| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2507002740355 |
| Дугаар | 2026/ДШМ/462 |
| Огноо | 2026-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/462
2026 04 20 2026/ДШМ/462
Э.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.М,
шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч У.Б,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч У.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Э-т холбогдох эрүүгийн ................ дугаар хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” шөнийн цэнгээний газрын үүдэнд 2025 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө зөрөхдөө биедээ хүрлээ гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж, улмаар хохирогч Н.О, С.Э нарыг гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр хүч хэрэглэн хоёр хүний эрүүл мэндэд буюу хохирогч Н.О-ын биед хамар яс, зүүн ухархайн ханын цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун зовхи, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, уруулд цус хуралт, баруун доод 1, 2, 3-р шүд, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай, мөн хохирогч С.Э-ын биед баруун чихэнд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Э-д төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-аас 6,145,100 төгрөгийг гаргуулан хохирогч Н.О-д олгож, хохирогч Н.О-д нь эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Э.Э-аас 187,575 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч У.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно” гэж хуульчилсан. Хүний биед үзлэг хийсэн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.О-ын “...баруун доод 1, 2, 3-р шүд, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт гарсан байдаг. Хохирогч Н.О-оос тус шүдний гэмтэлтэй холбогдуулан “А” шүдний эмнэлгийн дүгнэлтийг ирүүлсэн байдаг ба тус дүгнэлтээр “...7 шүдний 5,250,000 төгрөг, мөн түр шүдний 250,000 төгрөг, нийт төлбөр 5,500,000 төгрөг болно” гэх дүгнэлтийг ирүүлсэн байна. Тус дүгнэлт нь дангаараа шүдний эмчилгээ хийлгэсэн болохыг нотлохгүй ба эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой эмнэлгийн баримт, тус төлбөрийг төлсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, хохирогч Н.О нь дээрх үнэ бүхий эмчилгээг хийлгэсэн болох нь баримтаар нотлогдохгүй байхад шүүхээс тус төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хохирогчийн шүдний эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/2569 дугаар албан бичиг “...ялтан... нийтэд тустай ажил хийлгэх ялын 492 цагийг биелүүлээгүй байна” /хх 138/ гэжээ. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “...Мөн шүүгдэгч Э.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов...” гэж дүгнэж, шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй байна. Иймд хохирлын хэмжээ бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна. ...” гэв.
Прокурор Б.М тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Э-ыг хоёр ба түүнээс дээш хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хэлэлцэж, шүүгдэгчид 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Хохирогч Н.О анхан шатны шүүх хуралдаанд 7,245,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүх зарим баримтыг үндэслэлгүй гэж үзэж, 6,145,100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн өмнөх шийтгэх тогтоолын тухайд шүүгдэгч Э.Э 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхээр шийтгэгдсэнээс 8 цагийг эдэлж, 492 цаг үлдсэн байсан. Анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоол биелэгдээгүй гэж үзэн, уг ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд өмнөх ялыг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр нийт хэмжээгээр нь дурдсан. Харин өмгөөлөгчийн зүгээс эдлээгүй үлдсэн 492 цагийг тусгайлан заах ёстой байсан гэж үзэж байна. Энэ асуудлын прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллага дотооддоо зохих тооцоолол, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаартай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна. Тиймээс уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” шөнийн цэнгээний газрын үүдэнд 2025 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө зөрөхдөө “биедээ хүрлээ” гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж, улмаар хохирогч Н.О, С.Э нарыг гараар цохих, хөлөөр өшиглөх зэргээр хүч хэрэглэн хоёр хүний эрүүл мэндэд буюу хохирогч Н.О-ын биед хамар яс, зүүн ухархайн ханын цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун зовхи, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, уруулд цус хуралт, баруун доод 1, 2, 3-р шүд, баруун дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай, мөн хохирогч С.Э-ын биед баруун чихэнд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Н.О-ын “…нэг танихгүй хүн үүдэнд намайг мөрлөөд тэр залуутай би маргаад зогсож байхад найз С.Э-тай үүдэнд 3 залуу муудалцаад зогсож байхад нэг залуу нь хавирч унагахад би “та нар яаж байна” гэхэд нэг залуу нь намайг “чамайг ингэхэд яасан ч яадгийн” гээд цохиод авсан. Тэрнээс хойш юу болсноо санахгүй байна, нэг мэдэхэд би өвдөглөөд суусан, нүүр ам цус болсон байсан. ... Тэр залууд би огт гар хүрээгүй, харин би согтуу байсан тул хэл амаар харилцан бие биеийгээ хэлсэн байх, би нэлээн согтуу байсан. Манай найз С.Э-тай муудалцаад хавирч унагаасан, сүүлд нь нэрийг нь мэдсэн Э.Э гэдэг залуу намайг гараараа нүүр лүү цохисон. Э.Э л ганцаараа С.Э бид хоёрыг зодсон, бусад нь бид нарыг салгаж байсан. Миний 2 шүд мултарсан, 2 шүд хөдөлсөн, хамар хугарсан, баруун нүд хөхрөөд хавдсан. Миний сэтгэцэд гэм хор учраагүй тул би сэтгэцийн шинжилгээ томилж дүгнэлт гаргуулахаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. ...” /хх 25-26, 28-29/,
- хохирогч С.Э-ын “...Э.Э намайг мөрлөхөөр нь би “яаж байна” гэтэл “яасан ч яадаг юм бэ, чи юу гээд байгаа юм бэ” гээд намайг түлхсэн. Э.Э-аас гадна 2 залуу байсан бөгөөд тэд нар намайг булан руу түлхэж оруулаад хавирч унагаахад баарнаас Н.О гарч ирээд намайг өмөөрөөд “та нар манай найзыг яагаад байгаа юм бэ” гэхэд нь Э.Э, Н.О-ын нүүр толгой руу нь олон удаа гараараа цохиж зодоход Н.О газарт унасан. Би Э.Э-ыг болиулах гэтэл тэр миний баруун чих, толгой руу цохиж унагаагаад өгзөг рүү өшиглөсөн. ...Би сэтгэцийн шинжилгээ томилж дүгнэлт гаргуулахаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Тухайн үед Э.Э-аас өөр бусад нь миний биед халдаагүй. ...” /хх 40-41, 43-44/,
- гэрч А.Г-ын “…Би тамхи татах гээд баарны үүдэнд зогсож байхад Э.Э хэдэн хүмүүстэй цаана маргалдаж байхаар нь би хөөе юу болоод байна, болиоч гэж хэлэхэд Э.Э ахаа гээд гүйгээд ирсэн. Би Э.Э-ыг наад зодоон цохионоо болио гээд бааранд оруулсан. Би баарны үүдэнд зогсож байхад Э.Э-тай маргалдаж түлхэлцэж байсан цэнхэр цамцтай залуу, хар бараан хувцастай залуу ирээд хар бараан хувцастай залуу араас нь ороод цээртэй үгээр хараагаад орилоод байсан. Э.Э хажуу талаас гарч ирээд нөгөө хар бараан хувцастай залууг шууд зүүн гараараа нүүр хэсэгт нэг цохиод унагаасан. Мөн цэнхэр хувцастай залууг цохиж унагаад хөлөөрөө гуя хэсэг рүү өшиглөхөд нь би Э.Э-ыг салгаад бааранд оруулсан. …” /хх 54-55/,
- гэрч Б.Б-ийн “…Баарнаас гарсан хүмүүс баарны үүдний цаад буланд хоорондоо маргалдаад байхаар нь би очиж салгаад буцаад бааранд ороод баарны хаалгаа хаах үед зүс таних Э.Э гэх залуу баарны гадаа байсан 2 залууг цохиж унагаад өшиглөөд шатнаас буугаад явж байсан. Би цохиулсан гэх 2 залууг харахад нэг бараан өнгийн цамцтай залуугийн амнаас нь цус гарсан, цэнхэр өнгийн цамцтай залуугийн баруун чихнээс цус гарсан байсан. …” /хх 57/,
- шүүгдэгч Э.Э-ын яллагдагчаар өгсөн “…хар өнгийн цамцтай ах мөрлөхөөр нь “яаж яваад байгаа юм бэ” гэхэд тэр ах “чи өөрөө яаж яваад байгаа юм бэ, ална шүү” гэхээр нь би хүнтэй муудалцахгүй “уучлаарай” гээд өнгөрсөн. Ах, бид 2 тамхи татах гээд гартал баарны гадна довжоон дээр жижиг цэнхэр цамцтай залуу хүмүүстэй муудалцаад байхаар нь би салгах гэхэд үгийн зөрүүгүй намайг цохихоор нь би эргүүлээд цохитол доошоо сууж таараад би төмөр цохисон. Ах миний дүү “боль” гээд намайг аваад бааранд орсон. Бид нар хэсэг сууж байгаад дахиж тамхилах гээд гартал цэнхэр цамцтай залуу нь надтай хэрүүл өдөөд би цаашаа орох гээд эргэтэл хэн нь юм мэдэхгүй миний араас нулимахаар нь би эргэж хараад хар хувцастай залуугийн шанаа руу нэг удаа гараараа цохисон. Цэнхэр цамцтай залуу нь хажуугаас орж ирээд намайг цохиод авахаар нь би хавирч унагаагаад мөр лүү нь нэг удаа дэвсээд бааранд орсон. …” /хх 101-103/ тус тус мэдүүлгүүд,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн НАЛ0725/208 дугаартай “…С.Э-ын биед баруун чихэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” /хх 76-77/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн НАЛ0725/207 дугаартай “...Н.О-ын биед хамар яс, зүүн ухархайн ханын цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун зовхи, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, уруулд цус хуралт, баруун доод 1, 2, 3-р шүд, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. ...” тус тус шинжээчийн дүгнэлтүүд /хх 84-86/,
- иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ж.Г-ын гаргасан “…Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 187,575 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. …” нэхэмжлэл /хх 52/,
согтолтын зэрэг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх 10-12/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Э-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.Э нь хохирогч Н.О, С.Э нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хүч хэрэглэн тэдний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Б “…Шүдний эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн. ...нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 сарын хугацаагаар оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хохирогч Н.О-ын биед шинжээчийн дүгнэлтээр хамар яс, зүүн ухархайн ханын цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун зовхи, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт, уруулд цус хуралт, баруун доод 1, 2, 3-р шүд, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл учирсан нь тогтоогдсон, уг гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байх бөгөөд тэрээр “31, 32 дугаар шүд хөдөлгөөнтэй, мөн 41, 42 дугаар шүдээ алдсан тул уг шүднүүдийн оронд авагддаггүй шүд хийлгэх шаардлагатай болсон. Уг авагддаггүй шүднээс бүрээс /crown/-ээр хийнэ. Бүрээс /crown/-ийг хийхдээ унасан 41, 42-р шүдний баруун, зүүн талын 31, 32, 33, 43, 44 шүдэнд бэхэлж суулгана. Уг ажилбарын нэг шүдний төлбөр 750,000 төгрөг байдаг ба 7 шүдний 5,250,000 төгрөг, мөн түр шүдний 250,000 төгрөг нийт 5,500,000 төгрөг болно. ...” гэсэн “А” шүдний эмнэлгийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт, гэрэл зураг /хх 31-32/ зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгчээ.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд хохирогч Н.О-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Э-ын цохисон, хүч хэрэглэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд түүний шүдэнд учирсан хохирлыг нөхөн сэргээхэд шаардлагатай 5,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. ...” гэж заажээ.
Үүнээс үзэхэд, хэд хэдэн төрлийн ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал ба зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин өмгөөлөгчийн зүгээс өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 492 цагийг тусгайлан заах ёстой байсан гэж үзэж байх боловч шийдвэр гүйцэтгэх байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа ялтны ялын тооцоог гарган биелүүлээгүй ялын хэрэгжилттэй холбоотой эрх зүйн үр дагаврыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн, шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч У.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч У.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР