дээрх үйл явдлаас миний үйлчлүүлэгч хохирогч А.Б-д нүүрэндээ эхэлж цохиулан дараа нь гараа мушгиулж газарт хэвтсэн болох нь харагдана. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

Прокуророос Б.А, Б.Т нар бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр гудамжны .... тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох А.Б-той маргалдан гал руу түлхэн унагааж цээж, баруун, зүүн бугалгад хоёрдугаар зэргийн түлэгдэлт, зулгаралт, цохиж зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт /хх 125-132/ үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж “...Б.Т-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй. ...” гэж дүгнэн Б.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-хохирогч А.Б-ын “...манай эхнэр надаас 10,000 төгрөг асуусан бөгөөд би дуугай сууж байхад манай эхнэр миний нүд лүү гараараа 1 удаа цохисон. Манай эхнэрийн дүү нь нөхөртэйгөө нийлээд намайг зодсон бөгөөд би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээгүй. Би өөрөө тэвчээд “намайг зод” гээд зодуулж байсан. Ээж орж ирэхэд би цус гараад ухаан алдсан. ...Бид нар хөзөр тоглож байхад манай эхнэр Б.Т надаас 30,000 төгрөг өгчих гэхээр нь би яах гэж байгаа юм бэ гээд өгөөгүй. Тэгсэн чинь эхнэр уурлаад миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгж байтал хамт байсан эхнэрийн дүү Б.А нь эгчийгээ өмөөрсөн үү яасан миний зүүн нүд рүү гараараа бас цохиод явсан. ...Б.А-ийн нөхөр А миний биед халдаагүй. Миний биед учруулсан гэмтлийг Б.А учруулсан. Эхнэрийн намайг цохидог цохилтоос болж миний нүд хөхрөөгүй. Ээжтэй хамт намайг Б.А түлхсэн чинь ээж бид хоёр гал түлсэн зуух руу унаад миний цээж гар түлэгдсэн. Ээж болохоор гал руу унаагүй. Ер нь бол Б.А биднийг санаатай зуух руу түлхээгүй. Сэтгэцэд учирсан хохирлын шинжилгээ хийлгэхээс өөрийн хүсэлтээр татгалзаж байна. ...” /хх 31-32, 34-35/,

-гэрч С.Ж-ийн “...Хадам ах хожигдоод мөнгөө өгөхгүй гэж уурлаад эхнэрээ ядуу гуйлгачнаар дуудаад заамдаад аваад газарт унагааж дээрээс нь нэг удаа цохиод байхаар нь би очиж салгасан. ...Дахиж маргалдсан. А.Б ах эхнэрээ зодох гэж дайраад байхаар нь Б.Т эгч А.Б ахын нүд рүү нэг удаа цохисон. ...Мөрийтэй хөзөр тоглосон. ...Хадам ах Б, хадам эгч Б.Т, манай эхнэр Б.А бид 4 хамт байсан. ...намайг зодчих л доо гээд манай эхнэрийг нүүр амаа ойртуулаад дайраад байхад нь манай эхнэр нүүр лүү алгадаад авсан. Зуух руу түлхсэн хүн байхгүй. Өөрөө хөл алдаж унасан. ...” /хх 48-49, 51-52/,

-гэрч А.Ч-ий “...би босоод К, Б нарын хамт Б-ын гэр лүү ороход Б.Т-ийн дүү Б.А нь А.Б-ын нүүр лүү гараараа цохиж зодоод байсан. ...Б.А нь А.Б бид хоёрыг хамтад нь түлхэхэд бид 2 зуух руу унаад, А.Б-ын хавирга, нуруу хэсгээр түлэгдсэн. Би бол түлэгдээгүй. Б.А нь намайг хуванцар жижиг сандлаар миний толгой хэсэгт аярхан цохиод авсан. Архичин хүүхдээ аваад зайл, хүү чинь агсам тавиад байна гэж хэлсэн. ...Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй толгойд ямар ч гэмтэл учраагүй сандлаар зөөлхөн цохисон, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Зүүн бил үү баруун нүд, хацар нь хавдаад хөхөрчихсөн цус гоожсон байдалтай нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. ...” /хх 57-58/,

-гэрч А.Ж-ийн “...би гэр лүү ороход ахын хамраас цус гоожчихсон, уруул нь сэтэрсэн, нуруу нь түлэгдсэн байдалтай, хоолой боосон оромтой байсан ба түүний хажууд эхнэр Б.Т, Б.А, С.Ж нар байсан. Яг хэн зодсоныг нь хараагүй. ...” /хх 59-60/,

-гэрч А.К-ийн “...Гэр лүү яваад ороход А.Б-ыг газар унагаачихсан хамар амнаас нь цус гарчихсан, дүү охин Б.А нь хоолойгоор нь гараараа боочихсон. ...хэн тэгснийг нь мэдэхгүй А.Б-ыг галтай зуух руу ээжтэй нь хамт түлхээд А.Б-ын нуруу жижигхэн газар түлчихсэн байсан. ...” /хх 62-63/,

-насанд хүрээгүй гэрч А.Д-ын “...А.Б ахыг Б.А зуух руу түлхэж унагааж байсан. ...Түүний зүүн нүд рүү Б.А-г сандлаар цохичихлоо гэж А.Б ах хэлж байсан. ...” /хх 66-67/,

-Б.Т-ийн яллагдагчаар өгсөн: “...Би нүүр лүү нь нэг удаа алгадсан. ...Б.А нь 2-3 удаа цаашаа бай гээд нүүр лүү нь алгадсан. ...” /хх 94-96/,

-шүүгдэгч Б.А-ийн яллагдагчаар өгсөн: “...Манай эгч түүнийг алгадсан. ...би түүний хацар луу 2 удаа алгадсан. ...” /хх 102-104/ тус тус мэдүүлгүүд,

-иргэний нэхэмжлэгч Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ж.Г-ын “...Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Налайх эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж 35,396 төгрөг, мөн тухайн өдрөө оношилгоо шинжилгээний багц 66,769 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Налайх эрүүл мэндийн төвөөс хэвтүүлэн эмчилгээний 1,380,853 төгрөг, нийт 1,483,018 төгрөгийн зардал холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. ...” гэсэн нэхэмжлэл /хх 118-120/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай “…А.Б-ын биед цээж, баруун, зүүн бугалгад хоёрдугаар зэргийн түлэгдэлт, зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цээж, баруун, зүүн бугалгад учирсан түлэгдэлт гэмтэл нь халууны үйлчлэлээр, бусад зүүн хацарт учирсан зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд учирсан цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 77-78/,

гэмт хэргийн талаар гаргасан өргөдөл, гомдол /хх 21/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 23-24/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр гудамжны .... тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас “эгчийгээ өмөөрч” А.Б-той маргалдан гал руу түлхэн унагааж цээж, баруун, зүүн бугалгад хоёрдугаар зэргийн түлэгдэлт, зулгаралт, цохиж зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

Мөн анхан шатны шүүх, Б.Т-ийн хохирогч А.Б-ыг 1 удаа цохисон үйлдлийг дүгнэхдээ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн нөхцөл байдал, шалтгаан, уг шалтгааны улмаас хийгдсэн хариу үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлтэй уялдуулан эрх зүйн зөв дүгнэлт хийсэн байна.

Прокурор Г.Г “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулгатай эсэргүүцэл гаргажээ.

Хохирогчийн согтуурсан үедээ гаргасан санаатай зүй бус, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, улмаар хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол учирсан тохиолдол зэрэгт хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг харьцуулан судалж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, эрх чөлөөнд халдаж, өдөөн турхирч буй хохирогчийн зүй бус халдлагыг хохирогч гэмтсэн учраас гэх шалтгаанаар зөвтгөж болохгүй.

Хохирогч А.Б, түүний эхнэр Б.Т, Б.Т-ийн төрсөн дүү Б.А, түүний нөхөр С.Ж нар нь хөзөр тоглож байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо маргалдан А.Б нь Б.Т-ийг хэл амаар доромжилж, биед нь халдах үед Б.Т нь мөн нөхөр А.Б-ын биед халдаж, 1 удаа цохиж нүүр хэсэгт нь цохисон бөгөөд Б.А нь өөрийн төрсөн эгчийг өмөөрч хүргэн ах А.Б-ын биед халдан нүүр лүү нь цохиж, түүнийг зуух руу түлхэж унагасан болох нь хохирогч А.Б-ын “...миний биед учруулсан гэмтлийг Б.А учруулсан. Эхнэр намайг цохидог цохилтоос болж миний нүд хөхрөөгүй, харин Б.А хүчтэй цохисон. ...ээжтэй хамт Б.А түлхсэн чинь ээж бид хоёр гал түлсэн байсан зуух руу унаад би түлэгдсэн. ...”, гэрч А.Ч-ий “...Б.Т-ийн дүү Б.А нь А.Б-ын нүүр лүү гараараа цохиж зодоод байсан. ...Б.А нь А.Б бид хоёрыг хамтад нь түлхэхэд бид хоёр зуух руу унаад А.Б-ын хавирга, нуруу хэсгээр хайрагдаж түлэгдсэн. ...”, гэрч А.К-ийн “...Б.А нь хоолойгоор нь гараараа боочихсон байж байхаар нь та нар чинь яаж байна гээд салгаж авсан. ...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч А.Б-ын биед учирсан цээж, баруун, зүүн бугалгад хоёрдугаар зэргийн түлэгдэлт, зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл /хх 77-78/ нь шүүгдэгч Б.А-ийн цохих, түлхэх үйлдлийн улмаас үүссэн байна. Б.Т-ийг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж шүүгдэгч Б.А-тэй бүлэглэж хохирогч А.Б-ын биед гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Б.Т-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Г-ы бичсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Л.ОДОНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР