Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01472

 

З-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/01240 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: З

Хариуцагч: Ө.Үд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,804,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Ө.Ү нь дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд тухайн орон сууц нь З-д харьяалагддаг.

1.1 Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхыг хуулиар зохицуулсан тул орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг орон сууц өмчлөгч хариуцах үүрэгтэй.

1.2 Хариуцагч нь 2019 оны 05 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал нийт 32 сарын 2,304,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд үүнээс 500,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэх 1,804,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Учир нь, сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал гэх С.Баатарцолыг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр холбооны удирдах зөвлөлийн гишүүнд сонгосон. Гэтэл Удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/62 дугаар тогтоолоор С.Баатарцолыг УЗ-ын гишүүнээс хасаж гүйцэтгэх захирлын ажилд томилсон. Энэ нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх хэсэгт гагцхүү холбооны удирдах зөвлөлийн гишүүнийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан.

2.1 СӨХ-ны төлбөрийг тогтоосон нь хууль бус. Учир нь, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/02 дугаар удирдах зөвлөлийн тогтоолоор СӨХ-ны гишүүн байгууллагаас төлбөр авах тухай тогтоол гарсан. Энэхүү тогтоол нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг СӨХ-д төлөх хуулийн зохицуулалтыг зөрчсөн.

2.2 Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ө.Ү бөгөөд хуулийн этгээд болох Дэвжих тод ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш. Мөн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр заасан байхад СӨХ-ны төлбөрийг Удирдах зөвлөлөөр шийдвэрлэсэн нь буруу.

2.3 Ө.Ү нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 05 дугаар сард худалдан авсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/шш2021/01178 дугаар шийдвэрээр З-ны 2019 оны 04 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл хугацааны 1,656,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа З-ны нягтлантай 2021 оны 08 дугаар сард ярилцахад тэрээр ...та 500,000 төгрөг төлчих, цаашдаа СӨХ-ны төлбөрийг хэрхэн төлөх талаар ярилцъя гэсэн тул 1,656,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлсөн. Иймд би СӨХ-д сар бүр 39,900 төгрөгийг төлөх хүсэлтэй байгаа боловч хариуцагч зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Ө.Үгоос 1,804,000 төгрөг гаргуулах тухай З-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ө.Ү нь уг байрыг хэдийгээр үйлчилгээний зориулалтаар ашигладаг хэдий ч СӨХ-ны төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй. З-ны байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг 8-н нэрийн хүнсний дэлгүүрийн захирал, үйлчилгээний зориулалтаар уг байрны өмчлөгч Ө.Ү нь 2017 оноос хойш орон сууц өмчлөгчийн үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Хэргийн үйл баримтын тухайд өмнө нь нэхэмжлэгч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаараа Дэвжих тод ХХК-ийг сонгон хэрэг хянан шийдвэрлэгдсэн ба уг шүүхээс 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 01178 дугаар шийдвэрээр шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг цаг хугацаанаас хойш хариуцагч нь төлбөр хураамжийг төлөх, гэрээ хэлцэл байгуулах саналыг удаа дараа нэхэмжлэгчид тавьж байсан бөгөөд үүнийг хүлээн аваагүй.

5.1 Харин СӨХ-той тохиролцсоны дагуу 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг төлсөн. Энэ цаг хугацаанаас хойш сар болгон 39,900 төгрөг төлж бай гэж нэхэмжлэгч хэлсэн. Хариуцагчийн зүгээс Төрийн банк ХХК-д төлбөр төлөх тоот үүсгэх хүсэлт гаргасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 20051003400580 дугаар код үүсгүүлсэн. Тухайн үүсгэсэн кодны дагуу төрийн банкинд очиж нэхэмжлэгч З-оос нэхэмжилсэн мөнгийг төлж байсан. Харин нэхэмжлэгчээс 2021 оны 00 дүгээр сар хүртэл уг кодоор төлбөр нэхэмжилж байгаад 2021 оны 12 дугаар сард шүүхэд хандсан цаг хугацаанаас хойш төрийн банкаар нэхэмжлэхээ больсон.

5.2 Төрийн банканд Ө.Ү мөнгөн дүнгийн хэмжээг оруулдаггүй зөвхөн З-өөс илгээсэн нэхэмжлэлийн дагуу төлбөр авдаг байсан. Талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. СӨХ-ны төлбөр тогтоосон нь үндэслэлгүй ба хууль бусаар тогтоосон. СӨХ-ны төлбөрийг талууд тохиролцоонд хүрч 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 39,900 төгрөгөөр тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,804,000 төгрөг нь нийт хэдэн сарын төлбөр болох, нөгөөтэйгөөр хариуцагчийг сард хэдэн төгрөг, хэрхэн яаж төлөх ёстой талаар эрх бүхий байгууллага тогтоогоогүй байхад нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал гэх этгээд дур мэдэн төлбөрийн хэмжээг тогтоож буй нь үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

2.а. Нэхэмжлэгч З нь хариуцагч Ө.Үд холбогдуулан 1,804,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ ...2019 оны 05 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нийт 2,304,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,804,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

2.б. Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, ...СӨХ-ны зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй тул удирдах зөвлөлөөс тогтоосон төлбөрийг төлөхгүй гэж татгалзан мэтгэлцсэн.

2.в. Улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэлтэй, дүүрэг, 00 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16061/, Хасбаатарын гудамж, 00 дугаар байр, 1 дүгээр давхрын Ү-2 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Ө.Ү бүртгэлтэй, мөн уг орон сууц нэхэмжлэгч З-д харьяалагддаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдсон байхаас гадна талууд энэ талаар маргаагүй. /хх 3, 106/

3.а. Хариуцагчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан орон сууц гэх тодорхойлолтод хамаарахгүй боловч орон сууцны барилгын дундын ашиглалт, засвар, үйлчилгээ болон бусад нийтлэг зардлыг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Учир нь Орон сууцны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах нь уг хуулийн нэг зорилт юм. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг уг хуулиар зохицуулна.

3.б. Гэтэл анхан шатны шүүх Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан орон сууц гэх тодорхойлолтод хариуцагчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө хамаарахгүй гэх үндэслэлээр уг орон сууцны барилгын нийтлэг зардлыг санхүүжүүлэх үүрэг хүлээхгүй гэж хууль буруу тайлбарлан хэрэглэжээ.

4.а. З-ны удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/02 дугаар тогтоолоор аж ахуй нэгж байгууллагаас авах үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоосон байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч З-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/02 дугаар тогтоолын хавсралтаар хариуцагчийн өмчлөлийн 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлын нэгж үнэ буюу суурь үнийг 830 төгрөгөөр тогтоосон байна. /хх 16/

Иймд хариуцагч нь суурь үнэ болох 59,760 төгрөгийг /72 м.кв х 830 төгрөг/ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

4.б. 2019 оны 5 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын буюу нийт 32 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал болох нэг сарын суурь үнэ 59,760 төгрөг, нийт 1,912,320 төгрөг болж байх бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаж, үлдэх 1,412,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

4.в. Хариуцагч нь уг тогтоолын хавсралтаар баталсан бусад зардал болох жижүүрийн, цэвэрлэгээний, нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн болон дулааны зардал нь хариуцагчийн хөрөнгөтэй хамааралтай.

5. З-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/62 дугаар тогтоолоор С.Баатарцолыг гүйцэтгэх захирлаар томилсон байх тул тэрээр З-ны төлөөлөгчийн хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүргийн талаарх нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 1,412,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,804,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/01240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасныг баримтлан хариуцагч Ө.Үгоос 1,412,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 391,680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37,547 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,294 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

М.БАЯСГАЛАН