Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/17

 

 

 

 

 

 

 

                                                                                

                                                                                   2026/ДШМ/17

 

 

        

Ц.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Б.Тулга

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.М

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

                     Шүүгдэгч: Ц.Э

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Эт холбогдох 2512000000292 дугаар эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

          

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Э сумын 4 дүгээр баг, Б хорооллын 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Цын Э /ИБД:000000/

 

         

   Шүүгдэгч Ц.Э нь согтуурсан үедээ 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед А аймгийн Э сумын 4 дүгээр баг Өсөх нахиа дэлгүүрийн зүүн талд амь хохирогч Г.Дыг “манайх руу хамт явъя” гэхэд татгалзсанаас болж маргалдан улмаар түүний толгой руу удаа дараа цохисны улмаас Г.Д нь их хэмжээгээр цус алдаж амь насыг нь хохироосон буюу хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Ц.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

   А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овгийн Цын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мгаас сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр, банкны зээлд 26,000,000 төгрөг нэхэмжилснийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Ц.Эт холбогдох эрүүгийн 2512000000292 дугаартай хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ц.М миний бие А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.02.24-ний өдрийн 2026/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг гардан авч шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. МУ-н Үндсэн хуулийн арван зургагдугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт Үндсэн хуулийн энэ заалтыг дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан эдийн гэм хорыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно. Уг эрхийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3-511.5 дахь хэсгүүд, энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зарим заалт, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.8.9 дэх заалт тус тус нэмснээр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ. Хохирогч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт бөгөөд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЭХХШТХ-н 27.1 дүгээр зүйлд зааснаар бүрэн хэрэгжүүлэх боломжтой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие шүүх хуралд сэтгэл санааны хохирлоо төлүүлмээр байгаагаа, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлээ тогтоолгох хүсэлттэй байгаагаа удаа дараа хэлсэн боловч хуульд заасан эрхээ эдлэх боломжийг олгоогүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гэж үзэж гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр намайг томилоод эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулахдаа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн мөн чанар, үндэслэл зэргийг нарийн тайлбарлаж өгөөгүй, хүүгээ алдсанаас миний сэтгэц, мэдрэлд өөрчлөлт орсон эсэхийг шалгуулуулах юм байна гэж ойлгуулахаар нь би тогтоолгохгүй гэж хэлсэн. Түүнээс бие хор уршгийн зэрэглэл тогтоож нөхөн төлбөр олгодог талаар огт хэлээгүй, үүнийг би хэрэг анхан шатны шүүхэд ирсний дараа мэдээд дээрх байдлаар мэдүүлсэн ч хүлээж аваагүй, дүгнэлт гаргуулаагүй нь хохирогч миний эрхийг хязгаарласан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан зайлшгүй шинжээчийн дүгнэлт гаргуулалгүй шийдвэрлэх хууль эрх зүйн бүрэн боломжтой атал үүнийг хэрэглээгүй нь мөн дээрх алдаанд хамаарч байна гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие давж заалдах шүүхийн шатанд шинжээч томилж дээрх дүгнэлтийг гаргах боломжтой бол гаргаж өгөхийг анхан шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ЭХХШТХ-н 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж тус тус үзвэл хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хохирогч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах гомдолдоо: Тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ: Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед А аймгийн Э сумын 4 дүгээр баг, Өсөх нахиа дэлгүүрийн зүүн талд хохирогч Г.Д нь бусдад зодуулж биед нь зүүн зулайн хуйхны ил шарх гэмтэл, хуйхнаас гадагш цочмог цус алдалт, хуйхны ил шархнаас их хэмжээгээр цус алдаж цус алдалтын шокын улмаас 2025 оны 10 сарын 25-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэрэг мөн байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Ц.Э үйлдсэн гэмт буруутай болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч Ц.Э нь амь хохирогч Г.Дыг удаа дараа цохихдоо амь насанд аюултай болохыг мэдэх боломжтой байхад өөрийн үйлдлийн нийгэмд аюултай, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч Ц.Эын гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос гаргасан шүүгдэгч Ц.Эт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан “ Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэснийг эс хүлээн зөвшөөрч байна. “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нь нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж бусдын амь нас хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах үйлдлийг хийсэн боловч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа ялгагддаг. Уг 2 гэмт хэргийн ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, гэмт үйлдэл илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгч хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, гэмт хэрэг үйлдэж байх үеийн гэмт этгээдийн зан үйл зэргийг нэгтгэн дүгнэсний эцэст ялган зүйлчлэх учиртай. Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч Ц.Э амь хохирогч Г.Д нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсэн маргалдаж буй үйл явдал 2025 оны 10 сарын 25-ны өдрийн 12 цаг өнгөрөөгөөд болсон байх нь Өсөх нахиа дэлгүүрийн хяналтын камерын бичлэг, тухайн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд улмаар шүүгдэгч Ц.Э хохирогч Г.Дын биед халдан цохиж байсан гэх нөхцөл байдал тогтоогддог, түүний хууль бус үйлдлээс үүдэн хохирогчийн эрүүл мэндэд зүүн зулайн хуйхны ил шарх гэмтэл, хуйхнаас гадагш цочмог цус алдалт гэмтэл тогтоогдсон. Мөн шинжээчийн дүгнэлтээр зүүн зулайн хуйхны ил шарх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасан хөнгөн гэмтэлд, хуйхнаас гадагш цочмог цус алдалт, цус алдалтын шокын хүнд хэлбэр нь тус журмын хүнд гэмтэлд хамаарах болохыг тогтоосон. / хх-ын 236-240 тал/ Мөн дүгнэлтээр зүүн зулайн хуйхны ил шарх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болохыг тогтоосон. Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Э .... түүний толгойруу удаа дараа цохисны улмаас Г.Д нь их хэмжээгээр цус алдаж нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг цугларсан нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл амь хохирогчийн зүүн зулайд нэг удаагийн үйлчлэлээр ил шарх гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдааны явцад өгсөн шинжээч эмчийн мэдүүлгээр нотлогддог. Тухайн гэмтлийг яаж учруулсан болох нь бүрэн нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт заасан гэмт хэрэг гарсан нөхцөл байдал үүн дотроо гэмт хэргийг яаж үйлдсэн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй мөн ЭХХШТХ-ын 16.2 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан сэдэлт, зорилгыг бүрэн тогтоогоогүй, шүүгдэгч Ц.Эын үйлдэлдээ хандсан сэтгэл зүйн харьцаа, сэдэл, санаа зорилгыг бүрэн тогтоож чадаагүй. Гэмт хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар бусдын эрүүл мэндэд халдан, бусадтай таагүй харьцаа үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий боловч, аман дээрээ ална гэж хэллээ гээд ганц тэр гэрчийн мэдүүлэгт үндэслэн хүнийг ална гэж байсан учир алах сэдэл, санаа зорилготой байсан гэж дүгнэх нь хэт өрөөсгөл дүгнэлт болно. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Т.Цогтбаатарын мэдүүлэгт тухайн өдөр ...Өсөх нахиа дэлгүүрийн зүүн талд блокон хашааны урд талд Ц.Э, Г.Д 2 хэрэлдээд сууж байсан. Намайг яваад очиход Г.Дын толгойноос цус гарсан байдалтай хоёулаа хоорондоо хэрэлдээд сууж байхаар нь юу болоод байгаа юм гэхэд хэрэлдэхээ болиод дуугүй болсон, явж цусаа цэвэрлэ, битгий булай болцгоогоод бай гэж хэлээд явсан. .. эргээд иртэл тэр хоёр байхгүй явцгаасан байсан гэсэн мэдүүлэг авагдсан. /ХХ-ын 66-69 тал/ Мөн сэжигтнээр Ц.Э мэдүүлэхдээ ... би цохисон, Д ахыг гараараа цохисон, ямар нэгэн чулуу зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, ....унаад блок мөргөсөн байж магадгүй, хэрэлдээд зодолдсон, нэг мэдсэн түүний толгойноос цус гарч байсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд Ц.Э санаа бодлын хувьд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах гэсэн шууд санаатай байсан боловч түүнийг алъя гэсэн ямар нэг санаа байгаагүй болох нь тогтоогджээ. Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Эын хууль бус үйлдлийн амь хохирогч Г.Дын эрүүл мэндэд хүнд хохирол учирч улмаар хохирогч нас барсан байх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын 1,2,3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

  Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй байсан. Хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжилсэн тайлбар, мэдүүлгийг хэлэлцэхгүй орхисон байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй, хязгаарлагдсан гэж үзэхгүй байна. Давж заалдах шатны шүүхэд бүрэн эрх нь байдаг учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хохирлын баримт гаргаж өгөөгүй учраас шүүх тэрийг таамаглаж тогтоох боломжгүй. Үүнийг баримтаа бүрдүүлж нэхэмжлэх нь зүйтэй. Гэмт хэрэг яаж үйлдэгдсэн талаар тогтоогдсон хүрээнд шүүх шийдвэрлэсэн. Ц.Эын гэр бүлийн хамааралтай хүний өгсөн мэдүүлэг байдаг. Дэлгүүрийн худалдагчийн мэдүүлэг байдаг. Тухайн үед ямар нөхцөл байдалтай байсан бэ гэхэд Ц.Э нэлээн догшин ширүүн байдалтай,  гар, хөл нь цус болсон байсан гэдэг. Үүнийг обеъктив шинжээр хүч хэрэглэж, энэ хүний гаргаж байгаа үйлдлийн улмаас объект буюу хүний амьд явах эрх зөрчигдсөн. Энэ хүний объектив үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон байна. Тэр гаргаж байгаа үйлдэл болон учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоонд дүгнэлт хийж, субеъктив шинжийг тодорхойлдог болохоос биш бид энэ хүний ямар  бодолтой байгааг тааварлах боломжгүй. Тэгэхээр бодит хэргийн үйл баримт дээр түшиглэж, субъектийн субъектив буюу гэмт санаа бодлыг томьёолж гаргаж ирдэг. Объектив шинжид дүгнэлт хийхэд энэ хүний үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан байна. Тэгэхээр үүнийг хүнийг алах гэмт хэрэг гэж зүйлчилсэн. Дараагийн асуудал хохирогчид учирсан хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан. Хүнийг алах гэмт хэрэг нь өөрөө ердийн, хэвийн байдлаар амьдарч байсан хүнийг гаднын нөлөөний улмаас үхэлд хүргэх хэмжээний гэмтэл авч хүн нас бардаг. Гэмтэл нь өөрөө үхэлд хүргэх нөхцөлтэй, гэмтэл байгаа. Тэр гэмтлийг шүүгдэгч учруулсан. Үүн дээр тодорхой хугацааны дараа нас барсан учраас зүйлчлэлийг өөрчлөх ёстой гэж өмгөөлөгч тайлбарладаг. Хүнийг алах гэмт хэрэг нь угаасаа ямар нэгэн гэмтлийн улмаас хүн нас бардаг. Ц.Эын үйлдлээр талийгаач амь насаа алдсан. Хүнд гэмтлийн улмаас гэж зүйлчлээгүй. Үүнийг Улсын Дээд Шүүхийн тогтоолоос иш татаж, зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, тайлбарласан гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эт оногдуулсан эрүүгийн хариуцлага, хэргийн зүйлчлэл, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж байгаа гомдолтой холбоотой асуудлыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөд шийдвэрлэх  боломжтой. Хэрвээ боломжгүй гэж үзвэл анхан шүүхийн шийдвэр хэвээр үлдлээ гэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны эрх, ашиг, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан нөхцөл байдал бол биш. Тэгэхээр аль ч утгаараа анхан шатны шүүхийн шийдвэр хууль буруу хэрэглэсэн, хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байна гэв.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Одоо би гэртээ ганцаараа, гэртээ ч харьж чадахгүй байна. Хүүхдээ нөхөх орон зай ч алга. Сэтгэл санаа, гэртээ тогтож чадахгүй, айлаар яваад л байж байна. Надад одоо гэртээ байх сонирхол ч алга. Гэртээ ганцаараа байх эвгүй байна. Миний хүүхэд өдий хүртэл эхнэр аваагүй, ээжийгээ асарч хоол, ундаа хийгээд, ус, түлээгээ бэлдээд байж байдаг байсан. Одоо би түлээгээ бэлдэж чадахгүй хүн гуйж байна. Усаа авч чадахгүй гудамжнаас хүүхэд дуудаж усаа авхуулж байна. Гэртээ харихаас айгаад гэртээ харьж чадахгүй, хүүгийндээ байна.  Сэтгэл санааны хохирлыг төлөөд, наана цаана болбол, би энэ хүүхдийн жилийг нь хасуулъя гэж бодох юм. Тэгтэл аав, ээж нь ирж уулзахгүй юм. Ах дүү нар нь одоо яах вэ, оршуулгын мөнгө төгрөг яах вэ, түлээ буулгаад өгөх үү гэж энэ өвөл нэг ч хүн ирээгүй. Хохирлоо л төлүүлмээр байна. Хүүхдийнхээ амь насыг босгоод ирэх биш. Надад их хэцүү байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт буруутай холбоотой асуудал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хохирогчийн хуйханд үүссэн шарх нь хөнгөн байлаа гэхэд шархны улмаас цочмог цус алдаж, их хэмжээгээр цус алдсаны улмаас шоконд орж нас барсан. Тэгэхээр хуйханд үүссэн шархны улмаас цочмог цус алдалт нь шүүгдэгчийн хууль бусаар халдаж байгаа үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байгаа учраас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж зүйлчлэхгүй шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг шүүх хүлээж авах боломжгүй гэж харж байна. Хохиролтой холбоотой асуудал дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдлоо 2 үндэслэлээр гаргасан. 1-д хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж байсан боловч яг сэтгэцэд учирсан хор уршгийн мөн чанар, зорилго, хөндөгдөх эрх ашиг юу юм бэ гэдгийг миний үйлчлүүлэгчид тайлбарлаж өгөөгүй, ойлгоогүйгээс шалтгаалаад хохирол тогтоолгохгүй гэж хүсэлт гаргасан. Үүнийгээ анхан шатны шүүх хурал болохоос өмнө мэдээд, анхан шатны шүүх хуралдаанд  шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурорын зүгээс та тогтоолгох уу гэдэг асуултад, тогтоолгоно гэж 2-3 удаа хариулаад байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг үнэлж, дүгнэлт хийсэнгүй. Анхан шатны шүүх хэрэглэвэл боломжтой хуулийн зүйл, заалтууд байхад хэрэглээгүй байна гэж үзэж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 сарын 31-ний өдрийн А/68275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар энэ журмыг баталж өгсөн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг орж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-т заасны дагуу арилгана гэсэн. Хүний амь нас хохирсон тохиолдолд заавал Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1-т заасныг хэрэглэхгүй байх талаар журамласан байхад шүүх хэрэглээгүй байна. Иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний эсвэл нас барсан хүний хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөр хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, талийгаач н.Д нас барсны улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр, мөрдөгчийн, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Ц.М гэх хүн тогтоогдоод ороод ирсэн байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-ийг хэрэглэх хууль зүйн бүрэн боломж байхад, анхан шатны шүүхээс үүнийг хэрэглээгүй, орхигдуулсан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөд явах боломжтой байна. Тийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Хохирлын хэмжээг тодорхойлохдоо хүн амын дундаж наслалтын зөрүүг Монгол Улсын хэмжээнд 65 нас гэж тооцдог юм билээ. Амь хохирогч 42 настай байсан. 23 насыг 3.300.000 төгрөгөөр үржүүлэхээр 80,000,000 төгрөг болох юм билээ. Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашиггүй байгаад байгаа учраас, аль ашигтай байдлыг сонгож 2023 оны 10 сард мөрдөгдөж байсан хөдөлмөр хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 118,000,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тогтоож, шүүгдэгч буюу гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 497, 508, 511-р зүйлийг удирдлага болгоод тогтоогоод өгөх нь хууль болон түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актад бүрэн нийцнэ. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсан энэ хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн гомдолд нэг зүйл дурдсан байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлтэй холбоотой, тогтоолгохгүй ч юм уу, эсвэл энэ зэрэглэлийг тогтоолгох талаар санал, хүсэлт албан ёсоор гаргаагүй тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэх асуудал яригдах ёстой байсан байх. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд хохирогч энэ талаар удаа дараа илэрхийлээд байхад хүлээж аваагүй, тогтоол дээрээ хүсэлт гаргаагүй гэдэг байдлаар оруулж ирсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгч болон прокурорын асуултад хариулсан зэргээр няцаагдаж байгаа учраас үүнийг өөрчлөх буюу хүчингүй болгох замаар энэ эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, үндэслэл болгоод байгаа шинжээчийн дүгнэлт, мөн шүүх хуралдааны явцад шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн зүүн зулайд мохоо болон ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр гэмтэл учирсан байна. Дээрх учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Харин тухайн зүүн зулайн ил шарх гэмтлээс их хэмжээгээр цус алдсан цус алдалтын шокын хүнд хэлбэр нь амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох байтал бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүгдэгчийн бусадтай харьцдаг, бие авч явдаг байдал дээр дүгнэлт өгч хэт яллах талыг барьж, дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж, зөвтгөж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байгаа юм. Хохирогчид учирсан хохирол төлбөр болон сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэглэлтэй холбоотой асуудал дээр шүүгдэгчийн тухайд ч, өмгөөлөгчийн тухайд ч нэмж гаргах тайлбар алга байна. Хохирогчийн зүгээс хэдийгээр банкны зээлтэй холбоотойгоор анхан шатны шүүхэд 26,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Сэтгэл санаанд учирсан хохирол, нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх хуулийн хүрээнд шийдвэрлэхэд шүүгдэгчийн зүгээс татгалзах зүйлгүй хүлээж авна гэв.

 

Шүүгдэгч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд: Тайлбар байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

1. Шүүгдэгч Ц.Эт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

 2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцох талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

   3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын “шүүгдэгч Ц.Эын хууль бус үйлдлийн улмаас амь хохирогч Г.Дын эрүүл мэндэд хүнд хохирол учирч улмаар хохирогч нас барсан тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү? гэсэн давж заалдах гомдлын тухайд:

  3.1. Шүүгдэгч Ц.Э нь амь хохирогч Г.Дыг цохисны улмаас амь насыг нь хохироосон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мгийн: “...Би 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн цагаан идээний зах дээр өөрийн ажил дээрээ байхад манай хөрш айлын Бд 16:47 минутад миний 0000 дугаар руу залгаад Д хашаан дотроо цустайгаа холилдчихсон хэвтээд орилоод байна гэж хэлэхээр нь би бараагаа хураачхаад 17 цаг өнгөрөөгөөд гэртээ харихад хашаан дотор байшингийн урд овоолсон байсан шорооны хажууд курткаа нөмөрсөн байдалтай ёолоод хэвтэж байсан. … Амь хохирогч надаас өвчин намдаах эм өгөөч гэхээр нь би эм өгсөн. Тэгээд хэсэг хугацаанд чимээ гарахгүй болохоор нь унтаж байгаа байх гэж бодож байгаад хажууд нь очиход царай нь сонин болсон байсан. ... Тэгээд би нас барсныг нь мэдсэн. Амь хохирогчийн нүүр хэсэг нэлэнхийдээ буюу бүхэлдээ цус болоод хатсан, толгой зүүн хэсгээр үсэндээ маш их цус хатаад үс нь ширэлдсэн байсан, баруун хацар халцарсан мэт харагдаж байсан” гэх /1хх-ийн 30-33 хуу/ мэдүүлэг,

Гэрч Л.Нийн: “...Ц ах жоотуу авч ирэхээр нарийн гудамж руу явсан. Удалгүй Ц ах Б бидэн дээр ирэхдээ гудамжинд Д зодуулсан байдалтай, цусандаа холилдсон явж байна гэж хэлсэн, хэнд зодуулсан талаар хэлээгүй..” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-51 хуу/

Гэрч Х.Бүжинлхамын: “...Би 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг 30 минутын үед өөрийн амьдардаг гэр болох А аймгийн Э сумын 4 дүгээр баг, Бор толгой 58-13 тоотод байдаг гэрээсээ бага насны 4 настай Г.Оюун-Эрдэнийн хамт ус авахаар худаг дээр очсон. Гэрээсээ гараад саваа бариад хүүхдээ дагуулаад явж байх үед худгийн ертөнцийн зүгээр зүүн талд блокон хашааны урд нь манай нөхөр Ц.Э нь Г.Эрыг зодоод байж байсан. Тэгэхэд Дын зүүн талын нүд нь хөхөрчихсөн, мөн тэр хавиас нь нэлээн их цус гараад байсан. Тэр цусаа Д өмсөж явсан курткаар арчаад байсан. Манай нөхөр Эын баруун талын гар нэлэнхийдээ цус болчихсон. Гарын сарвууны салаагаар нөгөө цус нь урсаж газар тусаад байсан. … Э Дыг явган суулгачихсан гараараа нүүр хэсэг рүү цохиод байж байсан. … Намайг очих үед Дын зүүн талын шанаа, чих, хацар зэрэг нь нэлэнхийдээ цус болж их хэмжээний цус гарч байсан. Куртка болон түүний дотор талаар өмсөж явсан хувцаснууд нэлэнхийдээ цус болсон байсан. … Дын сууж байсан газар газрын хөрс нэлээн цустай, блокон хашаа нь цус болчихсон, ер нь Дын суусан газар нь ус асгачихсан юм шиг газрын хөрс цус болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-58 хуу/

Гэрч Б.Гийн: “...2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө Э, Д.Б, Оогоо гэх хүмүүс манай гэрт архи ууж хоносон. … Ингээд бид нар тухайн архийг хувааж ууж байгаад талд нь орох үед би Цэнгэлмаа эгчийн дэлгүүрээс цаасан хайрцаг аваад гэр рүүгээ явсан. Харин Э, Д, Лхагваа гэх ах нар тухайн архийг уугаад үлдсэн юм. Би тэндээс гэртээ харьж унтсан бөгөөд орой 21 цаг өнгөрч байхад сэрсэн. ... Намайг салж явах үед амь хохирогчийн биед ил харагдах ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-63 хуу/

Гэрч Т.Цогтбаатарын: “...Дын толгой зүүн талаас маш их цус гарсан байсан. Тэр хавиар гоожиж хажуудах хашаа мөн куртка нь нил цус куртка дээр нь цус тогтсон, мөн хувцасны дотор талаар урссан бололтой байсан. Тэгээд би цусаа арч, харьж амар, хариад цусаа угаа гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн. Жоотуу авах айлд ороод жоотуу байхгүй болохоор нь буцаад явахад тэр хоёр сууж л байсан. Хэрэлдээд намайг хараад дуугүй болсон. Би булай болцгоогоод, харьж амарцгаа, цусаа угаа гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн дахиж тааралдаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-69 хуу/

Гэрч Н.Лийн: “... Би 2025 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед хашааны гадаа гарч суухаар гарахад манай хашааны гадаа Д, Э, орилоо Г 3 зогсож байсан. ... Тэгээд өвгөдтэй ганц юм уучихлаа одоо явцгаая гэж хэлээд Э, орилоо Г, Д нар нарийн гудамж руу ороод хойш явцгаасан. Харин би гэртээ орж амарсан. Надтай хамт архи уух үед Г.Дын биед ил харагдах шарх сорви байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-74 хуу/

Гэрч Г.Цийн: “...Тэгээд өдөр Эын эхнэр хүүхдийнхээ хамтаар орж ирээд танай дэлгүүрийн зүүн талд Д зодуулчихсан байна, манай нөхөр Эт зодуулсан гэж байна, цагдаа дуудах гэсэн юм гээд манай дэлгүүрт байхдаа цагдаад дуудлага өгсөн. … Тэр үед Э манай дэлгүүрт орж ирээд нэлээн согтуу гар нь их цус болсон, өмссөн хувцас нь нил шороо болсон хөл дээрээ тогтож чадахгүй гуйваад байсан. … Цагдаагийн алба хаагчтай хамт би Дийн байсан гэх газар буюу манай дэлгүүрийн зүүн талын догол хэсэг рүү очиход блокон хашаа цус болсон байсан мөн газрын шороо хэсэг нойтон байсан /дунд хэсэгтээ жижиг хэмжээтэй цус мэт зүйл байсан/ цус юм уу, ус юм уу гэдгийг би мэдээгүй. … Би цагдаагийн алба хаагч нартай хамт дэлгүүрийн гаднах хяналтын камераа шүүж харсан. … Э болон амь хохирогч Д нар хоорондоо барьцалдаж аваад цус болсон байсан хашаа руу гарч байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-79 хуу/

Сэжигтэн Ц.Эын: “... би тухайн үед нэлээн муудсан байсан ба Д ахыг манайх руу явъя гэж хэлсэн. Дэлгэр ах үгүй гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би нэлээн согтуу байсныг хэлэх үү Дтой зодоон хийсэн нэг мэдсэн Д ахын толгой хагарсан байсан. Д ах миний урд суусан би босоо байдалтай байсан ба бид хоёр хоёулхнаа байсан. Эргэн тойронд хүн байгаагүй би тэгээд юугаар толгойг нь хагалснаа бол санахгүй байгаа. Архи уугаад нэлээн муудсан зодсон үйлдлээ дутуу санаад байна. … Д ахын толгой зүүн хойд хэсэгт хагарсан цус гараад урссан байсан ба гараар цохиход тийм болохгүй намайг цохиж байхад унаад газар байсан блокыг толгойны араараа мөргөж толгойгоо хагалсан байх. … Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гаргасан үйлдэлдээ маргах зүйл байхгүй. Хэрэг учрал болсон газар Д ах бид хоёр л байсан юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 86-89 хуу/ 

Амь хохирогч Г.Дын биед зүүн зулайн хуйхны язарсан ил шарх, цус хуралт, хуйхнаас гадагш цус алдалт, баруун зовхины гадна булан, хөмсөгний дээд хэсэг, баруун бугалга, тохой, өвдөг, зүүн мөрний ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Зүүн зулайн хуйхны ил шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Хуйхнаас гадагш цочмог цус алдалт, цус алдалтын шокын хүнд хэлбэр нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.3.1, 4.3.3-д зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч Г.Д нь хуйхны ил шархнаас их хэмжээгээр цус алдаж цус алдалтын шокын улмаас нас баржээ гэсэн А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн АРХ0625/121 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 236-241 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 03-17 хуу/ Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18-24 хуу/

зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

 

3.2. Амь хохирогчийн биед зүүн зулайн хуйхны язарсан ил шарх, цус хуралт, хуйхнаас гадагш цус алдалт, баруун зовхины гадна булан, хөмсөгний дээд хэсэг, баруун бугалга, тохой, өвдөг, зүүн мөрний ар хэсэгт зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт, мөн гэрч Х.Бүжинлхамын “ ...Тэгэхэд Дын зүүн талын нүд нь хөхөрчихсөн, мөн тэр хавиас нь нэлээн их цус гараад байсан. Тэр цусаа Д өмсөж явсан куртикээр арчаад байсан. Манай нөхөр Эын баруун талын гар нэлэнхүйдээ цус болчихсон. Гарын сарвууны салаагаар нөгөө цус нь урсаж газар тусаад байсан. Э Дыг явган суулгачихсан гараараа нүүр хэсэг рүү цохиод байж байсан. Намайг очих үед Дын зүүн талын шанаа, чих, хацар зэрэг нь нэлэнхүйдээ цус болж их хэмжээний цус гарч байсан” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Ц.Э нь хохирогч Г.Дыг удаа дараа цохих үйлдэл хийсэн нь тогтоогдож байна.

 

Цохих, зодох үйлдлээр бусдын эрүүл мэндэд аливаа гэмтэл учрах, хохирол, хор уршиг бий болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой атлаа удаа дараа Г.Дыг цохисон шүүгдэгч Ц.Эын үйлдэл, хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Энэ тохиолдолд амь хохирогч гэмтэл авсны дараа хожуу нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын “зүйлчлэлийг хөнгөрүүлэх” агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй байна.  

 

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 

 

5. Шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мгийн “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан зайлшгүй шинжээчийн дүгнэлт гаргуулалгүй шийдвэрлэх хууль эрх зүйн бүрэн боломжтой атал үүнийг хэрэглээгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

6.1. Шүүх шинжилгээний тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг/ ...д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заасны дагуу хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол аль зэрэглэлд хамаарах ажиллагааг зөвхөн тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч тогтоохоор заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, зэрэглэлийг тодорхойлох ажиллагаа хийгдээгүй, мөн банкнаас авсан зээл төлүүлэх иргэний нэхэмжлэлийн хүрээнд холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тохиолдолд анхан шатны шүүх эдгээр хохирлыг тооцон арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол болон банкны зээлд 26,000,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг дурдаж шийдвэрлэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд хандах эрхийг зөрчөөгүй байна.

6.2. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие давж заалдах шүүхийн шатанд шинжээч томилж дээрх дүгнэлтийг гаргах боломжтой бол гаргаж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэдэг тул хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол аль зэрэглэлд хамаарахыг тогтоолгох шинжээч томилох ажиллагаа хийхгүй болно.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мгийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын  цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус  заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын  цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА

 

                            ШҮҮГЧИД                                         В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                                                                                       Ч.ЭНХТӨР