Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01470

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01470

 

Б.Игийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/01822 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.И

Хариуцагч: Б.Б, Я.Ц нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүрэг, 12 хороо, Амины орон сууц-39 байрны 1, 2 дугаар давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пунцаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.И нь Чингэлтэй дүүрэг, 14 хороо, Хайлаастын 20 гудамж, 498 тоот өөрийн өмчлөлийн хашаа, байшингаа 2002 онд зарж, Сонгинохайрхан дүүрэг, 12 хороо, Москвагийн гудамж, 39 дүгээр байрны 1, 2 давхарт хөрөнгө оруулснаас гадна өөрөө тус барилгад харуулаар ажиллаж, барилга угсралтын ажилд оролцож байсан.

1.1 Нэхэмжлэгч нь Б.Б, Я.Ц нарыг өөрийн хөрөнгө оруулсан хашаа, байшингийн мөнгийг өгнө гэж хүлээсэн боловч хариуцагч нар мөнгийг нь өгөөгүй. Хөрөнгө оруулсан мөнгө авах өөр аргагүй болсон тул Сонгинохайрхан дүүрэг, 12 хороо, Москвагийн гудамж, 39 байрны 1, 2 давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хайлаастын 20 гудамж, 498 тоотод байрлах хашаа, байшинг бидний эцэг н.Бямбасүрэн амьд байхдаа 1982 онд барьж, түүний өмчлөлд байж байгаад эцэг 1990-ээд онд зарсан гэж эх Я.Ц хэлдэг. Б.Игийн нэр дээр байсан, өмчлүүлж өгсөн зүйл байхгүй.

2.1 Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 12 хороо, Москвагийн гудамж, 39 байр, 1, 2 давхарт хөрөнгө, мөнгө оруулсан бол өгсөн, авсан гэх баримт байх ёстой. Б.И 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өвлөх эрхээсээ татгалзаж, 39 дүгээр байрны 1, 2 давхрын суурь өргөтгөлийг дүү Б.Пунцагт өвлүүлэхийг зөвшөөрсөн.

2.2 Б.И нь Б.Пунцаг энэ барилгыг барьсан, би болон манай ах дүү нар холбоогүй гэж хэлдэг. 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэрээс үзэхэд Б.Пунцаг нь энэ барилгын 1, 2, 3 давхрыг өөрийн хөрөнгөөр өөрөө барьсан гэж тайлбарладаг, өнөөдөр болохоор Б.Игийн хөрөнгөөр барьсан гэж байна. Шүүхийн шийдвэр болон баримтуудаар Б.И нь нэхэмжлэх эрх байхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Б, Я.Ц нарт холбогдох, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 18030 Москвагийн гудамж, АОС-00 тоот хаягт байрлах байрны 1, 2 давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох Б.Игийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Игийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 20 гудамж, 498 тоот хаягт байрлах хашаанд 6х14 хэмжээтэй байшин барихад би тоосгоноос эхлээд бүх шавыг нь өөрийн хөдөлмөрөөр болон аавтайгаа нийлж барьсан.

4.1 Уг хашааг нэр дээрээ болгоход би насанд хүрээгүй байсан тул манай аав Б.Бямбасүрэнгийн нэр дээр болгосон. Би уг газарт 2004 он хүртэл амьдарч байсан. Би Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 20 гудамж, 498 тоот хаягт байршилтай хашаа байшингаа 3,500,000 төгрөгөөр зарж, одоо маргаантай байгаа Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, АОС-00 тоот хяагт байршилтай байрыг барихад хөрөнгө оруулсан. Би уг газарт дулааны шугам оруулах, сангийн ажил, туслах ажлыг нь бүгдийг хийж тусалж байсан.

4.2 Манай аавын бие 2005 оноос эхлэн өвдөж элэгний өвчнөөр эмчлүүлж байх үедээ ээжид хэлэхдээ том хүү Б.Игийн хашаа, байшингийн мөнгийг гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Аав нас барснаас хойш манай аавын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төрсөн хүүхэд болон эхнэр нь хууль ёсоор өвлөх эрхтэй. Харин би өвлөх эрхээс гадна хууль ёсоор Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 20 гудамж, 498 тоот хаягт байршилтай хашаа, байшингаа 3,500,000 төгрөгөөр зарсан хөрөнгө оруулсан хэмжээгээр өмчлөх эрхтэй. Миний өгсөн нотлох баримтыг Б.Б үгүйсгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Б.Б, Я.Ц нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 12 хороо, Амины орон сууц-39 байрны 1, 2 дугаар давхрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх.1-2, 11/

3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1422 дугаар шийдвэрээр Б.Пунцагийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 12 хороо, Москвагийн гудамж, АОС 39 дугаар байрны 1, 2, 3 дугаар давхрын өмчлөгч болохыг тогтоож, 0060113 дугаартай газар эзэмших гэрчилгээг үндэслэн өв нээсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож, эцэг Б.Бямбасүрэнгийн өмч болох Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 2-268 тоот хаягт байршилтай орон сууцны өвлөгдөх хэсгийг гаргуулах тухай Б.Бд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Москвагийн гудамж, АОС 39 байрны 3 дугаар давхрын өмчлөгчөөр Б.Пунцагийг тогтоож, уг байрны 1, 2 дугаар давхрын өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх.23-24/

4. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/02078 дугаар шийдвэрээр Б.Бгийн нэхэмжлэлтэй, нотариатч Д.Цолмонгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б.Пунцагт олгосон 17 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 тоот хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тогтоолгох, өвлөгдөх эд хөрөнгийн эрх болох Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр Б.Б, Я.Ц нарыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 тоот хаягт байрлах 3 давхар барилгын зоорийн давхрын өмчлөгчөөр Б.Бг тогтоолгох тухай Д.Цолмон, Б.Пунцаг нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд нотариатч Д.Цолмонгийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б.Пунцагт олгосон 17 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгож, өвлөгдөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 00 тоот хаягт байрлах 3 давхар барилгын 1 дүгээр давхар болон зоорийн давхрын 50 хувийн өмчлөгчөөр Б.Бг, барилгын 2 дугаар давхар болон зоорийн давхрын үлдэх 50 хувийн өмчлөгчөөр Я.Цг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж 00 тоот хаягт байршилтай 140 м.кв талбайтай газрын Б.Б, Я.Ц нарыг тогтоож, уг хаягт байршилтай 3 давхар өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Бг тогтоож шийдвэрлэсэн. /хх 75-83/

4.1 Улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2352 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамжны 00 тоот хаяг бүхий 3 давхар барилгын 1 дүгээр давхрын өмчлөгчөөр Б.Бг, мөн барилгын 2 дугаар давхрын өмчлөгчөөр Я.Цг, мөн хаягт байрлах 3 давхар үндсэн болон өргөтгөлийн барилгын зоорийн давхрын хамтран өмчлөгчөөр Б.Б, Я.Ц, Б.Пунцаг нарыг тогтоож шийдвэрлэсэн байна. /хх75-107, 132-146/ Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00310А дугаар тогтоолоор Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/00310 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...болон өргөтгөлийн... хэсгийг хасаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх164-174/

5. Шүүхийн шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 18030 Москвагийн гудамжны 39 /1 дүгээр давхар/ тоот хаягт байрлах, 72 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б, 2 дугаар давхарт байрлах 72 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Я.Ц, 296 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Пунцаг, зоорийн давхрын 72 м.кв талбайтай, автомашины гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б, Я.Ц, Б.Пунцаг нар тус тус улсын бүртгэлд бүртгэлтэй байна. /хх 121-124/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

7. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 18030 Москвагийн гудамжны 00 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 1 болон 2 дугаар давхрыг Б.Б болон Я.Ц нартай дундаа хамтран өмчлөлөөр хэлцэл хийсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын 1, 2 дугаар давхар бий болоход нэхэмжлэгчээс мөнгөн буюу 3,500,000 төгрөгийн болон үйл ажиллагаагаар хөрөнгө оруулсан, мөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын эд хөрөнгө тухайн барилгын 1, 2 дугаар давхар бий болоход холилдсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/01822 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

М.БАЯСГАЛАН