| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 2512001830202 |
| Дугаар | 2026/ДШМ/16 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 24.6.1., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/16
2026/ДШМ/16
Прокурор: М.Гансүх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Ариунжаргал, Б.Лхагвадорж, Ө.Гантөмөр
Шүүгдэгч: Б.Б, Э.С, Д.Т
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЗ/200 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Б, Э.С, Д.Т нарт холбогдох 2512001830202 дугаар эрүүгийн хэрэгт прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, аав, ээж, дүүгийн хамт А аймгийн Ц сумын Ц багийн Хэрэв гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Бийн Б /ИБД:0000000000/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эцэг, дүүгийн хамт А аймгийн Ц сумын О багийн У толгой гэх газарт оршин суух, урьд нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/04 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, Х овогт Эын С /ИБД:60000/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эхийн хамт А аймгийн Ц сумын О багийн Х гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт Дын Т /ИБД:0000000000/,
Шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нар нь бүлэглэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Х гэх газраас хохирогч Ш.Оын 9 тооны үхрийг мотоциклиор тууж хулгайлан 5,700,000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан,
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Хонгорын ар гэх газраас хууль бусаар 5 ширхэг шинэс төрлийн босоо мод тайрч, 2 метрийн урттай, 30 ширхэг болгон хувааж, 2,146 мЗ модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн 0-0улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тус аймгийн Ц сумын Ц багийн Хэрэв гэх газарт гэрийнхээ гадаа хураасан, уг модоо 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын төв рүү тээвэрлэж ойн санд 235,544 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Б.Б, Э.С, Д.Т нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЗ/200 дугаар шүүгчийн захирамжид: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Эын С, М овогт Дын Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэн овогт Баярнэмэхийн Б нарт холбогдох эрүүгийн 2512001830202 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр А аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.С, Д.Т, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн их биетэй нэг ширхэг цахилгаан хөрөө хураагдан ирсэн, Мустанг-5 маркийн мотоцикл болон Портер маркийн 0-0улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2,146 м куб шоо метр шинэс төрлийн мод битүүмжлэгдсэн, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ ... А аймгийн давж заалдах шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хүлээн авч 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдааныг товлосон. Улмаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн атлаа 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 2026/ШЗ/200 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үе шатанд гаргах шийдвэр болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг удирдлага болгон прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсний дараа тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлах нь хууль хэрэглээний тогтсон практик юм. Гэтэл гэм бурууг хянан хэлэлцэх хуралдаанаас хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЗ/200 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Хэргийн үйл баримтын тухайд эсэргүүцэлд дурдаагүй байгаа. Тухайн хэрэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу бүрэн байдал, хэргийн бодит байдалд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарч уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ эсэргүүцэлд дурдагдаад байгаа асуудал нь мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой биш. Яллагдагч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлье гээд шүүхэд шилжүүлээд байгаа юм. Үүний дагуу анхан шатны шүүхээс яллагдагч нарын гэм буруутай асуудлыг шийдвэрлэхээр хурлыг товлоод, шүүх хуралдаан нь явагдсан. Ингээд шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудал яригдаад, нотлох баримт шинжлэн судлагдаад, зохих ажиллагаа нь хийгдээд зөвлөлдөх тасалгаанд орсны дараа прокурорт буцаагаад байгаа агуулга нь өөрөө хууль хэрэглээний хувьд буруу байна. Хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эсвэл мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрх буюу хэргийн оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн тохиолдолд 60 хоногоор шүүх хурлыг хойшлуулна гэж байгаа. Гэм буруугийн хурлаас прокурорт буцаах үндэслэл болохгүй. Эсэргүүцлийн агуулга нь энэ байгаа. Нэгэнт яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн юм бол хэргээ шийдвэрлэе гэж байгаа асуудал. Хэрвээ прокурорт буцаах үндэслэл нь байсан бол шүүхийн санаачилгаар эсвэл яллагдагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлын асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг товлож буцааж болно. Прокурорт буцаах, нэмэлтээр мөрдөн шалгах ажиллагаа явагдах асуудал нь хууль хэрэглээний хувьд урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэгдэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол гэм буруутай бол гэм буруутайд тооцъё, гэм буруугүй байвал гэм буруугүйг нь тодорхойлъё. Шүүх хэргийг шийдвэрлэнэ гэж товлочихдоо мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэе гээд прокурорт буцааж байгаа хууль хэрэглээний агуулгын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт зөрчигдсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэсэн эсэргүүцлийн саналаа дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүх шийдэх гээд шийдэж чадахгүй болоод прокурорт буцаасан болов уу. Захирамж дээр хэд хэдэн агуулгыг дурдсан байгаа. Гэхдээ мөрдөгч, прокурорын дутуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан асуудлаас болж миний үйлчлүүлэгч ямар шалтгаан нөхцөлөөр өнөөдөр цагдан хоригдоод байгааг ойлгохгүй байгаа. Шүүх миний үйлчлүүлэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг бариад яваад байгаа. Уг нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалт нь хамгийн хүнд, хүний эрхийг хязгаарлаж байгаа арга хэмжээ. Миний үйлчлүүлэгчийн цагдан хориод байгаа захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу прокурор болон өмгөөлөгч, оролцогчдын саналыг үндэслээд шийдээд байгаа юм бол байхгүй. Шүүх өөрөө шууд шийдвэрлээд яваад байгаа. Уг нь хуулийн 14.15 дугаар зүйлд прокурор болон өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийг үндэслээд шийднэ гэж байгаа. Прокурор ч цагдан хориулъя гэсэн санал гаргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс хүнээ цагдан хориулъя гэж санал гаргахгүй. Харин ч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлүүлье гэдэг саналыг гаргаж байсан. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх санал гаргахаар хүлээж авахгүй. Гомдол гаргахаар гомдлыг нь ерөнхий шүүгч нь хүлээж авахгүй. Ийм нөхцөл байдалтай яваад энэ хүмүүс 148 хоног цагдан хоригдож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хаана байгаа хаяг нь тодорхой байгаа. Ийм хүмүүсийг хуульд заасан үндэслэл журмаас өөр зүйлээр цагдан хориод байна гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцаасны хувьд шүүх шийдээд, нотлогдвол гэм буруутайд тооцоод, нотлогдохгүй бол цагаатгуулаад шийдүүлэх нь хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан зохицуулалттай нийцэх, хууль тогтоогчийн үзэл баримтлалыг гаргаж ирж байгаа асуудал байгаа. Шүүхээс ямар шийдвэр гардаг ч бай, прокурор болон өмгөөлөгч гомдол гаргана. Үүн дээр шүүгдэгчийн цагдан хоригдоод байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Нэг зүйлийг онцгойлон анхааруулахад шүүгч нь яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад, гомдол гаргах эрхийг нээлттэй байлгаад байхад, ерөнхий шүүгч нь хүлээж авахгүй байна гэв.
Шүүгдэгч Б.Б, Э.С нарын өмгөөлөгч Б.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Манай үйлчлүүлэгчдийн хувьд эрх зүйн байдал нь хөндөгдөж байна. Ямар үндэслэл тогтоогдсон болоод цагдан хориод байгааг ойлгохгүй байна. Олон улсын хэмжээнд хүртэл хэрэг маргааныг шийдвэрлэхдээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аль болох авахгүйгээр шийдвэрлэх санал, зөвлөмжүүд гарсан байдаг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь нөгөө талаасаа эрүүдэн шүүхтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй байдлаар, хүний эрхийн олон улсын гэрээнд иймэрхүү байдлаар тусгаж, ийм арга хэмжээг авахгүй байх талаар чиглэл өгсөн байдаг. Тийм учраас анхан шатны шүүхээр гэм буруугийн шүүх хурал болтол манай үйлчлүүлэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломж байгаа. Оргон зайлах үндэслэл байхгүй, хаяг нь тодорхой, холбоо барих бүх зүйл нь тодорхой, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломж хуульд байна. Ийм учраас таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах арга хэмжээгээр өөрчилж өгнө үү гэсэн саналаа дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Д.Т, шүүгдэгч Э.С, шүүгдэгч Б.Б нар давж заалдах шатны шүүх хуралдаанд: Тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Прокуророос 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Хана гэх газраас хохирогч Ш.Оын 9 тооны үхрийг мотоциклиор тууж хулгайлан 5,700,000 төгрөгийн хохирол учруулан олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,
2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Ц сумын Ц багийн Хонгорын ар гэх газраас хууль бусаар 5 ширхэг шинэс төрлийн босоо мод тайрч, 2 метрийн урттай, 30 ширхэг болгон хувааж, 2,146 мЗ модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, өөрийн эзэмшлийн 0-0улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тус аймгийн Ц сумын Ц багийн Хэрэв гэх газарт гэрийнхээ гадаа хураасан, уг модоо 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын төв рүү тээвэрлэж ойн санд 235,544 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 сарын 11-ний 2026/ШЗ/200 дугаар шүүгчийн захирамжаар Э.С, Д.Т, Б.Б нарт холбогдох хэргийг “шүүгдэгч Д.Тыг мал хулгайлах гэмт хэргийг мотоцикль ашиглан үйлдсэн гэж прокуророос дүгнэж ирүүлсэн нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй автомашинд ачиж явсан үйлдлийг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэг үйлдэхэд ашигласан байж болзошгүй эд зүйлийг тогтоох, гэмт хэргийн хор уршгийг арилгах, хохирол нөхөн төлүүлэх талаар авч хэрэгжүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг хийж ирүүлээгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
3. Прокурорын яллах дүгнэлтийн “тогтоох” хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг ...тусгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заажээ.
Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж, яллах дүгнэлт үйлдэх бөгөөд үүнийг тогтоох, эсхүл үгүйсгэх эрх, үүрэг шүүхийн бүрэн эрхэд хамаарна. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Тын мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан эсэхэд нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна.
4. Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой.
Анхан шатны шүүх “хэрэг үйлдэхэд ашигласан байж болзошгүй эд зүйлийг тогтоох, гэмт хэргийн хор уршгийг арилгах, хохирол нөхөн төлүүлэх талаар авч хэрэгжүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг хийж ирүүлээгүй байна” гэсэн үндэслэлийг баримталж хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий дүгнэсэн тул ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа болон түүний үндэслэлийг нягтлах боломжгүй байна.
5. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтаар хийгдсэн ажиллагаа зөрчилтэй болохыг тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон ажиллагаанууд хамаарч болно.
Гэвч хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заагдсан дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
6. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр шүүх хэргийг прокурорт буцаах эрхтэй тул прокурорын “гэм бурууг хянан хэлэлцэх хуралдаанаас хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн” гэсэн агуулгатай эсэргүүцэл үндэслэлгүй болно.
7. Анхан шатны шүүх 2025 оны 11 сарын 14-ний өдрийн 2025/ШЗ/1022 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Б, Э.С, Д.Т нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг тус шүүхийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/309 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 2026 оны 01 сарын 16-ны өдрийн 2026/ДШМ/04 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Урьд нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудал шийдвэрлэгдсэн байхад анхан шатны шүүх 2026 оны 03 сарын 06-ны өдрийн 2026/ШЗ/188 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Б, Э.С, Д.Т нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр дахин гаргасан байгааг анхаарах нь зүйтэй.
8. Шүүх хуралдаанд Д.Тын өмгөөлөгч Б.Лхагвадорж, Б.Б, Э.С нарын өмгөөлөгч Б.Ариунжаргал нар “шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах” санал гаргаж байна.
Шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нарын үйлдсэн гэмт хэргийн шинж хувийн байдлыг харгалзан тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэрэг анхан шатны шүүхэд очтол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Б.Б, Э.С, Д.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЗ/200 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б, Э.С, Д.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР