Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 195

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

 

      Улсын яллагч                                                   А.Энхтуяа

      Нарийн бичгийн даргаар                                 Б.Намуунзул нар  оролцов.

 

 Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоно овогт Бадамсүрэнгийн Тэмүүжинд холбогдох 1831002430186 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн 1999 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Коллектив” шөнийн цэнгээний газарт зөөгч ажилтай, ам бүл 3, ээж аавын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит 1-р хэсэг 077 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадваотай гэх, Чоно овогт Бадамсүрэнгийн Тэмүүжин /РД МЮ99072914/          

  Шүүгдэгч Б.Тэмүүжин нь 2018 оны 08 сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Цэрэнчимэдийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

  1. Шүүгдэгч Тэмүүжингийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн:  ...Би 2018 оны 08-р сарын 03-ны өдөр ажлаа тараад хамт ажилладаг Барсболд гэх залуугийн хамт явж байгаад Бат-Амгалантай таараад хүнтэй уулзахаар салаад явсан.  Тэгээд хүнтэй уулзчихаад Бат-Амгалан руу утсаар ярихад 02 цаг өнгөрч байсан. Намайг шар байрууд дунд очиход Б.Цэрэнчимэд, Нямбаяр, Бат-Амгалан, Барсболд, Гантөгс нар нь нэг нэгэндээ архи хундагалж өгсөн, эсвэл архийг нь өмнөөс нь уусан ч юм уу ойлгомжгүй юм яриад хоорондоо маргаад байсан. Намайг очиход Барсболд аягалж байсан пиво надад өгөхөөр нь би хүн болгонд 2 өгөөд л дууссан. Бат-Амгалан, Гантөгс нар нь бид нараас жаахан зайтай зогсоод маргалдаж байснаа Бат-Амгалан нь Гантөгсийг хавирч унагаагаад дээрээс нь нуруу болон шилэн хүзүүн дээр нь дараад маргалдаад байхаар нь би хоорондоо учраа олчих байх гээд очоогүй. Тэр хоёр маргалдахаа болиход Б.Цэрэнчимэд Бат-Амгалан дээр очоод юм ярьж байснаа гэнэт Б.Цэрэнчимэд Бат-Амгаланг цохисон. Тэгэхээр нь би гүйгээд очиход Б.Цэрэнчимэд намайг өөр лүү нь дайрч байна гэж бодсон уу, яасан ойртоод очиход шууд баруун зүүн гараараа цохихоор савахаар нь би доошоо суугаад бултаад зөрүүлээд нэг цохисон. Тэгсэн Барсболд Нямбаяр нар наашаа гүйж ирж байснаа Г.Нямбаяр над руу хөлөөрөө жийгээд хүрээд ирэхээр нь хажуу тал руугаа болоод Нямбаярыг баруун гараараа нэг удаа цохисон. Хажууд нь гүйж явсан Барсболд Нямбаярыг бас нүүрэнд нь цохисон. Би эргээд харахад Б.Цэрэнчимэд газраас юм хайж байснаа чулуу аваад шидээд зугтаасан. Шидсэн чулуу нь Бат-Амгалангийн нурууг оносон. Бид нар цаашаа явсан. Бид нарыг явахад Нямбаяр суугаад үлдсэн. Би өөрийн буруутай үйлдлээ ухаарч ойлгож байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би хохирогч Цэрэнчимэдтэй эвлэрч учраа олсон ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43-р ху/,

2.Шүүгдэгч Б.Тэмүүжингийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Манай ах хэдэн найзуудтайгаа архи ууж байсан юм. Тэгээд ахыгаа авах гээд очтол тэд нар хоорондоо маргаж байсан. Би ахыгаа авах гэж байгаад нэг хүнийг нь түлхэж унагасан. Намайг ч гэсэн хэд хэд цохисон.. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй.  гэх мэдүүлэг,

3.Хохирогч  Б.Цэрэнчимэдийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Батка Гантөгс гэх залуутай маргалдаад байхаар нь би болиоч чи яасан том юм бэ, согтуу хүнийг согтуугаар нь битгий далимдуулаад байгаач гэсэн.  ...би согтолттой байсан. ...Би Тэмүүжинг зүс мэднэ ямар учраас намайг цохисныг мэдэхгүй байна...надад гомдол санал байхгүй. ...гэх мэдуүлэг, /хх-ийн 08-09 ху/,

4.Гэрч Г.Нямбаярын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Чанга дуу гарах шиг болоод очиход Батка, Тэмүүжин, Цэрэнчимэд нар нь байхаар нь би гүйгээд очиход миний хажуу талаас Тэмүүжин цохисон. ...би нүүрээ дараад тонгойж суугаад босоход Цэрэнчимэд байхгүй болсон байсан. ...Дараа нь уулзахад Тэмүүжин хэлэхдээ Баткаг Цэрэнчимэд цохихоор нь би Цэрэнчимэдийг цохисон гэж хэлсэн.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14 ху/,

 5.Гэрч Д.Бат-Амгалангийн 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Архи ууж байгаад би Бат-Эрдэнэ ахтай маргалдаад би хавираад унагаагаад зууралдсан чинь хажуунаас Цэрэнчимэд “ямар онгироо юм бэ түрүүнээс хойш дэвээд байх юм” гэсэн. Тэгсэн Цэрэнчимэд намайг шууд гараараа гэнэдүүлээд цохьсон намайг өмөөрөөд Тэмүүжин Барсболд нарын нэг нь Цэрэнчимэдийг цохьсон. Дараа нь Тэмүүжин таксинд суусан хойноо “таныг гэнэдүүлээд цохьсон хүнийг би цохьсон, тэгсэн найз нь гүйгээд ирэхээр нь бас цохьсон” гэж хэлсэн. Намайг босоод ирэхэд Цэрэнчимэд над руу чулуу шидээд цаашаагаа гүйгээд явсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17 ху/,        

6.Гэрч Г.Гантөгсийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Архи тойруулж сүүлийнх нь Бат-Амгалангийн ээлж ирэхэд намайг “та арай ахмад нь юм байна” гээд надад өгөхөөр нь би аваад уучихсан юм. Гэтэл Бат-Амгалан уурлаад намайг хавираад унагаасан босч ирээд зууралдаж байгаад болиод хүмүүс дээр очсон. Тэгээд би цаашаагаа явсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 ху/,

7.Гэрч Б.Тэмүүжингийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Цэрэнчимэд намайг өөр лүү нь дайрч байна гэж бодоод баруун зүүн гараараа савахаар нь би доошоо суугаад бултаад зөрүүлээд нэг цохьсон. Надад цохиулаад газраас чулуу аваад шидээд зугатаасан шидсэн чулуу нь намайг биш Бат-Амгалангийн нурууг оносон.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21 ху/,  

8.Гэрч Г.Барсболдын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ...Цэрэнчимэд тэр хоёр дээр очоод “ямар онгироо юм” гээд Бат-Амгаланг цохисон. Тэгсэн Тэмүүжин гүйж очоод Цэрэнчимэдийг цохисон. Намайг Тэмүүжингийн хамт очиход Нямбаяр нь өшиглөхөд би Нямбаярыг нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Тэгсэн Цэрэнчимэд цаашаа гүйж байсан бид нар цаашаагаа явахад Нямбаяр явган суугаад үлдсэн.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23 ху/,

9.2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 847 дугаар Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.Цэрэнчимэдийн  биед баруун хөмсөгний шарх, баруун шилбэний зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр  тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 30-р ху/, 

 

10.Шүүгдэгч Б.Тэмүүжингийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 46-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 28,31,34-р ху/, Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 29,32-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 38-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, /хх-ийн 52-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 40-41-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 42-43-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 56-р ху/,  шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 57-р ху/, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 55-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 54-р ху/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал, /хх-ийн 65-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тэмүүжинг 2018 оны 08 сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Цэрэнчимэдийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн байдал, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

  Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн зүйлгүйг дурьдах нь зүйтэй.

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгч прокурорын гаргасан торгох ялаар шийтгэх саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

  Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа  болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон торгох  ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Чоно овогт Бадамсүрэнгийн Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чоно овогт Бадамсүрэнгийн Тэмүүжинг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Тэмүүжингийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Тэмүүжинд мэдэгдсүгэй.

    5.Шүүгдэгч Б.Тэмүүжин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.

    6.Шүүгдэгч Тэмүүжинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

    7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

    8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

    9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

   11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН