| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2023/03824/И |
| Дугаар | 191/ШШ2026/01026 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2026/01026
| 2026 01 16 | 191/ШШ2026/01026 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №22-74 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 22,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 35,380,000 төгрөг, нийт 57,880,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №22-74 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,380,000 төгрөг, нийт 57,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* ХХК, ******* ******* ******* ХХК нар нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №22-74 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба тухайн гэрээгээр ******* ******* ******* ХХК нь Астра-100 1 ширхэг, Астра-200 100*2 ширхэг, Астра-75 1 ширхэг буюу нийт 4 ширхэг бохир ус цэвэрлэх станцыг угсрах, суурилуулах ажлыг 25,750,000 төгрөгийн хөлстэйгөөр 10 хоногийн дотор буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хийж гүйцэтгэн ******* ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.
Талууд гэрээгээр урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансаар төлнө гэж тохиролцсон хэдий ч манай байгууллага урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Гэрээгээр тохиролцсон ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор хийж гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь Астра-75 бохир ус цэвэрлэх станцыг угсрах ажлыг эхлүүлсэн боловч дуусгаж хүлээлгэж өгөөгүй. Астра-100, Астра-200 бохир ус цэвэрлэх станцыг угсрах, суурилуулах ажлыг огт хийж гүйцэтгээгүй.
Хариуцагч ажлыг хугацаандаа хийгээгүйгээс шалтгаалж газар хөлдөж ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээгээр тохиролцсон ажлыг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Хариуцагчид 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй.
Иймд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №22-74 тоот Ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, гэрээний 7.2-т заасны дагуу 2023.04.01-2023.09.11-ний өдрийг хүртэл 163 хоногийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлж 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү.
1.2. Мөн талууд 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр №23-38 тоот Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба тухайн гэрээгээр ******* ******* ******* ХХК нь Астра-50 1 ширхэг хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх станцыг нийлүүлэх угсрах, суурилуулах, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсрах, өмнө суурилуулсан бохирын станцын булалт газар шорооны ажлыг нийт 40,000,000 төгрөгийн хөлстэйгөөр 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хийж гүйцэтгэн ******* ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний дагуу 30,500,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК-д төлсөн.
Гэрээгээр тохиролцсон ажлыг 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь Астра-50 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх станцыг нийлүүлэх, угсрах, суурилуулах, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсрах, өмнө суурилуулсан бохирын станцын булалт газар шорооны ажлыг эхлүүлсэн боловч дуусгаагүй өнөөдрийг хүртэл ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй.
Иймд 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 тоот Ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд төлсөн 30,500,000 төгрөг, гэрээний 7.2-т заасны дагуу 2023.08.20-2023.09.21-ний өдрийг хүртэл 32 хоногийн алданги 4,880,000 төгрөг, нийт 35,380,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. ******* ХХК болон ******* ******* ******* ХХК нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 11 сарын 12-ны өдөр №22-74 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компанийн зүгээс Астра 100 1 ширхэг, Астра 200 1 ширхэг, Астра-75 1 ширхэг бохир ус цэвэрлэх станцыг тус тус угсрах, суурилуулах үүргийг хүлээж, захиалагч ******* ХХК нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс гэрээ байгуулагдсан өдрөөс хойш гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэж, астра-100, астра-75 бохирын системүүдийг хугацаанд нь суурилуулж, угсарч дуусгасан ба холболтыг хийгээд ажиллуулахад бэлэн болгосон.
Харин нэхэмжлэгч компани нь астро-200 төхөөрөмжийг өгөөгүй. Яагаад астро-200 өгөхгүй асуудал ярихаар 2 ширхэг 100 сэтийг авчирч хийгээд үүнийг 200 хүний хүчин чадалтай нэг болгож суурилуул гээд гэрээнд байхгүй нөхцөлийг тулгадаг. Ингээд хариуцагч компанийн зүгээс үүнийг хийх боломж байхгүй, гэрээнийхээ дагуу астро-200 аваад ирвэл бид нар суурилуулаад өгье гэдэг шаардлага тавьдаг.
******* ******* ХХК-н зүгээс Астра-200 гэх төхөөрөмжийг хүлээлгэн өгөөгүй буруутайн улмаас Астра-200 төхөөрөмжийг угсрах ажил хийгдээгүй. Астра-100, Астра-75 гэх төхөөрөмжийн булах ажлыг Астра 200 гэх төхөөрөмжтэй цуг хийхээр хүлээгдэж байсан.
******* ХХК нь технологийн хувьд биелэгдэх боломжгүй шаардлага тавьж, Астра-200 гэх төхөөрөмжийг бидэнд хүлээлгэн өгөөгүй байж ******* ******* ******* ХХК-г гэрээний үүргээ зөрчсөн мэтээр тайлбарлан урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
2.2. ******* ХХК болон ******* ******* ******* ХХК нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр 2023 оны 08 сарын 11-ний өдөр №23-38 дугаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компанийн зүгээс Астра 50 хүний чадалтай бохир ус цэвэрлэх станцыг угсрах, суурилуулах, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсрах, булах үүргийг хүлээж захиалагч нь гэрээний үнэ болох 44,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн.
******* ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бөгөөд ******* ХХК-н зүгээс тодорхойгүй шалтгааны улмаас хүлээж авахгүй байгаа. ******* ******* ******* ХХК-н зүгээс №23-38 гэрээний үүргээ биелүүлсэн байхад нэхэмжлэгч нь 35,380,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч компанийн зүгээс та нар дулаалаагүй учраас манай бохирын шугам хоолойндоо очиж чадахгүй, дандаа хөлдөөд байгаа гэдэг тайлбар өгдөг. Эндээс юу харагддаг вэ гэхээр 40 метр шугам тавигдчихсан, та нар доголдолтой хийгдчихсэн гэж яриад байгаа. Гэтэл доголдолтой хийгдсэн үйл баримт нь хэрэгт байхгүй. Тэгээд гаргаад байгаа шаардлага нь 2023 оны гэрээнд хариуцагч компани нэг ч ажил хийгээгүй учраас бид гэрээнээс татгалзаад, татгалзсаны үр дагаварт мөнгөө буцаан гаргуулах шаардлага гаргаад байгаа. Бид нар 2023 оны гэрээний дагуу 40 метр биш 100 метр бохирын шугам тавьсан. Үүнийг бид үзлэгээр баталгаажуулъя гэж ярьсан. Гэвч үзлэг хийлгэх шаардлагыг хангаагүй учраас бид нотолж чадаагүй. Тийм учраас бид түүнтэй холбоотой хохирлоо шаардаагүй. Гэхдээ бид 40 метрийн бохирын шугамыг хийчихсэн, 50 хүний хүчин чадалтай бохир усны шугам тавьчихсан энэ ажил хийгдсэн. Тэгэхээр ажил хийгдсэн байхад гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаардаад байгаа нь үндэслэлгүй. Хэрэв доголдол байна гэж байгаа бол доголдолтой холбоотой шаардлагаа өдий хүртэл гаргаагүй юм. Доголтой холбоотой мэдэгдлээ яагаад хариуцагч талд өдийг хүртэл өгөөгүй, магадгүй өсгүүр яваад ус нь гүйхгүй байна гэвэл бид нар өсгүүр байгаа юмаа хуулах, төхөөрөмжийг солиулах асуудлаа өөрсдөө тавих ёстой байтал өөрсдөө хийлгүүлээгүй, доголдолтой байна гэж яриад байдаг. Гэтэл доголдолтой гэсэн үйл баримтыг тогтоосон баримт байхгүйг харахад манай хийсэн ажлыг зөвшөөрөөд байгаа юм. Үүнээс харахад нэхэмжлэгч компани нь манай хариуцагч компанийг огт ажил хийгээгүй гэдэг агуулгыг тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Харин ч бид эсрэгээр нь ажил хийсэн. Иймд нэхэмжлэгчийн №22-74, №23-38 дугаар гэрээний үүрэгт 57,880,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талуудын 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 23-38 дугаартай гэрээний хувьд астра-50 станцыг угсрах, суурилуулах, 40 метрийн урттай шугам угсрах, булах ажлыг хүлээж уг ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн. Гэвч нэхэмжлэгч тал ямар ч шалтгаангүйгээр хүлээж аваагүй. Уг гэрээний нийт төлбөр 44,00,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлд 30,200,000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэгч компани 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 23-38 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч байгууллагын зүгээс астра-50 төхөөрөмжийг суурилуулаад газарт нь булаад, 40 метр бохирын шугамыг нь газрыг нь ухаад шугамыг тавьсан. Доголдлын асуудал байгаа бол өөр асуудал, түүний дагуу гаргах нэхэмжлэлийн шаардлага өөр байсан. Нэгэнт гэрээний дагуу хийгдсэн ажлыг танайх доголдолтой ажил хийсэн гээд өгсөн мөнгөө буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Тийм учраас бид ажлаа бүрэн хийгээд дууссан. Харин нэхэмжлэгчийн зүгээс доголдолтой холбоотой чанар баталгаатай асуудлаар хариуцагч байгууллагад нэхэмжлэгч байгууллага ямар ч шаардлага гаргаж байгаагүй, мэдэгдэл хүргүүлж байгаагүй учраас хүлээгээд авсан нь түүгээр нотлогдож байгаа. Гэрээ хэрэгжсэн асуудал байгаа учраас бид нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэгэнт ажлаа хийгээд дуусгачихсан, доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй учраас бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хоёр дахь гэрээний дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулах шаардлага гаргаж байгаа тул сөрөг шаардлагатай үндэслэлтэй гэв.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээнд тодорхой заагаад өгсөн байгаа. Захиалагч бол урьдчилгаа төлбөрийг шилжүүлж өгөх үүрэгтэй, урьдчилгаа төлбөр төлснөөр ажлыг эхлэн, ажлыг эхлээд ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүрэг нь гүйцэтгэгч компанид байгаа. Энэ талаар гэрээний 7.3, 8.10, 6 дахь заалтуудад заагаад өгчихсөн. Харин хариуцагч талаас бид нар зөвхөн суурилуулах үүрэгтэй гэж яриад байна. Бид мэргэжлийн байгууллага, тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулаад, бид нар үүнийг мэдэхгүй, мөнгийг нь өгье, үүнийг хийгээд суурилуулаад, ашиглалтад оруулаад өг, бид нарт хэрэглэх боломжтой болгоод өг гэж мөнгө өгөөд гүйцэтгүүлэх гээд байна гэхээр бид нарт суурилуулж өгөөд, арга зүйн зөвлөгөө өгөөд, үнэхээр газрыг нь ухах ёстой байсан бол энд суурилуулж болохгүй, ингэж угсрах ёстой гэж хэлээд түүнийх нь дагуу станцаа байрлуулаад суурилуулаад хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл танай ухсан газар, суурилуулаад өглөө болоо гэдэг зүйл ярих нь утгагүй сонсогдож байна. Шинжээчийн дүгнэлтэд станц-100, стан-75-г чанарын шаардлага хангагдаагүй, хийж дуусгаагүй орхигдсон байна гэж биччихсэн байна. Бүрэн гүйцэт хийж өгөөд, хүлээлгэж өгөөд бид нар түүнийг ашиглах ёстой байтал хийж эхлүүлсэн боловч орхиод явчихсан ажлыг бид нар огт ажил хийгээгүй хийсэн гэдэг зүйл ярьж болохгүй. Түүнчлэн бид ажлаа хүлээлгэж өгнө үү гэсэн албан бичиг хүргүүлдэг. Бид нарыг ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг хүлээж аваагүй гэж яриад байгаа. Тийм бол энэ талаар ямар нэгэн баримт, зураг, албан бичиг, зурвас гээд хариуцагч ямар нэгэн байдлаар ажлын гүйцэтгэлээ нотлох ёстой. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.
5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,
5.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/,
5.3. Итгэмжлэл /хх 5, 154, 244/,
5.4. 2022.11.12-ны өдрийн №22-74 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх 6-10/,
5.5. 2023.08.11-ний өдрийн №23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх 11-15/,
5.6. ******* ******* ХХК-ийн 2023.09.13-ны өдрийн 23/562 дугаар албан бичиг /хх 23/.
6. Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтыг гаргасан. Үүнд:
6.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 26/
6.2. Итгэмжлэл /хх 27, 198/
6.3. Хариу тайлбар /хх 40-41/
6.4. Фото зургууд /хх 42-46/
6.5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 247/.
7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. /хх 165-173/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №22-74 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,380,000 төгрөг, нийт 57,880,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл болон,
хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь 2022.11.12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Астра-75 бохир ус цэвэрлэх станцыг угсрах ажлыг эхлүүлсэн боловч дуусгаж хүлээлгэж өгөөгүй, Астра-100, Астра-200 төхөөрөмжийг угсрах ажлыг огт хийж гүйцэтгээгүй, 2023.08.11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Астра-50 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх станцыг нийлүүлэх, угсрах, суурилуулах, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсрах, өмнө суурилуулсан бохирын станцын булалт газар шорооны ажлыг эхлүүлсэн боловч дуусгаагүй, актаар хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрөө буцаан шаардах болон гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй гэнэ.
Мөн хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгээгүй бүрэн гүйцэтгээгүй, ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөөгүй тул ажлын хөлс 13,500,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.
3. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай компани 2022 оны 11 сарын 12-ны өдөр №22-74 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу Астра 100, Астра-75 бохир ус цэвэрлэх станцыг угсрах, суурилуулах ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч ******* ******* ХХК-н зүгээс Астра-200 гэх төхөөрөмжийг хүлээлгэн өгөөгүй буруутайн улмаас Астра-200 төхөөрөмжийг угсрах ажил хийгдээгүй. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй.
Харин 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгч 44,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс 30,200,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөр 13,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ******* ******* ХХК /захиалагч/ болон ******* ******* ******* ХХК /гүйцэтгэгч/ нар нь:
2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн захиалгын дагуу Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн хэрэгжүүлж буй Премиум болор төсөлд Астра-100, Астра-200, Астра-75 бохир ус цэвэрлэх станцыг угсрах, суурилуулах ажлыг 2022.11.22-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчид 25,750,000 төгрөгийн төлбөр төлөхөөр заажээ.
Энэхүү гэрээнд заасан Астра-100, Астра-200, Астра-75 бохир ус цэвэрлэх станцыг захиалагч буюу ******* ******* ХХК нь нийлүүлэх үүрэгтэй талаар талууд тайлбарлаж байна.
Мөн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн захиалгын дагуу Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах захиалагчийн хэрэгжүүлж буй Премиум болор төсөлд Астра-50 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх станцыг нийлүүлэн угсрах, суурилуулах, 40 метр урттай Ф150 бохирын шугам угсрах, өмнө суурилуулсан бохирын станцын булалт газар шорооны ажлыг 2023.08.20-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчид 44,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр заажээ.
Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг хангаж байна.
4.2. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 30,500,000 төгрөгийг тус тус хариуцагчид төлсөн талаар тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй.
4.3. Талуудын маргааны зүйл нь хариуцагч ажил гүйцэтгэх гэрээ тус бүрд заасан ажлыг гүйцэтгэсэн эсэх асуудал байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээнүүдэд заасан ажлыг хийж гүйцэтгэх үүргээ огт биелүүлээгүй гэж тайлбарлаж урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардсан бол хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хийж гүйцэтгэсэн ч нэхэмжлэгчээс Астра-200 төхөөрөмжийг нийлүүлээгүйгээс бүрэн дуусгаагүй, хоёр дахь гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэсэн ч нэхэмжлэгч шалтгаангүйгээр хүлээн аваагүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.
Түүнчлэн талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 8 дугаар зүйлийн 8.2-т гэрээний аль нэг тал гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухай үндэслэл бүхий саналаа бичгээр мэдэгдэх бөгөөд нөгөө тал нь мэдэгдлийг хүлээн аваад ажлын 3 хоногийн дотор хариу ирүүлнэ. Хэрэв заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөнд тооцно,
8.6-д Энэхүү гэрээ нь дараах тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
8.6.3. Хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр аль нэг тал гэрээг цуцалсан тохиолдолд гэж заасан байх бөгөөд ийнхүү талууд гэрээндээ гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах нөхцөлийг харилцан тохиролцсон байна.
Гэрээнээс татгалзахын тулд гэрээний нөгөө тал нь үүргээ ноцтой зөрчсөн байх, гэрээг цуцлах талаар хуульд болон гэрээнд заасан журмын дагуу мэдэгдсэн байх явдал шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хариуцагчид төлсөн урьдчилгаа төлбөрөө буцаан шаардах эрхтэй.
Гэвч хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдээс татгалзсан, татгалзах журмыг хэрэгжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Барилгын хөгжлийн төвийн 2024.10.03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэрээнд заасан ажлыг тодорхой хэмжээгээр хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т захиалагчийн шаардлага гаргах эрхийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаарх шаардлагыг гаргаагүй.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
5. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй, шинжээчийн Астра 50 хүний хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийг норм дүрмийн дагуу гүйцэтгэж дуусгаагүй мөн суурилуулалт хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй байна. Мөн цэвэрлэх байгууламжид холбох 40 метр 150 диаметртэй шугам сүлжээний холболтын ажил хийгдсэн боловч норм дүрмийн сүлжээ угсарч шалгасан акт бүрэн албажаагүй акт байна гэх дүгнэлтийг үгүйсгэх баримтгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул зохигчийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №22-74 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,500,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,380,000 төгрөг, нийт 57,880,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №23-38 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,350 төгрөгийг, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА