Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 329

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Мал эмнэлгийн газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

      Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч:                Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

      Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                        М.Батсуурь

                                        Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч               

       Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0239 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 371 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Т.Д нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0239 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.3.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 371 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 371 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

4. Учир нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-174 дүгээр тушаалаар тус газрын зарим албан тушаалын ангилал, зэрэглэлийг Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болгон өөрчилсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Б.А-г Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны Б/143 дугаар тушаалаар төрийн захиргааны албан тушаалд түр томилсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй,  тухайн албан тушаал ажилд тэнцэхгүй нь тус тус тогтоогдсон. Түүнчлэн Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны А/35 дугаар тушаалаар баталсан байгууллагын бүтцээр Захиргаа, санхүүгийн хэлтэст “Төрийн захиргааны алба” ангиллын 2, “Төрийн үйлчилгээний алба” ангилалд 8, нийт 10 орон тоог баталсан ба “Хүний нөөцийн мэргэжилтэнг” хууль эрх зүйн чиг үүрэгтэй хамтатгаснаар эрх зүйч мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай болсон учир тус албан тушаалд гуравдагч этгээд П.Д-ыг томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт нийцсэн.

5. Харин П.Д-ыг Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон бөгөөд уг албан тушаалд түр томилогдсон нэхэмжлэгч Б.А-г чөлөөлсөн нь үндэслэлтэй талаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэл бүхий бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг “Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилсон гэх бөгөөд зайлшгүй “түр томилох” шаардлага байсан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн нь илт үндэслэлгүй. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралт “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д тусгайлан заасанчлан нэхэмжлэгчийг тус албан тушаалд түр томилсон байна. Нөгөөтэйгүүр тухайн үед нэхэмжлэгч Б.А нь төрийн жинхэнэ албаны тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх эрхгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалт өгөөгүй тул “Төрийн тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай” журмын дагуу төрийн жинхэнэ албанд нөөцөөс томилогдох боломжгүй этгээд юм.

6. Иймд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн эрхгүй этгээдэд төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг эдлүүлж тус албан тушаалд жинхлэн томилох үндэслэл хуулиар байхгүй тул тус “Тайлан, төлөвлөлт дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь үндэслэлтэй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийн зохигчдын маргаагүй асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн, түүнчлэн хавтаст хэрэгт байх Нийслэлийн Мал эмнэлгийн газрын бүтэц орон тоо ямар, ямар эрхийн актын дагуу хэрхэн өөрчлөгдсөн болохыг тодорхойлох шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй.

7. Мөн шүүхээс “анхан шатны шүүхийн ажлын байрны тодорхойлолт баталсан тушаал болон ажлын байрны тодорхойлолт зэргийг цуглуулсан боловч нотлох баримтаа хэрхэн үнэлж байгаа нь шүүхийн шийдвэрт тодорхойгүй” байна гэж тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасныг илт зөрчсөн буюу шүүхийн нотлох баримтыг дотоод итгэл үнэмшлээр үнэлэх эрхийг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд илт хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, бодит байдалд нийцээгүй магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

9. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн “... нэхэмжлэгч Б.А-г Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2015 оны Б/18 дугаар тушаалаар бичиг хэргийн эрхлэгч, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр анх хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр түр хугацаагаар ажиллуулсан, улмаар Архив, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн П.Д /гуравдагч этгээд/ жирэмсний амралт авсантай холбогдуулан түүний орон тоон дээр Б.А-г тус газрын даргын 2017 оны Б/11 дүгээр тушаалаар түр томилон ажиллуулсан, ийнхүү ажиллаж байх үед буюу 2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын болон тус газрын даргын тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болж гуравдагч этгээдийн эрхэлж байсан буюу нэхэмжлэгчийн хийж байсан ажил үүрэг нь Архив-бичиг хэргийн ажилтан, Эрх зүй-хүний нөөцийн мэргэжилтэн, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 төрлийн албан тушаалын чиг үүрэгт хуваагдаж, албан тушаалын ангилал нь ТҮ-ээс ТЗ болж өөрчлөгдсөн, иймээс нэхэмжлэгчийг албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/143 дугаар тушаалаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилсон, гэвч гуравдагч этгээд П.Д нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусч, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул хариуцагч маргаан бүхий акт болох 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалаар Б.А-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/105 дугаар тушаалаар П.Д-ыг Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилсон...” гэж хэргийн үйл баримтыг бүрэн зөв дүгнэсэн байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

10. Мөн “...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-174 дүгээр тушаалаар Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ТҮ-ээс ТЗ болж өөрчлөгдсөн, нэхэмжлэгч нь тус ажлын байранд төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй тул албан ажлын зайлшгүй шаардлагаар түр томилогдсон, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэх заалтын дагуу П.Д-ын эрхэлж байсан ажлын байрны нэг чиг үүрэг болох “хүний нөөц”-ийн асуудал нь хууль, эрх зүйн чиг үүрэгтэй хамтатгаснаар эрх зүйч мэргэжлийн хүн ажиллах шаардлагатай болсон тул түүнийг уг албан тушаалд томилох боломжгүй, харин мэргэшил, дадлага туршлага, ажлын байрны тодорхойлолтын дагуу Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилж, нэхэмжлэгчийг уг албан тушаалаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй..” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

11. Тодруулбал, нэхэмжлэгч Б.А нь анхнаасаа гуравдагч этгээд П.Д-ын оронд түр томилогдон ажиллаж байсан, ийнхүү ажиллах явцад нь ажлын чиг үүрэг нь гурав хуваагдаж, албан тушаалын ангилал нь ТЗ болсон, тухайн албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй /төрийн жинхэнэ албан хаагч болоогүй/ тул түр томилогдсон, хариуцагч нь гуравдагч этгээдийн эрхэлж байсан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд түүний мэргэжил, дадлага, туршлагыг нь үндэслэн аль тохирох албан тушаалд нь томилох эрхтэй тул нэхэмжлэгчийн хувьд “заавал Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллах ёстой” гэж шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

12. Гэвч Б.А нь төрийн “үйлчилгээний” албан хаагчийн хувьдаа өөр бусад ажил, албан тушаалаар хангуулах эрхтэй юм. Хэдийгээр хариуцагчаас түүнийг “түр ажиллаж байсан тул төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа эдлэхгүй” гэж тайлбарлаж байгаа ч, нэхэмжлэгч нь 2015 оноос хойш Нийслэлийн Мал эмнэлгийн газар ажиллаж байгаа, төрийн албанд бүтэн 4 жил “түр ажиллах” хууль зүйн ойлголт байхгүй, хэдийгээр “төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа”-г эдлэхгүй ч, Хөдөлмөрийн хуульд заасан эрхийг эдлэх учиртай.

13. Иймд, нэхэмжлэгчийг өөр бусад ажил албан тушаалд томилолгүйгээр, /тухайлбал түүний өмнө нь эрхэлж байсан чиг үүрэгтэй хамааралтай Архив-бичиг хэргийн ажилтан, Эрх зүй-хүний нөөцийн мэргэжилтэн, эсхүл өөрийнх мэргэжлийн дагуу анх эрхэлж байсан мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээр нь /бусад албан хаагчдын адил төрийн захиргааны албан тушаалд шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагч болох боломжийг олголгүйгээр төрийн албанаас бүр чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хууль бус, гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актыг бүхэлд нь зөвтгөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

14. Харин давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх нотлох үүргийнхээ хүрээнд тухайн байгууллагын бүтэц, орон тоог баталсан, дээд хязгаарыг тогтоосон сайдын тушаал нэг бүрийг цуглуулж орон тоо нэмэгдсэн, хасагдсан эсэх талаар дүгнэлт хийх, ...нэр бүхий этгээдүүдийн орон тоо төдийгүй чиг үүрэг хэрхэн шилжиж байсан болохыг нь нэг бүрчлэн тогтоох шаардлагатай, ...нэхэмжлэгчээс бүх ажилтнуудтайгаа “түр орлон гүйцэтгэгчээр тушаал гаргадаг” гэсэн тайлбарыг зайлшгүй шалгах, ...нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилох шаардлага байсан эсэх талаар дүгнэлт хийх, ...орон тоо, бүтэц, чиг үүрэг шилжсэн эсэх, албан тушаалын нэршил өөрчлөгдсөн боловч чиг үүрэг хэвээр хадгалагдсан эсэх талаар тодорхой дүгнэлт хийх...” гэх зэрэг хэрэгт цугларсан баримтаар нэгэнт тогтоогдсон, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй үйл баримтыг зааж, “анхан шатны шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй тул эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу, энэ талаарх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.       

15. Шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан нөхцөл байдал болон хариуцагчийн “Б.А-г өөр ажил, албан тушаалд томилох боломжтой байсан, гэвч өөрөө хүсэлтээ өгөөгүй” гэх тайлбар, мөн хяналтын шатны шүүх хуралдаан дээр гаргасан “одоо ч гэсэн өөр ажилд томилох боломжтой” гэсэн тайлбарыг харгалзан маргаан бүхий актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 371 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2020/0239 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д  заасныг баримтлан “Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг дахин шинээр акт гаргах хүртэл 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 3 сар хүртэлх хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, шийдвэрийн “2.” дахь заалтын дугаарыг “3.” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                         Г.БАНЗРАГЧ