| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0189/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 192
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Батболдын Ууганбатад холбогдох 1831000220097 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1990 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, 15-407 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ-ын төлөөлөгч, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Тайж овогт Батболдын Ууганбат, /РД: ОЖ90052016/,
Шүүгдэгч Б.Ууганбат нь 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд иргэн Э.Ариунбат бусдад 5.000.000 төгрөгний хахуул өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Б.Ууганбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 14-нд яллагдагчаар өгсөн: ... Уг шөнө Э.Ариунбат нь надад мөнгө гаргаж өгсний дараа хашаанаас нь Э.Ариунболд ах нь Ланд 80 /харанхуй шөнө байсан болохоор хар бараан өнгөтэй байсан байх, улсын дугаарыг нь мэдэхгүй, ланд-80 маркийн машин байсан байж магадгүй/ маркийн машинтай гарч ирсэн ба Э.Ариунбат нь намайг “ийшээ суугаад хот руу явчих, утсаа унтраагаарай” гэсэн ба 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурал болтол хүнтэй уулзуулахгүй гэсэн санаатай байсан гэж боддог. Тэгээд би уг машинд нь суугаад гэрийнхээ үүдэнд бууж, Э.Ариунболдыг гэрийн гадаа хүлээлгээд хувцас нэмж өмсөөд, эхнэртээ “хот явж хоночихоод ирье” гэж хэлчихээд гарсан ба манай эхнэр юу ч асууж амжаагүй, нойрмог үлдсэн. Тэгээд Ерөө сумаас гараад Дархан хотод шөнийн 02:00 цагийн үед ирээд товчоон дээр буулгаад замын жижиг тэргэнд таксинд суулгаад хот руу явуулсан. Таксины мөнгийг нь /40.000 төгрөг/ Э.Ариунболд өгсөн. Э.Ариунболдын талаар би сайн мэдэхгүй ба өмнө ганц удаа хадлан хийж байх үед харж байсан. Ланд 80 машин нь хэнийх болохыг мэдэхгүй, замдаа Э.Ариунболдтой юм ярилцаагүй. Тэгээд жижиг тэргээр хотод бараг үүр цайж байхад ирсэн ба жолооч нь 40-45 насны эрэгтэй хүн байсан, одоо харвал танихгүй. Машины марк нь Соната 5 байсан байж магадгүй. Тэгээд тэр таксины ахад ”аятайхан зочид буудалд хүргээд өгчих, би ойр зуурын ажилтай явж байгаа юм аа” гэж хэлээд хотод нэг зочид буудлын гадна хүргүүлээд буусан. Би Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй тул одоо яг хаана байсан ямар зочид буудал байсныг хэлж, зааж мэдэхгүй. Тэгээд би буудлын төлбөрөө нөгөө 5 сая төгрөгнөөсөө төлсөн ба нийт 5 резинэн боодолтой мөнгөний 4 боодлыг нь би гэртээ шкафан дахь хувцасны халаасандаа эхнэртээ мэдэгдэлгүй үлдээсэн байсан. Зочид буудалд би хоол ундтайгаа нийлээд 150.000 орчим төгрөг төлсөн, ингээд 01-р сарын 17-ны өглөөнөөс 18-ны өглөө хүртэл буудалд хоноод, Э.Ариунбаттай утсаар яриад “одоо би буцмаар байна, харимаар байна” гэтэл “наана чинь нэг машин наашаа явах гэж байгаа, тэрэнд суугаад ир” гэсэн. Удалгүй нэг дугаараас над руу залгаад “машин угаалгын газар машинаа угааж байна энд хүрээд ир” гэсэн. Тэгээд би буудлаасаа гараад таксинд суугаад жолоочтой нь утсаар яриулаад байгаа газарт нь очсон, одоо мөн хаана байсан ямар газар гэдгийг хэлж, зааж мэдэхгүй байна, ямар ч байсан хотын төв талбайн орчим биш байсан. Тэгээд очиход халзан толгойтой махлаг болон биерхүү өндөр 40-50 орчим насны 2 эрэгтэй байсан ба Ланд-200 /өнгө нь бор шаргал байсан байх, дугаар нь хотынх байсан, 8-ын тоо орсон байсан/ маркийн машинтай Дархан хот руу явсан, замдаа нэг их ярилцаагүй ба хоорондоо компанийн талаар ярилцаад байсан, мөн надаас “юу хийдэг вэ” гэж асуухад нь “ИТХ-ын төлөөлөгч” гэсэн ба эргүүлээд надаас халзан толгойтой нь “цаад ариук чинь бас яах гээд байгаа юм уу, засаг дарга болох гээд байгаа юм уу, дэмжээд өгчихнө биз дээ” гэх зэрэг зүйлс хэлэхэд нь би амыг нь дагуулаад л “за, тийм ээ” гэсэн. Үнэн дээ тэр танихгүй хүмүүсээс би айж байсан. Тэгээд 01-р сарын 18- ны өдрийн 14:00 цагийн Дархан хотод ирээд “Жаспер” зочид буудлын гадна хүргэж өгсөн, Э.Ариунбат надтай утсаар яриад “300 хэдэн тоотод ороод ир” /307 байсан байж магадагүй/ гэхэд нь ороход Э.Ариунбат нь төлөөлөгч н.Бямбадорж, Л.Болормаа нарын хамт байсан. Уг өрөө нь 2 ортой нэг том өрөө байсан ба 01-р сарын 19-ний өдрийн хурлын тухай “дэмжээрэй” гээд бүгд надад хэлж байсан. Би тэгээд эхнэр хүүхэд Дархан хотод ирчихсэн байсан тул тэд нарт “эхнэр хүүхэдтэйгээ уулзаад захаар дайраад Ерөө сум руу замын унаанд суугаад явлаа” гэж хэлээд гарсан. Намайг хүргэж ирсэн 2 хүнтэй Э.Ариунбат нь “гарч уулзчихаад ирье” гээд гарчихаад эргэж орж ирж байсан. Манай эхнэр цэцэрлэгийн багш болохоор Дарханы дээд сургуульд 7 хоног бүрийн баасан, бямба гараг бүрт хичээлтэй байдаг ба 4 дэх өдөр нь Дарханд ирдэг юм, одоо 3 дахь жилдээ суралцаж байгаа. Тэгээд тухайн үед манай эхнэр Баттулгын Гэрэлжаргал нь бага хүү У.Энхочир /одоо 10 сартай/-ын хамт ирсэн байсан. Тэгээд Дархан хотын зах дээр уулзаад, би өөрийн төрсөн дүү Батболдын Лхамын гэрт очсон, гэр нь Дархан хотын хуучин Дарханы толгойтын хашаа байшинд байдаг, утас нь 99379207. Манай дүү жирэмсэн байсан. Тэгээд эргэж зах дээр ирээд хоол ундны зүйлс авсан, мөн өмнө мэдүүлсэн пейжээ захаас авсан. Тэгээд захын гадна байдаг замын автобусанд /тендерийн/ суугаад Ерөө суманд гэртээ 18:00 цагийн үед ирсэн. Тэгээд л маргааш нь хурал болоод би гарч явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р ху/,
2. Шүүгдэгч Б.Ууганбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 16-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Би худал мэдүүлэг өгч байсандаа харамсаж, гэмшиж байна. Ерөө сумын газрын даамал Э.Ариунбат нь ИТХ-ын төлөөлөгч Э.Одгарав, Бямбадорж, Эрдэнэбаяр, Нямхүү, Уянга, Батболд нартай нийлж хурлын даргыг огцруулах ажлыг зохион байгуулсан. Тэгэхээр нь хүчийг нь сааруулах гээд “Э.Ариунбат надад мөнгө өгсөн” гэж мэдүүлсэн. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 47-р ху/,
3.Шүүгдэгч Б.Ууганбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ардчилсан нам 27 жилийн хугацаанд улс төрийн сонгуульд ялалт байгуулж байгаагүй. Улмаар 27 жилийн дараа анхны ялалтаа авсан. Энэ ялалтаа алдахгүйн тулд болчимгүй үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Миний бие улс төрийн намын үйл ажиллагаа эрхлээд 3-4 жил болж байна.Үүний үр шимийг байгаагаар нь үлдээхийг хүссэн юм. Эд мөрийн баримтаар хураагдсан 5 сая төгрөг миний мөнгө. Хэдэн малаа зарсан мөнгө, ноолуур борлуулсан мөнгө мөн машин авах гээд хадгалж байсан мөнгөнөөс бүрдсэн миний өөрийн мөнгө. Гэм буруугаа хүлээж байна. Прокурорын газраас санал болгосон 5400 нэгжээр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна.Торгуулийн мөнгийг 3 сарын хугацаанд цалингийн зээл авч төлөх боломжтой. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байна. Ахиж ийм үйлдэл хийхгүй. ...гэх мэдүүлэг,
4.Хохирогч Э.Ариунбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: ... Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байгаад Ерөө сумын засаг даргад Монгол ардын намаас нэр дэвшихээр болсон. Нэр дэвших үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж би холбогдох материалаа өгөөд байж байхад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас намайг дуудуулсан. Би цагдаа дээр ирэхэд “Ерөө сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Ууганбатад авилгал өгсөн” талаар хэлж намайг шалгах болсон. Би ингэж өөрийгөө хэрэгт холбогдож байгаагаа ойлгосон. Надад авилга өгсөн асуудал байхгүйг энэ хугацаанд тогтоосон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 58-р ху/,
5.Гэрч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн орой 23 цагийн орчим байх цагийг нь сайн мэдэхгүй байна. Намайг гэртээ байж байтал манай сумын газрын даамал Ариунбат, сумын ИТХ-ын төлөөлөгч Нямхүү, Батболд нар манай гэрт Ариунбат ахын “Приус-20” маркийн машинтай ирж надтай уулзаж “Баялаг гэх нэртэй зочид буудалд манай сумын ИТХ-ын төлөөлөгчид цуглан маргаашийн буюу, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит ИТХ-ны талаар ярилцаж байна, цуг явъя” гэж хэлэхээр нь би дагаж Баялаг нэртэй зочид буудалд очтол 2 давхрын эхний өрөөнд манай сумын МАН-ын бүлгийн 8 төлөөлөгч байсан. Тэгээд бид 4 нэмж ороод маргаашийн хурлын зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын бүлгийн зүгээс ИТХ болон засаг даргын албан тушаалын хариуцлага тооцох, огцруулах талаар ярилцсан. Тэгээд асуудлыг ярилцахад гишүүдийн ирцийн хувьд хуралд ирэх гишүүд бүрэн боломжтой байсан. Гэхдээ эрсдэл тооцож нэг төлөөлөгчид заавал санал тавьж, ярилцах шаардлагатай болсон. Тэнд цугласан гишүүд дундаа ярилцаад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ууганбатыг сонгоод очиж уулзахаар болсон. Ууганбатыг сонгосон шалтгаан нь урьд өмнө ИТХ-аар Ардчилсан намын бүлгээс сумын засаг дарга болон ИТХ-ын даргыг хариуцлага тооцож огцруулах асуудлыг 2017 оны хамгийн сүүлийн хуралдаанаар ярилцсан байсан. Энэ хуралдаан дээр Ууганбат нь уг асуудлыг дэмжиж байсан. Тийм учраас л Ууганбатыг сонгож уулзахаар болсон. Тэгээд газрын даамал Ариунбат ах бид хоёр Ууганбатын гэрт нь 00 цаг өнгөрч байхад очиж Ууганбатын гэрт би орж уулзаад “гарч ярилцах зүйл байна” гээд дагуулж гарсан. Гадаа гарч Ариунбатын машинд сууж гэрийнх нь гаднаас хөдлөөд гудамжных нь баруун талд гарч зогссон. Би тэгээд Ууганбатад “маргаашийн хурагдаанаар сумын засаг дарга, ИТХ-ын дарга хоёрыг огцруулах шаардлагатай байна, Хэрэв огцруулчих юм бол би хурлын дарга болно, чи харин Засаг даргын орлогч ИТХ-ын тэргүүлэгч, эсвэл багийн засаг дарга болох уу” гэсэн санал тавьсан. Гэтэл Ууганбат засаг даргын орлогчоос татгалзаж “нөгөө хоёрт нь бол болж байна” гэж хэлсэн Тэгэхээр нь Ариунбат ах бид хоёр “чи хэрвээ болно гээд зөвшөөрч байвал бид хоёр нууцаа задлаад хөзрөө дэлгээд чамайг нэг хүнтэй аваачиж уулзуулна” гээд дагуулж Баялаг зочид буудалд байсан нөгөө хэд лүү дагуулж очсон. Ууганбатад Ариунбат нь анх 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой уулзахдаа бэлэн мөнгө, төгрөг намайг хамт явж байх хугацаанд бол өгөөгүй. ...гэх мэдүүлэг, /хх- ийн 11-12-р ху/,
6.Гэрч Ж.Мөнхдалайгийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... Б.Ууганбатыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болсон хуралд оролцуулахаар 5 сая төгрөг өгсөн гэх асуудлын талаар би мэдэхгүй. Уг хурлын дараа тийм яриа явагдаад байсан ба миний хувьд зочид буудалд болсон уулзалтанд тийм зүйл яригдаагүй тул мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 29-р ху/,
7.Гэрч Б.Бямбадоржийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... Б.Ууганбат нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буудлын өрөөнд ирээд маргааш нь болох хуралд оролцохоо мэдэгдсэн. Тэгээд 17-ны өдөр уг хурал цуглахад ирсэн байсан боловч хурал эхлэхээс өмнө юу ч хэлэлгүй гараад явчихсан. Тэгээд уг хурлын ирц хүрэлгүй хүчингүй болсон. Би “Б.Ууганбатад Э.Ариунбат нь 5 сая төгрөг өгсөн гэнэ, тэгээд цагдаад шалгагдсан гэнэ” гэх яриа сүүлд нь сонссоноос яг мөнгө авсан, өгсөн зүйлийг тухайн үед нь мэдээгүй, буудлын өрөөнд болсон уулзалтаар мөнгө төгрөг яриагүй ба сүүлд нь мөнгө төгрөгний асуудал яригдахад их гайхсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р ху/,
8.Гэрч Д.Эрдэнэбулганы 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... Ариунбат нь Ууганбатад мөнгө өгсөн гэх яриаг Ардчилсан намын төлөөлөгч нараас сонссон. Мөн сумын засаг даргын тамгын газарт ч яригдаад сонсогдож байсан. Тэрнээс би яг хэн хэнд хичнээн төгрөг өгсөн талаар мэдэх зүйл байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой зочид буудалд болсон уулзалтанд би эхнээс нь дуустал байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,
9.Гэрч Л.Болормаагийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... Би 2018 оны 01-р сарын 17-ны өдрийн өглөө Ерөө сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Бямбадорж, Д.Эрдэнэбаяр нарын хамт Дархан хот руу явсан. Миний хувьд Дархан хотод амжуулах хувийн ажлууд байсан. Б.Бямбадоржийн хөх саарал өнгийн жижиг тэрэгтэй явсан. Б.Бямбадорж, Д.Эрдэнэбаяр нар нь ямар ажилтай байсныг мэдэхгүй. Тэгээд бид Дархан хотод үдээс өмнө очоод би 16 давхрын орчим бууж үлдээд үеэл дүү Энхтөрийн Мөнгөнтуяагийн гэрт очиж усанд орсон. Тэгээд Б.Бямбадорж, Д.Эрдэнэбаяр нартай холбогдоход “Жаспер зочид буудалд амарч байна, Э.Ариунбат ирнэ” гэхээр нь би яваад очсон. Буудалд оройны 17 цагийн үед очиход Б.Бямбадорж, Д.Эрдэнэбаяр нар байсан, удалгүй Ариунбат ирсэн. Дараа нь Ууганбат ирсэн. Тэгээд бид хурлын талаар буюу “01 дүгээр сарын 19-ний өдөр хурал хуралдах уу, ирц хүрэх болов уу” гэх зэрэг зүйлсийн талаар ярилцсан. Тэгээд Ууганбат түрүүлээд гарсан ба эхнэр нь дуудаад байх шиг байсан. Миний хувьд төлөвлөсөн уулзалт гэж бодохгүй байна, уг буудалд “01- р сарын 19-ний өдрийн хурлаа хийнэ гэснээрээ хиймээр байна, шийдэх асуудлууд байгаа” гэдэг талаар л ярилцсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 247-р ху/,
10.Гэрч М.Ганбаатарын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын өгсөн: ... Сэлэнгэ аймгийн төвд байрлах Нэгдсэн эмнэлгийн зүүн талд байрлах хувийн эмнэлэгт байсан, уг эмнэлэгт зүрх, даралт ихсэх зэрэг шалтгаанаар 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Х.Батцэнгэл, Б.Ууганбат нар ирж уулзсан, уг өдөр эхлээд Х.Батцэнгэл над руу “сумын ИТХ болоод дарга нараа огцруулна гээд хүмүүс тэгж саналаа өг гээд Б.Ууганбатад хэлсэн байна, тэгээд сандраад хурлыг орхиод гараад ирлээ яах вэ” гэх утгатай зүйл хэлэхээр нь “хүрээд ир” гэсэн, Тэгээд Х.Батцэнгэл, Б.Ууганбат нар нь тэр өдрийнхөө орой аймагт ирээд миний хэвтэж байсан эмнэлгийн урд байрлах “Ихо” нэртэй ресторонд уулзаад ярилцсан ба надад “хурлын дарга, засаг дарга нарыг огцруулах хуралдаа Б.Ууганбатыг оролцуулах гээд шахсан” гэх утгатай зүйл хэлэхэд нь “би өөрсдийнхөө үзэл бодлоор хандаад байр суурьтай бай” гэж зөвлөөд явуулж байсан. Тэр хоёр оройны 23:00 цагийн үед явсан ба Х.Батцэнгэлийн хар хөх өнгийн 27-00 СЭА улсын дугаартай “Кровн” марийн машинтай явж байсан. Тэгээд би уг өдрөөс хойш 4, 5 хоногийн дараа эмнэлгээс гарсан ба эмнэлгээс гарахын 1 хоногийн өмнө Э.Ариунбат нь хурлын төлөөлөгч нарт мөнгө өгсөн гэх яриа гарсныг Х.Батцэнгэлээс сонсож байсан. 2018 оны 01-р сарын 20-ны өдөр шилжүүлсэн 300.000 төгрөгийн тухайд Х.Батцэнгэл нь надад “Б.Ууганбатад мөнгөний хэрэг болчихлоо” гэхээр нь би “байгаагаа явуулъя” гээд шилжүүлж байсан юм. 01-р сарын 29-ний өдөр шилжүүлсэн 100.000 төгрөг нь бензиний мөнгө байх, нэг тийшээ ажлаар явах гэтэл мөнгөгүй болчихлоо гэхээр нь би шилжүүлж байсан. 01-р сарын 31-ний өдөр шилжүүлсэн 950.000 төгрөг нь Ерөө суманд сургуулийн сурагчдын дунд нэг үйл ажиллагаа зохион байгуулагдаад тухайн үед би хувиасаа гаргаад шилжүүлж байсан мөнгө, өөр хүмүүсээс гуйж цуглуулаад Х.Батцэнгэл рүү шилжүүлж байсан. Надад мөнгө өгсөн авсан гэх харсан зүйл байхгүй, Тухайн үед Ууганбатад би “тийм зүйл байгаа бол хуулийн байгууллагад ханд” гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 249-р ху/,
11. Шүүгдэгч Б.Ууганбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 93-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 17-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 91-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж,яллагдагчаар татах тогтоол, /хх 239-240-р ху/,яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, /2-р хх-ийн и61-62-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 241-242-р ху, 2-р хх-ийн 47,49, 63-64-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 65-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /2-р хх-ийн 66-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 68-69-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 70-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи тухай прокурорын санал, /хх-ийн 78-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ууганбат нь 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвд иргэн Э.Ариунбат бусдад 5.000.000 төгрөгний хахуул өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, мөн хавтаст хэрэг авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл болон бусад нотлох баримт батлагдаж байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ууганбатыг дээрхи гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх санал ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгч нь хэргээ хүлээн зөвшөөрсөн болон прокуророос шүүгдэгчийг 5400 нэгжээр торгох ялаар шийтгэх гаргасан саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 5400 нэгжээр торгох ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1,3, 7.5-р зүйлийн 1,2,4-д хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирсэн 20 мянгатын 250 ширхэг буюу 5.000.000 /таван сая/ төгрөгийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тайж овогт Батболдын Ууганбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 21.2-р зүйлийн 2-т заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 -р зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Тайж овогт Батболдын Ууганбатыг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ууганбатын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ууганбатад мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Ууганбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 -р зүйлийн 1,3, 7.5-р зүйлийн 1,2,4-д хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирсэн 20 мянгатын 250 ширхэг буюу 5.000.000 /таван сая/ төгрөгийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй..
7.Шүүгдэгч Б.Ууганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН