| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0249/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/266 |
| Огноо | 2018-10-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мт холбогдох эрүүгийн 1838005460318 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-16-22 тоот хашаанаас иргэн Д.ХДаюун маркийн улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-16-22 тоот хашаанаас иргэн Д.Х Даюун маркийн улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би Мөрөн сумын 12-р хороонд ганцаараа архи уучихсан явж байгаад нэг айлын хашааны үүдэнд ногоон өнгийн мотоцикль данхараадаад тавьчихсан байхаар нь очоод дээр нь сууж байгаад маниулдсан чинь мотоцикль асчихаар нь унаж яваад Мөрөн сумын 10 дугаар хороонд явж байгаад мотоциклийн эзэн гэх залуутай таараад баригдсан...Тэр залуу цагдаа дуудаад намайг согтуу байсан тул цагдаа дээр авчраад эрүүлжүүлсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,
Хохирогч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд би Мөрөн сумын 12-16-22 тоот хашааны үүднээс өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклийг хулгайд алдаад Мөрөн сумын төвөөр хайж явж байгаад 21 цагийн орчимд Мөрөн сумын 14- р хорооны “Хүслэнт” дэлгүүрийн ойролцоо явж байгаад өөрийн хулгайд алдсан мотоцикльтой адилхан мотоцикль унаж яваа хүнтэй таараад араас нь дагахад миний хулгайд алдсан мотоцикль мөн байсан. Тэр хүн согтуу байсан болохоор явж чадахгүй зогсохоор нь очоод барьж аваад “ Та яагаад мотоцикль аваад явчихаж байгаа юм бэ гэсэн чинь ах нь хүүхэнтэй архи ууж байгаад маргалдаад мотоциклийг чинь унаад явчихлаа ахыгаа явуулчихаач ” гээд байсан...Одоо мотоциклио олоод авсан болохоор надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,
Гэрч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр намайг эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Баярсайханы хамт 54-71 ХӨҮ улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 21 цагийн орчимд миний зүс таних Ууганаа гэх залуу над руу утсаар залгаад мотоциклио хулгайд алдсан гэх хүнтэй мотоциклийг нь хайгаад гадуур явж байгаад хулгайд алдсан мотоцикльтой нь адилхан мотоцикль унаж яваа хүнтэй таараад араас нь дагаад Мөрөн сумын 14 дүгээр багийн “Хүслэнт” дэлгүүрийн ойролцоо явж байсан гэсэн. Тэгээд Хүслэнт дэлгүүрийн хажууд яваад очиход мотоцикль унаж явсан гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлсэн. Харин мотоциклийг нь хулгайд алдсан гэх хүнд нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр намайг эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Дашцоожийн хамт 54-71 ХӨҮ улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 21 цагийн орчимд Дашцоож руу хүн утсаар залгаад мотоциклио хулгайд алдсан гэх хүнтэй мотоциклийг нь хайгаад гадуур явж байгаад хулгайд алдсан мотоцикльтой нь адилхан мотоцикль унаж яваа хүнтэй таараад араас нь дагаад Мөрөн сумын 14 дүгээр багийн “Хүслэнт” дэлгүүрийн ойролцоо явж байсан гэсэн. Тэгээд Хүслэнт дэлгүүрийн хажууд яваад очиход мотоцикль унаж явсан гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлсэн. Харин мотоциклийг нь хулгайд алдсан гэх хүнд нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 19 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838005460318 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Д.Х нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.М нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 37 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ч.Мын цагдан хоригдсон 33 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 264 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838005460318 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.М-ыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг 264 /хоёр зуун жаран дөрөв/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 33 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 264 /хоёр зуун жаран дөрөв/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
4. Эрүүгийн 1838005460318 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР