Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2018/0547

 

2018 оны 10 сарын 17 өдөр   

  Дугаар 221/МА2018/0547

Улаанбаатар хот

 

 

“Н о м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0458 дугаар шийдвэртэй, “Н о м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0458 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Н о м” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх маргаан бүхий 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамжийг үнэлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдсон байхад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газар нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд холбогдох төрийн захиргааны байгууллагаас тодруулга, лавлагааг хариуцагч байгууллагаас авсан нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Н о м” ХХК-д тус дүүргийн 7 дугаар хороо, гэмтлийн эмнэлгийн баруун хойд талд 300 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар газрын хэмжээг мөн даргын 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 177 дугаар захирамжаар нэмэгдүүлж, 420 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн газар эзэмших эрхийн 0173373 дугаар гэрчилгээг 2010 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар баталгаажилтын зөвлөл”-ийн 2014 оны 10 дугаар сарын 28, 11 дүгээр сарын 26, 12 дугаар сарын 17, 2015 оны 01 дүгээр сарын 10, 01 дүгээр сарын 20-ны өдрүүдийн хурлын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх газрын хэмжээг 250 м.кв болгон баталгаажуулан мөн дээрх зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000314348 дугаар гэрчилгээг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун хойд талд үйлчилгээний зориулалтаар 250 м.кв газар эзэмшиж байгаа “Н о м” ХХК нь газрын төлбөрөөр зохих хугацаанд нь бүрэн төлөөгүй бөгөөд газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заажээ.

Газар эзэмшигч “Н о м” ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх нөхцөлийн тухайд анхан шатны шүүх маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/902 дугаар захирамж гаргах үед нэхэмжлэгч нь газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан нь холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг тодорхойлж, уг этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгохоор хуульчилсан ба уг хуулийн зохицуулалт нь үүссэн нөхцөл байдлыг арилгах боломжийг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд олгох  явдал бөгөөд Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн нэхэмжлэгчтэй 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр уулзаж, сонсох ажиллагаа явуулах үед “Н о м” ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөлийн хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдсон байхад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна” хэмээн дурдсан бөгөөд нэхэмжлэгч компани нь Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 177 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 420 м.кв газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувилал, эмнэлэг, нөхөн сэргээх төв байгуулахаар төлөвлөж, 2012-2013 онуудад ажлын болон эскиз зургийг үйлдсэн ч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тохижилтын ажлыг шинээр баталж, маргаан бүхий газрын зарим хэсэгт уг төв рүү орж, гарах автомашины зам төлөвлөсөн бөгөөд уг газарт бусдын түц байрласан, газар чөлөөлөх ажиллагаа явагдаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Үүнээс үзвэл, газар эзэмшигч “Н о м” ХХК нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                                        О.НОМУУЛИН  

         ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                                        Ц.САЙХАНТУЯА