Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Н.Ганболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгч П.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Х-т холбогдох эрүүгийн 1838000740047 дугаар хэргийг 2018 оны 09 дугаар сарын 13- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.Х-,

Шүүгдэгч П.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух Д.О-ын гэрээс их гарын хөөрөг, мөнгөн бөгж, хонх, очир зэрэг нийт 1.060.000 /нэг сая жаран мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух Д.О-ын гэрээс их гарын хөөрөг, мөнгөн бөгж, хонх, очир зэрэг нийт 1.060.000 /нэг сая жаран мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч П.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ганхуяг ах над руу залгаад “Маргааш өглөө эрт ахыгаа тээврийн товчоо руу хүргээд өгчих. Ах нь ачаа ихтэй байна” гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 71-54 ХӨВ улсын дугаартай Жи Короло маркийн тээврийн хэрэгслээр Ганхуяг ахын гэрт очоод Ганхуяг ахыг үүдний өрөөндөө ачаа бараагаа янзалж байх хойгуур нь би хоймрын өрөөнд нь цай ууж сууж байгаад тавиур дээр байсан дайлантай хөөргийг нь дайлангаас нь авч халаасандаа хийгээд, том өрөөнийх нь урд буланд байдаг тавиур дээр бурхан шашны эд зүйл байхаар нь тэндээс нь хонх, очир, бөгж зэргийг авсан... гэх мэдүүлэг. /хх 165 дугаар хуудас/,

Хохирогч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор өгсөн: “... манай нөхрийг Улаанбаатар хот руу явахад нь П.Х- машинаараа тээврийн товчоо руу хүргэж өгсөн байсан. П.Х- надад ярихдаа -би Ганхуяг ахыг тээврийн товчоо руу хүргэж өгөхийнхөө өмнө уг хөөргийг гэрээс чинь авсан гэж хэлсэн. Миний бодлоор П.Х- манайхаас хулгай хийе гэж бодсон бол амбаарт ч бас мах байсан үүнийг авах байсан байх. ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 139-143 дугаар хуудас /

Гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...П.Х- надад хэлэхдээ -би танайхаас хулгай хийгээгүй. Би таныг тээврийн товчоо хүргэж өгөхийнхөө мөн таныг гэрээсээ эд зүйлээ зөөж гаргаад гэртээ орж, гарч байх хооронд хөөргийг чинь авчихсан юм гэж хэлсэн. Би ойлгохдоо П.Х-ыг манайхаас хулгай хийгээгүй гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг. /хх-ийн144-146 дугаар хуудас /

Гэрч Д.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...би 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ очсон. Тухайн үед бурхны хишгийн сав газарт унасан эсэхийг анзаарч хараагүй. ...Цоожинд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Би очоод хаалганы цоожоо түлхүүрээр нь онгойлгож орсон...” гэх мэдүүлэг. /хх-ийн147-148 дугаар хуудас /

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гаднаас нэг хүн орж ирээд тооцоонд нэг хөөрөг гаргаж ирээд 10.000 төгрөгний барьцаанд тавьсан. Бөх барилддаг Хатнаа гэж өөрийнхөө нэрийг хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 дугаар хуудас /

Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...П.Х- над дээр ирээд мэнд мэдээд надад мөнгөний хэрэг болоод байна энэ Очир, Хонх хоёрыг мөнгө байвал 30.000 мянган төгрөгөнд авчих гэсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас /

Гэрч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...намайг зах дотор алт мөнгөний дархан хийдэг ажлын байран дээрээ байж байхад үл таних нэг залуу орж ирээд хар өнгийн шигтгээтэй эрэгтэй хүний мөнгөн бөгж үзүүлээд энэ бөгжийг 10.000 төгрөгөнд авчхаач дүүд нь мөнгө хэрэг болоод байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас /

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 29, 155 дугаар хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7, 138 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч П.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух хохирогч Д.О-ын гэрээс гарахдаа их гарын хөөрөг, мөнгөн бөгж, хонх, очир зэрэг нийт 1.060.000 /нэг сая жаран мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.О-, гэрч О.Ганхуяг, Д.Өлзийсайхан, Б.Намжилмаа, Б.Наранбаатар, Т.Доржбаяр нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч П.Х-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Шүүгдэгч нь ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын шинж, чанар, хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч П.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн 1838000740047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар толгойтой, ногоон өнгийн металл оруулгатай, гуулин нуух, халбагатай, хагарсан мана хөөрөг нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.О-д буцаан олгож, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 95 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Х-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр / жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Х-ыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар толгойтой, ногоон өнгийн металл оруулгатай, гуулин нуух, халбагатай, хагарсан мана хөөрөг нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.О-д буцаан олгосугай.

5. Эрүүгийн 1838000740047 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 95 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х-т урьд авсан 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг арга хэмжээг авч, төрийн сангийн 100170005350 тоот данснаас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж шүүгдэгч П.Х-т буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      М.ЭРДЭНЭ-ОЧИР