| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0182/Э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 196
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Хохирогч Б.Байлау
Хохирогчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаазгай овогт Даваагийн Батмөнхөд холбогдох 1831000000152 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1973 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг 154 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ял шийтгүүлж, 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэрэг хариуцах чадвартай, гэх Шаазгай овогтой Даваагийн Батмөнх, /РД: МЭ73031214/,
Шүүгдэгч Д.Батмөнх нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг 3 дугаар баг “Сайхны хөтөл”-ийн сайжруулсан хайрган зам дээр 83-32 СЭҮ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, “Хонда Пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж иргэн Б.Баяртогтохын эзэмшлийн трансформаторыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас машины арын хэсэгт сууж явсан зорчигч Б.Байлаугийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Д.Батмөнхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хатагтай хоолны газар хоол идчихээд гарч ирээд Байлау, Машка нэртэй эхнэр, нөхөр 2-той тааралдсан. Тэгээд тэр 2 “Сайхны хөтөл гарч үзмээр байна” гэхээр нь би тэр 2-г “Сайхны хөтөл” үзүүлэх санаатай өөрийнхөө унаж явсан машинд суулгаад явсан. “Сайхны хөтөл” явах замдаа 0,75 граммын нэг шил архи авсан. Тэгээд бид 3 очоод архиа хувааж уучихаад буцаад Сүхбаатар сумын төв рүү явах замдаа сайжруулсан зам дээр миний унаж явсан машин урд дугуй нь хагарсан байх гэж бодож байна, 2 тал руугаа шарвахаар нь би тоормоз гишгэсэн чинь замын зүүн тал руу гаран гэрлийн шон мөргөж онхолдсон. Би өөрийн гэм буруутуй үйлдлийг ойлгож байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 75-76-р ху/,
2. Шүүгдэгч Д.Батмөнхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: . 2018 оны 06-р сарын 08-ны өдөр “Хадагтай” гуанзнаас Баянаа бид 2 хоол идээд гарч байхад Байлау нөхөртэйгээ таараад бид хэд гол дээр 1 шил архи уусан. Тэгээд дараа нь дахиад 1 шил архи уусан. Нэг найзыгаа хүргэж өгчихөөд явж байтал хохирогчийн нөхөр “Сайхны хөтөл” явж үзээгүй гэхээр нь “Сайхны хөтөл” рүү дагуулж яваад эргэж ирэх замдаа шарваад онхолдсон. Би бодохдоо машины дугуй хагарсан байх гэж бодож байна. Би согтуугаар машин жолоодсондоо харамсаж байна. Хохирогчид учирсан хохирлыг 1 сарын хугацаатай төлж барагдуулахаа илэрхийлж байна. Энэ талаар гэрээ хийсэн байгаа. Дайрсан тогны шонг төлөөгүй байгаа. Удахгүй төлж барагдуулна гэдгээ иргэний нэхэмжлэгчтэй тохирсон байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна.. ...гэх мэдүүлэг,
3.Хохирогч Б.Байлаугийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагт “Хадагтай” цайны газарт өөрийн нөхөр Машсайхантай цуг явж байгаад Шараа тааралдсан. Тэгээд нөхөр “Сайхны хөтөл” гарч үзээгүй болохоор Шараатай уулзаад “Сайхны хөтөл” гарахаар болсон. Тэгээд “Сайхаы хөтөл” рүү явах замдаа нэг дэлгүүрээс 0,75 граммтай архи аваад шууд “Сайхны хөтөл” рүү явсан. Тухайн газар очоод нөгөө авсан архиныхаа талыг нь би ганцаараа уусан. Манай нөхөр огт архи уудаггүй юм. Тэгээд би тэр архины талыг нь ганцаараа уучихаад нөхрийн хамт хад руу гараад зураг авахуулчихаад буцаад очиход Шараа үлдсэн тал шил архийг ганцаараа уусан байсан. Миний хувьд машинд сууснаа мэдэж байгаа юм. Тэгээд юу болсныг санахгүй байна. Учир нь би нилээн согтуу байсан. Ямар ч байсан нэг ухаан ороход би эмнэлэг дээр сэргэсэн. Харин тэр үед миний баруун талын гар хугарсан байсан. Би гомдолтой байна. Баримтанд заагдсан мөнгийг нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,
4. Иргэний нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонгийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...83-62 СЭү улсын дугаартай “Хонда Пит” маркийн тээврийн хэрэгсэл нь манай “Бэрс финанс ББСБ”-ын нэр дээр байдаг. Тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг янзалсан тохиолдолд миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,
5. Иргэний нэхэмжлэгч Б.Баяртогтохын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хувиараа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Сайхны хөтөл” нэртэй газарт “Сайхны хөтөл” нэртэй амралтын газартай юм. Болсон зүйлийн талаар ярьж хэлэхэд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн үед байх гэж санаж байна, манай амралтын газрын трансматорыг “Хонда” маркийн машиныг жолоодож явсан согтуу жолооч мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас манай амралтын газрын трансматорыг эвдэж надад хохирол учруулсан. Тухайн трансматор нь миний өөрийн эзэмшлийн өмч хөрөнгө байгаа юм. Уг трансматорийг би өөрийн амралтын газрын тогийг гаргах зориулалтааар ашигладаг байсан. Би тухайн өндөр хүчдлийг үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд нийт хохирол нь 300.000 төгрөг болсон. Миний хохирлыг нөхөн барагдуулсан тохиолдолд надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р ху/,
6. Иргэний хариуцагч А.Энхбатын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг “Бэрс финанс” ББСБ нэр шилжүүлэн 1 сая төгрөгийн зээд авахдаа гэрээтэй уншиж танилцсан. Тэгэхээр миний хувьд бусдад учруулсан хохирлыг нөхөн барагдуулна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-р ху/ ,
7. Гэрч Д.Отгончимэгийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 19 цагт манай төрсөн эгч Болормаа миний гар утас руу залгахаар нь би гар утсаа аваад эгчтэйгээ ярьтал манай эгч надад хэлэхдээ “Сайхны хөтөл”ийн ойролцоо танай нөхрийн машин уначихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн осол болсон газарт очиход манай төрсөн ах М.Батмөнх нь модны сүүдэрт сууж байсан. Харин манай нөхрийн машин нь тогны шийд мөргөсөн дээшээ харсан байдалтай байсан. Тэгэхээр нь төрсөн ах М.Батмөнхөөс хэнтэй цуг явсан талаар асуухад най Машсайхан, Байлау нарын хамт явж байгаад зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/ ,
8. Гэрч Д.Машсайханы 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед би өөрийн эхнэр Байлаугийн хамтаар “Хадагтай” цайны газарт эхнэртэйгээ хоол идээд сууж байхдаа эхнэртэйгээ “Сайхны хөтөл” гарч үзэх юмсан гээд яриад сууж байхад манай эхнэрийг таньдаг нэг залуу ирээд “Би та хоёрт “Сайхны” хөтөл яваад өгөх үү” гэхээр нь зөвшөөрөөд “Сайхны хөтөл” явахаар болсон. Тэгээд “Сайхны хөтөл” явах замдаа манай эхнэр 0.75 граммтай нэг шил архи аваад цаашаа шууд “Сайхны хөтөл” явсан. Тэгээд тухайн газраа очоод манай эхнэр ганцаараа нөгөө 0.75 граммтай нэг шил архины талыг уусан. Тэгээд тал шил архийг үлдээчихээд эхнэр бид хоёр дээшээ хадруу гараад зургаа авхуулчихаад ирэх хооронд нөгөө үлдсэн тал шил архи байхгүй болохоор нь нөгөө залуугаас хаана байгаа талаар асуухад “би уучихсан” гэсэн. Тэгээд бид нар гэрлүүгээ явахаар болоод би нөгөө Шараа гээд байгаа залуугийн жолоодож явсан машиных нь урд, манай эхнэр ард ганцаараа суусан. Харин Шараа /Батмөнх/ нь өөрөө машинаа жолоодоод “Сайхны хөтөл”өөс буугаад сайжруулсан зам дээр явж байхад Шараа /Батмөнх/ гэнэт хурдан давхихаар нь би “боль” гэж хэлэх үед машин нь 2 тийшээ шарваж байснаа замын зүүн тал руу гаран гэрлийн шийдэн мөргөж онхолдсон. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р ху/,
9.Гэрч Б.Үүрийнцолмонгийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Зам тээврийн осол гарсан талаар би мэдэхгүй байна. Харин 83-62 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч А.Энхбат нь өөрөө манай байгууллагын нэр дээр шилжүүлэн 1.000.000 төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар зээлийн төлөлт хэвийн төлөгдөж байна. А.Энхбат нь өөрийнхөө эзэмшлийн 83-62 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ манай ББСБ-ийн нэр дээр шилжүүлэн зээл авсан боловч гэрээнд зааснаар “Барьцаа хөрөнгө болон тээврийн хэрэгслийг эзэмшигч, ашиглаж байхдаа бусдад эдийн болон эдийн бус хохирол учруулсан бол уг хохирлыг “Барьцаалуулагч дангаар хариуцна” гэж заасан байгаа учраас А.Энхбат өөрөө хариуцна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/,
10.Гэрч Б.Мөрөнгийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Батмөнх нь миний төрсөн эцэг байгаа юм. Манай аав бид хоёр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар 4 дүгээр баг 2 дугаар хэсэгт 154 тоотод оршин суудаг. Манай аавын хувьд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тохижилт үйлчилгээний газарт ачигч ажил хийдэг. Харин миний хувьд Улаанбаатар хотод МУБИС-ийн 2 дугаар курсийн оюутан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажил байхгүй байна. Манай аавын хувьд намайг өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлэн, миний төлөө ажиллаж амьдарч, бүх зүйлээ надад зориулж байгаа юм. Мөн аав маань төрөл садан, найз нөхөд, ажлын хамт олон дундаа нэр хүндтэй, хүнд тусархаг, ямар нэгэн элдэв муу зан аашгүй маш сайн хүн байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 38-р ху/,
11.Гэрч Д.Болормаагийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай төрсөн дүү Батмөнхийг Алтанбулаг сумын 3 дугаар багийн “Сайхны хөтөл” нэртэй газарт зам тээврийн осол гаргасан байна гэж надад нэг дугаараас залгаж хэлсэн. Тэр дугаарыг би мэдэхгүй. Би бодохдоо миний төрсөн дүү Батмөнх нь замын хүмүүст хэлээд нөгөө хүн нь надад хэлсэн байх гэж бодсон. Тэгээхд би өөрийн төрсөн дүү Отгончимэгт Батмөнхийг “Сайхны хөтөл” нэртэй газарт зам тээврийн осол гаргасан байна, яваад оч” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед очоогүй болохоор юу болсныг хэлж мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,
12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 278 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Б.Байлаугийн биед баруун бугалга шуу ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 43-р ху/,
13. Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 39 тоот дүгнэлт хэсэгт:
1.”Зам тээврийн осол” зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал: зам тээврийн осол мөн.
2.Жолооч Д.Батмөнх нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. ...гэх дүгнэлт, /хх-ийн 55-р ху/,
14.2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ны үнэлгээ:
| № | Ажлын нэр | х/н | тоо |
|
|
| 1 | Док яч№1 6кв-н ЦДАШ-г тасдаж, | х/ц | 5.0 |
|
|
| 2 | Трансматор тэгшлэх | х/ц | 3.0 |
|
|
| 3 | Хашаа гагнах | х/ц | 1.0 |
|
|
|
| Дүн |
|
|
|
|
Материалын зардал
| № | Материалын нэр | х/н | Тоо | Нэгжийн үнэ | Нийт үнэ |
| 1 | Угальник төмөр | м | 6 | 8.000 | 48.000 |
| 2 | Төмөр хайрцаг | М3 | 3.36 | 150.000 | 150.000 |
|
| Дүн |
|
|
| 198.000 |
Хохирлын нэгтгэсэн дүн:
| № |
| Үнэлгээ/төгрөг |
| 1 | Материал | 198.000 |
| 2 | Ажлын хөлс | 135.000 |
| 3 | Тээврийн зардал | 30.000 |
|
| Шууд зардлын дүн | 363.000 |
гэх дүгнэлт /хх-ийн 62-р ху/,
Шүүгдэгч Д.Батмөнхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 77-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 01-02-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 75-76-р ху/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /06-08-р ху/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 09-р ху/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 45-51-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, /хх-ийн 42,54,58,69-р ху/, хохирогч, шүүгдэгч, нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 52-53,56-57,67-68,71-72-р ху/, шүүгдэгчийн урьд нь шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 79-80–р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын тухай баримтууд, /хх-ийн 82-85-р ху/, жолооны үнэмлэхний болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хх-ийн 93-р ху/, ,шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86-р ху/, зээлийн гэрээ /хх-ийн 90-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 98–р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 94–р ху/,иргэний нэхэмжлэгч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл,/хх-ийн 95-97–р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Батмөнх нь согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг 3 дугаар баг “Сайхны хөтөл”-ийн сайжруулсан хайрган зам дээр 83-32 СЭҮ улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, “Хонда Пит” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гарган иргэн Б.Баяртогтохын эзэмшлийн трансформаторыг мөргөж 363.000 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч А.Энхбатад 665.000 төгрөгний хохирол, машины арын хэсэгт сууж явсан зорчигч Б.Байлаугийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаас авсан тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, болон энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэрэг болон эд мөрийн баримтаар хураагдан жолоочийн 590257 тоот үнэмлэх ирсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.4-д заасан “Тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэний хариуцагч Халиуд овогт Алтангэрэлийн Энхбатаас трансформатын үнэ 363.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Харалган овогт Базаррагчаагийн Баяртогтоход олгох нь зүйтэй. Харин хохирогч Б.Байлаугийн биед учирсан эрүүл мэндэд хүндэвтэр хохиролын эмчилгээний зардлыг шүүгдэгч хохирогч харилцан тохирч төлөхөөр тохирсон болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шаазгай овогтой Даваагийн Батмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1-т заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Шаазгай овогтой Даваагийн Батмөнхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд үүрэг биелүүлээгүй, мөн шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.Батмөнхөд мэдэгдсүгэй
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул нөхөн төлж дуусах хугацааг 2018 оны 10-р сарын 12-ны өдрөөр гэж тогтоосугай.
7.Шүүгдэгч Д.Батмөнх нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн жолоочийн 590257 тоот үнэмлэхийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.
9. Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.4-д зааснаар иргэний хариуцагч Халиуд овогт Алтангэрэлийн Энхбатаас трансформатын үнэ 363.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Харалган овогт Базаррагчаагийн Баяртогтоход олгосугай.
10. Шүүгдэгч Д.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нартболон иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нартболон иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоноги.йн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН