Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 194

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

      Улсын яллагч                                          А.Энхтуяа     

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Атарцэцэг       

      Нарийн бичгийн даргаар                        Б.Намуунзул  нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлгэр овогт Түмэнбаярын  Цогтгэрэлд холбогдох 1831002050156  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

        Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1967 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн 2-1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Дэлгэр овогт Түмэнбаярын  Цогтгэрэл, /РД МБ67052711/          

  Шүүгдэгч Т.Цогтгэрэл нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны “Хавчирганы ам” нэртэй газарт 2017 оны 07 дугаар сард хууль бусаар техник хэрэгсэл байршуулан ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

   1. Шүүгдэгч Т.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын  01-нд  яллагдагчаар  өгсөн:  ... Сэлэнгэ аймги йн Ерөө сумын Бугант тосгоны “Хавчиргана” гэх газар  2017 оны 07-р сарын сүүлчээр  техник хэрэгсэл авчирсан боловч техник хэрэгслүүд эвдрэлтэй, ажиллахгүй засвар шаардлагатай түл түүнийг хүнд үзүүлсэн.Миний хувьд техник муутай байсан учраас алт олборлож чадаагүй, харин газрын хэвлийд халдаж бага хэмжээний ухаш үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хамтарч ажиллсан хүн байхгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 106-р ху/,

   2.Шүүгдэгч Т.Цогтгэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Сэлэнгэ аймгийн “Хавчиргана” гэх газарт хууль бусаар алт олборлох зорилгоор очиж  хөрс хуулгалт хийсэн минь үнэн. Энэ үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

   3. Хохирогч М.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ... “Хавчиргана” гэх газар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй, ойн гуравдугаар мужид хамаарах учраас тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.  ...Аймгийн мэргэжлийн хяналтын газраас байгаль орчин экологи эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг тогтоосон...энэ хохирлыг нэхэмжилж байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53-р ху/,

  4.Гэрч Т.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн өгсөн: ... би 2017 оны 07 сарын сүүлээр уг “Хавчиргана” гэх газар алт олборлох бодолтой 1 экскаватор авчирсан боловч олигтой ажиллахгүй засвар шаардлагатай байсан тул түүнийг үзүүлсэн..Миний хувьд техник муутай учраас алт олборлож чадаагүй, харин газрын хэвлийд халдаж бага хэмжээний ухаш үүсгэсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-р ху/,

   5.Гэрч Ц.Ойжүдийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...2017 оны 07-р сарын 23-ны өдөр найз Болдбаатар “машины сэлбэг дөхүүлээд өгөөч” гэхээр нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд ирсэн.  ...Болд, Цогтгэрэл нар гол руу орчихоод буцаж гарч ирсэн. Тэр хоёрыг хүлээж байтал үл таних хүмүүс ирээд миний бичиг баримтыг хураагаад аваад явчихсан.Төд удалгүй Болд ирээд тэр хүмүүсийн араас очоод ирэхдээ “Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газрын ажилтан нар байна. Бичиг баримтаа Сэлэнгэ аймгийн Тагнуулын газар очиж аваарай гээд явчихлаа” гэсэн.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р ху/,

   6. Гэрч М.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: ...Монгол улсын засгийн газраас бичил уурхайг дэмжих зорилгоор гаргасан 308 дугаартай тогтоол нь 2017 оны 05-р сарын 24-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоол журам болон өөрчлөгдсөн. Энэ тогтоолын хэрэгжилт нь жинхэнэ утгаараа Ерөө сумын хэмжээнд хэрэгжээгй байгаа...Одоогийн байдлаар 151 дүгээр тогтоолын дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн нэг ч нөхөрлөл байхгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 68-69-р ху/,   

   7.Гэрч О.Алтанбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ... Бугант тосгоны төвөөс 45 км зайд “Хавчиргана” гэх газар бий, энэ газар нь ойн сан, голын урсацтай газар учраас огт зөвшөөрөл олгогдохгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 70-71-р ху/,           

   8.Гэрч С.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Намайг очиход техник хэрэгсэл нь муу бараг ажиллаагүй. Шинээр ухаш үүсгээд, газрын хэвлийг өөрчилсөн юм байхгүй...бага хэмжээний газрыг ухаж өөрчилсөн. Алт олоод ашиг олсон зүйл байхгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 76-р ху/,

   9.Гэрч А.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ...Цогтгэрэл 2017 оын 07-р сарын сүүлчээр надтай уулзаад “Би Бугантад  уурхай ажиллуулах гэж баййна.  Экскаваторын жолооч хийх үү, зүгээр байхаар цалин хөлс ав” гэхээр нь би зөвшөөрсөн. намайг очиход үйл ажиллагаа явуулаагүй байсан. Техникээ үзэж, шалгаж хөрс хуулалт хийсэн.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 77-78-р ху/,

   10. 2017 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн Шижээчийн №18-05-038/38 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.3-д ургамлын аймагт учирсан хохиорлыг тухайн ургамлын  экологи- эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байдаг тул  ургамлын аймагт  учирсан хохирол нь 39000х5=195.000 төгрөг

“хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргзэхэд шаардлагатай зардал 482.151+477.360+195.000=1.154.511 төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна. гэж дүгнэв.  ...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 111-115-р ху/,

          11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн № 48 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

              1. Шинжилгээнд ирүүлсэн компакт диск нь шинжилгээнд тэнцэхгүй байна.

            2. Шинжилгээнд ирүүлсэн компакт дискэн дээрхи мэдээлэлийг хуулах, сэргээх боломжгүй байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 127-р ху/,

     12.Шүүгдэгч Т.Цогтгэрэлийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 166-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-34-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-36-р ху/,хэрэгт хавсаргасан СД-нд бичигдсэн зүйлийг уншсан тухай тэмдэглэл, /хх-ийн 42-43-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 103-104-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 105-106-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 142-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 168-р ху/, зарим яллагпагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 191-193-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

    Шүүгдэгч Т.Цогтгэрэл нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны “Хавчирганы ам” нэртэй газарт 2017 оны 07 дугаар сард хууль бусаар техник хэрэгсэл байршуулан “ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан”  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

    Шүүгдэгч нь шүүхийн шатанд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаж өгснийг дурьдах нь зүйтэй.

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж  шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй гэснийг дурьдан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь шинжилгээнд тэнцэхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

     

           1.Шүүгдэгч Дэлгэр овогт Түмэнбаярын  Цогтгэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

          2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Дэлгэр овогт Түмэнбаярын Цогтгэрэлд ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчид тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          3. Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч  Т.Цогтгэрэлд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч  Т.Цогтгэрэл биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.        

           5.Шүүгдэгч Т.Цогтгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай. 

.         6. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь шинжилгээнд тэнцэхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан тул шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.          

           7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Цогтгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

           11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

          12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН