Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01458

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01458

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/00976 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: Ч ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнд заасан төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх үүргийн биелэлтийг хангуулж, гүйцэтгээгүй мөнгөн дүн 9,104,831,836.44 төгрөг, олох ёстой байсан хүүгийн орлогын хохирол 377,437,332.92 төгрөг, нийт 9,482,269,169.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүшиг, Ө.Бямбагэрэл, Г.Энэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А ХХК нь Ч ХХК-д 3101000149 дугаартай төгрөгийн харилцах данс, 3101000319 дугаартай ам.долларын харилцах данс тус тус нээлгэж, мөнгөн хөрөнгө байршуулж, төлбөр тооцоо гүйцэтгүүлж байсан. Гэвч төлбөр тооцоог гүйцэтгүүлэхээр төлбөрийн даалгаврыг хариуцагчид өгсөн боловч гэрээнд заасан үүргийнхээ дагуу манай төлбөр тооцоог түргэн гүйцэтгээгүйн улмаас 3101000149 дугаар төгрөгийн харилцах данснаас 8,502,764,126.29 төгрөг А ХХК-ийн Төрийн банкин дахь 410034109090911242 дугаар төгрөгийн хадгаламжийн дансанд, 3101000319 дугаар ам.долларын харилцах данснаас 211,331.17 ам.доллар нэхэмжлэгчийн Төрийн банкин дахь 140034109090911243 дугаар ам.долларын хадгаламжийн дансанд тус тус ороогүй.

1.2. Хариуцагч нь төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс А ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл олох байсан хүүгийн орлого 257,792,458.57 төгрөгийн хохирол учирсан. Үүнд:

а. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн банк дахь нэхэмжлэгчийн 109000092432 дугаар төгрөгийн дансанд 3,000,000,000 төгрөг ороогүйгээс А ХХК болон Капитрон банк ХХК нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний дагуу, мөн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэмэлтээр байгуулсан гэрээний дагуу жилийн 4 хувийн хүүгийн орлого олох ёстой байсан. Уг гүйлгээг хариуцагч нь Капитрон банк ХХК-ийн данс руу хийгээгүйгээс 279 хоногийн 91,726,039.63 төгрөгийн.

б. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкин дахь нэхэмжлэгчийн 109000096111 дугаартай, ам.долларын дансанд 211.300 ам.доллар ороогүйгээс 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 10900009406 дугаартай гэрээний дагуу 50 сая төгрөгөөс дээш төгрөгийн мөнгөн хөрөнгийг байршуулсан тохиолдолд жилийн 1,59 хувийн хүү өгөхөөр тохиролцсон хадгаламжийн ам.долларын дансны гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх, 266 хоногт Монгол банкны 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хаалтын ханш 2,848.93 төгрөгөөр тооцвол 6,975,377.19 төгрөгийн,

в. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкин дахь нэхэмжлэгчийн 109000092432 дугаартай, төгрөгийн дансанд 614,244,178.14 төгрөг ороогүйгээс Төрийн банк ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх, 237 хоногт жилийн 6,6 хувийн хүүтэйгээр тооцоход олох байсан хүүгийн орлого 26,323,325.18 төгрөгийн,

г. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банкин дахь нэхэмжлэгчийн 109000092432 дугаартай, төгрөгийн дансанд 4,596,800,000 төгрөг ороогүйгээс Төрийн банк ХХК болон нэхэмжлэгчийн нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу 50 сая төгрөгөөс дээш жилийн 6,6 хувийн хүүтэйгээр 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, 1 жилийн хугацаатай байгуулагдсан тусгай нөхцөлтэй хадгаламжийн гэрээний дагуу 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх, 88 хоногийн олох ёстой байсан хүүгийн орлого 73,145,799.24 төгрөгийн хохирол тус тус учирсан.

д. Түүнчлэн, 3101000149 дугаартай төгрөгийн харилцах данснаас 8,502,764,526.29 төгрөгийг Төрийн банк ХХК дахь нэхэмжлэгчийн 410034109090911242 дугаартай төгрөгийн хадгаламжийн дансанд оруулаагүйн улмаас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн МN4100/41090911242 дугаартай гэрээний хугацаа нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл, жилийн 5,7 хувийн хүүтэй данс руу 8,5 тэрбум төгрөгийг шилжүүлүүлэх гэсэн боловч 89 хоногийн хугацаа хэтрэлтийн хохирол 118,176,779.29 төгрөг.

е. Ч ХХК дахь ам.долларын данснаас 311,331.61 ам.долларыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гүйлгээ хийлгүүлсэн. Төрийн банк ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн МN140034109090911243 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, хүү нь жилийн 1 хувь, 89 хоногоор тооцож хохирлын хэмжээ 515.35 ам.доллар, Монгол банкны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хаалтын ханшаар 1,468,095.06 төгрөгийн хохирол тус тус учирсан.

1.3. Ч ХХК нь А ХХК-ийн дээрх 2020, 2021 онд хийлгүүлсэн гүйлгээнүүдийг манай харилцах дансанд байгаа бүртгэлээс хасаж, шилжүүлсэн маягаар дүр үзүүлэн хассан байдал нь манай өөрийн Төрийн банк ХХК болон Капитрон банк ХХК нарын харилцах дансууд руу мөнгөн хөрөнгө нь ороогүй. Хууль тогтоомжийн хүрээнд Монгол банк руу мэдэгдэх ёстой байсан боловч Монгол банк руу мэдэгдэл шаардлагыг хариуцагчаас хүргүүлээгүй нь Монгол банкнаас ирүүлсэн нотлох баримтаар нотлогдож байна.

1.4. Иймд Ч ХХК-ийн хууль болон гэрээнд заасан төлбөр тооцоог түргэн гүйцэтгэх үүргийн биелэлтийг хангуулж, гүйцэтгээгүй мөнгөн дүн нийт 9,104,831,836.44 төгрөг, олох ёстой байсан хүүгийн орлогын хохиролд 377,437,332.92 төгрөг, нийт 9,482,269,169.36 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А ХХК нь Ч ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 310000319 дугаартай, ам.долларын харилцах данс нээж, жилийн 6,5 хувийн хүүтэй, 92 хоногийн хугацаатай байгуулсан. Хугацаа нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр эхлээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Нийт 204,575 ам.долларыг байршуулсан бөгөөд нийт хуримтлагдсан хүүтэйгээ нийлээд 211,000 ам.доллар болсон.

2.1. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 310000149 дугаартай, төгрөгийн харилцан дансны гэрээг хугацаагүй байгуулсан бөгөөд байгууллагын шаталсан хүүг харилцах дансны жилийн хүү нь 8,2 хувь. Нийт дансанд 7,527,178,065 төгрөгийг байршуулсан.

2.2. 211,000 ам.долларын хувьд маргахгүй. Үүнд 149 дугаар дансанд нийт нэхэмжлэлийн шаардлага болох манай хүлээн зөвшөөрч байгаа 8,502,764,126 төгрөгийг өгсөн. 2020 оны 04 сард Ковид-19 цар тахал гарч, нийгэмд өвчлөл сөрөг нөлөөллийн тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 10.4 дэх заалтад Банк хадгаламж зээлийн хоршоо нь харилцах болон хадгаламжаар хүү тооцохгүй гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн. Манай банкнаас 2021 оны 07 сар хүртэл тус тус харилцах дансанд хүү тооцож олгосон. Нийт хуримтлагдсаар байгаад нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд байгаа 8 тэрбум 520 сая төгрөг.

2.3. Нэхэмжлэгч нь Төрийн банк ХХК-тай хэдэн хувийн хүүтэй данснууд нээснийг нотлох холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. 2020 оны 04 дүгээр сараас хойш харилцах дансны хүү тооцохгүй гэсэн заалт хэрэгжээд эхэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 257,792,458.57 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.4. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл олох ёстой байсан хүүгийн орлого нь аль дансанд хуримтлагдаад, аль данснаас хэдэн хувийн хүү олоод 119,644,874.35 төгрөг болж байгаа нь тодорхойгүй.

2.5. Иймд 2020 оны 04 сараас хойш бүх банк харилцах дансанд хүү тооцохгүй байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 211,000 ам.доллар, 8,520,764,126 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

2.6. Короновируст халдвар /ковид 19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 сараас хойш хэрэгжиж эхэлсний дагуу бүх банк хүү тооцохгүй байгаа. Нийт нэхэмжлээд байгаа 257,792,458.57 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагын 119,644,874.35 төгрөг нь аль аль дансанд орох ёстой байсан хүүгийн орлого болох нь тодорхойгүй. Төрийн банк ХХК нь А ХХК-ийн ирүүлсэн төлбөрийн шаардлагын дагуу гүйлгээг тухай бүрд нь Төрийн банк ХХК дахь 109000092432 дугаар дансанд хийж байсан ба уг компанийн хүсэлтийн дагуу бүх гүйлгээг хийж харилцах дансын хаасан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч ХХК-иас 9,482,269,169.36 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,727,245.85 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,569,296 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл олох ёстой байсан хүүгийн орлого болох 257,792,458.57 төгрөгийн хохирол учирсан гэж манай банкнаас нэхэмжилсэн.

4.1. Нэхэмжлэгч нь 3,000,000,000 төгрөгийн хүүгийн орлогод 91,726,039.63 төгрөг, 211.300 ам.долларын хүүгийн орлогод 6,975,377.19 төгрөг, 614,244,178.14 төгрөгийн хүүгийн орлогод 26,323,325.18 төгрөг, 4,596,800,000 төгрөгийн хүүгийн орлогод 73,145,799.24 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд нийт үнийн дүн нь 198,170,541.24 төгрөг болж байна. Гэтэл анхан шатны шүүх уг үүнийг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу.

4.2. Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд... гэж заасан байхад нэхэмжлэгч нь Харилцах хадгаламжийн гэрээ-ний дагуу хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцно гэж заасан байгаачлан энгийн хадгаламжийн хүү тооцож болох байсан хэдий ч тухайн банкны энгийн хадгаламжийн хүү хэдэн хувь байдаг талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх үүнийг мөн харгалзан үзээгүй.

4.3 Дээрх хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Монголбанкнаас харилцах хадгаламжийн гэрээнд хүү тооцож олгохгүй зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Тус баримт нь хэрэгт зайлшгүй шаардагдах баримт байсан хэдий ч шүүх тус баримтыг шүүхийн журмаар гаргуулаагүй, хэргийн нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй.

4.4. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн татгалзлыг хүлээн авахгүй үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, зөвхөн ...татгалзлаа тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн ба олох ёстой байсан хүүгийн орлогыг хохиролд талууд маргасан. Мөн бусад банкны харилцах данс руу хариуцагч байгууллагын дансанд хадгалуулж байгаа мөнгөн хөрөнгийн төлбөр тооцоог гүйцэтгүүлж авах зорилгоор гүйлгээ хийлгүүлсэн боловч хариуцагч байгууллагаас Монгол банк руу их дүнтэй гүйлгээ хийх буюу 5,000,000 төгрөгөөс дээш гүйлгээг Монгол банк руу явуулаагүй.

5.1. Анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт гаргуулсан боловч Монгол банкнаас хариуцагч байгууллагыг ...ийм гүйлгээ хийгээгүй гэх нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн.

5.2. 2020 оны хохирлын дүн 257,000,000 төгрөг, 2021 оны хохирлын дүн 119,000,000, нийт 320,000,000 төгрөг. Коронавирус халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хугацаагүй хадгаламж болон харилцахаас хүү тооцохгүй талаар заасан. Хариуцагч нь тухайн гүйлгээг хийлээ гээд манай байгууллагын данснаас хасагдаж өглөг дээр бүртгэгдсэн боловч харилцах данс руу мөнгөн гүйлгээ нь орж ирдэггүй. Манай байгууллага 2020 онд 4 удаагийн гүйлгээ хийж, тус оны 10 дугаар сарын 27-ны өдөр тухайн 4 гүйлгээг цуцлуулж, харилцах дансанд мөнгөө байршуулсан.

5.3. 2021 онд харилцах данснаас бүх мөнгөөр 2 гүйлгээ хийлгүүлж, Төрийн банк ХХК-ийн хугацаатай хадгаламжид байршуулсан тул Коронавирус халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг зөрчөөгүй.

5.4. Хариуцагч нь төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч 320,000,000 төгрөгийн хүүгийн орлого олох ёстой байсан.

5.5. Гүйлгээ хийсэн баримтууд болон бусад банкуудтай байгуулсан хугацаатай хадгаламж, 2020 оны тусгай нөхцөлтэй харилцах дансны гэрээ, хадгаламжийн гэрээ, төлбөр тооцоо гүйцэтгүүлсэн төлбөрийн даалгаврыг тус тус нотлох баримтаар гаргаж шүүхэд ирүүлсэн. Талууд нотлох баримтыг өөрөө цуглуулж, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлсэн. Манай байгууллагаас хохирол болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн. Хариуцагч нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргаагүй, давж заалдах журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд заасан аль хэсгийг зөрчсөн талаар тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан хүүгийн орлого буюу хохирлыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч А ХХК нь Ч ХХК-д холбогдуулан 9,482,269,169.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ гүйцэтгээгүй үүрэгт 9,104,831,836.44 төгрөг, олох ёстой байсан хүүгийн орлого буюу хохиролд 377,437,332.92 төгрөг гэж тодорхойлсон. /хх 1-4, 127-129/

4. Хариуцагч дээрх шаардлагаас үндсэн үүрэг 9,104,831,836.44 төгрөг төлөхийг зөвшөөрч, олох ёстой байсан хүүгийн орлого буюу хохирол 377,437,332.92 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 108, 172/

5. Үндсэн үүрэг 9,104,831,836.44 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

5.1. Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус 3101000149 дугаартай, төгрөгийн харилцах дансны үйлчилгээний гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өдөр, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус 3101000149 дугаартай, ам.долларын харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /хх 22-35/ Анхан шатны шүүх уг гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

5.2. Нэхэмжлэгч нь Ч ХХК дахь өөрийн эзэмшлийн төгрөгийн харилцах данснаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000,000 төгрөгийг, мөн оны 03 дугаар сарын 04-ний өдөр 614,244,178,14 төгрөгийг, мөн оны 07 дугаар сарын 31-ний өдөр 4,596,800,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 211,300 ам.долларыг тус тус Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлүүлэхээр төлбөрийн даалгавар үйлдэж /хх 50-51/ хариуцагчид хандсан боловч хариуцагч уг гүйлгээг гүйцэтгээгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 9,104,831,836.44 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

6. Хүүгийн орлогод олох байсан орлого буюу хохирол 257,792,458.57 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

6.1. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр даалгасан 3,000,000,000 төгрөгийг Төрийн банк дахь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч болон Капитрон банк ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан харилцах дансны болон 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээний дагуу жилийн 4 хувь буюу 279 хоногийн олох байсан хүүгийн орлого 91,726,039,63 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр даалгасан 211.300 ам.долларыг мөн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас 266 хоногийн олох байсан хүүгийн орлого 6,975,377.19 төгрөгийн, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр даалгасан 614,244,178.14 төгрөгийг Төрийн банк дахь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч болон Төрийн банк ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 237 хоногийн олох байсан хүүгийн орлого 26,323,325.19 төгрөгийн, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр даалгасан 4,596,800,000 төгрөгийг Төрийн банк дахь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас жилийн 6,6 хувийн буюу 88 хоногийн олох байсан хүүгийн орлого 73,145,799.24 төгрөгийн, нийт 198,170,541.24 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан харилцах дансны үйлчилгээний гэрээнд заасан банк хоорондын төлбөр тооцоо хийх үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн Капитрон банк ХХК болон Төрийн банк ХХК-тай тус тус байгуулсан гэрээний дагуу олох байсан хүүгийн орлого нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул анхан шатны шүүх хохиролд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

6.2. Түүнчлэн, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох... гэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуулиар өөрчлөн найруулсан байна. Өөрөөр хэлбэл, уг зохицуулалт нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс үйлчилсэн тул түүнээс өмнөх харилцаанд дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6.3. Харин анхан шатны шүүх дээрх хохирол 257,792,458.57 төгрөгийг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Учир нь, хүүгийн орлогод орох байсан дээрх хохирлын хэмжээ 198,170,541.24 төгрөг байх бөгөөд үлдэх 59,621,917.33 төгрөгийн хохирол нотлох баримтаар тогтоогдоогүй байхад 257,792,458.57 төгрөгийг бүхэлд нь хүүгийн орлогод орох байсан хохирол гэж үзсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,305,507,720 төгрөгийг Нисээч интернэшнл гээд манайхаас санхүүгийн түрээсийн үйлчилгээ авсан нийлүүлэгч компани руу тоног төхөөрөмж худалдаж авч байгаатай холбоотой 2,300,000,000 төгрөгийг хийх ёстой байсан боловч хариуцагч гүйлгээг хийгээгүй. Хэрэв хийсэн бол 6 өдрийн хүүд жилийн 8.20 хувийн хүүтэй хүүгийн орлогыг олох байсан гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр 257,792,458.57 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын ...нэхэмжилсэн үнийн дүнгийн нийлбэр нь 198,170,541.24 төгрөг болж байгаа гэх хэсгийг хангах үндэслэлтэй байна.

7. Хүүгийн орлогод олох байсан орлого буюу хохирол 119,644,874.35 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

7.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэхийг даалгасан 8,502,764,526.29 төгрөгийг, мөн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр даалгасан 211,331.17 ам.долларыг хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хүүгийн орлогод олох байсан орлого буюу хохирол гэж үзсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, хариуцагч дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүүгийн орлого олох байсан буюу хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох... гэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хуулиар өөрчлөн найруулсан байна. Үүнээс үзвэл, 119,644,874.35 төгрөг шаардах үндэслэл болсон цаг хугацаанд дээрх зүйлд заасан нөхцөлд хамаарч байхаас гадна нэхэмжлэгчээс бусадтай байгуулсан гэрээнд тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцохоор тохирсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоос ...шүүгч баримтыг шүүхийн журмаар гаргуулаагүй гэх хэсгийг хангах үндэслэлгүй байна.

9. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.6 дахь хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэлийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/00976 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ч ХХК-аас 9,303,002,377.68 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 179,266,791.68 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 47,569,296 гэснийг 46,672,962 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,045,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН