Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 201

 

 

 

                               

                           

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                                                     А.Энхтуяа

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халиугчин овогт Дамдиндоржийн Одгэрэлд холбогдох 1831002270187 тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; 1970 оны 02 дугаар сарын 16-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, дээд боловсролтой, невтийн инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 4 улирал хотхоны 1-400 тоотод оршин суудаг, “Сэлэнгэ тариа” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагнал байхгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халиугчин овогт Дамдиндоржийн Одгэрэл /РД:РЭ-70021617/

          

Шүүгдэгч Д.Одгэрэл нь 2018 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 44-49 УНА улсын дугаартай “Ланд Крузер 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад урдаасаа ирж явсан 33-09 СЭҮ улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Д.Мижидийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Д.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын  03-нд  яллагдагчаар  өгсөн: 2018 оны 07-р сарын 17-нд 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг гэх газар тариалангийн талбай харчихаад Цагааннуур сумын төв рүү буцаж явтал  урдаас гэнэт цэнхэр өнгийн портер маркийн машин гараад ирсэн. Тэгээд би шууд тормосоо гишгээд зогсоох арга хэмжээ авсан боловч гулгаж очоод нөгөө портерийг мөргөчихсөн. Тэгээд би буугаад портер маркийн машины жолоочийг гаргах гэтэл  хаалга нь гажаад онгойж өгөхгүй болохоор өөрийн ажилчин Лхагвааг  “лоом аваад ир” гэж хэлсэн. Тэгээд Лхагавааг лоом аваад ирэхээр нь гажсан хаалгыг нь лоомоор хөшөөд онгойлгосон боловч жолоочийн хавчигдсан хөлийг гаргаж чадаагүй. Тэгээд портер машины жолооч талын баганаас Лхагваагийн унаж ирсэн машинаар тросоор татаж байгаад жолоочийг гаргаж авсан. Тэгээд Лхагваагийн машинд суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 104-105-р ху,

2.Шүүгдэгч Д.Одгэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Яллах дүгнэлтэнд уншигдсан зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Үүн дээр нэмж ярих зүйлгүй.  Тухайн үед тэр газар нь үзэгдэх орчин аль аль талд үзэгдэх орчин муу байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Мижидийг эмнэлэгт хүргээд эмчилгээ хагалгаа ойр зуурын зардал гаргасан, машиныг нь хохиролгүй болгосон, үлдсэн 850.000 төгрөгийг төлж барагдуулахаар хохирогчтойгоо тохиролцсон. Төлбөрийг 2018 оны 09-р сарын 20 гэхэд төлж барагдууна.  Мөн байгуулагын машиныг хохиролгүй болгосон. Прокурорын газраас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах санал тавьсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч болбол шүүхээс энэ торгуулийг багасгаж өгөөч. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Д.Мижидийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:  ...2018 оны 07-р сарын 17-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг явах замд жижиг гүвээ өгсөөд гараад иртэл өөдөөс хар саарал өнгийн “Ланд крузер” маркийн тээврийн хэрэгсэл ороод ирсэн. Тэгэхээр нь би замаа чөлөөлж өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээ баруун гар тийш дарахад өөдөөс ирж байсан “Ланд крузер” маркийн тээврийн хэрэгсэл миний жолоодож байсан “портер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөхөд нь би тээврийн хэрэгслийнхээ суудал болон мөргүүлсэн кабины хэсэгт хавчигдсан. Би жолоо бариад машиндаа Рагчаасүрэнтэй хамт явж байсан. ...тухайн зам нь байгалийн шороон замтай, уг зам нь баруун зүгээс зүүн зүгт зорчиход гүвээ өгсдөг, зүүнээс баруун тийш явахад тэгшхэндүү зам юм. Осол болох үед харагдах орчин муу би өөдөөс ирсэн Ланд тээврийн хэрэгслийг тулж байж харсан. ...би өгсөж байсан болохоор тормос гишгэж амжаагүй, зам тавьж өгөх оролдлого хийсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 ху/,

4.Гэрч П.Лхагваагийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 07-р сарын 17-ны өдрийн 20 цагийн үед Одгэрэл захирал утасдаад “Тийрэг рүү явах замд машинтай мөргөлдчихлөө, нөгөө машины жолооч талын хаалга нь чихэгдээд гарч болохгүй байна, лоом аваад ир” гэхээр нь би тухайн газар луу нь лоом аваад очсон. Очиход Одгэрэл захирлын машин нэг портер машинтай мөргөлдсөн байдалтай байсан. “Портер” маркийн машины жолоочийн хөл нь хавчигдсан, портерийн хамар нь чихэгдсэн, салхины шил нь хагарсан, жолооч талын хаалга нь чихэгдсэн байсан. Ланд машины хамар нь чихэгдээд, урд их гэрэл нь хагарсан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-33 ху/,

5. Гэрч Ш.Ганболдын 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Рагчаасүрэн залгаад “Тийрэг гэх газарт машинтай мөргөлдчихлөө. Мижид ах хавчуулагдчихлаа лоом аваад ирээч” гэхээр нь аваачиж өгсөн.  Намайг очиход Мижидийн унаж явсан машины кабин нь чихэгдээд орчихсон байсан. Тэгээд лоомоор хөшөөд дийлэхгүй байж байхад нэг залуу бас лоом авчирсан. Тэгээд портерийн урд баганыг тросоор татаж байгаад Мижидийг гаргаад сүүлд ирсэн залуугийн машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 34-35-р ху/,

6. Гэрч Б.Рагчаасүрэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хүргэн ах Мижидтэй 2018 оны 07-р сарын 17-ны 20 цагийн орчимд  Цагааннуур сумын Тийрэг гэх газар явж байтал урдаас гэнэт хар өнгийн жийп гарч ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна.  Би арай гэж ухаан ороод  портерийн салхины шил харагсан хэсгээр  гараад жийпний жолоочийн хамт портерийн хаалгыг онгойлгох гээд дийлээгүй. Тэгээд Ганболд ах руу залгаад “лоом аваад ирээч” гэхэд лоом аваад ирсэн. Гэтэл өөр нэг машинтай залуу лоом аваад ирсэн. Тэгээд бид нийлж байгаад хаалгыг нээсэн боловч Мижид ахын хөл нь хавчуулагдсан байсан. Тэгээд машины баганаас тросоор татаж байгаад Мижид ахыг гаргаж аваад нөгө танихгүй залуугийн машинд суулгаад эмнэлэг рүү явуулсан.. Тэг...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 ху/,

7. Шинжээчийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...33-09 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Мижид нь зорчих хэсгийн баруун гар тал руугаа гарах үйлдэл хийж байх явцад зам тээврийн осол болсон дүр зураг харагдаж байна харин 44-49 УНА улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Одгэрэл нь зорчих хэсгийн баруун гар тал руу шахахад нүх сүв, замын эвдрэл гэмтэл, ямар нэгэн саадгүй байхад замын баруун гар тал руу шахах үйлдэл хийлгүй зорчсноор замын зорчих хэсгийг чөлөөлж байсан 33-09 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол болсон үйлдэл харагдаж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 96-97 ху/,

8.Шинжээчийн 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 48 дугаартай ...Д.Одгэрэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10а,б, 5.11 а,б тэмдгээр тодорхойлно. “Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөн хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн. гэх дүгнэлт, /хх-ийн 79 ху/ ,

9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн № 314 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Д.Мижидийн биед зүүн дунд чөмөгт ясны хөндлөн, сэлтэрхийт хугарал, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо   

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь, эмчилгээ, эдгэрэлт эрүүл, мэндээс хамаарна. ...гэх дүгнэлт /хх-ийн 68-р ху/, 

 

10.Шүүгдэгч Д.Одгэрэлийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 80-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 04-05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 8-9-р ху/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,/хх-ийн 10-11-р ху/,  гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 12-16-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 44-45,46-47-р ху, “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ, /хх-ийн 87-88, 91-93–р ху/, цус болон биологийн дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 50,56-р ху/, химийн шинжилгээний хариу, /хх-ийн 51,57-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх 101-103-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 104-105-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, /хх-ийн 49,55,61,67,73,78,86-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 52,58,64,70,75,83,89,94-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 53,59,65,71,76,84,90,95-р ху/, нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 69-р ху/, өвчний түүх, /хх-ийн 136-156–р ху/, хохирлын талаархи баримтууд, /хх-ийн 121-122-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 108-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 158-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 159-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 158-р ху/, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, /хх-ийн 161-р ху/,  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи тухай прокурорын  санал, /хх-ийн 166-р ху/,  зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Одгэрэл нь 2018 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 44-49 УНА улсын дугаартай “Ланд Крузер 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад урдаасаа ирж явсан 33-09 СЭҮ улсын дугаартай “портер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч Д.Мижидийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн тухай лавлагаа, “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээ, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, байдал, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн зүйлгүйг дурьдах нь зүйтэй.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ шүүгдэгч прокурорын гаргасан торгох ялаар шийтгэх саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа  болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул прокурорын санал болгосон  торгох  ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй.  

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

           1.Шүүгдэгч Халиугчин овогт Дамдиндоржийн Одгэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халиугчин овогт Дамдиндоржийн Одгэрэлийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Одгэрэлийн  цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Одгэрэлд мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч Д.Одгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай.   

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.1-т зааснаар хохиролын мөнгөнөөс 850.000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн тул уг хугацаандаа хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь тогтоосон хугацаандаа шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Одгэрэлд мэдэгдсүгэй.

         8. Шүүгдэгч  Д.Одгэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

         10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч  иргэний нэхэмжлэгч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

        11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

        12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

        13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН