Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01433

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01433

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/02658 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Ц.Жд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 66,792,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох, хариуцагчийн өмгөөлөгч С.Болорчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Саади констракшн ХХК нь Ц.Жгийн хүсэлтэд үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 23,000 ам.долларыг түүний Хаан банк дахь 5133225166 дугаар дансанд шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн.

1.1. Нэхэмжлэгчийн нягтлан бодогч мөнгө шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Уг мөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч нь 7 хоногийн дотор буцаан төлнө гэсэн боловч төлөөгүй. Иймд Ц.Жгаас 23,000 ам.доллар буюу Монгол банкнаас зарласан ханш болох 2,904 төгрөгөөр тооцож, 66,792,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие С ХХК гэх компанийг мэдэхгүй бөгөөд нэхэмжлэгчээс зээл авч байгаагүй. С ХХК-аас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний бие зээл авах хүсэлт гаргаж байгаагүй ба өөрийн нэр дээр ямар нэгэн зээл авахаар тохиролцсон зүйл байхгүй. Гэтэл С ХХК нь миний хүсэлтийг үндэслэн надад зээл олгосон мэтээр худал нэхэмжлэл гаргасан байна.

2.1. 2019 оны 09 дүгээр сард миний нөхөр байсан Боб нь миний Хаан банк дахь миний 5133225166 дугаар дансаар дамжуулан 23,000 ам.доллар гаргуулан авч байсан. Тэр мөнгийг би С ХХК-аас зээлээр авсан талаар огт мэдээгүй. Манай нөхөр ч тухайн үед надад энэ талаар огт хэлээгүй бөгөөд зөвхөн ...дансаа өгч бай мөнгө авах гэсэн юм... гэж хэлээд тус мөнгийг гаргуулж авч байсан. Боб тухайн үед өөрийн найзад туслах зорилгоор авсан гэж саяхан надад хэлсэн. Би тус зээлийг огт аваагүй ба нэг ч төгрөгийг зарцуулж, ашиглаагүй болохыг Боб гэрчилнэ.

2.2. Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуулгаас үзэхэд тус мөнгийг шилжүүлсэн этгээдээр Б.Сайханжаргал гэдэг хувь хүн байна. Миний бие тус хүний талаар ч огт мэдэхгүй бөгөөд яагаад өнөөдөр нэхэмжлэл гаргаж буй этгээд тус хувь хүн биш, С ХХК байгаад эргэлзээ төрж байна. Хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд Б.Сайханжаргал тус компанийн хувьцаа эзэмшигч биш, мөн эцсийн өмчлөгч биш байна. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтад хариуцагч Ц.Ж надаас зээлийн төлбөрөө нэхэмжилж байсан талаар нэг ч нотлох баримт бичиг хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Жгаас зээлийн гэрээний үүрэгт 66,792,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 491,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 491,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Уг зээлийн харилцаанд Ц.Ж нь огт хамаагүй болохыг гэрчлэх зорилгоор гэрчээр мэдүүлэг авахаар гаргасан хүсэлтийг шүүх хангаагүй нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Тус гэрчүүдийн мэдүүлэг нь зээлийн гэрээний харилцаа анхнаасаа С ХХК болон Ц.Ж нарын хооронд үүсээгүй, зээлийн үүрэгт 23,000 ам.доллар төлөх үүрэггүй болохыг нотлох хэрэгт чухал, ач холбогдол бүхий нотлох баримт болохоор байсан.

4.1. Хариуцагчийн зүгээс 3 этгээдийг гэрчээр асуулгах хүсэлтийг өгсөн. Гэтэл шүүх гадаад улсад, мөн Монгол улсад оршин суугаа этгээдийг гэрчээр асуухаас татгалзсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг зөрчсөн.

4.2 Аль нэг байгууллагын ажилтан өөрийн хувийн данснаас шилжүүлсэн төлбөр болгоныг тухайн компанийг төлөөлж зээл олгосон гэж үзэхгүй нь хуульд нийцэхгүй. Мөн Б.Сайнжаргал нь тухайн компанийн хууль ёсны ажилтанг батлах баримтгүй байхад мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь зээлийг 7 хоногийн хугацаатай олгосон гэх боловч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл Ц.Жгаас зээлийн эргэн төлөлтийг шаардаж байгаагүй. Анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлд Тус зээлийг тухайн үед Саадиконстракш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Дилшад Али нь өөрийн найзууддаа уулзаж байгаад итгээд олгохоор болсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Үүнээс үзэхэд Ц.Ж тэр зээлийг авсан гэж үзэхээргүй байх бөгөөд түүнийг өөр хүн авсан болох нь нотлогдож байна.

4.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээл авахаар захиралтай Ц.Ж уулзахаар ирж, зээл авах хүсэлтээ гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаагүй, энэ талаар нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл сонсож байгаагүй, Алитай уулзаж байгаагүй.

4.5. Түүнчлэн, зээл авсан Абдулзарим Забоонтариж нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлэгч Дилшад Алигийн Тээвэр хөгжлийн банк дахь 900020231 дугаар дансанд 40,552,000 төгрөгийг шилжүүлсэн, 4,900 ам.долларын үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон. Энэ Ц.Ж зээл аваагүй, мөн С ХХК нь зээлийг олгоогүй болохыг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ц.Жд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,792,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С ХХК нь Ц.Жгийн хүсэлтэд үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 23,000 ам.долларыг шилжүүлснээр зээлийн гэрээний харилцаа үүссэн. Хариуцагч нь 7 хоногийн дотор буцаан төлнө гэсэн боловч төлөөгүй тул 66,792,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг ...Зээл авах хүсэлт гаргаж байгаагүй, зээлийг аваагүй, манай нөхөр миний дансаар дамжуулан 23,000 ам.доллар гаргуулан авч байсан гэж үгүйсгэн маргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан эсэхийг буюу татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор Belkacemi Mohamed, Ali Humood Hamad Akili, Mahir нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байх бөгөөд Belkacemi Mohamed-ийн оршин суух хаягийг Алжир улс, Ali Humood Hamad Akili-ийн оршин суух хаягийг Алжир улс, холбоо барих утас 97477779584, Mahir-ийн оршин суух хаягийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалант хотхон, 60 дугаар байр, 65 тоот, холбоо барих утас 94997999 гэж тус тус тодорхойлсон байна.

3.1. Шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2022/14367 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтийн Belkacemi Mohamed, Ali Humood Hamad Akili нарыг гэрчээр асуулгах хэсгийг дээрх иргэд гадаад улсад оршин сууж байгаа, тэдгээрийн оршин сууж байгаа хаяг тодорхойгүй, Mahir-ийг нэхэмжлэгч нь маргаж буй мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансаар шилжүүлсэн талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх.37-38/

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авахаас гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

3.3. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн гэрч асуулгах хүсэлтийг ...гадаад улсад оршин сууж байгаа, тэдгээрийн оршин сууж байгаа хаяг тодорхойгүй, Mahir-ийг нэхэмжлэгч нь маргаж буй мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансаар шилжүүлсэн талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх болон талуудын мэтгэлцэх буюу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ нотлох эрхийг зөрчсөн байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

3.4. Түүнчлэн, анхан шатны шүүх Mahir-ийг гэрчээр асуулгах хүсэлтийг ...маргаж буй мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансаар шилжүүлсэн талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

4. Мөн анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа хэний хооронд үүссэн үйл баримтыг нотлох баримтад үндэслэн дүгнэлт өгөх шаардлагатай.

5. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/02658 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН