Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01512

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01512

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/01713 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Э.Ат холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: улсын дугаартай Toyoto land cruiser 78 маркын автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, авто машины тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оргилмаа, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манай байгууллага нь 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орж ирсэн А автомашины хууль ёсны өмчлөгч. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр н.Мягмаржав машин зарж өгнө гэж авч явсан. Өнөөдрийг хүртэл мөнгө дансанд ороогүй. н.Мягмаржав нь автоамашиныг Э.Ат шилжүүлсэн бөгөөд Э.А нь автоамашины татвар, торгуулийг төлдөггүй, татвар торгууль нь манай байгууллага дээр гардаг. Иймд манай өмчлөлийн автомашиныг Э.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр улсын дугаартай, А автомашиныг манай хүү худалдах- худалдан авах гэрээ хийж, гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. М ХХК-иас гэрчилгээг нь шилжүүлж авъя гэсэн боловч манай захирал гадаад гарсан байгаа, одоо шилжүүлэх боломжгүй байна гэж удаа дараа тайлбар өгч байсан. 2019 оноос эхлээд манай хүү рүү залгаж 10,000,000 төгрөг өг, өгөхгүй бол шүүх рүү шилжүүлнэ шүү гэж сүрдүүлж байсан. Тухайн үед гэрээ хэлцэл хийж, нотариатаар баталгаажуулсан учраас шүүхээр явахад асуудалгүй гэж бодсон. Миний ойлгосноор н.Ганзориг, н.Ганбаяр хоёрыг төрсөн ах, дүү хоёр гэж ойлгосон. Бид Дарханд байдаг учраас хүүгээ хотод байдаг болохоор бичиг баримт шилжүүлэхэд ойр гэж бодсоны үүднээс итгэмжлэл хийж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр худалдаж авсан автомашины үлдэгдэл төлбөр болох 1,000,000 төгрөгийг автомашины гэрчилгээ авах буюу шилжүүлэх үед төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд Э.Аын эзэмшилд байгаа. Гэвч албан ёсны бүртгэлийн лавлагаагаар М ХХК-ийн нэр дээр байна. Иймд тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг Э.Ат шилжүүлэхийг М ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Маргаан бүхий автомашин нь М ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө. Бүртгэлтэй компанийн хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүй бусад этгээдүүд хоорондоо тохиролцож, худалдан борлуулсан байна. Нотариатын бүртгэлийн дэвтэр дээр бүртгэлийг хийхдээ ямар нэг байдлаар компаниас н.Ганзориг, н.Мягмаржав бусад этгээдүүдэд шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл хэрэгт авагдаагүй. М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар н.Ганбаяр итгэмжлэлгүйгээр төлөөлдөг. Эцсийн өмчлөгч нь нэг хувьцаа эзэмшигчтэй гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хийгдсэн хэлцэл учраас байгуулагдаагүй хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Байгуулагдаагүй хэлцэл тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үүсэх боломжгүй. М ХХК-ийн итгэмжлэлтэй этгээдээс худалдаж авахыг мэдэх боломжтой байсан боловч анхаарал, болгоомжгүйгээс болоод өөр этгээдээс худалдаж авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Э.Ат холбогдох, улсын дугаартай А маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын дугаартай, А маркийн автомашины эзэмшигчээр бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг Э.Ат гаргаж өгөхийг М ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 372,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 372,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Ганзориг болох нь компанийн дүрэм, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна гэж хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй дүгнэлт хийснээс гадна хуулийн этгээдийг хэрхэн төлөөлөх, хэнийг төлөөлөгч гэж үзэх талаар үндэслэлгүй дүгнэлт хийсан. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болсон 0077 УНЭ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 78 маркийн автомашин урьд хэнээс хэнд шилжсэн нь одоогийн өмчлөгчийг тодорхойлохгүйгээс гадна урьд шилжүүлж байсан этгээдийг дараагийн өмчлөгчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй юм. Гэтэл шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур, бүрэн эрхгүй этгээдүүдийн хооронд хэлцэл хийгдсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн шүүхээс Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасныг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч автомашиныг Монгол глобал ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болохыг мэдэж байснаас гадна хуулийн этгээдийг хэн төлөөлдөг, түүнээс бичгээр итгэмжлэл олгосон этгээдтэй хэлцэл хийх талаар мэдэх ёстой тул тэрээр Иргэний хуулийн 65.1 дэх хэсгээр хамгаалагдахгүй юм. Түүнчлэн машин зарах сонирхолтой байсныг бусдад итгэмжлэл олгосонтой адилтган үзэхгүй бөгөөд өөрийн өмчлөлийн зүйлээ өөрөө захиран зарцуулах, үр ашгийг нь хүртгэх өмчлөгчийн эрхийг зөрчсөн байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээгээр Монгол глобал ХХК-ийн төлөөлөгч Б.Ганзориг гэх хүн Э.Ат тухайн автомашиныг 43,000,000 төгрөгөөр зарсан. 42,000,000 төгрөгийг тухайн гэрээ хийгдсэн өдөр өгсөн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг автомашин шилжүүлж өгсний дараа өгөхөөр тохирсон гэрээ нь хууль ёсны гэрээ юм. Гэрээ байгуулагдсанаас хойш 5 жил орчим хугацааны дараа буюу 2021 оны 11 дүгээр сард энэ талаар шүүхэд М ХХК нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч шаардлага гаргах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж автомашины бичиг баримтыг шилжүүлж өгөх бүрэн боломж байсан. Эдгээр нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлож байгаа учраас шүүх хууль ёсны буюу үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн 1,000,000 төгрөгийг шүүх орхигдуулж шийдвэрлэсэн гэх тайлбар үндэслэлгүй. Энэ асуудлыг талууд хоорондоо гэрээгээр тохирсон учир заавал шүүх шийдвэрт тусгах шаардлага байхгүй. Иймд нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Ат холбогдуулан улсын дугаартай Toyoto landcruiser 78 маркын автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан автомашины тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан бөгөөд талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан үгүйсгэн маргасан.

3.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор нотариатч Г.Батмөнх, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг, М.Сүхбаатар нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан байна. /хх 39/ Шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2022/05353 дугаар захирамжаар татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх 46/

3.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд гэрчийн мэдүүлэгийг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.

3.в. Анхан шатны шүүх хариуцагчийн гэрч асуулгах дээрх хүсэлтийг ...нэр бүхий гэрчүүдийн хувийн мэдээллийг хүсэлт гаргагч нь ирүүлээгүйн зэрэгцээ гэрчүүдийн мэдүүлэг нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах, шүүхээр нотлох баримт бүрдүүлэх болон талуудын мэтгэлцэх буюу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ нотлох эрхийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээ болон нотариатын бүртгэлд гэрчээр асуулгах тухай хүсэлтэд дурдсан Б.Ганзоригийн холбоо барих мэдээлэл тусгагдсан байхаас гадна Сүхбаатар дүүргийн нотариатч Г.Батмөнхийн хувийн мэдээлэл тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. /хх 35, 69-71/ Түүнчлэн, анхан шатны шүүх гэрч асуулгах хүсэлтийг ...хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэжээ.

4. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэгжүүлээгүй, дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/01713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН