| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2306000511021 |
| Дугаар | 2026/ДШМ/445 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/445
2026 04 16 2026/ДШМ/445
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.М,
хохирогч Г.Э,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.О,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/349 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Э-ы гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-т холбогдох эрүүгийн .................... дугаар хэргийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр .....дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “З” зочид буудалд байрлах “Э” караокены үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, виски 1 ширхэг, архи 2 ширхэг, шоколад 5 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 161.280 төгрөгийн хохирол, 200.000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түүхий эдийн төвд хохирогч Г.Э “хэлсэн үгэнд уурлаж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хацар яс, хоншоор ясны урд, ар хана, баруун ухархайн доод ханын зөрүүтэй нийлмэл далд хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б-ээс Эрүүл мэндийн даатгалын санд 193.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-ээс нөхөн төлсөн 160.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... тоот данснаас гаргуулж хохирогч Г.Э-д олгож, хохирогч Г.Э нь эмчилгээ хийлгэсэн бусад зардал, цаашид эмчилгээ хийлгэх зардал зэргээ шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа миний сэтгэл санааны хохирлыг шийдвэрлээгүй. Хэрэгт эмнэлгийн үзлэг, томограф, шинжилгээний баримтууд хавсаргагдсан боловч шүүх эдгээр нотлох баримтыг хангалттай үнэлээгүй. Мөрдөн байцаагч миний сэтгэл санааны хохирлыг тогтоолгох талаар бодитоор асуугаагүй атлаа хэрэгт тогтоолгохгүй гэж худал тэмдэглэл хийсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд хохирогч миний эрхийг зөрчсөн үйлдэл юм. Энэхүү нөхцөл байдал нь миний сэтгэл санааны хохирлыг бодитой, шударгаар үнэлүүлэх шаардлагатай болсон учир надад учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээг мэргэжлийн шинжээчээр тогтоолгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан алдааг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хэрэгт хавсаргасан эмнэлгийн баримт, шинжилгээний нотлох баримтыг бүрэн үнэлэх шийдвэр гаргаж өгнө үү. ...Миний нүдний хараа муудсан, орой болгон өвчин намдаах эм ууж байгаа. Би харуул хийдэг, ажлаа хийх гэхээр баруун талын нүд бүрэлздэг болсон. Би одоо 65 настай, 2-3 жилийн дараа хараатай байх эсэхээ хэлж мэдэхгүй байна. Мөрдөгч надаас сэтгэл санааны хохирлын талаар асуугаагүй. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй гэж би хэлээгүй. Намайг ажилтай байхад манай охин бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгтэй танилцахад хохирогч Г.Э “сэтгэл санааны хохирол төлбөр гаргуулахгүй” гэж хүсэлт бичиж өгсөн байсан. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр талд хэргийн материалтай танилцах тухай баримтад гарын үсэг зурж, нэмж гаргах хүсэлт, гомдол байхгүй, шинжилгээтэй холбоотой тодруулах асуудал байхгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна. 2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр талд хохирогч Г.Э-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт авагдсан. Түүнчлэн “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эмчилгээний зардалд 160.000 төгрөг нэхэмжилнэ, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч тал хохирол төлбөрийг төлж, гэм буруу дээрээ маргалгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэдэг байр суурьтай оролцсон. Шүүхийн шатанд хохирол төлбөр 160.000 төгрөгийг төлөхөөр хохирогч Г.Э-тай холбогдохоор оролдсон боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Шүүгчийн туслах хохирогчтой холбогдох гэсэн боловч мөн чадаагүй. Хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авсан боловч хохирогчтой холбогдож чадаагүй учраас шүүхийн хохирол төлбөр байршуулах дансанд 160.000 төгрөгийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид 193.000 төгрөгийг хөнгөлөлт олгосон байсан бөгөөд Төрийн сангийн дансанд энэ мөнгийг төлсөн. Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргадаггүй, анх удаа гэмт хэрэг холбогдсон. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд шүүгдэгч 2 охинтой, “Т”-д ажилладаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр олгохыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн. Цаашид хохирогч нотлох баримтаа бүрдүүлж, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/349 дүгээр шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн байх бөгөөд хохирогчийн гаргасан гомдолтой холбоотой асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, тухайн эмнэлгийн баримтууд шинжээчийн дүгнэлтэд тусгаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. 1 дүгээр хавтаст хэргийн 248 дугаар талд хохирогчийн гаргасан хүсэлт авагдаж, шүүх дээрх баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн материалтай танилцсан баримт, бусад тэмдэглэлүүд тусгагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хохирогч хохирол төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлтийн дагуу хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ..... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “З” зочид буудалд байрлах “Э” караокены үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, виски 1 ширхэг, архи 2 ширхэг, шоколад 5 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 161.280 төгрөгийн хохирол, 200.000 төгрөгийн хор уршиг учруулсан,
2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр .... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түүхий эдийн төвд хохирогч Г.Э “хэлсэн үгэнд уурлаж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хацар яс, хоншоор ясны урд, ар хана, баруун ухархайн доод ханын зөрүүтэй нийлмэл далд хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг болох нь:
хохирогч О.Н-ийн “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би ажилдаа ирээд байж байхад манай ажлын хаалгыг эвдсэн байсан. Ингээд доторх хяналтын камерыг харахад өглөө 07 цаг 50 минутын үед үл таних хүн хүчээр ороод вакум хаалга эвдээд дотроос виски 1 ширхэг, архи 1 ширхэг, хар экс 1 ширхэг, шоколад 5 ширхэг аваад 8 цаг гэж гарч байсан. ...Би энэ залууг Б.Б гэдэг гэж эхнэрээс нь ярьж асуухад “Өөрөө гар утасгүй байгаа” гэж хэлсэн ба эхнэр нь надтай уулзана гэсэн боловч одоог хүртэл холбоогүй байх тул би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх 27/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн “...Э караоке нь “И” ХХК гэх хуулийн этгээдийн гэрчилгээгээр үйл ажиллагаа явуулдаг. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 206/,
хохирогч Г.Э-ы “...2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр харуулын ажлаасаа буугаад хэдэн лааз, зэс тушаахаар .... дүүргийн ... дугаар хороонд байрлах түүхий эдийн төвд өгөн мөнгөө авахаар зогсоод хариуцаж байсан хүнтэй ярьж байтал нэг залуу хажууд юм яриад байхаар нь би дуугай байтал миний нүдэн тус газар нэг удаа цохисон. Тэгтэл би босоод хартал нүд юм харахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Би маш их гомдолтой байна. Эмчилгээний мөнгөө гаргуулж авах хүсэлттэй байна. ...” /1хх 216-217/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Г.Э нь Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас нийт 193.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байна. Иймд буруутай этгээдээс 193.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” /1хх 245/,
шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Т дээр нь баахан түлхүүр байхаар нь би аваад гарах хаалганы түлхүүр байж магадгүй гэж бодоод гарах хаалгыг онгойлгох гэсэн чинь онгорхой байхаар нь буцаагаад түлхүүрүүдийг тек дээр тавиад текний ард талд өрөөстэй байсан архи, виски, шоколад аваад 10 айл руу явж найзтайгаа хамт уусан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. ...Би 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ... дүүргийн .. дугаар хороо Т нэртэй түүхий эд авдаг ажил дээрээ байсан. Тэгээд өглөө 11 цагийн үед нэг ах орж ирээд “Зэс авах уу” гэхээр нь авна гээд зэсийг нь 20,000 төгрөгөөр худалдан авсан. Би жаахан тоглоом хийгээд “Наадах чинь бохир зэс байна” гээд инээсэн чинь “Чи юу яриад байгаа ... вэ, чи миний өгөх юмыг мэддэг юм уу” гээд над руу уурлаад намайг заамдаад авахаар нь “Ахаа би танаар тоглосон шүү дээ” гэтэл ах заамдсан гараа тавихгүй байхаар нь би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйлгүй байхгүй. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө. ...” /1хх 62, 2хх 13/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/12718 дугаартай шинжээчийн “...Г.Э-ийн биед баруун хацар яс, хоншоор ясны урд, ар хана, баруун ухархайн доод ханын зөрүүтэй нийлмэл далд хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт /1хх 224-225/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн БЗД2-25-988 дугаартай хөрөнгийн үнэлгээний “…хулгайд алдагдсан эд зүйлсийг 361.280 төгрөгөөр үнэлсэн. …” тайлан /1хх 169-172/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 24, 211-212/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 197-201/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 40-44/, хохирогч Г.Э-ы эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /1хх 243/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Б-ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Б-ийн караокены үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, виски 1 ширхэг, архи 2 ширхэг, шоколад 5 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 161,280 төгрөгийн хохирол, хаалга эвдэж 200,000 төгрөгийн хор уршиг учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн хохирогч Г.Э-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
хохирогч Г.Э “...миний сэтгэл санааны хохирлыг шийдвэрлээгүй. Хэрэгт эмнэлгийн үзлэг, томограф, шинжилгээний баримтууд хавсаргагдсан боловч шүүх эдгээр нотлох баримтыг хангалттай үнэлээгүй. Мөрдөн байцаагч миний сэтгэл санааны хохирлыг тогтоолгох талаар бодитоор асуугаагүй атлаа хэрэгт тогтоолгохгүй гэж худал тэмдэглэл хийсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд хохирогч миний эрхийг зөрчсөн. ...надад учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээг мэргэжлийн шинжээчээр тогтоолгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан алдааг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хэрэгт хавсаргасан эмнэлгийн баримт, шинжилгээний нотлох баримтыг бүрэн үнэлэх шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хохирогчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар олгогдсон хэмжээ хязгаарын дотор шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан төрөл хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад, хохирогч Г.Э-ы 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “…Маш их гомдолтой байна. Эмчилгээний мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. …” /хх 217/ гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/12718 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 224-225/-ээр хохирогч Г.Э-ы эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдсон. Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 226/, хохирогчийн нөхцөл байдлыг тодорхойлсон гэрэл зураг /хх 222/, хохирогчийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гаргасан “...миний бие сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгүй, миний хэргийг яаралтай шийдэж өгнө үү. ...” /хх 248/ гэсэн хүсэлт, 193.000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн /хх 243/ тухай баримт, 160,000 төгрөгийн хохирлын баримт /хх 61-62/ тус тус мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хохирогчийн зүгээс гаргаж өгсөн ба тухайн баримтын хүрээнд хохирлыг гаргуулан шийдвэрлэсэн байна.
Хохирогч Г.Э давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоолгохгүй гэсэн хүсэлтийг манай охин зурсан...” гэх тайлбар гаргасан бөгөөд хохирогчоор өгсөн мэдүүлэг/1хх 216-217/-т авагдсан гарын үсэг болон хүсэлт/хх 248/-д дурдсан гарын үсэг зөрүүтэй байна.
Өөрөөр хэлбэл, сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахгүй гэх хүсэлтийг хохирогчийн зүгээс гаргаагүй болох нь тогтоогдож байна. Дээрх баримтаас шалтгаалан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлыг эрүүгийн хэрэгт шийдвэрлэхгүй орхижээ.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг ойлгох ба мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд, түүний хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 ...) хуульчлан зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.
Гэтэл хэрэгт хохирогч Г.Э-ы сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хэрэв учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хуульд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь үндэслэлтэй тул хохирогч Г.Э нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлээр хохирогч Г.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/349 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтыг “...шүүгдэгч Б.Б-ээс нөхөн төлсөн 160.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... тоот данснаас гаргуулж хохирогч Г.Э-д олгож, хохирогч Г.Э нь сэтгэцэд учирсан хохирол, эмчилгээ хийлгэсэн бусад зардал, цаашид эмчилгээ хийлгэх зардал зэргээ шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Г.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 72 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР