Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01499

 

 

 

 

 

 

2022 08 12 210/МА2022/01499

 

Г.Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02858 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г.Х

Хариуцагч: Ж.Эт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 1,545,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сумъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г.Д нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хороололд унадаг дугуй унаж явахдаа Г.Хийг мөргөсний улмаас түүний баруун гарын шууны яс хугарсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон ба насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй.

1.1 Дээрх ослын улмаас гарны зураг авахуулсан 20,000 төгрөг, гарны сойлт 8,000 төгрөг, кальц, барагшун, алтангагнуур худалдан авсан 75,100 төгрөг, эм тарианы үнэ 131,000 төгрөг, эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 80,000 төгрөг, толгойн бариа 3 удаа хийлгэсэн төлбөрт 30,000 төгрөг, гэмтэлтэй үеийн 2 сарын цалин 1,100,000 төгрөг, нийт 1,444,100 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагчаас 1,444,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 5 настай хүүхэд Г.Хийг мөргөсөн гэснээс хойш 2 сарын дараа Ж.Эын гэрт ирж мэдэгдсэн. 5 настай хүүхэд түүнд энэ хэмжээний гэмтэл учруулах боломжгүй. Нэхэмжлэгч нь эмчилгээний зардал нэхэмжилж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: 6 настай Г.Д 16 нас хүрээгүй, насанд хүрээгүй тул нэхэмжилж байгаа мөнгө үнэн зөв эсэхээр төлөх ёстой гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Эаас гэм хорын хохиролд 264,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Хт олгож, нэхэмжлэлээс 1,180,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8,573 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хуралдаанд, нотлох баримт судлах хэсэгт Гэмтлийн эмнэлгийн бичгийг өөрийнхөө амаараа Г.Х нь 56 настай, эмэгтэй гээд уншиж байсан атлаа 4 хүүхэд төрүүлсэн гээд 50 насандаа өндөр насны тэтгэвэрт гарсан хүнийг цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, листээ бодуулаагүй гээд нэхэмжилсэн 2 сарын цалин 1,100,000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн 80,000 төгрөгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх бүрэлдэхүүн Хөдөлмөрийн хууль бусад хуулиудаас хэд хэдэн хуулийн заалтууд өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүст үйлчилдэггүй гэдгийг мэддэггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан магадлал гаргаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Хүрээ од ХХК-д тогооч, няравын ажил хавсарч гүйцэтгэдэг бөгөөд тухайн хэрэг болсон өдрөөс хойш 2 сарын дараа хариуцагчтай уулзахдаа ямар нэгэн ажил хийдэггүй, Баянмонгол хороололд ач, зээгээ хардаг гэж хэлсэн. Гэтэл нэхэмжлэлдээ ажилладаг гэж дурдсан. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарсан боловч цалингаасаа тодорхой хэмжээний нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын татвар төлсөн баримтгүй. Мөн нэхэмжлэгчээс харилцах дансаар цалин орсон талаар баримт гаргаж өгөөгүй. Шүүх хуралдааны үед шүүгч нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэж байсан талаар баримт байдаг уу гэхэд нэхэмжлэгч тийм баримт байхгүй гэж хэлсэн бөгөөд энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

3.   Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Ж.Эт холбогдуулан гэм хорын хохиролд 1,444,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4.   ...Г.Х нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд Баянмонгол хороололд унадаг дугуй унаж байсан Г.Дгийн дугуйнд мөргөгдөж унасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг Тээврийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 547 дугаар тогтоолоор хааж шийдвэрлэсэн, уг тогтоолд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болжээ. /хх 61/

 

5.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг. Харин 7-14 хүртэлх насны хүн дээрх зүйлд заасан гэм хорыг бусдад учруулсан бол мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт зааснаар түүнийг хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгах үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч нь Г.Дгийн эцэг Ж.Эаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.

 

6.1. Дээрх прокурорын тогтоол болон талуудын тайлбараас Г.Д нь Г.Хийг мөргөж гэм хор учруулсан буруутай гэж үзнэ.

 

6.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10022 дугаар дүгнэлтээр Г.Хийн биед тухайн үед баруун гарын шуу ясны далд хугарал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой гэжээ. /хх 16/

 

Насанд хүрээгүй Г.Д нь нэхэмжлэгч Г.Хийн эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул хариуцагч Ж.Э Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

6.3. Нэхэмжлэгч Г.Х нь гэмтлийн улмаас гарын зураг авахуулсан зардалд 20,000 төгрөг, гарын сойлт худалдан авсан зардалд 8,000 төгрөг, эм тарианы зардалд 131,000 төгрөг, толгойн бариа хийлгүүлсэн төлбөрт 30,000 төгрөг, кальци, барагшун, алтангагнуур худалдан авсан зардалд 75,100 төгрөг, нийт 264,100 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх67-70/

 

Г.Хийн эрүүл мэндэд хохирол учирсан нь Г.Дгийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгчийн шаардлагаас анхан шатны шүүх 264,100 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

7. Хүрээт Од ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тодорхойлолтод Г.Х нь Хүрээт Од ХХК-д тогооч, няравын ажил хавсарч хийдэг. Сарын цалин 500,000 төгрөг. Гараа гэмтээж ажлын чадваргүй болсон тул 2018 оны 06, 07 саруудад цалингүй чөлөө авсан нь үнэн болохыг тодорхойлов гэжээ. /хх 7/

8. Дээрх баримт нь нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт ...хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлийг эргэлзээгүйгээр нотолсон баримт гэж үзэхгүй. Учир нь нэхэмжлэгч хөдөлмөрийн эсхүл хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан эсэх, цалин хөлсийг бэлнээр эсхүл дансаараа авч байсантай холбоотой баримтгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь эмнэлгийн ор хоногийн төлбөрт 80,000 төгрөгийн зардал нэхэмжилсэн боловч хэрэгт уг зардалтай холбоотой баримт авагдаагүй тул хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

9. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох эмнэлгийн ор хоногийн төлбөр 80,000 төгрөгийг, 2 сарын цалин 1,100,000 төгрөгийг тус тус нотлох баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02858 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

М.БАЯСГАЛАН