Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1016

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д******* даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э******* *******” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э*******, Б.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э*******, Б.Б******* нарын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан хэмээн тус компанид ногдуулсан 31,518,181,0 төгрөгийн нөхөн татвар, 9,455,454.5 төгрөгийн торгууль, 7,917,367,3 төгрөгийн алданги нийт 48,891,003.6 төгрөгийн актыг хүчингүй болгуулах ” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, П.Г*******, хариуцагч О.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э******* *******” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан дугаар бүхий улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот регистрийн дугаартай “Э******* *******” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1 гишүүнтэй, 251.000.000.00 төгрөгийн дүрмийн сантай 26186 тоот нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгчийн гэрчилгээтэй. 

Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч А.Б*******, О.Э******* нар нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус компанид 240012441 тоот татварын улсын байцаагчийн акт үйлдсэн бөгөөд уг актанд “С ” ХХК-аас 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14882274 тоот нэмэгдсэн өртгийн падаанаар 170 181 818.0 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14882275 тоот нэмэгдсэн өртөгийн падаанаар 145 000 000.0 төгрөг нийт 315 181 818.00 төгрөгийн хуурамч бичилттэй нэмэгдсэн өртөгийн албан татварын падаануудыг авч нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан хэмээн 31,518,181,0 төгрөгийн нөхөн татвар, 9,455,454.5 төгрөгийн торгууль, 7,917,367,3 төгрөгийн алданги нийт 48,891,003.6 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.

Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нар нь хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй үндэслэлээр акт үйлдэж, төлбөр ногдуулсан нь өөрөө хууль зөрчсөн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Худалдан авалт нь бодит байхад, “Э******* *******” ХХК-ийн зүгээс нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланг хуулийн хугацаанд татварын албанд тайлагнаж татвар төлөгчийн үүргээ хуульд заасны дагуу биелүүлж байсан байхад юуг үндэслэн “хуурамч бичилттэй” падаан авсан хэмээн төлбөр ногдуулсан нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Бид бараа материалын худалдан авалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч аж ахуйн нэгжтэй харилцахыг эрхэмлэж ирсэн бөгөөд тухайн компанийг хуурамч бичилттэй падаан өгч байгаа эсэхийг газар дээр нь шалгах боломжгүй байдаг ба нийлүүлэгч байгууллага худалдсан барааныхаа нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг татварт бүртгүүлсэн эсэхийг бид шалгах, тодруулах үүргийг хуулиар хүлээгээгүй. Дээр дурдсанчлан бид нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын олгож буй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь Сангийн Сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар баталсан, нэгж дугаар бүхий түүнчлэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн (“С ” ХХК) хууль ёсны үнэн зөв баримт бичиг гэж итгэн татварын албаны тайландаа тусгаж ирсэн.

Бид дээрх 240012441 тоот татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл болон Гааль татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч актыг хэвээр үлдээсэн.

Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нарын гаргасан 240012441 тоот актыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа мөн түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр зохицуулсан зохицуулалт нь нэхэмжлэгчийг түүний гаргасан байж болох захиргааны зөрчлөөс бүрэн чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг бүрэн бий болгож байна.

Иймд, Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч нарын гаргасан 240012441 тоот актыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа тул актад дурьдсан нийт 48,891,003.6 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э*******, А.Б******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:  

“...Татварын Ерөнхий Газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 тоотын дагуу ******* тоот регистрийн дугаартай “Э******* *******” ХХК-ний 2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянзүрх Дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч О.Э*******, А.Б******* нар хяналт шалгалт хийж 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 240012441 тоот актаар 315,181,818.00 төгрөгийн зөрчилд 31,518,181.80 төгрөгийн нөхөн татвар, 9,455,454.50 төгрөгийн торгууль, 7,917,367.30 төгрөгийн алданги ногдуулсан.

Тус компани нь Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй 5385261 тоот регистрийн дугаартай

“С ” ХХК-иас 315,181,818.00 төгрөгийн хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч тайлагнан Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого бууруулсан тул “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” заалтыг зөрчсөн тул дээрхи актыг тавьж хариуцлага тооцсон.

“С ” ХХК нь Баянзүрх дүүрэгт бүртгэлтэй бөгөөд тус компанийн 2010-2013 санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийгдэж нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилтгэй падааны зөрчилд 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 24/0000243 тоот дүгнэлт бичигдэж Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шийдвэр гараагүй байна.

Хяналт шалгалтын явцад татвар төлөгчийг удаа дараа дуудаад ирээгүй бөгөөд татварын хэлтэс дээр ирж акттай танилцаагүй тул 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр татвар төлөгчийн бүртгэлийн хаягаар шуудангаар хүргүүлж холбогдох тэмдэглэлийг эх хувиар нь хавсаргаж актыг програмд шивж оруулсан.

Татварын улсын байцаагч О.Э*******, А.Б******* нар хяналт шалгалт хийж 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 240012441 тоот актаар 315,181,818.00 төгрөгийн зөрчилд 31,518,181.80 төгрөгийн нөхөн татвар, 9,455,454.50 төгрөгийн торгууль, 7,917,367.30 төгрөгийн алданги нийт 48,891,003.60 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрөн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсаныг тус зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж 115 дугаартай тогтоолоор Анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг үндэслэн 9,455,454.50 төгрөгийн торгууль, 7,917,367.30 төгрөгийн алданги, нийт 17,372,821.80 төгрөгийн төлбөрийг чөлөөлж, 31,518,181.80 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр баталсан шийдвэрт татвар төлөгч Гааль, Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан.

Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл гомдол гаргагч болон татварын улсын байцаагч нараас ирүүлсэн гомдол, тайлбар, баримтууд, хянан шийдвэрлэх явцад бүрдүүлсэн холбоглох мэдээлэл, материалд тулгуурлан гомдлыг хэлэлцээд Э******* ******* ХХК нь 0014882274, 001488275 дугаарын падаануудад бичигдсэн үнийн дүн бүхий бараа, материалыг “С ” ХХК-аас аваагүй, харин хууль бусаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэн, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй, татварын улсын байцаагч 315,181,818.00 төгрөгийн зөрчилд 31,518,181.80 төгрөгийн нөхөн татвар, 9,455,454.50 төгрөгийн торгууль, 7,917,367.30 төгрөгийн алданги, нийт 48,891,003.60 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт тогтоосон нь хуульд нийцсэн байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Э******* *******” ХХК-д төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э*******, Б.Б******* нарын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан хэмээн тус компанид ногдуулсан 31,518,181,0 төгрөгийн нөхөн татвар, 9,455,454.5 төгрөгийн торгууль, 7,917,367,3 төгрөгийн алданги нийт 48,891,003.6 төгрөгийн актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хэргийн материалд авагдсан, маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 240012441 дугаар актаар “Э******* *******” ХХК-ийн 2013 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад “С ХХК-иас 315,181,818.00 төгрөгийн хуурамч бичилттэй 14882274, 14882275 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг авч Нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзээд 315,181, 818.00 төгрөгийн зөрчилд 31,518,181.80 төгрөгийн нөхөн татвар, 9,455,454.50 төгрөгийн торгууль, 7,917,367.30 төгрөгийн алданги нийт 48,891,003.60 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан төлбөр тогтоосон актаас 9,455,454.50 төгрөгийн торгууль, 7,917,367.30 төгрөгийн алданги, нийт 17,372,821.80 төгрөгийн төлбөрийг хасч шийдвэрлэжээ.

Дээрхи тогтоолыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл хэлэлцээд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 240012441 дүгээр актыг хэвээр баталсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “худалдан авалт бодитой, хуулийн хугацаанд тайлагнасан байхад хуурамч бичилттэй падаан авсан гэсэн нь үндэслэлгүй...хуурамч бичилттэй эсэхийг газар дээр нь шалгах боломжгүй...нийлүүлэгч падаанаа бүртгүүлсэн эсэхийг бид шалгах үүрэггүй” гэж тодорхойлон маргаж байна.  

 “Э******* *******” ХХК-ийн 2013 оны 1-12 сарын ерөнхий журналаас үзэхэд бараа материалыг 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд н.Солонгоогоос зээлээр авснаар бүртгэж төлөлтийг 10 дугаар сарын 14, 20, 29-ний өдөр хийснээр бичсэн байх боловч нийт худалдан авалт нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон мөнгө төлсөн гэж бүртгэсэн дүн болох 315,181,818.18 төгрөгөөс илүү дүн бичигдсэн, түүнчлэн “Э******* *******” ХХК-ийн нягтлан бодогч Н.Зулгэрэл 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт “...дээрх 2 худалдан авалтыг хийхээс өмнө, дараа нь худалдан авалт хийсэн үү” гэхэд ”үгүй” гэсэн зэргээс үзэхэд  хоорондоо зөрүүтэй байна.

Мөн “С ” ХХК-ийн 14882274, 14882275 дугаар бүхий падаануудад бичигдсэн үнийн дүн бүхий бараа материалыг тус компаниас аваагүй, ямар нэгэн бараа материал ажил үйлчилгээний бэлтгэн нийлүүлэлт, худалдан авалт хийсэн нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд дээр дурдсан 2 падаан нь хий бичилттэй хуурамч падаанууд болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.  

 “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус заажээ. 

Хуулийн эдгээр заалтаас үзэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн нэхэмжлэгчийн зөрчил нь захиргааны зөрчил ба түүнд хүлээлгэж буй хариуцлага нь захиргааны шийтгэл мөн бөгөөд шийтгэл ногдуулсан хугацаа нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байх тул захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэх тухай дээрхи зохицуулалтад хамаарахаар байна.  

Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 240012441 дугаар актаар ногдуулсан 9,455,454.5 төгрөгийн торгууль, 7,917,367.3 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулан хасч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.5, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 240012441 тоот актаар 315,181,818.00 төгрөгийн зөрчилд 31,518,181.80 төгрөгийн нөхөн татвар, 9,455,454.50 төгрөгийн торгууль, 7,917,367.30 төгрөгийн алданги ногдуулсанаас 9,455,454.50 төгрөгийн торгууль, 7,917,367.30 төгрөгийн алдангийг хасч багасгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН