2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/00813

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 13 191/ШШ2026/00813

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С байрлах, ******* ББСБ ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 113,934,761.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч М.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 113,934,761.85 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч М.*******, Б. нар нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр В26022010701 дугаартай зээлийн гэрээ, F2602201070101 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, 98,000,000 төгрөгийг сарын 2,5% хүүтэй, 48 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн F2602201070101 тоот үндсэн гэрээний фидуцийн зүйл болох УНН улсын дугаартай, Тоёота ланд крузер 150 маркийн автомашиныг улсын дугаарыг УНЧ болгон өөрчилж, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр F2602201070101-1 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан.

Дахин 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр F2602201070101-1 тоот гэрээнд өөрчлөлт оруулан автомашины улсын дугаарыг УНЭ болгон өөрчилж F2602201070101/01 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд оруулах гэрээ байгуулсан.

Тус зээлийн барьцаанд 2019 онд үйлдвэрлэгдсэн, 2021 онд монгол улсад импортлогдсон, УНЭ улсын дугаартай, арлын дугаартай, цагаан өнгийн, Тоёота ланд крузер 150 маркийн автомашиныг барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2, 10.2.2 дахь заалтуудыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч М.*******, Б. нар нь ******* ББСБ ХК-тай байгуулсан B26022010701 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүнд нийт 77,564,197.39 төгрөг төлсөн.

Төлөгдөөгүй үүрэг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 75,282,598.17 төгрөг, зээлийн хүү 35,954,414.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,675,749.51 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг, нийт 113,934,761.85 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас 113,934,761.85 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Барьцаа хөрөнгийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хурааж авсан. Фидуцийн гэрээнээс татгалзаж байгаа. Үндэслэл нь машиныг үнэлүүлэхэд 76,550,000 төгрөг болсон. Зарах гэхээр энэ үнэндээ ч хүрэхгүй байгаа. Автомашин зээлийн төлбөрөө төлж хүрэхгүй байгаа учраас гэрээнээс татгалзаж байгаа. Машиныг буцаагаад өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* ББСБ-тай В26022010701 дугаар зээлийн гэрээ байгуулж 98,000,000 төгрөгийг Автомашин худалдан авах зорилготой сарын 2.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан нь үнэн бөгөөд худалдан авсан УНЭ улсын дугаартай цагаан өнгийн Прадо-150 автомашиныг фидуцийн гэрээ байгуулж барьцаа хөрөнгөөр бүртгүүлж, автомашины эзэмшлийг ******* ББСБ-ын нэр дээр бүртгүүлж зээлдэгч нар эзэмшилдээ байлгаж унаж ашиглаж, зээлийг төлж байсан болно.

******* ББСБ-аас 2025 оны 09 дугаар сарын 25-ны өдөр байрны гаднаас УНЭ автомашин хураан авч явсан байсан бөгөөд энэ талаараа М.*******ы дугаарт дугаарын ******* ББСБ-ын ажилтнаас зурвас үлдээсэн.

Зээлийн гэрээний 2.1.11-д ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлснийг, 10 дугаар зүйлийн 10.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээлийн үндсэн өр хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй, 10.2.2-т гэрээний заалтыг ноцтой зөрчсөн бол гэж заасан.

Дансны хуулга харвал хариуцагч нар 2024.02.15-ны өдрөөс үүргээ зөрчиж эхэлсэн. 2024.06.04-нд 2,500,000 төгрөг төлснөөс хойш төлөлт хийгээгүй.

Нэхэмжлэгч нь 2025.09 сард хүүгээ зогсоогоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээг аль аль тал нь биелүүлэх үүрэгтэй. Энэ нөхцөл байдлыг харахаар хүүг нь жил гаруйн хугацаанд гүйлгээд одоо машиныг нь хурааж авсан байгаа. Бид нар зээлээ төлж чадахаа болилоо машинаа ав гэж хэлээд байхад авахгүй бага багаар төл гэж явж байгаад таг алга болоод гэнэт машинаа авсан. Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй хүү гүйлгэсэн асуудал байна.

Хоёрдугаарт фидуцийн харилцаа үүссэн. Машиныг бодитоор хураагаад авчихсан. Фидуцийн зүйл өмчлөл нэхэмжлэгчид байгаа. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үндсэн зээл болон фидуфийн гэрээ дууссан, үүрэг бүрэн биелсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/

3.2. Нотариатын төлбөр төлсөн баримт /хх 4/

3.3. Итгэмжлэл /хх 5/

3.4. Зээлийн дансны хуулга /хх 6-7/

3.5. 2022.01.07-ны өдрийн зээлийн гэрээ /хх 8-12/

3.6. 2022.01.07-ны өдрийн эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт /хх 13-19/

3.7. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 20/

3.8. Хөдлөх хөрөнгийн үнэлгээний хуудас /хх 44-46/

3.9. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 48/.

 

4. Хариуцагч нараас дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

4.1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 21/

4.2. Итгэмжлэл /хх 25-26/

4.3. Хариу тайлбар /хх 28-29/.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 113,934,761.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч М.*******, Б. нар нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан В26022010701 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй учир 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 75,282,598.17 төгрөг, зээлийн хүү 35,954,414.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,675,749.51 төгрөг, нотариатын зардал 22,000 төгрөг, нийт 113,934,761.85 төгрөгийг шаардах эрхтэй гэх ба хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцалсан, фидуцийн зүйл болох автомашиныг 2025.09.25-ны өдөр хурааж авсан гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргахгүй, харин нэхэмжлэгч байгууллагаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу автомашиныг 2025.09.25-ны өдөр хураан авснаар зээлийн үүргийг хангуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Хариуцагч М.*******, Б. нар ******* ББСБ ХК-тай 2022.01.07-ны өдөр В26022010701 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 98,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн, хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн байна. Зээлийн гэрээнд 2023.12.26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт орсон байна.

Гэрээний гэрээний дагуу зээлдүүлэгчээс 20220.01.09-нд зээлдэгч М.*******ы зээлийн дансанд 98,000,000 төгрөгийг олгосон байна. /хх 6-12, 19-20/

 

4.2. Дээрх зээлийн гэрээний үүргийг хангаж баталгаажуулахаар хариуцагч М.******* нь ******* ББСБ ХК-тай 2022.01.07-ны өдөр F2602201070101 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулжээ.

 

Фидуцийн гэрээгээр хөрөнгийг 98,000,000 төгрөгөөр үнэлж, М.******* нь фидуцийн зүйл болох тоёота ланд крузер прадо 150 маркийн, арлын дугаартай тээврийг хэрэгслийг ******* ББСБ ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх 48/

 

Тус тээврийн хэрэгслийн улсын дугаар өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээнд 2 удаа нэмэлт өөрчлөлт орж, сүүлд тээврийн хэрэгслийн улсын дугаар УНЭ болж өөрчлөгдөн, 2023.09.28-ны өдөр F2602201070101/01 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. /хх 13-18/

 

4.3. Талуудын байгуулсан В26022010701 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 2021 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн гэрээ байна.

 

4.4. Хариуцагч М.*******, ******* ББСБ ХК нарын хооронд байгуулсан F2602201070101/01 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцсэн байна.

 

4.5. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь 2025.09.25-ны өдөр фидуцийн зүйл болох УНЭ улсын дугаартай, тоёота ланд крузер прадо 150 маркийн, арлын дугаартай тээврийн хэрэгслийг нь хураан авсан, уг тээврийн хэрэгсэл нь одоо нэхэмжлэгчийн эзэмшилд хадгалагдаж байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

4.6. Дээрх В26022010701 дугаартай зээлийн гэрээний 3.1.3-т зээлийн хүү сарын 2.50 хувь, 3.1.4-т зээлийн нэмэгдүүлсэн хүү сарын 0.50 хувь байна гэж заасан бөгөөд зээлдэгч нарын зээлийн дансны хуулгаас үндэслэн тооцоход зээлдэгч нар 2022.02.1-ний өдрөөс 2024.06.04-ний өдрийг хүртэл хугацаанд буюу гэрээний хугацаанд үндсэн зээлд 22,717,403 төгрөг, зээлийн хүүд 54,846,795 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Мөн зээлийн гэрээний 3.1.5-д Зээлийн хугацаа 48 сар гэж заасан гэрээний хугацаа 2026.01.15-нд дуусах бөгөөд зээлдэгч нар нь 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 75,282,598.17 төгрөг, зээлийн хүү 35,954,414.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,675,749.51 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нар дээрх зээлийн төлбөрийн тооцоололд маргаангүй байна.

 

4.7. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2024.02.02-ны өдрөөс зөрчиж, 2024.06.04-ний өдрөөс хойш ямар нэгэн төлбөр хийгээгүй байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээлийн үндсэн өр хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй, 10.2.2-т гэрээний заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээг цуцалсан гэж тайлбарласныг хариуцагч нар үгүйсгээгүй тул нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээ цуцалсан гэж үзнэ.

 

Дээрх үйл баримтуудад талууд маргаангүй байна.

 

5. Талуудын 2023.09.28-ны өдөр байгуулсан F2602201070101/01 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний 1.5-д Үүрэг гүйцэтгэгч нь фидуцийн зүйлийг гэрээний дагуу гэрээний хугацаанд ашиглах эрхтэйгээр шилжүүлсэн ба зээлийн гэрээний үүргээ хуанлийн 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн анхны шаардлагаар түүний заасан газарт бодитоор хүлээлгэн өгөх ба түүнтэй холбоотой гарах зардлыг хариуцна. Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн анхны шаардлагаар фидуцийн зүйлийг бодитоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн зүйлийг машин ачлага үйлчилгээний тусламжтайгаар өөрийн бодит эзэмшилд авах эрхтэй ба энэхүү фидуцийн зүйлийг ачуулахтай холбогдон гарсан зардлыг үүрэг гүйцэтгэгч хариуцна,

1.6-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний 1.5 дах хэсэгт заасны дагуу Фидуцийн зүйлийг өөрийн бодит эзэмшилдээ авснаар үл маргах журмаар худалдан борлуулж. зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон үүрэг гүйцэтгэгчийн төлөх хохирол, зардлыг хангуулна,

3.1.2-т Үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн эсхүл зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг үл маргах журмаар бодитоор өөрийн эзэмшилд шилжүүлэх аваахаар шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2024.06.04-ний өдрөөс хойш зөрчиж биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө фидуцийн зүйл болох автомашиныг 2025.09.25-нд хураан авч, өөрийн эзэмшилд бодитойгоор шилжүүлэн авсан байна.

 

6. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу 2025.09.25-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох УНЭ улсын дугаартай тоёота ланд крузер прадо 150 маркийн, арлын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс бодитойгоор өөрийн эзэмшилд шилжүүлж авснаар талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болж, улмаар В26022010701 дугаартай зээлийн гэрээний зээлдэгч нарын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үүрэг болох үндсэн зээл 75,282,598.17 төгрөг, зээлийн хүү 35,954,414.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,675,749.51 төгрөг, нийт 113,912,762.85 төгрөгийн зээлийн үүргийг хангасанд тооцох хууль зүйн үндэслэлтэй, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон байна.

 

Иймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,282,598.17 төгрөг, зээлийн хүү 35,954,414.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,675,749.51 төгрөг, болон үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд буюу нотариатын зардалд 22,000 төгрөг, нийт 113,934,761.85 төгрөгийг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар заасныг баримтлан хариуцагч М.*******, Б. нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 113,934,761.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 727,624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА