| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2511000001206 |
| Дугаар | 2026/ДШМ/488 |
| Огноо | 2026-04-22 |
| Зүйл хэсэг | 11.7.1., 13.5.1., 17.6.1., |
| Улсын яллагч | Э.Баасанжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/488
Г.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Э.Баасанжаргал,
шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Оюунсүрэн, О.Санчирбал, Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Оюунсүрэн, О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2511000001206 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Г-гийн Э-, /РД:ЧГ-/, Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “Г-” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, ........... тоотод оршин суух, урьд
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/518 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, гавьяат холбоочин цолоор шагнагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Г.Э- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу гэрлэлт цуцлагдсан хохирогч Н.Б-г 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод байрлах гэртээ “гадуур явлаа, бусадтай танилцах гэлээ” гэсэн шалтгаанаар цохиж, зодсон, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аварга тосон амралт, сувиллын газарт хохирогч Н.Б-г бусадтай хардсаны улмаас нүүр хэсэгт нь гараараа цохиж, бөгс, гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зодсон, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Н.Б-г Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод байрлах гэртээ шалтгаангүйгээр толгой, мөр, гар хэсэгт нь цохиж зодсон, 2024 оны 8 дугаар сард хохирогч Н.Б-г Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод гадуур явлаа гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохиж, зодсон, 2024 оны 10 дугаар сард хохирогч Н.Б-г Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Б- байрны 57, 58 тоотод байх гэртээ хэрүүл маргааны улмаас толгой хэсэгт нь цохиж зодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн шүүгдэгч Г.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед хохирогч Н.Б-г Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлахад хүүхдүүдийн асрамжийг өөртөө үлдээх, эд хөрөнгийн маргаан гаргахгүй байхыг шаардаж, Н.Б-д болон ойр дотны хүн болох эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр сүрдүүлсэн, үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна хохирогч Н.Б-г гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг шаардаж хохирогч Н.Б-д болон түүний ойр дотны хүн болох эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр сүрдүүлж заналхийлсэн,
мөн шүүгдэгч Г.Э- нь 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна хохирогч Н.Б-г оршин сууж байгаа Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэн өгөхийг шаардаж Н.Б-д болон түүний ойр дотны хүн болох эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Шүүгдэгч Б- овогт Г-гийн Э-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгө, хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн сиди 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Э-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие хуульч, өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүгдэгч Г Э-т хууль эрх зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/184 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлд заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. 1. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний зайлшгүй шинж нь хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэх, мөн тухайн заналхийлэл нь бодитой хэрэгжих боломжтой нөхцөл байдалтай байх явдал юм. Гэтэл анхан шатны шүүх заналхийлсэн гэх үйлдлийг зөвхөн хэлбэр төдий үнэлж тухайн заналхийлэл бодитой хэрэгжих боломжтой байсан эсэхийг огт тогтоогоогүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар хүч хэрэглэх бодит нөхцөл бүрдээгүй, заналхийлэл нь хэрэгжих бодит аюул байгааг нотолсон баримт байхгүй байхад уг зүйл ангиар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслзлгүй гэж үзэж байна Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгө, эсхүл эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхийг өөрт шилжүүлэн авах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл ноцтой хор уршиг учруулах мэдээлэл тараахаар сүрдүүлэх үйлдлийг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Г.Э- нь хохирогчоос эд хөрөнгө, эрх шилжүүлэхийг шаардсан үйл баримт тогтоогдоогүй, хохирогчийн өмчлөх эрхэд халдсан, эсхүл түүнийг өөрт шилжүүлэх зорилго агуулаагүй, хүч хэрэглэх, сүрдүүлэх замаар эдийн шинжтэй ашиг сонирхол олж авах гэсэн санаа зорилго байхгүй байна. Харин бодит нөхцөл байдал нь гэр бүлийн харилцаа дуусгавар болсонтой холбоотойгоор хохирогчид “амьдрах газраа өөрчлөх” талаар санал тавьсан агуулгатай байх бөгөөд энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн шинжтэй маргаанд хамаарах боломжтой байна. Иймд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна
Анхан шатны шүүх нь үйлдлийн бодит шинж, субьектив санаа зорилго, гэмт хэргийн бүрэлдэхүүний зайлшгүй байх шинжүүд зэргийг иж бүрэн үнэлэлгүйгээр хэт өргөтгөсөн тайлбар хийж, шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэрэгт хамааруулсан. Мөн шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байгаа тул хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/184 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулах шийдвэр гаргаж өгнө үү. ...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг 3 зүйл, ангиар гэм буруутайд тооцсоноос 2 зүйл, ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт заасан гэмт хэрэг дээр маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол шинж нь хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэх, заналхийлэл нь бодитой хэрэгжсэн нөхцөл байдал байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ийм нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдоогүй. Энд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үйлдэл яригддаг. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ярилцсан асуудлыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрээр шийдвэрлэгдсэн. Цаг хугацааны хувьд харахаар өөр асуудал байна. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр заналхийлсэн гэдэг боловч энд гэр бүлийн, хүүхдүүдийн асрамжийн асуудлын талаар ярилцаж, маргалдсан нөхцөл байдал байдаг. Заналхийлэх гэмт хэрэг туйлдаа хүрсэн болох нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна. Эрүүгийн хууль тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэн өгөхийг шаардсан гэж буруутгадаг. Үл хөдлөх эд хөрөнгийг хэнд өгөхийг шаардсан бэ, өөртөө юу бусдад уу, энэ гэмт хэргийн шинж нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхийг шаардах байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримт, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “Сүхбаатар дүүрэгт, манай ажилтай ойр байдаг байраа зараад өөр тийшээ нүүчихээч, Хан-Уул дүүргээс хол, өөрөөр хэлбэл манай ах, дүү нартай ойр байгаад яах вэ, хоёулаа нэгэнт гэрлэлтээ цуцлуулж, салчихсан юм чинь” гэдэг нөхцөл байдал харагдаж байгаа. Бусдын эд хөрөнгийг авахаар шилжүүлж өгөхийг шаардсан болох нь тогтоогдоогүй гэж үзэж байна. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болж байгаа 2 үйлдлийн нэгийг заналхийлэл, нөгөө нь бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Оюунсүрэн би эрүүгийн 2511000001206 тоот хэрэгт Г.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан түүний өмгөөлөгчөөр ажиллаж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/184 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах агуулгаар давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Г.Э-ын хувьд гэр бүлийн хүрээнд буюу эхнэр (салсан), нөхрийн хооронд хохирогчийн эрхийг зөрчсөн зүй бус харилцаа үүсгэсэн, үүнийг зарим тохиолдолд хүүхдийн өмнө үйлдсэн гэдэгтэй маргаагүй боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн байхад мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль...-ийн заалтыг чанд сахина” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хууль зүйн үндэслэл нь: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа мөрдөгч, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр нь бүхэлдээ “хууль ёсны байх” зарчмын дагуу явагдах ёстой. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу бүрдүүлж цуглуулаагүй нотлох баримтыг яллах тал үнэлж, яллах дүгнэлт үйлдсэн гэсэн үндэслэлээр хэрэгт хяналт тавьж буй прокурор болон дээд шатны прокурорт өмгөөлөгчийн хувьд удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан. Гэтэл уг гомдлыг хууль зүйн үндэслэл огтхон ч дурдахгүйгээр хяналтын прокурор, дээд шатны прокурор шийдвэрлэсэн гэсэн товч хариуг өгч байсан. Энэ асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Г.Э- болон түүний өмгөөлөгчөөс хууль, эрх зүйн хувьд ноцтой зөрчил гэж үзэж, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль...-ийн заалтыг чанд сахина” гэснийг мөрдөгч нотлох баримтыг цуглуулахдаа, прокурор шийдвэр гаргахдаа зөрчсөн эсэх талаарх асуудлыг хэлэлцүүлсэн боловч, гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад тухайн асуудалд дүгнэлт хийнэ гэсэн шийдвэрийг шүүх гаргаж тухайн өдөр шийдвэр гаргалгүй орхисон. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад энэ талаарх хууль зүйн үндэслэл, нотолгооны талаарх дүгнэлтээ тодорхой илэрхийлсэн. Гэвч шүүх шийтгэх тогтоолдоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг хэрхэн авч үзсэнийг хууль зүйн үндэслэл бүхий дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хууль зүйн шаардлагад нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлж, цуглуулсан нотлох баримтад тулгуурлан, мөн яллах тал, өмгөөлөх талаас шүүх хуралдааны явцад гаргаж тавьсан хууль зүйн үндэслэл, дүгнэлтүүдээс алийг шүүх хүлээн авч буй, эсхүл алийг ямар шалтгаан, хууль зүйн үндэслэлээр хүлээн авч буйг дүгнэж, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгг эрх зүйн дүгнэлт хийх ёстой. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт 8-17 дахь талуудад тодорхой төрлийн гэмт хэргийн үйлдэл, үйл баримтын талаар шүүх хэрхэн дүгнэж байгаа болон хохирол, хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаар 1- 5 гэсэн дэд хэсгүүдэд тус тус дүгнэжээ. Гэтэл дурдсан эрх зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” биш байна. Тодруулбал шүүх яллах талын дүгнэлт, өмгөөлөх талын дүгнэлт, шүүгдэгчийн “эцсийн үг”-д дурдсан санал, дүгнэлтүүдийн алийг хэрхэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй, түүнчлэн түүнийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар огтхон ч дүгнээгүй. Харин эсрэгээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.24 дүгээр зүйлд зааснаар шүүмжпэлийн шатанд улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ шүүх бүрэлдэхүүнд хандаж гаргаж тавьсныг огтхон ч авч хэлэлцэлгүй, эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр шүүх зөвхөн өөрийн дотоод итгэлээр үйл баримтыг хэрхэн дүгнэж буй агуулгатай гэж ойлгогдохоор байна. Шүүх яллах болон өмгөөлөх талын дүгнэлтүүдийн алийг хууль зүйн ямар үндэслэлээр шийдвэрийн үндэслэл болгож байгаа болох эсхүл алийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж буйд хөндлөнгийн байр сууриас дүгнэлт хийх ёстой. Ингэж байж шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хууль зүйн шаардлагад нийцэх учиртай. Дээрх шаардлагыг хангаагүй шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн “хууль ёсны байх” болон “шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/184 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...Миний бие иргэний маргаанд Г.Э-ын өмгөөлөгчөөр оролцож байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж зүйлчилж, яллагчаар татсан үеэс түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хуулийн шаардлага хангаагүй шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны байх, шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Нэгдүгээрт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, яллагдагчаар татсан үеэс эхлүүлэн нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан уу гэдэг асуудлыг удаа дараа тавьсаар ирсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа мөрдөгч, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр нь бүхэлдээ “хууль ёсны байх” зарчмын дагуу явагдах ёстой. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу бүрдүүлж цуглуулаагүй нотлох баримтыг яллах тал үнэлж, яллах дүгнэлт үйлдсэн гэсэн үндэслэлээр хэрэгт хяналт тавьж буй прокурор болон дээд шатны прокурорт удаа дараа гомдол гаргаж байсан боловч гэмт хэрэг гарсан цагаас шүүх хуралдаан болох хүртэл ойлгомжгүй явсаар ирсэн. Гэтэл энэ гомдлуудад хууль зүйн үндэслэлээ тодорхойлохгүйгээр дээд шатны прокурорууд нь “шүүхээр шийдвэрлүүл” гэх хариултыг өгдөг байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэснийг мөрдөгч нотлох баримт цуглуулахдаа, прокурор шийдвэр гаргахдаа зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцүүлсэн боловч “шүүхийн мэтгэлцээний явцад дүгнэлт гаргана” гэж хэлдэг. Гэвч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчид гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны явцад энэ талаарх хууль зүйн үндэслэл, нотолгооны талаарх дүгнэлтээ тодорхой илэрхийлсэн боловч шийтгэх тогтоолд өмгөөлөгч нарын байр суурь огт бичигдээгүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг хэрхэн авч үзсэн талаарх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх” шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлж, цуглуулсан нотлох баримтад тулгуурлан, яллах тал, өмгөөлөх талаас шүүх хуралдааны явцад гаргаж тавьсан хууль зүйн үндэслэл, дүгнэлтүүдээс алийг шүүх хүлээн авч буй, эсхүл алийг ямар шалтгаан, хууль зүйн үндэслэлээр хүлээн авч буйг дүгнэж, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичих ёстой. Гэтэл энэ талаар мөн тусгаагүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 8-17 дугаар талд тодорхой төрлийн гэмт хэргийн үйлдэл, үйл баримтын талаар шүүх хэрхэн дүгнэж байгаа болон хохирол, хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаар дурдаж, 1-5 гэсэн дэд хэсгүүдэд дүгнэж бичсэн. Гэтэл дурдсан эрх зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” байхгүй байна. Тодруулбал, шүүх яллах талын дүгнэлт, өмгөөлөх талын дүгнэлт, шүүгдэгчийн эцсийн үгэнд дурдсан санал, дүгнэлтүүдийн алийг хэрхэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй, түүнчлэн түүнийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар огтхон ч дүгнээгүй. Эсрэгээрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.24 дүгээр зүйлд зааснаар шүүмжлэлийн шатанд улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ шүүх бүрэлдэхүүнд хандаж гаргаж тавьсныг авч хэлэлцэлгүйгээр эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр шүүгч зөвхөн өөрийн дотоод итгэлээр үйл баримтыг үнэлж, дүгнэсэн гэж ойлгогдохоор байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г- овогтой хоригдол Э- миний бие нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Нэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн талаар тайлбар гомдол
Гэр бүлийн хүчирхийлэл буюу Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 10 сарыг хүртэл хугацаанд хохирогч Н.Б-г 5 удаа цохиж, зодсон гэж буруутгагддаг. Үүнээс эхний 3 үйлдэл /2024.05.18, 2024.07.10, 2024.07.15/ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь Н.Б- прокурорт 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргаж, намайг яллагдагчаар татах тогтоол 2025 оны 07 дугаар сарын 29-нд гарсан. Н.Б- нь дээрх 3 үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг сайтар мэдэх тул нэмж 2 үйлдэл /2024.08 ба 2024.10 сард/ зохиомлоор гаргаж үргэлжилсэн үйлдлээр намайг гэмт хэрэг хийсэнд тооцож, хэрэг үүсгүүлж чадсан. Н.Б- 2014 онд миний дунд хүү Э.Э-тэй хамт гадуур явж байгаад гэнэт дотор нь муухайрч бүдэрч унахдаа ухаан алдаж улмаар хөлийнхөө хуруунуудыг гэмтээж, зөөлөн эдийн гэмтэл үүссэн. Дараа нь эмчлүүлэх гэж хэдэн удаа мэс заслын хагалгаанд орсон бас хөлийн тавхай, гуя, шилбэ зэрэгт хагалгаа хийлгэж байсан. Мөрдөгчийн тогтоолоор Н.Б- нь 2025 оны 08 дугаар сард буюу намайг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр цагдан хорих ангид хоригдож байхад Улаабаатар Сонгдо эмнэлэг, Анармед, Асралт мед, Мөнгөн тойг, Бриллианс ХХК-ийн эмнэлгүүдэд үзүүлж, шинжилгээ хийлгэсэн тухай “шийтгэх тогтоол”-ын 7-р хуудсанд дурджээ. Эдгээр баримтуудад дурдсан шинжилгээ, оношилгоо нь олон жилийн өмнөх ахуйн гэмтлийн тухай болохыг дурдсан байдаг ба хэн нэгэн хүнд зодуулсан болохыг, хэзээ гэмтсэн болохыг тодорхойлоогүй байдаг. Иймд Г.Э- гэдэг хүн Н.Б-г зодсоны улмаас үүссэн гэмтэл, эмчилгээ гэж тогтоохгүй. Ер нь Н.Б- цусны өвчтэй, тэр нь удмын тул амархан гэмтдэг, эдгэхдээ удаан байдаг гэж залуу байхдаа надад хэлж байсан. /Мөн бие нь амархан хөхөрдөг/ 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Н.Б-г цохиж, гэмтээсэн гэдэг үйлдлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлснээс хойш Н.Б-тай ахиж зодоон цохион хийгээгүй. Үүнээс өмнө Н.Б-тай муудалцаж, зодоон цохион хийж байсныг бусад гэрч нарын мэдүүлэг, баримтуудад /фото зураг г.м./ үндэслэн анхан шатны шүүх намайг буруутгах нотолгоо болгож, ашигласан. Хуулийн практикт өмнө шийтгүүлж байсан үйлдлүүд нь дараагийн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт болохгүй гэдгийг тодорхой заасан байдгийг анхан шатны шүүх авч үзээгүй. Н.Б-г би зодож эсвэл цохиж байхыг харсан, нотлосон гэрч, камерын бичлэг байдаггүй. Учир нь би Н.Б-г зодоогүй, цохиогүй учраас хүн харах, үзэх, тайлбарлан өгүүлэх боломжгүй. Яагаад гэвэл тийм үзэгдэл, үйл явдал болоогүй. Хэрэв болсон тэгж ингэж зодож, цохисон бол манай гэрт өрөө бүрд камер байдаг, түүнийг дараа нь 2 сарын хугацаанд камерын бичлэгийг хуулан авах боломжтой байсан. Н.Б- ч тийм боломжийг ашиглаад хэрэв зодуулсан бол дараа нь бичлэгийг хуулбарлаж аваад баримтжуулах туршлагатай, арвин мэдлэгтэй, үеэл дүү гэрч Э- нь орой манайд ирэхэд Н.Б- уйлчихсан сууж байсан яасан гэж асуухад нөгөөх чинь ирээд зодчихоод явсан гэж мэдүүлдэг. Гэтэл энэ үйлдлийг нотолсон баримт гээд 4 ш фото зураг шүүх хурлын үеэр өмгөөлөгч Д.Отгонбат шүүгчид гаргаж өгсөн. Шүүгч хэзээний зураг вэ? гэж асуухад 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б- хотхон Э- тоотод зодуулсан зураг гэдэг. Үүнээс ургуулаад шинжилж үзвэл:
1. Энэ 4 ш фото зургуудыг анх хэрэг нээх үед мөрдөгчид гарган өгч, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, мөрдөн байцаалт хийгээгүй,
2.Тухай үйлдлийг гэрчилж буй хамаатан нь болох Э-оос энэ зургийн талаар байцаалт аваагүй, нэмж тодруулаагүй. Ингэж фото зурагт үзүүлсэн шиг зодуулж гэмтсэн бол гэрч Э- нь хараад шууд мэдээд, сандран эмнэлэг дуудаж, эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх боломж байсан тэгээгүй.
3. Н.Б- нь гэмтэж хөхөрсөн, нүүрнийхээ фото зураг авахуулж, хэвлүүлж бэхжүүлж байсан мөртөө яагаад 2 сарын турш бичлэг нь хадгалагддаг камерын дүрст бичлэгийг “сиди”-д хуулан авч бэхжүүлээгүй?
Уул нь Н.Б- ийм чухал нотлох баримтыг бэхжүүлэхээ сайн мэднэ. Гэвч ийм үйлдэл сүүлийн 2 жилд болоогүй, тохиолдоогүй, учраас худлаа болох нь нотлогдож байна. Дээрхи гурван үндэслэл болон шүүгдэгч Г.Э- миний удаа дараа өгсөн мэдүүлэг, тайлбараас харахад би Н.Б-г тухайн өдөр зодоогүй, би гүтгүүлж байгаа нь ойлгомжтой ба хэргийн бодит байдлыг хянан үзвэл эргэлзээтэй байдал үүсэж байна. Шүүгч Г.Ууганбаатар нь надад холбогдох хэргийг бүхэлд нь судлаж, шүүн таслахдаа хэрэгт дээрх жишээнд дурдсан шиг нэг талыг хэт баримталж, хэргийн бодит байдлыг бүхий л талаас нь харж, эргэлзээгүй үнэн зөв тогтоож чадаагүй, зарим баримт материалуудад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй прокурорын хяналт шалгалт, явагдаагүй, шүүх хурлын үед шинжлэн судлагдаагүй, талуудын хооронд мэтгэлцээн огт явагдаагүй үйлдэл, баримтуудыг авч ашиглан, зөвхөн яллах байр суурь талаас нь харж, хэрэгт хандаж, Шийтгэх тогтоол” бичсэнд нь гомдолтой байна. Иймд надад оногдуулсан ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү.
Хоёр: Заналхийлэх гэмт хэргийн тухай тайлбар:
Заналхийлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Н.Б-г шүүхэд гэрлэлт цуцлуулахдаа хүүхдийн асрамжийг өөртөө үлдээх, эд хөрөнгийн маргаан гаргахгүй байхыг шаардаж сүрдүүлсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “...Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг шаардаж, сүрдүүлж заналхийлсэн гэх хоёр үйл баримтаар буруутай гэж үзсэн. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2511000001206 дугаартай яллагдагчаар татсан тогтоолд мөн энэ 2 үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа энэ 2 үйл баримтын хүрээнд хийгдсэн.
Нотлох баримтууд ч энэ хоёр үйл баримтын хүрээнд цугларсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр үйл баримт шинээр тогтоогдоогүй. 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 529 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт мөн л 2 үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар намайг ялласан. Өөр үйл баримт шинээр нэмж гараагүй. Гэвч энэхүү яллах дүгнэлтийн 3. Нотлох баримтын талаар: Хэсгийн буюу 5-р хуудасны төгсгөлд “мөн хохирогч Н.Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Н.Б-гаас гаргаж өгсөн харилцан ярианы бичлэгээр Г.Э- нь Н.Б-г Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг мэдсэн даруй Н.Б-г нэхэмжлэлээ татаж ав, үгүй бол түүнийг болон эцэг, эх, дүү нарыг ална, хохирол учруулна гэж хүч хэрэглэхээр сүрдүүлсэн болох нь тогтоогджээ” гэх ба дараагийн хуудсанд Г.Э- нь “...Н.Б-г тодорхой үйлдэл хийхийг буюу гэрлэлт цуцлахад хүүхдийн асрамжийн болон эд хөрөнгийн маргаан хийхгүй байх, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж ав гэж шаардаж Н.Б-д болон ...эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр сүрдүүлсэн болох нь хохирогчийн мэдүүлэг гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Н.Б-гаас гаргаж өгсөн Г.Э-тай харилцан утсаар харилцан дуу-дүрсний бичлэгээр тогтоогдсон байна” гэж дурдаад дээрх хоёр үйл баримтыг нотлох баримт болгож баталгаажуулж, бэхжүүлсэн нь хууль зөрчиж худал хуурамч нотлох баримт үйлдсэн үйл ажиллагаа юм.
Учрыг тайлбарлавал энэхүү 2 нотлох баримтад хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх үйлдэл нь хэзээ болсон, он, сар өдөр байхгүй (санаатай орхигдуулсан), түүнийг гэрчилж буй утсаар ярьсан яриа, гэрэл зургийн үзүүлэлт, бүхий “үсэгт мессеж “ нь хэзээ ярьсан, бичсэн он, сар, өдөр, байхгүй (мөн санаатай орхигдуулсан) байгаа нь тодорхой харагдаж байна. Үүнээс гадна Нэгдүгээрт: 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “...Н.Б-г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж ав” гэсэн утгатай заналхийлсэн үйлдэл огт болоогүй. Энэ өдөр утсаар би Н.Б-тай ярьсан яриа байхгүй тул ярианы бичлэг байхгүй, энэ өдрийн үед үсэгт мессеж бичсэн заналхийлэл баримт огт байхгүй, оргүй зүйл юм.
Хоёрдугаарт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед иргэний шүүхийн гадна би Н.Б-д заналхийлсэн үйлдэл огт хийгээгүй, тийм үйлдэл болоогүй. Энэ өдрийн үед утсаар би Н.Б-тай ярьсан яриа байхгүй тул ярианы бичлэг байхгүй, энэ өдрийн үед үсэгт мессеж бичсэн баримт заналхийлэл огт байхгүй, оргүй хоосон зүйл юм. Тэгвэл хяналтын прокурор Б.Дашням яллах дүгнэлтдээ энэ хоёр заналхийлэл болох үйлдлийг ярьсан ярианы бичлэг, бичсэн утасны үсэгт мессежээр тогтоогдсон гэж нотлож байгаа нь үндэслэлгүй болж байна. Г.Э- надад холбогдох эрүүгийн 2511000001206 дугаартай хавтаст хэргийн материалд 2 ш “Сиди” эд мөрийн баримтаар авагдсан байгаа ба үүний №2 дахь “Сиди“-нд 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ярьсан ярианы 2 ш бичлэгийн баримт хадгалагдаж байгаа. Үүнийг 1 хх-ийн 33-34 хуудсанд тэмдэглэл болгож буулгасан бас хх-ийн 41-44 хуудсанд мөн өдөр болсон гэх боловч үнэн хэрэгтээ 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Н.Б-тай харилцан миний гар утасны үсэгт мессеж бүхий гэрэл зургууд нотлох баримтаар авагдсан. Энэхүү №2 “Сиди”-ны эхний ярианы бичлэгийг “2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед Н.Б-г Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлахад хүүхдийн асрамжийг өөртөө ав, эд хөрөнгийн маргаан гаргахгүй байхыг шаардаж Н.Б-д болон эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр сүрдүүлсэн гэж заналхийлэл үйлдсэнийг нотлох баримт болгож хуурамчаар материал бүрдүүлсэн. Мөн №2 сидины хоёр дахь ярианы бичлэгийг “мөн үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна Н.Б-г гэр бүлийн дундын эд хөрөнгөөс хүүхдүүдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг шаардаж, Н.Б-д болон эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр сүрдүүлж, заналхийлсэн гэх үйлдлийг нотлох баримт болгож хуурамчаар материал бүрдүүлж “яллах дүгнэлт” үйлдсэн.
Энэхүү 529 дугаартай яллах дүгнэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүхэд шилжүүлж улмаар 2025 оны 12 сарын ... өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал болсон ба 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний гэм буруутай эсэхийг шүүх хурал болсон. Энэ хоёр шүүх хурлын хэлэлцэх үеэр яллагдагчийн талаас дээр дурдсан нотлох баримт болох миний Н.Б-тай ярьсан ярианы бичлэг бүхий 2 ш “сиди” ба утасны мессеж бүхий гэрэл зургууд нь эх төхөөрөмжөөс хуулбарласан эсэх нь тодорхойгүй, засвар монтаж хийсэн байж болзошгүй болон хэзээний он, сар, өдөр ярьсан яриа бичлэг, болох нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасны дагуу тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай байх тул шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулж өгөхийг хүсэж, гомдол гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Шинжээчийн дүгнэлт гаргаж, баталгаажуулаагүй тул нотлох баримтаар тооцохгүй байхыг хүсэж, гомдол гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Шүүхэд хэрэг шилжихээс өмнө ч мөрдөгчийн мөрдөн шалгах байцаалтын үе болон прокурорын хяналтын ажиллагааны үед ч хяналтын прокурор Б.Дашням ба түүний дээд шатны прокурорт удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулж өгөх гомдол, хүсэлт гаргаж байсан боловч хангаж шийдвэрлээгүй. Ингээд анхан шатны шүүх хурал дээр хяналтын прокурор Б.Дашням нь яллах дүгнэлт уншиж танилцуулахдаа тус дүгнэлтийн “Гурав. Нотлох баримтуудын талаар“ хэсгийн Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Заналхийлэл “ ба 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн нотлох баримтын талаар тодорхойлж бичсэн чухал хэсгийг бүхэлд нь орхигдуулж, уншиж танилцуулаагүй. Улсын яллагч Б.Дашням уншиж танилцуулсны дараа шүүгч Г.Ууганбаатар нь миний гардаж авсан яллах дүгнэлттэй таарч байна уу гэж надаас асуусан. Би таарахгүй байна, тиймээс прокуророос дээр дурдсан нотлох баримтын талаар орхигдуулсан хэсэг ба түүнд дурдсан нотлох баримтын огноо байхгүй, утсаар ярьсан ярианы бичлэг мессеж нь огноогүй байгааг тодруулж өгөхийг хүссэн боловч прокурор Б.Дашням нь үүнийг дараа танилцуулна гэж хэлээд асуудлаас зугтсан. Дахиж энэ талаар шүүх хурал дээр хэлэлцээгүй мэтгэлцээгүй ба энэ Эрүүгийн хуулийн 13.5.1 ба 17.6.1 зүйл ангиар буруутгасан үйлдлийг нотлох баримтгүйгээр ерөнхийд нь ярьж, хэлэлцэж шийдвэрлэсэн. Үүнийг яллагдагч Г.Э- би хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүх хурал дээр намайг Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж буй 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үеийн ба 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн заналхийлсэн гэх хоёр үйлдэл болоогүй, үндэслэлгүй болохыг хөдлөшгүй баримтаар нотлож тодорхой няцаалт өгсөн. Үүнд: 1. Г.Э- би 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор өөрийн эхнэр Н.Б-г нэг удаа цохисноос биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Энэ хэрэг 2023 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө болсон ба Н.Б- цагдаад гаргасан гомдолдоо “Г.Э- нь 2023 оны 09 дүгээр сард гэрлэлтээ салгахдаа хүүхдийн асрамжийг өөртөө ав, гэр бүлийн дундын өмч хөрөнгө булаацалдахгүй бай гэж заналхийлсэн, мөн 2022-2023 онд 5 удаа цохиж, зодсон” гэж мэдүүлсэн байдаг. Ингээд 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 02 сар хүртэл цагдаад мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж 2024 оны 02 сарын өдөр дугаартай яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн анхан шатны шүүх хянаж, шинжлэн судалж шийдвэрлэхдээ заналхийлсэн болон 5 удаа зодож цохисон гэдэг үйлдлийг нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 518 дугаартай шийтгэх тогтоол болон 2024 оны ... сар... өдрийн ....дугаартай яллах дүгнэлтийг 3 хавтаст хэргийн ... хуудсанд хавсрагдсан. Ийнхүү Н.Б-гийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан, гомдолдоо дурдсан “Заналхийлэх” үйлдэл буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/184 дугаартай шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудсанд дурдсан “шүүгдэгч Г.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед Н.Б-г Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлахад хүүхдийн асрамжийг өөртөө үлдээх, эд хөрөнгийн маргаан гаргахгүй байхыг шаардаж, хүч хэрэглэхээр сүрдүүлсэн” гэх үйлдэл нь өмнө нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн бас тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүх хурлын үеэр танилцуулж, тайлбарласан. 2. Мөн дараагийн үргэлжилсэн үйлдэл гэх 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Н.Б-г заналхийлсэн гэх үйлдлийг би үйлдээгүй тул би хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь ийм үйлдэл огт болоогүй, ор үндэсгүй зүйл юм. Үүнийгээ нотлох зорилгоор би дараах шүүхийн байгууллагаас лавлагаа авсан. Үүнд: 1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот бичгээр “2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Н.Б- нь Г.Э-т холбогдуулж Иргэний хэргийн нэхэмжлэл гаргаагүй байна “ гэж хариу өгсөн. /3хх-ийн ... хуудас/ 2. Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ...тоот бичгээр “2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Н.Б- нь Г.Э-т холбогдуулж иргэний хэргийн нэхэмжлэл гаргаагүй байна” гэж хариу өгсөн нь би Н.Б-г 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр заналхийлээгүй болохыг нотолж байна. Ийнхүү Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болсон гэх хоёр үйл баримтууд болон түүнийг нотлох баримтууд бүрэн няцаагдаж үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Гэвч шүүгч Г.Ууганбаатар нь шийтгэх тогтоол бичихдээ хавтаст хэргээс зарим баримт материалыг түүвэрлэн авч нотлох баримт болгож ашигласан ба тэдгээрт үндэслэж намайг яллаж байгааг эсэргүүцэж байна. Үүнд: 1. Хохирогч Н.Б-гийн /1хх-ийн 41-44/ мэдүүлэгт дурдсан ярианы бичлэг ба утасны мессежнүүд нь 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр утсаар ярьсан яриа, бичсэн мессеж мөн гэж нотолдог бөгөөд энэ нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед болон 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болсон заналхийлэл гэх үйл баримтыг нотлохгүй ба үүнд ямар ч хамааралгүй болохыг тодорхойлж байна.
2. Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Н.Б-гаас гаргаж өгсөн ярианы бичлэг бүхий сиди /1хх-ийн 33-34/ гэдэг нь мөн л 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн утсаар ярьсан ярианы бичлэг учраас 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үеийн болон 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үйл баримтыг нотлохгүй ба хамааралгүй болно.
Харин энэхүү ярианы бичлэг нь Н.Б-гаас надад холбогдуулж 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй л зөвхөн холбоотой, хамааралтай болно. Уг нэхэмжлэлийн дагуу шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ... дугаартай иргэний хэрэг надад үүсгэж, миний эзэмшилд байдаг болон энэ хэрэгт хамааралгүй өөр хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжилсэн шүүхийн захирамж бас гаргасан тухай утсаар надад мэдэгдэж, утасны мессенжерээр холбогдох баримтуудыг шүүхээс илгээсэн. Үүнийг мэдээд миний уур бухимдал, төрж утсаар ярьж Н.Б-тай хэрүүл маргаан хийсэн. Учир нь бид хоёр 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар орж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамжийг эхэд нь үлдээж, гэр бүлийн дундын өмч хөрөнгөө хувааж, хүүхдүүдийн сургалт ба эмчилгээний зардал, асуудал болон цаашид хүүхдүүдийн ирээдүйн асуудлыг хэрхэн шийдэх тухай хэлэлцэн тохирч “Эвлэрлийн гэрээ” байгуулж, шүүхээр баталгаажуулж шийдвэрлүүлсэн ба уг шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байх тул дахин хөрөнгө нэхэж шүүхэд хандах ёсгүй тул нэхэмжлэлээ татаж ав, ийм нүдний булай шиг юм байж болохгүй, шударга бай гэсэн утга бүхий шаардлагыг сэтгэлийн эмоцтой уурлаж би утсаар ярьсан. Иймд энэхүү ярианы бичлэг утасны мессежнүүд нь 2 жил гаруйн өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0043 дугаартай /1хх-ийн 249-250/ Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт огт хамааралгүй ба намайг буруутгаж буй 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед болон 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн заналхийлэл гэх үйл баримттай огт хамааралгүй ба тэдгээрийг нотлохгүй болно. 3. Мөн шүүгч энэхүү камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлийн хэсэг буюу миний Н.Б-тай 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр утсаар ярьсан ярианы бичлэгийн хэсгээс авч дурдахдаа зөвхөн намайг буруутгах ярианы хэсгийг тасдаж, өм цөм түүвэрлэн авсан нь уг ярианы агуулга, утга санааг төөрөгдүүлж ноцтой өөрчлөхөд хүргэжээ. Би Н.Б-д надад нэхэмжлэл гаргасан үйлдэл чинь хуульд нийцэхгүй тул татаж ав энэ үйлдэл чинь хууль бус байна хуулиа мөрдөхгүй бол хэн хэн нь хохирно шүү гэж анхааруулж шаардсан ба их уурлаж бухимдаж хэлсэн байдаг. Мөн чамтай би “хуулийн дагуу хандана, шаардлага тавина” гэх агуулгаар хэлсэн ярианы (намайг зөвтгөж хамгаалах) хэсгүүдийг орхигдуулсан байна. Мөн чамайг авлигатай тэмцэх газар, шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж шалгуулна (ажилгүй болгоно) гэдэг нь Н.Б-г хууль бус үйлдэл хийж байгаа болохыг илэрхийлж байна. Н.Б-гийн хууль ёсны эрх ашигт ноцтой хохирол учруулж, болохуйц мэдээ баримтыг дээрх байгууллагад бичиж тараавал хүлээн авахгүй ба харин эсрэгээрээ намайг буруутгах нь тодорхой юм. Иймд энэхүү ярианы бичлэг болон Н.Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн /1хх-ийн 13-22/ үзүүлэлтүүд нь цаг хугацааны хувьд 2023 оны 10 дугаар сарын 08-ны ба 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хоёр үйл баримттай холбоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийллийн түвшинд хүрэхгүй гэмт хэргийн шинжгүй бөгөөд шаардлага / бага зэргийн уур бухимдалтай/ тавьсан хамтран амьдарч байсан хүмүүсийн хоорондын ахуйн маргаан гэж би үздэг. Шийтгэх тогтоолын 15-р хуудсанд шүүгч нь гэрч 1. Н.Ч-ын өгсөн /1хх-46/ гэрчийн мэдүүлэг, Н.Б-гаас гаргаж өгсөн ээжтэй нь зүй бус харьцсан тухай /1хх-30/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг дурджээ. Гэвч энэ асуудлууд нь цагдаад мөрдөн шалгах ажиллагааны үед шалгагдаж надаас мэдүүлэг авч нягтлан байцаан шалгаагүй ба анхан шатны шүүх хурлын үед шинжлэн судлаагүй, энэ талаар талуудын хооронд мэтгэлцээн хийгдээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байх тул шийтгэх тогтоол процессын алдаа гарсан ба дээрх асуудал нь дангаараа заналхийллийн шинжийг хангахгүй. Мөн энэ талаар Н.Б-гийн ээж болон дүү Н.Ч- нар нь хохирогчоор гомдол гаргаагүй тул гэмт хэргийн үндэслэл болохгүй. Ер нь бидний хооронд “Дефакто” харилцаа холбоо олон жилийн өмнөөс үүссэн байдаг ба бидний хоорондын дотоод асуудал юм. Н.Б-гийн аав, ээж, дүү болон өөртэй нь муудалцсан, маргасан асуудал энэ хүртэл даамжирсан ч гэлээ Н.Б- бид хоёр хорь гаруй жил хамтран амьдарч, жаргал зовлонгоо хуваалцаж, сайн сайхан амьдарч дундаасаа 4 сайхан хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж өдийг хүрээд, гэр бүл салсан ч гэлээ хүүхдүүд минь эрт орой биднийг ахин ойртуулж, хамтран шийдэх, хэлэлцэх олон зүйл үйл явдлаар учруулах нь амьдралын жам ёс билээ. Хүмүүсийн амьдралд юу эс тохиолдох билээ, түүнийг хэн тааж мэдэх билээ.
Мөн гэрч Н.Ч-ын өгсөн /1хх - нь/ гэрчийн мэдүүлэг ба Н.Б-гаас гаргаж өгсөн ээжтэй нь зүй бус харьцсан гэх /1хх 30/ баримтуудад дурдсан зүйлийн ихэнх хэсэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан олон жилийн өмнөх (2024 оны 05 дугаар сарын 16-наас өмнөх) үйл явдлууд бөгөөд зарим зүйлүүд нь нотлогдохгүй тогтоогдохгүй баримтууд тул энэхүү хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй. Мөн Г.Э- би Н.Б-д “Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж ав” гэж шаардаж, эцгийг чинь авлигачин гэж дуудуулна, дүүг чинь нөхрөөс нь салгуулна гэх зэргээр заналхийлсэн гэж буруутгажээ. Энэ 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Н.Б- нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Г.Э- би 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мэдээд, эсэргүүцэж утсаар ярьж, маргаан үүсгэхдээ ярьсан зүйл юм. Үүнийг Н.Б- нь заналхийлэл хийсэн үйлдэл гэж гэж тооцоогүй. Учир нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Н.Б- нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт 8 хуудас бүхий гомдол надад холбогдуулж гаргасан. Уг гомдлын ...дугаар хуудсанд “Г.Э-ын надад заналхийлэл хийсэн төгсгөлийн үйлдэл нь 2025 оны 1 сарын 09-ний өдрийн үйлдлээр дуусаж байгаа тул Чингэлтэй дүүргийн цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар хэргийг шалгуулж, шийдвэрлүүлэх хүсэлтэй байна (хуулийн дагуу) гэж мэдүүлсэн байдаг. Үүнийг Чингэлтэй дүүргийн прокурор хянан шалгаж үзээд Г.Э- намайг заналхийлэл Н.Б-д хийсэн төгсгөлийн үйлдэл нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үйлдлээр дуусгавар болсныг тогтоож, улмаар 2511000001206 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж шийдсэн. Иймд хохирогч Н.Б- болон хяналтын прокурор Б.Дашням ба Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Г.Э- би Н.Б-тай утсаар ярьсан яриа ба бичсэн мессежнүүдийг заналхийлэл хийсэн үйл гэж тооцоогүй болохыг нотолж байна. Эдгээр тайлбар баримтуудыг нэгтгэн дүгнэж үзвэл энэхүү шийтгэх тогтоолын “Хоёр. Заналхийлэл гэмт хэргийн тухай” хэсгийн үндсэн хоёр нотлох баримт болох 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед болон 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн заналхийлэл болох хоёр үйл баримтууд нь нотлогдохгүй, няцаагдаж байх тул Г.Э- надад оногдуулж ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Заналхийлэл гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү
Гурав: Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн тухай тайлбарлах нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-гийн эд хөрөнгийг булаан авах гэмт хэрэг би үйлдээгүй. Анх 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2511000001206 дугаартай яллагдагчаар татах тогтоолд хяналтын прокурор Б.Дашням нь ийм зүйл ангиар надад ял сонсгоогүй. Харин хэргийг хянахдаа хэт нэг талыг барьж хандаж байх тул Б.Дашням прокурорыг сольж, өөрчилж өгнө үү гэсэн гомдол 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дээд шатны прокурорт гаргасны улмаас надад хатуурхаж 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах тухай 109 дугаартай тогтоол гаргаж түүндээ надад энэ зүйл ангиар нэмж ял сонсгосон. Ийнхүү Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг би хийгээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. 2024 оны 11 дүгээр сарын орчимд санагдаж байна миний охин Э.П- (13 настай), нэг өдөр миний ажил дээр өрөөнд орж ирээд “ээж Б- хотхон дахь 375 мкв Э- тоот сингл хаусаа зарж байгаа. Тэгээд уг хашаан дотроо ахиад 700 м.кв талбай бүхий “А4” тоот сингл хаус авах гэж байгаа. Түүндээ бид нартай хамт эмээ, өвөө 2 амьдарна гэсэн. Би тэр хоёртой хамт амьдармааргүй байна. Өвөө уурлахаараа их муухай хашгирч, орилж аймаар байдал үүсгэдэг. Иймээс та ээжид хэлж өгөөд болиулаач” гэж гуйсан. Тэгэхэд би ганц охиноо болон хүүхдүүдээ бодоод сэтгэл их эмзэглэсэн. Дараа нь би Н.Б-тай утсаар ярьсан, маргалдсан. “Н.Б- чи П-гийнхаа Э- тоот хаусаа зарж байгаа юм уу” гэж асуусан. “Тийм бараг зарчихсан. Чи авах юм уу” гэж надаас асуусан. “Би авахгүй. Тэгээд ч наана чинь очих дургүй байна. Чи Э- тоот хаусаа зарж байгаа бол наад хашаандаа ахиад өөр хаус байшин битгий худалдаж аваач. Наад хашаанд чинь миний хамаатан садан 4-5 айл амьдардаг тул миний салсан эхнэр тэнд манай хамаатнуудтай хамт амьдрах нь ёс зүйд нийцэхгүй” гэж хэлж шаардлага тавьсан. Энэ ярианы бичлэгийг Н.Б- надаас нууж хийсэн байдаг ба хавтаст хэргийн /2хх159-161/-д хавсрагдсан байгаа болно.
1-рт Намайг Н.Б-тай ярьж утсаар хэрүүл маргаан хийхээс өмнө Н.Б-, Б- хотхон дахь “Э-” тоот сингл хаус байшингаа зарчихсан байсан нь тогтоогдож байна. Мөн миний сонссоноор Н.Б- Б- хотхоны 700м.кв “А4” тансаг зэрэглэлийн сингл хаус байшиндаа нүүж ороод амьдарч байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.Б- нь намайг хэлсэн ч хэлээгүй байсан ч “Э-” тоот 375 м.кв сингл хаусаа зараад өөрийн хүсэл зоригоороо нүүчихсэн, “Э-” тоот байшингаа зараад олсон мөнгөөрөө тус хотхондоо шинээр ахиад “А4” тоот том байшин худалдан авахад зарцуулсан. Үүнийг надаас хамааралгүйгээр бие дааж өөрөө шийдвэрлэсэн.
2-рт Би Н.Б-тай хэрүүл хийж маргахдаа Б- хотхоны “Э-” тоот байшингаа зарсан юм бол энэ хашаан дотор ахиж битгий хаус ав аа, учир шалтгаан нь гэвэл наад хашаан дотор чинь манай олон хамаатнууд амьдардаг тул болохгүй байна. Харин уг хашааны гадна байвал 10 давхар өндөр ч бай хамаагүй хаусаа аваад амьдраач ээ гэж эхлээд би гуйсан, дараа нь би шаардсан байдаг. Эндээс дүгнэж үзэхэд Б- хотхоны “Э-” сингл хаусаа надад шилжүүлж өг гэж Н.Б-г би шаардаагүй нь нотлогдож байгаа бөгөөд “А4” хаусыг буюу Б- хотхоны хашаан дотроос байшин битгий худалдаж аваач гэж шаардаж, гуйсан байх тул энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын эд хөрөнгийг булаан авах гэж гэмт хэрэг биш болохыг нотолж байна. Мөн Н.Б-гийн мөрдөгчид гаргаж өгсөн дээрх ярианы бичлэг, утасны мессежнүүд нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн яриа, мессежнүүд биш харин он, сар, өдөр нь тодорхойгүй, засвар монтаж хийсэн нь тодорхойгүй сиди дээр бичигдсэн /2хх159-161/ 6 хэсэг ярианы бичлэг байдаг. Үүнийг тодруулж баталгаажуулж хүчин төгөлдөр болгох эсвэл нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг шүүхэд (анхан шатны) гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ...тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч, шийдвэр гаргаж шинжилгээ, хийлгэнэ” гэж заасны дагуу удаа дараа мөрдөгчөөс, прокуророос болон шүүгчид гомдол, хүсэлт гаргаж байсан боловч хангаж шийдвэрлээгүй. Г.Э- нь би Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Б- хотхоны “Э-” тоот 375 мкв сингл хаусыг худалдан авч эхнэр Н.Б- болон хүүхдүүдээ өгсөн. Гэр бүл салахдаа ч энэ хаусыг Н.Б- болон хүүхдүүдэд оногдох хөрөнгө болон шилжүүлж өгсөн. Энэ “Э-” тоот сингл хаусыг би өөрөө авна гэсэн бодол, сэдэл надад анхнаасаа ч байгаагүй, одоо ч тийм бодол байхгүй. Учир нь би тансаг зэрэглэлийн хэт гоё сайхан юманд дургүй, өөрөөрөө хэмжээндээ л байхыг хүсдэг. Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох ба тогтоох хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг шүүгдэгч Г.Э- би үйлдээгүй болох тул энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Н.Э- надад холбогдох эрүүгийн 251100001206 дугаартай хэрэгт намайг яллаж шийдвэрлэсэн хэргийн хамрах хүрээг харуулсан бүдүүвч зургуудыг хавсралтаар үзүүлэв.
Н.Б- ба Г.Э-ын хооронд зөрчил маргаан үүссэн шалтгаан: 2020 онд Г.Э- би эхнэр Н.Б-гийн хүслийг хангах зорилгоор Хан-Уул дүүрэг 24 дүгээр хороо, Б- хотхонд тусдаа эдлэн газартай, хоёр талдаа террас сүүдрэвч бүхий 375 м.кв талбайтай “Э-” тоот сингл хаусыг 2.4 тэрбум төгрөгөөр худалдан авч өгсөн боловч надаас салсны дараа Н.Б- нь тус хаусыг зараад хажууд нь байрлах “А4” тоот 700 м.кв тансаг зэрэглэлийн 3 давхар сингл хаусыг худалдаж авсан. Үүнийг худалдан авахад зөрүү мөнгө болох 3 тэрбум орчим төгрөг нэмж төлөх шаардлага үүссэний улмаас салсан нөхөр Г.Э-аас дахин хөрөнгө, мөнгө нэхэн гаргуулж авах зорилгоор надад холбогдуулж эхлээд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгүүлээд явуургүй санагдсан тул Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандаж зохиомол эрүүгийн гэмт хэрэг үүсгүүлж, намайг гомдол гаргах, өмгөөлөгч авах эрхгүйгээр шоронд цагдан хориулж буй Н.Б-гийн дураараа, эрх мэдлээ ашигласан үйлдэл нь дээрх шалтгаанаас уламжлан гарсан агуу их шуналаас үүдэлтэй юм. Оросын алдарт яруу найрагч Александр Сергеевич Пушкины зохиол “Алтан Загасны Үлгэрт” гардаг эмгэн хэдийгээр их шуналтай ч гэлээ аваал өвгөнөө шоронд хийлгэж, тамлан зовоодоггүй билээ. Сайн үйлс дэлгэртүгэй. ... 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс намайг 3 зүйл, ангиар буруутгаж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд намайг нэг үйл баримтаар буруутгаж, дээрх зүйл, заалтаар ял оногдуулсныг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Намайг Н.Б-тай ярьж, хэрүүл маргаан хийж, “Б- хотхон Б- тоотод байрлах сингл хаусаа зарсан юм бол нүү” гэж эхлээд хүсэлт гаргаж, шаардаж, сүүлд нь гуйсан. Н.Б- үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Бага охин маань “ээж Б- дахь байраа зарж, шинээр байр авах гэж байгаа” гэж хэлэхээр нь Н.Б- руу залгаж “чи наад байраа зарчихсан юм бол наанаасаа нүүчих” гэж шаардлага тавьсан боловч Н.Б- хүлээн зөвшөөрөөгүй. Тэр хотхон, тэр хашаанд манай 4, 5 хамаатан амьдардаг. Н.Б- тэнд амьдрах нь ёс зүйн хувьд зохимжгүй. Манай 2 бага хүүхдийг хамаатан, садангууд гадуурхах хандлагатай байсан. Миний авга ах салсан гэдэг Н.Б-д гомдсон гомдлоо 2 хүүхдэд гаргах хандлага гаргахаас айж, эмээсэн. Миний бага хүү нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай сайхан хүү, гэтэл түүнийг гэртээ оруулахгүй гэсэн маягаар хандсан. Би тэдэнд “хүүхдүүдийн буруу байхгүй” гэж хэлсэн. Тийм маягаар хандаад байсан учраас хүү, охиноо бодож “нүүчих” гэж хэлсэн. Би салсан нөхөр, ах дүүтэй нь нэг хашаанд амьдрах зохимжгүй гэж бодсон. Түүнээс биш эд хөрөнгийг нь булааж авъя гэж бодоогүй. Дараа нь тийм бодол гаргаагүй, одоо ч тийм бодолгүй байна. Би эд хөрөнгөд нь шунаж хэлээгүй, ёс зүйн талаас нь хүүхдийнхээ ирээдүйг бодсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж бодож байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд намайг заналхийлсэн гэж 2 үйл баримтаар буруутгасан. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед Н.Б-г шүүхэд гэрлэлт цуцлахад хүүхдүүдийн асрамжийг өөртөө үлдээх, эд хөрөнгийн маргаан гаргахгүй байхыг шаардаж, сүрдүүлсэн, үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Н.Б-г гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг шаардаж, сүрдүүлж заналхийлсэн гэж буруутгасныг эс зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр заналхийлсэн гэх үйл явдал огт болоогүй. Би тэгэж утсаар ярьснаа ч санадаггүй. Улаанбаатар хотын иргэний хэргийн тойргийн 2 шүүхээс лавлагаа авсан. Тухайн үед Н.Б- эд хөрөнгийн маргаан хийж, шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал байгаагүй. 2 шүүхээс тийм нэхэмжлэл, гомдол Г.Э-т холбогдуулж, Н.Б- нь гаргаагүй гэдэг тодорхойлолт гаргасан. Тухайн үед огт тийм зүйл болоогүй, гэмт хэргийн объектив шинж байхгүй гэдгийг эндээс харж болно. Ийм хэрэг гараагүй учраас заналхийлээгүй гэдгийг анхаарч үзнэ үү. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед гэдэг нь одоогоос 2 жил гаруйн өмнөх үйл явдал. Энэ үйл явдлаас сарын дараа бид гэрлэлтээ цуцлуулсан. Гэхдээ заналхийлж, сүрдүүлээгүй. 2016 оноос эхлэн гэр бүлийн харилцаа таагүй болж 2 талаасаа салах шийдвэрт хүрсэн. Миний гаргасан нэхэмжлэлийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахдаа 3 хүүхдийн асрамж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. 2.500.000.000 төгрөгийн гэр бүл, компанийн өрийг миний бие хариуцахаар хөрөнгөө хуваасан. Гэрлэлт цуцлах тухай гэсэн нэртэй эвлэрлийн гэрээ байгуулж, тэндээ бүх асуудлыг шийдвэрлэсэн. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан гэсэн салснаар явна, эд хөрөнгийн маргаан гаргахгүй гэж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан. Түүнээс хойш бага хүү маань гарсан учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүх хүүхдээ 1 нас хүртэл хамт амьдрах хуулийн зохицуулалттай, үүний дагуу шийдвэрлэнэ гээд амьдарсан. 7, 8 жилийн дараа 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Өөрөөр хэлбэл 7, 8 жилийн хугацаанд хөрөнгө хуваах гэж 2 удаа гэрээ байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулж, тус гэрээг шүүх баталж, хөрөнгийн маргаанаа тодорхой шийдвэрлэсэн. 2 удаа эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр шүүхээр гаргуулж, дунд нь аман гэрээгээр хөрөнгөө хувааж, хөрөнгийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байсан учраас заналхийлэл үүсэх үндэслэл байхгүй. 7, 8 жил үе шаттайгаар явсан процесс байсан. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед заналхийлсэн гэдэг нь нотлогдох боломжгүй, би огт заналхийлээгүй, энд гуравдагч гэрч байхгүй, прокурор “утсаар ярьсан яриа, бичсэн мессежээр нотлогдоно” гэдэг боловч энэ нь үндэслэлгүй, өөр үйл явдалтай холбоотой яриаг энд оруулсан нь нотлох баримт болохгүй. Энэ талаар өмгөөлөгчид тодорхой тайлбар хэлэхээр бэлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан заналхийлэх гэмт хэргийг үйлдээгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тухайд бид маргаж хэрэлддэг, зүй бус үгээр бие бие рүүгээ дайрах хандлага байсан. Хамт амьдрах 23 жилийн хугацаанд юу эс тохиолдох вэ. Бид 2 жаргал, зовлонтой зүйлсийг туулж, 4 хүүхдийн эцэг, эх болж, тэднийгээ өсгөн хүмүүжүүлж ирсэн. Хатуу үг хэлэх үе байсан. Миний буруу байсан. Хамаагүй хатуу үг хэлдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хөгшин хүн, би хоцрогдсон байна. Цаг үе өөр болсон байна. Би цаг үетэйгээ зохицож амьдрах учиртай гэдгээ ойлгосон. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасныг хүлээн зөвшөөрч байна. Шүүх, шүүх бүрэлдэхүүнд хүндэтгэлтэй хандаж байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч О.Санчирбал би эрүүгийн 2511000001206 дугаартай хэргийн оролцогч Г-гийн Э-ын эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчдийн зүгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 529 дугаартай яллах дүгнэлтээр Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэргийн зүйлчлэлд хүндэтгэлтэй хандаж байгаа ба гомдлоороо хэний нэгний нэр төр, алдар хүндэд халдах санаа агуулаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5, 17.6 дугаар зүйлд заасан хэргийн зүйлчлэл болон үйл баримтыг сэргээн дүрсэлсэн нотлох баримт, түүний хүртээмжтэй байдал, Эрүүгийн хуулийн гэмт хэргийн шинж талаас нь гомдол гаргаж байгаа талаараа дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Заналхийлэх” гэмт хэргийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн заажээ. Прокуророос Г.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үед Н.Б-г Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлахад хүүхдийн асрамжийг өөртөө үлдээх, эд хөрөнгийн маргаан гаргахгүй байхыг шаардаж, Н.Б-д болон ойр дотны хүн болох эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр сүрдүүлсэн. Үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна Н.Б-г гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг шаардаж Н.Б-д болон түүний ойр дотны хүн болох эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр сүрдүүлж заналхийлсэн гэх үйл баримтад буруутгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 ,3 болон мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зарчимыг тогтооход талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх дүгнэлт хийхээр заасан. Гэтэл анхан шатны шүүх хохирогч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд явцад өгсөн 1-р хх-41-44 талд “...Ингээд би 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан юм шиг байсан бөгөөд энэ өдрөөс над руу залгаж, чи наад нэхэмжлэлээ татаж ав аа тэгвэл чамд аминд чинь өлзийтэй шүү, татаж авахгүй бол чамд, танай аав, ээж, гэр бүлийнхэнд чинь хохиролтой юм болно шүү гэсэн утгатай зүйлсийг хэлж, ярьсан бөгөөд маш их дарамталсан мессежнүүдийг ирүүлсэн” гэх мэдүүлгийг дурдаж мөн хэрэгт авагдсан бусад баримтыг үнэлэн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь анхан шатны шүүхээр 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн болон 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үйл баримтыг сэргээн дүрслэн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх байтал 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үйл баримтад дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг давсан дүгнэлт хийсэн байна. Хуулийн зохицуулалтын хувьд зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” 7895 дугаартай захирамжид дурдсан хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй байтал хэргийн үйл баримтаас хальсан дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ. Нөгөө талаасаа анхан шатны шүүх 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна Н.Б-г гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг шаардаж Н.Б-д болон түүний ойр дотны хүн болох эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр сүрдүүлж заналхийлсэн үйлдэлд нь шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 3-р хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн БГД, ХУД, СХД-н Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тодорхойлолт №2743, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн БЗД, СБД, ЧД-н иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн №48 дугаартай тодорхойлолтуудыг харгалзан үзээгүй байна. Уг нотлох баримтуудад шүүхийн Иргэн-2014 нэгдсэн системээс шүүж үзэхэд 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Н.Б-гаас Г.Э-т холбогдуулан гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдэд оногдох хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаагүй байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх нотлох баримт авагдсан байтал түүнийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдолтой баримт авагдсаар байтал зөрүүтэй дүгнэлт хийжээ. Дээрхээс дүгнэхэд шүүгдэгчийн гэмт буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хууль зүйн ойлголтод хамаарах тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн талаар: Прокуророос Г.Э- нь 2025.01.09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна Н.Б-г оршин сууж байгаа ХУД-н 24-р хороо Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэн өгөхийг шаардаж Н.Б-д болон түүний ойр дотны хүн болох эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх үйл баримтад гэм буруутайд тооцжээ. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-д зааснаар “Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэхгүй” гэх зарчмыг нийтлэг үндэслэл болгон заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн объектив талын шинж нь бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэсэн идэвхтэй үйлдэл байхаар хуульчилжээ. Уг гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдын эд хөрөнгө байхаар байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн оролцогч Г.Э-ын зүгээс хохирогч Н.Б-г ХУД-н 24-р хороо Хүүшийн ам Б- хотхон Б- тоотоос нүүх талаар шаардсан байна. Эрүүгийн хуулийн 17-р бүлэгт заасан гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхэд урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, тэдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг. Тодруулбал хохирогчид гэмт этгээдийн заналхийлэл сэтгэл зүйн хувьд хэрхэн айдас түгшүүр төрүүлсэн, ямар учраас эд хөрөнгөө өгөхийг тулган шаардсан, гэмт этгээдэд хариу ямар үйлдэл хохирогч үзүүлсэн, шаардлага нь зөвхөн эд хөрөнгө авахад чиглэсэн буюу заналхийлэл нь ирээдүйд хэрэгжих агуулгатай байсан эсэхийг анхаарч үзээгүй буюу эрүүгийн хамгаалагдсан өмчлөх эрхийг шилжүүлэн авах санаатай үйлдэл буюу сэтгэхүйн харилцааны хувьд өөр газарт эд хөрөнгө авах талаар санал зөрөлдсөн үйлдлийг гэмт хэрэг хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх 4.2-т “хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан”, 4.4-т “хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, зарцуулах эрхэд халдсан” бол гэх шинжийг тодорхойлжээ. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд Г.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар заналхийлсэн үйлдэл бус хохирогчийн амьдрах газраа өөрчлөх талаар санал, зөрөлдсөн үйлдэл нь Зөрчлийн шинжтэй, харин гэмт үйлдэл нь объектив болон субъектив талын нэгдмэл шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэе.
Хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулсан нотлох баримтыг шалгаж, үнэлсэн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 22.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 24.5 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч төрийн нууц, хувь хүний эрүүл мэнд, захидал харилцааны нууцтай холбоотой эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна” гэх заалтуудыг зөрчжээ. Үүнд: 1-р хавтаст хэргийн 27-31 дугаар талд хохирогч Н.Б-гаас гаргаж өгсөн мессежний зургийг шийтгэх тогтоолын 15 дугаар талд яллах талын нотлох баримт болгон ашигласан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Мөн 2-р хх-159-161 дүгээр талд авагдсан “Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-д заасан эзэмшигч байлцуулах, хөндлөнгийн гэрч оролцуулах” хуулийн шаардлагыг хангаагүй нотлох баримтыг үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон баримтууд нь цаг хугацааны хувьд хэзээ, хэрхэн яаж үйл баримтыг тодруулсан талаар тусгагдаагүй байгааг шүүх анхааралтай хянаж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэгт хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулж өгөхийг хүсч байна. ... Шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсонд хүндэтгэлтэй хандаж, хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт прокуророос 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үйл баримттай холбогдуулж, үргэлжилсэн үйлдлээр гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Дээрх гэмт хэргийн тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай гэмт хэрэг байдаг. Шийтгэх тогтоолд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрэлцээт байдал, нотлох баримтыг харьцуулсан байдлаар дүгнэлт хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн 2025 оны 07 дугаар сард өгсөн үйл баримтад дүгнэлт хийсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний 7895 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ дээрх тухайн гэмт хэргийн талаар хэлэлцэх захирамж гаргасан хэдий боловч шийтгэх тогтоолдоо 1 дүгээр хавтаст хэргийн 41-44 дүгээр талд авагдсан хохирогчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үйл баримтад шууд дүгнэлт хийсэн. Энэ нь яллагдагчийн эрхийг зөрчихөөс гадна, хэрэгт авагдаагүй, буруутгаагүй үйл баримтад шууд дүгнэлт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч “Г.Э- бид 2 шүүхээр салах үедээ ямар нэг маргаангүйгээр салсан, тэр үед 4 хүүхдээ өсгөөд, харин Г.Э- 4 хүүхэдтэй холбоотой бүх зардал, сургуулийн төлбөр зэрэг зардлыг төлөхөөр тохиролцож салсан” гэж мэдүүлсэн /хх 38-40/-д шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Энэ мэдүүлэг нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үйл баримтыг няцаан, үгүйсгэж байгаад дүгнэлт хийгээгүй. 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үйл баримтад хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтыг дурддаг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э- 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн албан бичиг, тодорхойлолтуудыг гаргаж өгсөн. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд тодорхой үйлдэл хийхийг шаардсан буюу хохирогчийн мэдүүлж байгаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэх үйл баримт тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэг өгөгчийн мэдүүлсэн үйл баримт давхар бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа нь тогтоогдсон. Дээрх нөхцөл байдалд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй, энэ нөхцөл байдалд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарласан. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс үйлдэл хийгдсэн гэж үзсэн хэдий боловч 2025 оны 08 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэлх хугацаанд 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байсныг харгалзан үзнэ үү.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд төрлийн объект болон ерөнхий объект нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байдаг. Заналхийлэх нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь халдлагын зүйлийг шаардана. Энэ хэрэгт авахыг шаардсан байдлаар буруутгагдаж байгаа. Яг ямар зүйл авахаар шаардаж байгаа вэ гэдэг хуулийн объектив шинжийг тодорхойлсон баримт байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс төсөөтэй, өрсөлдөхүйц хэм хэмжээ байж болзошгүй, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт гэж үзсэн. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн, мөн өмнө нь гэрлэлтээ цуцлуулж, хамтран амьдарч байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд зааснаар хамаарал бүхий этгээдэд хамаарна. Зөрчлийн тухай хуульд “хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” гэдэг шинж байдаг. Гэмт хэрэг болохын тухайд халдлагын зүйлээр ялгагдаж байгаа нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгчийн зүгээс төрлийн объект, объектив шинж, хүсэл зоригийн илэрхийллээ гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, дүрслэхдээ нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн, хуулийн шаардлага хангасан эсэхийг харгалзан үзэх ёстой. Тэдгээр нь хууль ёсны үндэслэл бүхий байсан тохиолдолд шүүх үнэлнэ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хувь хүний нууцад хамаарах, прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ажиллагааг мөрдөгч бие даан явуулсан байсан. Анхан шатны шүүх үүнийг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнд хамаарахаар байна. Өмгөөлөгчийн хувьд дээрх 2 гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдолдоо дурдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 2 тодорхойлолтыг гаргаж өгсөн. Шүүгдэгч зүрхний цус хомсрох өвчин 2 дугаар зэрэг буюу зүрх зогсох ийм нөхцөл байдалтай байна. Мөн хоолойны анген нь үе мөчинд нөлөөлсөн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагаа болон шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч 4 сар 05 хоног хоригдсон байна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн үйлдлийг 3 зүйл, ангиар зүйлчилснийг хууль хэрэглээний үндэслэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж, миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон гэж үзэн хэргийг зүйлчилсэн.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг гол шинжийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 47 дугаартай тайлбар байдаг. Улсын Дээд шүүх гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн гэсэн 3 хэлбэрээр үйлдэгддэг болохыг тайлбарласан. Бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг нь айлган сүрдүүлэх, заналхийлэх гэсэн 2 үйлдлийн шинж байна гэж тайлбарласан. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлэгт заасан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцогдох заналхийлэх гэмт хэргийн үндсэн шинж болох хүний халдашгүй байдалд халдсан, заналхийлсэн, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлээр давхар зүйлчилсэн. Өмгөөлөгч О.Санчирбал “төрлийн объектоор ялгагдана” гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн үндсэн объект нь халдашгүй байдал, эрүүл мэнд байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн үндсэн объект нь халдашгүй байдал байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, заналхийлсэн” гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжид багтана. Давхар зүйлчлэх хууль зүйн боломжгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан” гэж заасан. Эрхэд халдсан гэдэгт заналхийлэх, доромжлох, сүрдүүлэх гэх мэт үйлдлийн шинж хамаарна. Хэргийн үйл баримтаас харахад авахаар заналхийлсэн гэж байгаа эд хөрөнгө нь бусдын эд хөрөнгө биш, амьдралын явцад бий болсон эд хөрөнгийг авахаар үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжид хамааруулж зүйлчлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр нь байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж байгаа үйлдэлтэй давхар зүйлчилж болохгүй. Улсын дээд шүүхийн тайлбарт ижил төрлийн буюу төсөөтэй гэмт хэргийг адилтган зүйлчлэхдээ төрлийн объект болон объектив, субьектив шинжээрээ ялгагдаж байгаа эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэсэн тайлбар бүрэн хэрэгжээгүй гэж үзэж байна.
Өмчлөх эрхийн эсрэг, хүний халдашгүй байдлын эсрэг биш гэж үзэж байгаа үндэслэл нь анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ “шүүгчээр ажиллах, ажиллахгүй эсэхийг өөрийн дураар шүүсэн, шүүхийн байгууллагын нэр хүндтэй ажил эрхэлж буй шүүгчийн ажил хэргийн нэр төр рүү шууд халдсан” гэж байгаа нь давхар зүйлчлэх үндэслэл биш. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамааралтай гэж үзсэн бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болно. Улсын дээд шүүхийн тайлбараар ажил хэргийн нэр хүнд, бусадтай харилцах харилцаанд хязгаарлалт тогтоох, доромжлох үйлдлийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд багтаж байна. Шүүгч байсных нь төлөө, төрийн албан хаагч байсных нь төлөө энэ үйлдлийг хэрэгжүүлсэн бол зорилгоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болно. Түүний өмчлөх буюу өөрт хамааралтай дундын өмчөөс биш тухайн хүний хуваарьт хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, мэдээ, баримт тараасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарна.
Анхан шатны шүүх үргэлжилсэн үйлдлээр гэж үзсэн. Гэхдээ энэ цаг хугацаандаа хамаарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйл, 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үгүйсгэж байгаа гол үндэслэл нь гэмт хэрэг үйлдсэн санаа, зорилго, хүрэхээр эрмэлзэж байгаа үр дүн, халдлагад өртөж байгаа хуваарьт хөрөнгийг авахаар заналхийлсэн үү гэдэг халдлагын зүйлийн үндсэн шинжээрээ үгүйсгэгдэнэ. Төрлийн объектоороо ялган зүйлчлэгдэнэ гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчид хууль зүйн үндэслэлийн хувьд дэмжсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5, 17.6 дугаар зүйлд заасныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн зохих хэсгээр зүйлчлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Прокурор Э.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 3 гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тухайд маргахгүй байна гэж ойлголоо. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяраас “заналхийлэх гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, заналхийлэл бодитоор хэрэгжих боломжтой байсан эсэхийг тогтоогоогүй” гэж байна. Улсын дээд шүүхийн 2019 оны 5Б- дугаартай тогтоолоор бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж сүрдүүлсэн, үйлдэл холбогдлыг хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч заналхийлэх гэмт хэргийн шинж хангагдсанд тооцохоор хууль хэрэглээний тайлбар гаргасан. Өмгөөлөгч О.Санчирбал “прокуророос Г.Э-ыг 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр заналхийлсэн хэргээр шүүхэд шилжүүлсэн байхад шүүх 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үйл баримтад үндэслэж, дүгнэлт хийж шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байна. Шийтгэх тогтоолд дурдсанчлан заналхийлэх гэмт хэрэг нь 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй буюу прокуророос бичиг, техникийн шинжтэй алдаа гаргасан гэж дүгнэхээр байна. Тодруулбал хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. “Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, өөр газарт эд хөрөнгө авахаар санал зөрөлдсөн асуудлыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн” гэж байна. Шийтгэх тогтоолд энэ гэмт хэргийн талаар тодорхой дурдсан. Хохирогчийн мэдүүлэг нь дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдон тогтоогдсон. Хохирогчоос түүний эд хөрөнгө болох амьдарч буй орон байрыг нь шилжүүлэн авахыг шаардсан, хохирогч болон түүний ойр дотны хүмүүст хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар дээрх 3 төрлийн гэмт хэргийг үгүйсгэх боломжгүй, үйл баримт сэргээн тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй, Г.Э-ыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч Г.Э-т холбогдох эрүүгийн 2511 00000 1206 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Г.Э-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
Шүүгдэгч Г.Э- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу гэрлэлт цуцлагдсан хохирогч Н.Б-г 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод байрлах гэртээ “гадуур явлаа, бусадтай танилцах гэлээ” гэсэн шалтгаанаар цохиж зодсон,
үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аварга тосон амралт, сувиллын газарт хохирогч Н.Б-г бусадтай хардсаны улмаас нүүр хэсэгт нь гараараа цохиж, бөгс, гуя хэсэгт нь хөлөөрөө өшиглөж зодсон,
2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Н.Б-г Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод байрлах гэртээ шалтгаангүйгээр толгой, мөр, гар хэсэгт нь цохиж зодсон,
2024 оны 8 дугаар сард хохирогч Н.Б-г Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод гадуур явлаа гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохиж, зодсон,
2024 оны 10 дугаар сард хохирогч Н.Б-г Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороолол Б- байр 57, 58 тоотод байх гэртээ хэрүүл маргааны улмаас толгой хэсэгт нь цохиж зодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
мөн шүүгдэгч Г.Э- нь 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна хохирогч Н.Б-г оршин сууж байгаа Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэд халдсан, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээс татгалзахыг шаардаж Н.Б-д болон түүний ойр дотны хүн болох эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Б-гийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан гомдол /1хх 2-9/,
хохирогч Н.Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-12-22/,
хохирогч Н.Б-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 23-26/,
хохирогч Н.Б-гийн “...Би Г.Э- гэх хүнтэй 2001 оноос 2024 оны 10 сар хүртэл гэр бүл болж дундаасаа 4 хүүхэдтэй амьдарч байсан. Тэгээд Г.Э- нь гэр бүл болсноосоо хойш байнга намайг зодож дарамталж, бусадтай харддаг байсан. Ер нь бол шалихгүй зүйлээс болж хардаж зоддог байсан. Тэгээд ажил төрөлтэй ийш тийш гарах болохоор намайг хардаж янхан гичийгээр дуудаж зоддог байсан. Энэ бүүр сэтгэцийн өвчин болчихсон. Намайг бол нохойн гөлөг шиг амьдруулж, яг өөрийнхөө үгээр байлгадаг. Тэгээд нэг л юм таалагдахгүй бол уурлаад намайг шууд зоддог байсан. Тэр дундаас яг миний санаж байгаа миний биед гэмтэл учруулаад шарх сорви үлдээж байсан үйлдлүүд гэвэл 2012 онд намайг зодож байгаад миний зүүн хөл рүү өшиглөөд гэмтээгээд тэр нь эдгэхгүй байж байгаад идээлээд байхаар нь тэрийг нь мэс заслын аргаар эмчилж байсан. 2013 онд дахин миний зүүн хөл рүү өшиглөж дахин эдгэхгүй идээлээд тэрийг нь мэс заслын аргаар эмчилж байсан. 2014 онд зодож байхдаа зүүн гарын бугалга руу цохиж бугласны улмаас идээлж, байсан мөн л мэс заслаар зүгээр болгож байсан. 2015 онд зодож байхдаа хөлийн тавхайг дарж унасны улмаас хөлийн хурууны мэдрэл үрэвсэж улмаар явсаар байгаад 2023 онд мэс засал хийлгэж авахуулж байсан. Мөн 2015 онд гуя руу гутлаараа өшиглөж улмаар эдгэхгүй байсаар байгаад дотроо буглаж мэс аргаар эмчлүүлж байсан. 2016 онд намайг зодож байхдаа миний бүх хувцасыг тайлуулж байгаад суран бүсээр ороолгож маш их хэмжээний няцралт үүсгэж байсан. Мөн 2016 онд толгой руу аяга шидсэний улмаас толгой хагарч гэмтэлд оёдол тавиулж байсан. 2017 онд мөн зүүн гуя руу гутлын өмсгүүрээр цохиж мөн эдгэхгүй буглаж идээлээд мэс заслын аргаар эмчилж байсан. 2021 онд 13 дугаар хороололд гадаа гудамжинд зодож зодчихоод үсдэж чирээд зам хөндлөн гарч байсан. 2022 оны 5 сард гадуур өмсдөг гутлаараа араас өшиглөж ахар сүүл хугалж байсан. Тэр нь одоо хүртэл өвддөг. 2023 оны 9 сард яармагт байх зуслангийн байшиндаа нүүр лүү цохиж ухаан алдуулж байсан. 2023 оны 10 сард 11-р хороололд байх гэрт намайг гутлын өмсгүүрээр цохиж өшиглөж миний бие битүү хөх няц болж байсан. 2023 оны 12 сард Сүхбаатар дүүргийн 7-р хороонд байх Э-ын өөрийнх нь ажлын байран дээр намайг зодож нүүр лүү цохиж унагаагаад дээрээс өшиглөж зодсон гэх зэргээр ийм байдлаар 2001 оноос тэр хүний хүчирхийлэл эрхшээл дунд айдас хүйдэстэй амьдарч ирсэн. Энэ асуудлаар 2023 оны 11 сард би энэ хүнд гомдол гаргаж цагдаа дуудсан. Тэр үед намайг гаднаас орж ирэхэд хамар луу цохиод миний хамар хугарч байсан. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаад Сүхбаатар дүүргийн шүүхээр 1 сая төгрөгөөр торгох шийтгэл авч байсан. Г.Э- нь цагдаа шүүхэд өглөө гэж шалтаглан намайг маш олон удаа зодож гэмтээдэг байсан. Ер нь бол энэ хүнтэй хамт амьдарч байхдаа дандаа зодуулдаг байсан. Тэгээд бид хоёр 2024 оны 1 сард гэр бүлээ салгуулаад 2024 оны 10 сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд мөн л намайг өмнөх шигээ элдвээр хэлж зодож нүдэж айлган сүрдүүлдэг байсан. 2024 оны 10 сард бид хоёр хэрэлдээд намайг зодож цохиод тэгээд өөрөө яваад өгсөн. Тэрнээс хойш ерөөсөө холбогдоогүй байж байгаад 2025 оны 1 сард намайг яармагт байдаг миний эзэмшлийн байрнаас нүү, нүүхгүй бол чамайг ална эсвэл ажилгүй болгоно, дүүг чинь нөхөргүй болгоно, аав ээжийг чинь авлигатай тэмцэх газар шалгуулна гэж 3 сар хүртэл утсаар дарамталж байсан. 2025 оны 1 сард энэ байрны асуудлаар би уулзах гээд ажил дээр нь очсон чинь над руу юм шидээд намайг өшиглөөд намайг тэр байрнаас нүү, манай ах дүү нарын хажуунаас холд, холдохгүй бол ална гэж айлган сүрдүүлж дарамталж байсан. Г.Э- бид хоёр шүүхээр салах үедээ ямар нэгэн маргаангүй гээд салсан. Тэр үед би 4 хүүхдээ өсгөөд, харин Э- нь 4 хүүхэдтэй холбоотой бүх сургуулийн төлбөр зэргийг төлөхөөр тохироод салсан юм. Тэгтэл Э- тохирсныхоо дагуу хүүхдүүдийн төлбөр төлөхөө болиод тохирсон зүйлээ өгөхгүй байхаар нь би 2025 оны 7 сарын 03-ны өдөр Иргэний хэргийн шүүхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан үүсгэсэн. Гэтэл Г.Э- нь шүүхэд хандлаа гэж намайг дахиад дарамталж, гэр бүлийг чинь дуусгана, гүйцээнэ, чамайг ална гэх зэргээр намайг байнга айлган сүрдүүлж дарамталж байгаа. Хамгийн сүүлд 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр над руу мессеж бичиж би чамд өөрийнхөө хөрөнгөнөөсөө өгөхгүй танайхны луйвар булхайг илчилнэ чамайг дуусгана гэх зэргээр намайг дарамталсан учраас би цагдаагийн байгууллагад хандах болсон. 2024 оны 5 сард шүүхээр орж шийтгүүлснээс хойш ч гэсэн намайг дарамталж зоддог нь хэвээрээ байсан. 2024 оны 5 сарын 18-нд би хөдөлмөрийн баатар авсан хүний найранд яваад ирэхэд намайг найранд явлаа гээд байшин тойруулж ална гэж хөөгөөд ботинкоо шидээд бөөн юм болж байсан. Тэр үед миний гуя руу өшиглөөд толгой руу гараараа зөндөө цохисон. Би тэр үед ээж аав руугаа залгаж дуудаад ээж аав хоёр ирээд бөөн хэрүүл болж байсан. Э- нь манай аав ээж рүү бас дайрч дарамтлаад байхаар нь айгаад ээж аав хоёрыг гэрүүгээ яв гээд явуулаад би Э-тай гэр рүүгээ явж байсан. Тэгээд гэрт орж ирээд элдэв зүйлээр хэлээд дарамталж байсан. Тэрний дараа 2024 оны 7 сарын 05-аас 11 хүртэл Хэнтий аймгийн аварга тосон руу рашаанд явсан. Тэр үед хоёр хүүхэдтэйгээ яваад биедээ шавар тавьж байсан. Тэр үед шавар тавьдаг хүн нь эрэгтэй хүүхэд байсан ба нь намайг тэр хүнтэй хардаад эрэгтэй хүний өмнө торон дотоож өмссөн байна. Хамаг юм аа харууллаа гэж уурлаад өрөөндөө орж ирсний дараа нүүр лүү идэж байсан хоолоо цацаад, аягатай ус аа цацаад толгой руу цохиод, бөгс рүү хэд хэдэн удаа өшиглөж байсан. Тэгээд хэрэлдээд 7 сарын 11-нд хот руу ирж байсан. Тэрний дараа 7 сарын 15-нд намайг гэрт байхгүй байхад Э- нь гэрт ирчихсэн байж байгаад над руу залгаад сейфнээс алтан аяга гаргаж өг гэхээр нь би маргааш аваачаад өгье гэсэн чинь яг одоо ир ирэхгүй бол ална муу пизда минь янхан гичий минь гэх зэргээр хүний хэлэхгүй үгээр хараагаад байхаар нь би айгаад шууд гэрт очиж нөгөө алтан аягыг гаргаж өгсөн чинь намайг харааж харааж байгаад өшиглөсөн, толгой руу цохисон, ер нь намайг дандаа толгой руу цохидог. Тэгээд аягаа болон хувцсаа цүнхэндээ хийж аваад гараад явсан. 8 сарын эхээр би хөдөө явчхаад ирсэн чинь намайг чи хөдөө рүү янхандаж яваад ирлээ гэх зэргээр хараагаад толгой руу цохиж зодоод байсан. Тэрнээс хойш 10 сард гэрээсээ явснаас хойш холбоогүй байж байгаад 2025 оны 1 сард нөгөө байрнаас нүү манай хамаатнуудаас хол бай гэх зэргээр дарамталж эхэлсэн. ...Миний биед зодуулснаас хойш зөндөө олон шарх сорви үүссэн, мөн хамар далийсан, зодуулснаас хойш одоог хүртэл миний ахар сүүл өвддөг өөр өвдөлт зовиур гэх зүйл байхгүй. Миний хамрыг 2023 оны 11 сард хугалаад 2024 оны 4 сард Сонгдо эмнэлэгт хагалгаа хийлгэж тэгшилж эмчилгээ хийлгэж байсан. 2016 оны намар 10, 11 сарын үед миний толгой руу аяга шидсэний улмаас хагарч би ГССҮТ-д оёо тавиулж байсан. 2015 онд зодуулаад хөл гэмтээд өвдөөд яваад байдаг яасныг мэдээгүй байж байгаад 2023 онд Асралт Мед эмнэлэг дээр үзүүлээд хагалгаа хийлгэж байсан. 2022 оны 5 сард зодуулаад ахар сүүл гэмтэх үед Бриллиант эмнэлэг дээр рентген зураг авхуулаад Анар гэдэг эмнэлэг дээр гормон тариулж байж мэдрэлийн өвчнийг зүгээр болгож байсан. Энэ нь миний ахар сүүл рүү гутлаараа өшиглөж гэмтээж байсан юм. 2010 оны үед санагдаж байна 3-р эмнэлэгийн тэнд байх Наран гэх эмнэлэг дээр зураг авхуулж байсан. 2020 онд миний шанаа руу цохих үед үүдэн шүд сугараад гараад, нэг тал нь эмтэрч байсан юм. Би тэр үед Очир дент гэх эмнэлэгт хиймэл шүд хийлгэж, паалан тавиулж байсан ба тэрнээс үүдэлтэй гэмтэл нь одоо ч хүртэл зовиуртай халуун хүйтэн юм уухаар янгинаж өвдөж, сийгэж сэнгэдэг нь мэдэгддэг. Миний биед учирсан олон гэмтлүүд нь эмчлэхгүй удаад яваад байхаар идээлээд буглаад байсан ба би идээлсэн гэмтлүүдээ таньдаг эмчдээ хандаад нээлгээд цэвэрлэгээ хийлгүүлээд оёдол тавиулж зүгээр болгодог байсан асуудал зөндөө байсан. ...Г.Э- нь зан авирын хувьд маш догшин ширүүн, ууртай хэрцгий, маш их өсөрхүү зантай, би ямар нэгэн өөрт нь дургүй юм хийвэл заавал тэрний хариуг барина гээд дайрчихдаг их өсөрхүү зан авиртай хүн байгаа юм. Бусад хүнтэй хэрүүл маргаан хийж байсан асуудал зөндөө байдаг. Манай хүүхдүүд эцэг нь их ууртай болохоор маш их айдаг. ...Би шүүгчийн ажил хийдэг ба ажил мэргэжлээсээ болоод нэр хүндээсээ болоод мөн хэрэв би цагдаад хандвал Э- нь намайг эргээд аймаар дарамталж зоддог байсан учраас тэрнээс нь айгаад хандаж чаддаггүй байсан. Ер нь бол цагдаад хандаад эргээд зодуулаад байснаас зүгээр зодуулаад чимээгүй нууж байсан нь их амар байдаг байсан. ...Э- намайг эхнэр гэдэг хувиар зоддог, мөн намайг зодох шалтаг гаргахдаа чамайг ажилгүй болгоно ажлаас чинь гаргуулна гэж байнга дарамталдаг юм. Чи шүүгч болохоороо танил талтай байна. Найз нөхөдтэй байна гээд өөрийг нь дээрэлхэж байна гэж бодоод байх шиг байдаг. Тэгээд намайг ажлаасаа гар гэхээр би ажлаасаа гарахгүй гэхээр хэрүүл болж намайг зоддог зүйлүүд зөндөө байсан. Ер нь намайг зүгээр л гэрийн боол байлгах санаатай байдаг байсан. Тэгээд дарамтлах болохоороо дандаа намайг авлигачин, ажлаас чинь халуулна чиний булхайг илчилнэ гэх зэргээр дарамталдаг юм. ...Э- нь намайг одоо заналхийлэхдээ намайг ажилгүй болгоно гэж ерөнхий зөвлөл, сахилгын хороонд гомдол гаргаж өгнө, намайг болон манай аавыг Авлигатай тэмцэх газар өгнө, дүүг чинь нөхрөөс нь салгана гэх зэргээр ганц намайг биш гэр бүлээр минь айлган сүрдүүлж заналхийлж байгаа. Тэгээд мөн хамт амьдарч байхдаа байнга тэр найзыгаа аваад ир эсвэл ээжтэй чинь унтана, дүүтэй чинь унтана гэж байнга намайг дарамталдаг байсан ба манай ээж болон дүү нар луу байнга утсаар ярьж, мессеж бичиж унтаж хэвтэнэ гэх зэргээр санаанд оромгүй үгээр дарамталдаг байсан. Тэр бүү хэл манай ээж рүү бэлэг эрхтнийхээ зургийг аваад явуулж байсан ийм л гаж бөгөөд биднийг дэндүү доромжилж дээрэлхдэг хүн байгаа юм”
“...2024 оны 1 сард Э- бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан боловч хамт амьдарч байгаад 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Хүүшийн ам Б- хотхон Б- тоот гэрт байхад намайг хөдөлмөрийн баатарын найранд залуу харах гээд залуучуудтай танилцах гэж явлаа гээд эхлээд над руу гутлаа шидээд гутал өмсгүүр аваад цохиод авахаар нь би цохиулахгүй гээд гэрээс гараад гүйгээд бид хоёр байшингаа тойрч гүйгээд араас янхан гичий гэж хараагаад миний араас хөөгөөд байсан. Би гүйж байх явцдаа ээж рүү залгаад Э- алах гээд хөөгөөд байна гэж залгаад уйлаад ярьсан чинь Э- нь намайг зодохоо болиод гайгүй болсон. Тэр үед яагаад ч билээ хот руу явах гээд машинаа асаагаад машиндаа сууцгаагаад бид хоёр хөдөлсөн. Тэгтэл манай аав ээж хоёр бид хоёрын урдаас ирж таараад зогсоод манай аав ээж хоёртой хэрэлдээд манай аав ээжийг муухай үгээр хэлж доромжлоод, барилцаж аваад зодолдох гээд байсан. Тэгэхээр нь би бөөн хэрүүл уруул болно гээд Э-ыг аваад машиндаа суугаад хөдлөөд явсан. ...2024 оны 7 сарын 05-наас 11-ний хооронд бид хоёр хүүхдүүдээ авч яваад Хэнтий аймгийн Аварга тосон рашаан сувилалд яваад тэр үед өөртөө шавар тавиулаад байж байсан. Үүнийг харсан Э- нь угаасаа намайг байнга харддаг учраас шавар тавьж байгаа залуугийн өмнө торон дотоожтой хамаг юм аа ил гаргаж аальгүйтлээ гээд хоол хийгээд идэж байсан ба идэж байсан хоолоо нүүр лүү цацаад босож ирээд нүүр лүү нэг удаа цохиод, бөгс гуя руу хэд хэдэн удаа өшиглөөд оройжингоо тэр байшин дотор хэрүүл уруул болоод маргааш нь бид нар хот руу буцсан. ...7 сарын 15-ны өдөр намайг гадуур ажилтай явж байхад 21 цагийн үед Э- нь гэрт ирчихсэн байна сейфнээс алтан аяга гаргаж өг гэхээр нь би хол байна аа маргааш араас чинь аваачаад өгье гэсэн чинь яг одоо ирж гаргаж өг гаргаж өгөхгүй бол ална гэхээр нь би айгаад гэр лүүгээ очсон чинь урдаас ална чамайг янхан пизда хаагуур явж байгаад ирж байгаа юм гээд үгийн солиогүй миний толгой руу цохиод мөр гар луу цохиод намайг өшиглөсөн. ...энэ явдлаас хойш Э- нь хөдөө яваад би хөдөө яваад 20 орчим хоногийн дараа 2024 оны 8 сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Тэр үед би хөдөөнөөс ирээд яармагт ирчихсэн байсан чинь Э- нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод ирээд намайг чи янхандаж ирлээ Хөвсгөл явсан байна гэх зэргээр уурлаж хардаад байсан. Би уг нь Хөвсгөл аймаг яваагүй юм. Тэгээд намайг 3-4 удаа толгой руу минь цохисон. Тэрний дараа жижиг сажиг хэрүүл, хардалт сэрдэлтийн хэрүүл өдөр болгон болдог байсан. Бид хоёр 2024 оны 10 сар хүртэл салж нийлэх гээд хэрүүлтэй амьдарч байгаад хоёр тусдаа амьдрах болсон. Хоёр тусдаа амьдрах гээд салах өдөр хэрүүл болж Э- нь их уурлаад юм хумаа авч шидээд миний толгой руу цохиж байсан. Тэгээд Э- нь бөөн хэрүүл болгоод хамаг юм аа аваад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Б- байр 57, 58 тоотод байх орон сууцнаас явсан ...Үүнээс хойш 2025 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр Э- нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх болох миний ажлын гадна байна гэж залгаад Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Хүүшийн ам Б- хотхоны Б- тоот байрнаас нүү нүүхгүй бол ална чи манай ах дү нартай амьдрахыг би зөвшөөрөхгүй чи наад хашаандаа амьдрах чинь надад таалагдахгүй байна. Нүүхгүй бол ээж аавыг чинь ална хүнд мөнгө өгөөд ч хамаагүй та нарыг ална чамайг ажилгүй болгоно дүүг чинь нөхрөөс нь салгана гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдийн төлбөрийг би төлөхгүй одооноос чи төл чи надаас сайхан амьдрах ёсгүй гэж хэлсэн. Энэ дарамт нь хэд хоног үргэлжилж, утсаар залгаж, чи нүүх юм уу нүүхгүй юм уу миний хэлснийг хийх юм уу үгүй бол би чамайг болон танай гэрийнхнийг ална гэж ярьсан ...2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр намайг Г.Э- нь Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод зодсоныг манай аав, ээж хоёр мэдсэн бөгөөд би тэдэн лүү Э- намайг зодоод аллаа гээд ярьсан бөгөөд биднийг хөдлөөд явж байхад тэр хоёр ирж таарсан. 2024 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн Аварга тосон амралтын газарт Г.Э- нь намайг зодоход манай хүүхдүүд болох Э.П- /тухайн үед 13 настай байсан/, Э.Дүүрэнбилэг /тухайн үед 6 настай байсан/ нар байсан бөгөөд энэ талаар мэдэж байгаа. 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод Г.Э- нь намайг зодсоныг манай дүү Э- мэдэх бөгөөд тэр өдөр зодсоны дараа орж ирсэн. Гэхдээ Э- нь одоо Солонгос улсад байгаа. 2024 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Хүүшийн ам Б- хотхон Б- тоотод Г.Э- нь намайг зодоход манай гэрт хүн байгаагүй бөгөөд тухайн үед би өөр хүнд хэлээгүй. Харин 2024 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол Б- байр 57, 58 тоотод Г.Э- нь намайг зодоход манай охин Э.П- байсан” /1хх 38-40, 41-44/,
гэрч Н.Ч-ын “...Б-, Э- нар нь 20 гаран жил гэр бүл болж хамт амьдарч дундаасаа 4 хүүхэдтэй амьдардаг байсан. Тэгээд Э- нь манай эгчтэй хамт амьдарч байхдаа байнга зодож нүдэж дарамталдаг байсан юм билээ. Тэгээд 2016 оноос зоддог талаар мэдэж эхлээд 2018 оноос илт зодож нүддэг нь илт болж ирсэн. Яагаад мэдсэн бэ гэхээр гар хөл нь хөх няц болчихсон, нүүр ам нүд гэх зэрэг нь хөхөрч няцарсан явдаг байсан. Яасан юу болсон гэхээр Э- зодчихлоо гэдэг байсан. ...зодуулах үедээ шөнөөр манай ээж рүү болон над руу үе үе гэнэт залгаад авраарай гэж утсаар залгаж ярьдаг байсан. Тэгээд манай эгчийг зодлоо гээд гэрт очоод Э-тай хэрүүл уруул хийдэг байсан. Бид нар эгчийгээ өмөөрч очихоор Э- нь та нарыг бүгдийг чинь ална шүү гэх зэргээр дарамталдаг байсан. Бид нарыг хадмууд нь гэж ерөөсөө тоодоггүй. Хүн ёсны хүндлэл гэх зүйл тэр хүнд огт байдаггүй. Манай эгч болон Э- нар нь 2024 онд гэр бүлээ салгуулсны дараа ч гэсэн манай эгчийг айлган сүрдүүлж, дарамтлаад байгаа юм билээ. Тэр хоёр өмнө нь хэд хэдэн удаа саллаа гээд явчихдаг байсан. Тэгээд эргээд нийлчихдэг байсан. ...Нэг удаа манай нөхөр лүү залгаж би танай эхнэртэй чинь унтсан гэж хэлсэн байна лээ. Мөн манай ээж рүү байнга мессеж бичиж байнга залгаад байдаг байсан ба манай ээж залхаад утсыг нь блоколчихсон байгаа ...Э- нь аймаар хэрцгий догшин зан авиртай хүн сэтгэцийн өвчтэй хүн шиг санагдаж байгаа” /1хх 46-47/,
гэрч Х.Ч-ын “...Яг юунаас болоод зөрчилдөөд байдгийг нь сайн мэдэхгүй. Харин бие биенийгээ хардаж сэрдээд муудаад эхэлсэн. Сүүлдээ өмч хөрөнгийн талаар муудалцаад эхэлсэн. ...Э-, Б- нарын аль аль нь хурц ширүүн зан авиртай хүмүүс тиймдээ ч бие биеийнхээ байр суурийг хамгаалаад сөргөлдөөд байдаг байх” /1хх 51/,
гэрч С.Н-ын “...Б- нь миний төрсөн охин байгаа юм. Харин Э- нь миний охины нөхөр байсан ба одоо гэр бүлээ цуцлуулсан. ...Эхэндээ энэ хоёрын харилцаа гайгүй байсан ба сүүлдээ Э- нь байнга манай охиныг зоддог болоод хамар ам, тархи толгойг нь гэмтээж байсан. ...2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр болсон хэргийн талаар санаж байна. Тэр өдөр Б- нь эхнэр бид хоёр луу залгаад Э- нь алж хядах гээд байна хүрээд ирээч гэхээр нь би цагдаад дуудаж өг гэж хэлчихээд эхнэрийн хамт өөрийн гэрээсээ Б-, Э- нарын гэр болох Хүүшийн аманд байдаг Б- хотхон руу нь явсан юм. Тэгтэл Э- Б- нар нь машинтайгаа бидний өөдөөс ирж таараад бид нар зам дээр уулзсан чинь Б- нь уйлж унжаад үс толгой нь сэгсийсэн зодуулсан байдалтай таарсан юм. Тэгэхээр нь би Э-ыг манай охиныг зодлоо гэж уурлаад Э-ыг загнаад байж байтал араас машин ирээд сагналдаад яваачээ гээд байсан тул нээх зүйл ярьж чадаагүй тэд нар машинтайгаа хөдлөөд би эхнэрийн хамт машинтайгаа хөдлөөд явсан ...Тухайн үед Б- нь уйлчихсан нүүр ам бэлцийчихсэн, үс толгой нь сэгсийсэн байдалтай байсан ...Э- нь манай охин Б-г байнга л зодож дарамтлаад байдаг. Э- согтуудаа утсаар залгаад агсраад эсэн шидээр хэлээд та нарыг бүгдийг чинь ална тална гэх зэргээр дарамтлаад байдаг юм. ...” /1хх 54/,
насанд хүрээгүй гэрч Э.П-ын “...Б- нь миний ээж, Э- нь миний аав байгаа юм. ...намайг бага байхаас эхлэн манай аав ээж хоёр хоорондоо муудалцаад манай аав ээжийг байнга зоддог байсан. Учир шалтгааныг нь би ойлгодоггүй. ...Тэр үед аав, ээж, дүүгийн хамт Аварга тосон гэх газар амрахаар явж байсан. Тэр үед аав ээж хоёр муудалцаад ээжийг нүүр лүү нь цохиод алгадаад амралтын өгсөн хоолыг шидээд байсан ...Манай аав хамгийн сүүлд 2024 оны 10 сард санагдаж байна ээжтэй муудалцаад ээжийг зодоод тэгээд гэрээсээ гарч яваад тэрнээс хойш гэртээ ирээгүй. Гэхдээ яг яаж ээжийг зодсоныг хараагүй. Гэхдээ сонсогдож байсан. Би тэр үед нөгөө өрөөнд байсан ба тэр хоёр муудалцаад хэрэлдээд байсан. Аавыг явсны дараа манай ээжийн нүүр ам нь улайчихсан уйлаад байсан” /1хх 58-59/,
гэрч Ц.Э-ын “...2024 онд наадмын дараа санагдаж байна би гэрт нь байж байгаад гарчихаад ороод ирсэн чинь зодуулчихсан гээд гэртээ уйлаад сууж байсан” гэх мэдүүлгүүд /1хх 61/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх шинжтэй байхаар Эрүүгийн хуульд хуульчилсан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийг уг хуулийн 3.1 дүгээр зүйлд дурьдахын зэрэгцээ 3.2 дугаар зүйлд нь “энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж тодорхойлжээ.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд хууль тогтоогч "гэр бүлийн хамаарал бүхий харилцаа" гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэж тайлбарлажээ.
Шүүгдэгч Г.Э- болон хохирогч Н.Б- нар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 183/ШШ2024/00403 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан /1хх 246-248/ байх бөгөөд дээр дурдсанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийллийн төрөл, хэлбэрүүдийг хуульчилсны дотор 6.1.1 дэх заалтад бие махбодын хүчирхийлэл гэж заасан ба бие махбодын хүчирхийлэл нь үйлдлийн давтамж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан эсэхээс хамаарч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байнга” гэх шинжийг гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлээр тогтоодог нь эрүүгийн эрх зүйн онол болон хууль хэрэглээний практикт нэгэнт тогтсон ойлголт бөгөөд тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ үйлдэл тус бүрийн хооронд Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн, баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа болох 6 сарын хугацааг баримтлах учиртай.
Шүүгдэгч Г.Э-ын хохирогч Н.Б-г зодсон гэх үйлдлийн давтамж нь 2024 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр, 2024 оны 8 дугаар сард, 2024 оны 10 дугаар сард үйлдэгдсэн байх тул эдгээр үйлдэл хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй үргэлжилсэн шинж хангагджээ.
Мөн шүүгдэгч Н.Б- нь болсон үйл баримт, хоорондын харилцаа, гэрлэгсдийн хамтын амьдралтай байсан талаар тогтвортой тодорхой, тогтвортой мэдүүлсэн байхын зэрэгцээ гэрч Н.Ч-, Х.Ч-, С.Н-, Ц.Э-, насанд хүрээгүй гэрч Э.П- нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байх ба 5 удаагийн хохирогч Н.Б-гийн биед халдаж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь хүний өмчлөх эрхэд халдахын зэрэгцээ хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, нэр төр, алдар хүндэд заналхийлсэн шинжтэй, эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн”-ээр бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хохирогч Н.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ “...2025 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр Э- нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх болох миний ажлын гадна байна гэж залгаад Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Хүүшийн ам Б- хотхоны Б- тоот байрнаас нүү нүүхгүй бол ална чи манай ах дүү нартай амьдрахыг би зөвшөөрөхгүй чи наад хашаандаа амьдрах чинь надад таалагдахгүй байна. Нүүхгүй бол ээж аавыг чинь ална хүнд мөнгө өгөөд ч хамаагүй та нарыг ална чамайг ажилгүй болгоно дүүг чинь нөхрөөс нь салгана гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдийн төлбөрийг би төлөхгүй одооноос чи төл чи надаас сайхан амьдрах ёсгүй гэж хэлсэн. Энэ дарамт нь хэд хоног үргэлжилж, утсаар залгаж, чи нүүх юм уу нүүхгүй юм уу миний хэлснийг хийх юм уу үгүй бол би чамайг болон танай гэрийнхнийг ална гэж ярьсан...” гэх мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн мөрдөгчөөс хохирогч Н.Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдон тогтоогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хөрөнгийн эрх гэх ойлголтыг хамруулсан ойлголт байх бөгөөд үүнд хүний эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хамруулсан ойлголтын хүрээгээр тайлбарлагдана. Мөн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн эцэст хохирогчийн болоод түүний ойр дотны хүний эрүүл мэнд, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан, заналхийллийн улмаас хөрөнгийн эрхээс татгалзсан, шилжүүлэн өгсөн эсэхээс үл хамаарч гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасан хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зөрчил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд заасан гэмт хэрэг зэргээс үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр, гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн субъект болон хохирогч хоорондын харилцаа зэргээр ялгагдана.
Шүүгдэгч Г.Э-аас хохирогч Н.Б-гийн хөрөнгийн эрхтэй холбоотойгоор өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, Хан-Уул дүүргийн Б- хотхоны Б- тоотоос нүүхийг шаардах замаар эд хөрөнгийн эрхээс татгалзуулахаар шаардахдаа түүнд хүч хэрэглэхээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэхээс гадна ойр дотны хүний хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн нь тухайн заналхийлэл бодитой байх шинжийн тухайд шүүгдэгч Г.Э- нь хохирогч Н.Б-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 2024/ШЦТ/518 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгүүлсэн /1хх207-216/ хувийн байдалтайн зэрэгцээ, үүнээс хойш дахин 5 удаагийн үйлдлээр хохирогч Н.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн мэдүүлэгт урьд өмнө зодож байсан талаар мэдүүлэхийн зэрэгцээ, гар утсаар өөр хоорондоо зурвас бичиж харилцсан бичвэрт мөрдөгч үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлж, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар хохирогч Н.Б-г заналхийлж сүрдүүлэхдээ хохирогчийг болоод түүний ар гэрийнхнийг сүрдүүлж, заналхийлсэн агуулга тусгагдсан, энэхүү заналхийлэл нь бусдын өмчлөх эрхэд халдсан, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээс татгалзахыг шаардсан гэм буруугийн санаа, зорилго, сэдэлтийг агуулсан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-ын бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо “...үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэн өгөхийг шаардсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлсныг “...бусдын өмчлөх эрхэд халдсан, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээс татгалзахыг шаардсан” үйлдлийн шинжийг агуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана гэж дүгнэв.
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг нь заавал бодитоор тухайн хохирогчийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, түүний эрхийг шилжүүлэн өгөхийг шаардахгүй, харин хохирогчийг эд хөрөнгийн эрхтэй холбоотой агуулгаар Эрүүгийн хуульд заасан аргаар хөрөнгийн эрхэд халдсан өөртөө болон бусдад шилжүүлэн өгөхийг шаардсан, эрхээс татгалзахыг шаардсан агуулгаар тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн аутентик тайлбарт "ойр дотны хүн" гэж тухайн хүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү, хамт амьдарч байгаа бусад төрөл, садангийн хүнийг ойлгоно гэж заасанд хохирогч Н.Б-гийн эцэг, эх, төрсөн дүү зэрэг нь хамаарч байгаа болно.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна Н.Б-г гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахыг шаардаж Н.Б-д болон түүний ойр дотны хүн болох эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр сүрдүүлж заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан аливаа үйлдэл (эс үйлдэхүй)-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэмт хэргийн объектив болон субьектив шинжүүдийг хангасан байхын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлуудыг бүрэн, эргэлзээгүйгээр нотолж тогтоосон байх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Заналхийлэх гэмт хэргийн шинж нь Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл хийгдсэнээр бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байх бөгөөд заналхийллийн эцэст хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учирсан байхыг шаардахгүй.
Харин заналхийлэл бодитой эсэх, тодорхой ямар үйлдэл хийхийг шаардсан, заналхийллийн агуулга, түүнийг нотлох баримт сэлт, мэдээллүүд нь нотлох баримтаар авагдсан байх учиртай.
Хохирогч Н.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2025 оны 3 дугаар сар хүртэл байж байгаад дахин хэрүүл маргаан үүссэн бөгөөд шалтгаан нь 2024 оны 1 дүгээр сард гэрлэлт цуцлуулах үед би 4 хүүхдээ өөр дээрээ авч, зарим нэг эд хөрөнгийг авсан ба хүүхдүүдийн сургалтын төлбөр болон холбогдох бүх зардлыг Э- төлөхөөр тохиролцсон боловч төлөхөө больж, хэрүүл маргаан хийж маргалдаж эхэлсэн. Ингээд би 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүүхдүүдэд оногдох хөрөнгийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан юм шиг байсан бөгөөд над руу залгаж чи наад нэхэмжлэлээ татаж ав аа тэгвэл чамд аминд чинь өлзийтэй шүү татаж авахгүй бол чамд танай аав ээж гэр бүлийнхэнд чинь хохиролтой юм болно шүү гэсэн утгатай зүйлсийг хэлж, ярьсан бөгөөд маш их дарамталсан мессежнүүдийг ирүүлсэн. ...Г.Э- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаснаасаа хойш чи илүү дутуу юм авахгүй шүү өөр юм нэхэх юм бол би чамайг дуусгана ажилгүй болгоно аав ээжийг чинь амьдралгүй болгоно дүүг чинь нөхрөөс нь салгана гэж дарамталж, заналхийлсээр байсан тул би ямар нэгэн маргаан хийхгүйгээр эхний хурал дээрээ маргаангүй гээд гэрлэлтээ цуцлуулсан” /1хх 41-44/ гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.
Энэхүү мэдүүлэгт “...Г.Э- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаснаасаа хойш чи илүү дутуу юм авахгүй шүү өөр юм нэхэх юм бол би чамайг дуусгана ажилгүй болгоно аав ээжийг чинь амьдралгүй болгоно дүүг чинь нөхрөөс нь салгана гэж дарамталж, заналхийлсээр байсан” гэж мэдүүлсэн байх боловч 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Г.Э- болон хохирогч Н.Б- нар нь гэрлэлт цуцлуулах эсэх талаар маргаантай байсан эсэх, маргааны агуулгад хамааруулж шүүгдэгч Г.Э- нь дээрх байдлаар тодорхой үйлдэл хийх эсхүл хийхгүй байхаар хохирогч Н.Б-г заналхийлэх бодит нөхцөл байдал үүссэн эсэх болоод хохирогч Н.Б-гийн мэдүүлгийн дээрх агуулгыг өөр бусад нотлох баримтаар нотлох болоод үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж үнэлж дүгнэхдээ харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалган, өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгнө.
Шүүгдэгч Г.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн харилцаа, заналхийллийн агуулга, заналхийлэх бодит нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт санаа, зорилго зэргийг эргэлзээгүйгээр нотлон тогтоосон байх учиртай.
2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлахад хүүхдүүдийн асрамжийг өөртөө үлдээх, эд хөрөнгийн маргаан гаргахгүй байхыг шаардаж Н.Б-д болон ойр дотны хүн болох эцэг, эх, дүү нарт нь хүч хэрэглэхээр сүрдүүлсэн гэж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Г.Э-ын нэхэмжлэлтэй, Н.Б-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дугаар 183/ШШ2024/00403 тоот шийдвэрээр гэрлэгсдийн гэрлэлтийг цуцлахдаа Э.Э-, Э.П-, Э.Дүүрэнбилэг нарыг Н.Б-гийн асрамжид үлдээж, гэрлэгсдийн эд хөрөнгөөс Н.Б-д ногдох хэсгийг гаргасан шийдвэр гаргаж, хариуцагчаас “өдий хүргэсэн амьдралаа элэг бүтэн авч үлдэхийн тулд бүх зүйлийг тэвчээд цаашид амьдрахад бэлэн байна. Гэсэн хэдий ч бид ярилцаж гэрлэлт цуцалж, хүүхдүүдийн сургалтын болон бусад зардал, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон” гэж тайлбар гаргасан байна. Энэхүү гэрлэлт цуцлах шийдвэр гарснаас хойш шүүгдэгч Г.Э-, Н.Б- нар нь дахин 2024 онд хамтран амьдарч байсан үйл баримтууд нотлох баримтаар тогтоогджээ. Иймд хохирогч Н.Б-гийн мэдүүлэгт дурдсан агуулгаар тухайн цаг хугацаанд шүүгдэгч Г.Э- нь хохирогч Н.Б-г заналхийлсэн гэх гэмт үйлдэл нь нотлогдон тогтоогдохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Мөн прокуророос шүүгдэгч Г.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн гадна гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан боловч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсанаар тус хуралд оролцсон улсын яллагчаас “...7 дугаар сарын 09-ны өдөр болсон үйл баримт гэж үзэж байгаа. 7 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүссэн. 5 хоногийн дараа шүүгдэгчид гардуулсан” /3хх 184/ гэх тайлбар хийсэн бол давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцохдоо “...Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо хохирогчийн мэдүүлэгт 2025 оны 07 дугаар 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр заналхийлсэн” гэх тайлбар гаргажээ.
Өөрөөр хэлбэл прокуророос яллах дүгнэлтэд 2025 оны 7 дугаар сарын 09 эсхүл 23-ны өдрийн үйлдлийг 2025 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр гэж техникийн шинжтэй алдаа гаргасан гэж тайлбарлах боловч 2025 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн Дугаар 2511000001206 тоот Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2025 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр” заналхийлэх гэмт хэрэг үйлдэгдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан /1хх 166-170/, 2025 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн Дугаар 109 тоот Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолд мөн “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2025 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр” заналхийлэх гэмт хэрэг үйлдэгдсэн /2хх 173-175/ гэж, 2025 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн Дугаар 529 тоот яллах дүгнэлтэд “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2025 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн үргэлжилсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж тус тус хуульчилсан.
Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа мөрдөгч, прокурор яллагдагчийг буруутгаж байгаа үйл баримтыг нотлох баримтаар эргэлзээгүй, нотлон тогтоох үүргийг хуулиар хүлээх бөгөөд яллагдагч, түүний өмгөөлөгч нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа хэргийн үйл баримтад тулгуурлан мэтгэлцэж хэргийн бодит үнэнийг тогтоодог. Гэтэл прокуророос заналхийлэх гэмт хэрэг үйлдэгдсэн буюу 2025 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр гэх огноог яллагдагчаар татах тогтоол, өөрчлөлт оруулах тогтоол, яллах дүгнэлтэнд тусгаж, анхан шатны шүүх хуралдаанд 2025 оны 7 дугаар сарын 09-ны өдөр гэж өөрчилж, давж заалдах шатны шүүх хуралдаанд 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр болгон дахин өөрчилж техникийн шинжтэй алдаа гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байгаа бөгөөд прокуророос яллаж буй хэргийн агуулгын хүрээнд яллагдагч, түүний өмгөөлөгчөөс цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар мэтгэлцэх боломжийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрт өөр өөр байдлаар тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, мөн анхан шатны шүүхээс дээрх эргэлзээтэй нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр 2025 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр гэмт хэрэг заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн Дугаар 192/ШЗ2025/30703 тоот “...Н.Б-гийн дээрх нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэний хэрэг үүсгэх нь зүйтэй гэж үзэв” гэх захирамжийн хуулбар /2хх 27/ авагдсан байна. Улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд болон прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбар нь энэхүү иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид заагдсан огнооноос зөрүүтэй, 2025 оны 7 дугаар сарын 09-ны өдөр заналхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, анх яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа, гэмт хэрэг үйлдсэн гэх газар нь зөрүүтэй зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд үүсч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б- нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй, давж заалдах шатны шүүхэд хандан гомдол саналгүй талаар хүсэлтээ ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч Н.Б-д хохирол учирсан талаар баримт авагдаагүйн зэрэгцээ шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч Г.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгө, хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдээгүй гэж, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Оюунсүрэн, О.Санчирбал нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгө, хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдээгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Оюунсүрэн, О.Санчирбал нарын гаргасан давж заалдах гомдлоос шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр заналхийлэх гэмт хэрэг үйлдээгүй гэх агуулгаар гаргасан гомдлын хэсгийг хангаж, гомдлыг бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед оролцогчийн эрхийг хангаагүй, нотлох баримтыг хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэх агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх учиртай.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ. Харин шүүгдэгч Г.Э-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Г.Э-ын 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 97 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2026/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
- Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,
- шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулсан, ял нэмж нэгтгэсэн хэсгийг хүчингүй болгож,
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтын “4 жил 6 сарын хугацаагаар” гэснийг “3 /гурав/ жилийн хугацаагаар” гэж, “нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ жилийн” гэснийг, “нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 4 /дөрөв/ жилийн” гэж, 4 дэх заалтын “6 /зургаа/” гэснийг “4/ дөрөв/ гэж өөрчилж, шүүгдэгч Г.Э- болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэсэгчлэн хангаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ын цагдан хоригдсон 97 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3 Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР