Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 193

 

 

                           

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                           М.Энхбаатар

      Нарийн бичгийн даргаар                         Б.Мөнхзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овогт Эрдэнэжавын Дорждэрэмд холбогдох 1831000000177 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 12 дугаар сарын 02-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 204 тоотод оршин суух хаягтай,  Ардын хувьсгалын 90 жилийн ойн медальтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, гэх Тугтан овогт Эрдэнэжавын Дорждэрэм, /Регисрийн дугаар ОЭ-87120215/,

Шүүгдэгч Э.Дорждэрэм нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны орой 21 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Алтанбулаг сумаас Сүхбаатар сум явах чиглэлийн авто замаар “Хюндай элентра” маркийн 63-17 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа жолоодон замын хөдөлгөөнд оролцож иргэн Б.Одгэрэлийн жолоодож явсан “Мазда демо” маркийн 87-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Хюндай элентра” маркийн 63-17 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэн Г.Алтангинжийн биед хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч  Э.Дорждэрэмийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дүгээр сарын 24-нд  яллагдагчаар  өгсөн:  ...2018 оны 07 дугаар сарын 23-ны орой 18 цаг 30 минутын үед би гэртээ амарч байхад миний 99030060 дугаар руу найз Нямсүрэн залгаад “найз нь Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд сая орж ирлээ. Завтай бол хүрээд ир” гэж  утсаар намайг дуудсан болохоор Нямсүрэнтэй уулзах зорилгоор гэрээсээ Аптанбулаг сум руу таксинд суугаад 19 цагийн үед очсон. Ингээд Нямсүрэнгийн машинд бид хоёр нэг шил 0.5 литрийн “Соёрхол” архийг хувааж уугаад Нямсүрэн нь ОХУ-руу гарсан. Харин би гэртээ харих гэсэн чинь такси олдохгүй байхаар нь хамт ажилладаг Алтангинжийг “машинаа унаад хүрээд ир” гэж утсаар дуудсан. Удалгүй Алтангинж нь байгууллагын 63-17 УНХ улсын дугаартай “Елентра” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирэх үед би уг машины хүрдэн дээр суугаад Аптанбулаг сумаас Алтангинжийн хамт Сүхбаатар чиглэл рүү гарсан. Намайг машин жолоодох үед Аптангинж нь хажуу талын зорчигчийн суудал дээр суугаад бид хоёр хөдөлсөн. Алтанбулаг сумаас 4-5 км зайд өөрийн чиглэлд 100 км цагийн хурдтай явж байхад Сүхбаатар чиглэлд явж байсан 1 жижиг тээврийн хэрэгслийг гүйцэт түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгал руу орох үед өөдөөс машин ирж байгаа харагдсан. Ингээд уг машиныг гүйцэт түрүүлж урд нь орох үед 87-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөн адил Сүхбаатар чиглэл рүү маш удаан хөдөлгөөнд оролцож явж байгаа харагдсан. Энэ үед би өөрийн тээврийн хэрэгсэлийг урд байгаа тээврийн хэрэгсэлийн араас оруулахгүй гэж тормос гишгэсэн боловч хурдтай явж байсан болохоор амжихгүй араас нь орчихсон юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 108-р ху/,

2.Шүүгдэгч Э.Дорждэрэмийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 07-р сарын 23-ны оройн 22 цагийн үед Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүйцэт түрүүлэх үйлдэл хийхээр эсрэг урсгалд орсон. Гэтэл өөдөөс машин ирж яваа харагдахаар нь буцаад эгнээндээ орох гээд урд явж байсан машиныг мөргөсөн. Миний барьж явсан машинд сууж явсан Алтангинжийн гар хугарч хүндэвтэр гэмтэл учирсан.  Мөргүүлсэн машинд сууж явсан хүмүүст гэмтэл учраагүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бас цагаан сарын дараа эрхээ 1 жилийн ххугацаагаар хасуулаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болсон байсан. Хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хохирлыг нь бүрэн барагдуулсан. Тэд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. гэх мэдүүлэг,

3. Хохирогч Г.Алтангинжийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  өгсөн: ...Дорждэрэм нь миний гар утас руу залгаж намайг Алтанбулаг сумаас ирээд авчих гэж дуудсан болохоор байгууллагын машинтай явсан юм. Э.Дорждэрэм нь зам тээврийн осол гаргах үед би жолоочийн эсрэг талын суудал дээр сууж яваад баруун гараа хугалсан юм. Өөр ямар нэг байдлаар хугалсан асуудал байхгүй. Надад эмчилгээний зардал гэж Дорждэрэм нь 2.000.000 төгрөг бэлэн өгсөн. Надад ямар нэг гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй . ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р ху/,

4. Иргэний нэхэмжлэгч  Б.Одгэрэлийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 23-ны орой наадам дуусаад Дархан руу буцах гэсэн чинь миний таньдаг Нэргүй таараад надтай хамт Дархан-Уул аймаг руу явахаар болсон. Ингээд Наранчимэг, Пүрэвсайхан, Нэргүй нартай хамт Алтанбулаг сумаас орой 21 цагийн орчимд гараад төв замаар Сүхбаатар чиглэлд 40-50 км цагийн хурдтай явж байхад миний араас гэнэт гэрэл гараад машин ирж мөргөсөн. Ингээд би машинаа баруун талд дохио өгч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваад машинаас буугаад хартал миний араас цагаан өнгийн жижиг тэрэг мөргөсөн, хамар нь хэлбэр дүрсээ алдсан байдалтай, урд суудал дээр нь нэг залуу гараа бариад бууж чадахгүй сууж байсан. Миний машиныг мөргөсөн Дорждэрэм гэдэг залуу бага зэргийн архи уучихсан байсныг багажаар шалгаад илрүүлсэн юм. Дорждэрэм нь надад 66-57 УӨХ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Мазда Демо маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авч өгсөн болохоор надад Дорждэрэмтэй холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл алга.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р ху/,

5. Гэрч Ё.Наранчимэгийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: ...бид нар 87-00 ДАХ улсын дугаартай авто машинаар Алтанбулагийн наадам үзээд Дархан буцахаар хөдөлсөн. Тэгээд миний сууж явсан машин шатахуун түгээх станцаас бензин аваад  туслах замаас уулзвар луу ортол  араас аймаар чимээ гараад утаа үнэртээд  манай машин зогссон.  Тэгээд машинаас буух гэтэл машины хаалга онгойхгүй болчихсон болохоор жолоочийн хаалгаар цуварч гарсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/,           

 6.Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын замыг цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 50 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Жолооч Э.Дорждэрэм нь жолоочийн сангийн лавлагаагаар В ангилалын 613080 дугаартай үнэмлэхтэй боловч Зөрчлийн тухай хуулийн 14.7-3.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эрх хасагдсан, хүчингүй болсон.

ЗХД-ын 2.1.а. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байх,

2.7.а жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

мөн дүрмийн 8.11. жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгсэлийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн. ...гэх  дүгнэлт, /хх-ийн 90-р ху/,     

 7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн № 340 тоот  шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ж Г.Алтангинжийн биед баруун бугалга ясны битүү сэлтэрхийт хугаралтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь зам тээврийн осол болсон үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 85-р ху/,

8. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Э.Дорждэрэмийн цусанд 1.7 промилли спиртийн агуулж илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарана.

9 Шүүгдэгч Э.Дорждэрэмийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 123-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 16-18-р ху/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 19-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 20-28-р ху/, хэв, загвар, дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 13-14-р ху/, шинжилгээнд зориулж цус авсан тэмдэглэл, /хх-ийн 15-р ху/, жолоочийн тухай лавлагаа, /хх-ийн 08-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ, /хх-ийн 95-96, 100-101–р ху/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 122-р ху/, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх 01-02-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 107-109,132-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, /хх-ийн 47,51,56,84,94-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 49,55,59,63,69,88,93,99103-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 50,53,58,64,70,87,91,98,102-р ху/, өвчний түүх, /хх-ийн 111-118–р ху/, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 126, 128-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 127-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 133-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал, /хх-ийн 134-135-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи тухай прокурорын  санал, /хх-ийн 143-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Э.Дорждэрэмийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны орой 21 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Алтанбулаг сумаас Сүхбаатар сум явах чиглэлийн авто замаар “Хюндай элентра” маркийн 63-17 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа жолоодон замын хөдөлгөөнд оролцож иргэн Б.Одгэрэлийн жолоодож явсан “Мазда демо” маркийн 87-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Хюндай элентра” маркийн 63-17 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэн Г.Алтангинжийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх санал ирүүлснийг шүүх хүлээн авч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэлээ.                  

 Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 2, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1.Шүүгдэгч Тугтан овогт Эрдэнэжавын Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1, 2.2-т заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Тугтан овогт Эрдэнэжавын Дорждэрэмийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дорждэрэмийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацаа дуустал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарласугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Дорждэрэмд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Э.Дорждэрэм нь  энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.   

6.Шүүгдэгч Э.Дорждэрэмд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН