Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2026/ДШМ/531

 

2026           04             30                                                                        2026/ДШМ/531

 

Т.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Энхзул,

шүүгдэгч Т.Т-,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/671 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т-ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2509 00000 1581 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Т-ийн Т-, 1989 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, ......... тоотод оршин суух хаягтай, /РД:УТ-/,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,  

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж тус тус эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

Шүүгдэгч Т.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т-” нэртэй бааранд үл ялих зүйлийн улмаас хохирогч Б.Б-гийн зүүн духны дээд хэсэгт шилээр цохиж духны зүүн дээд хэсэгт шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Т-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, шүүгдэгч Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ээс 49.000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж, шүүгдэгч Т.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Т- миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, мөрдөн байцаалт болон шүүхийн үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхээс намайг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Би хохирогчид эрүүл мэндийн даатгалын газраас 49.000 төгрөгийн эмчилгээний гарсан зардлыг төлсөн. Би шүүх хурал болох үед түр хугацаагаар ажлаасаа гарсан байсан бөгөөд одоо би өөрийн хийж байсан ажил буюу “Б-” бааранд хамгаалагчийн ажилд эргэн орсон. Мөн гэр бүлийн хүн маань эрүүл мэндийн шалтгаанаар ажил эрхэлдэггүй байнгын асаргаа шаарддаг учраас миний хувьд нийтэд тустай ажил хийх боломжгүй нөхцөл байдалтай байгаа болно. Иймд Т.Т- миний бие нь шүүхээс надад итгэл хүлээлгэж, торгох ялаар шийтгэсэн нөхцөлд торгох ялыг төлөх бүрэн боломжтой байх бөгөөд нийтэд тустай ажил хийх боломжгүй ар гэрийн нөхцөл байдал, мөн ажил хөдөлмөр эрхэлж байгаа миний хувийн байдлыг харгалзан надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг торгох ялаар сольж өгнө үү.гэв.

Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй боловч хүчиндэх болон дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдэж ял эдэлж байсан. Энэ гэмт хэргийн тухайд тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үл ялих зүйлээр шалтгаалж, хохирогчтой маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ял шийтгэлийн төрөл хэмжээнд багтаан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол хор уршигт тохирсон байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ий гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Т.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т-” нэртэй бааранд үл ялих зүйлийн улмаас хохирогч Б.Б-гийн зүүн духны дээд хэсэгт шилээр цохиж духны зүүн дээд хэсэгт шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

 

хохирогч Б.Б-гийн “...би 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Т-” гэх баараар үйлчлүүлсэн. Тэгээд 05:00 цагийн үед баарнаас гарах гээд байж байх үед баарны хамгаалагч гэх миний зүс таних хүн гэнэт архины шилээр миний толгой, духны зүүн хэсэгт нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Тэгээд би цагдаад хандсан...” /хх 7-8/,

 

шүүгдэгч Т.Т-ий “...Тухайн өдөр “Т-” бааранд үйлчлүүлээд явж байсан. Шөнө 02-03 цагийн үед нэг хүнтэй маргалдсан содтой усны шилээр цохисон санагдаж байна. Согтуу байсан болохоор тухайн үеийн үйл явдлыг сайн санахгүй байна. Тэр хүн ойр орчимд онгироод байсан. Тэгэхээр нь чи зүгээр бай гэхэд чамд хамаагүй гээд хэрүүл үүссэн. Тэгээд би шилээр толгой руу нь нэг удаа цохисон. ...хальт санахад шилээр цохиж байсныг санаж байна. ...Би урьд мэдүүлэг өгсөн. Өөр нэмж ярих зүйлгүй...” /хх 12-13, 29/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0725/11855 дугаартай “...Б.Б-гийн духны зүүн дээд хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 15-16/,

 

“Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-ын нэхэмжлэл /хх 19/,

 

“Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол /хх 167/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.Т-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Т-ий гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Т-ий дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс уг ялыг сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгч нь “хөдөлмөр эрхэлж байгаа” талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх хэдий ч хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудаар тэрээр торгох ялыг биелүүлэх боломж, хөдөлмөрийн чадварын байдал тодорхойгүй байгаа нь түүнд оногдуулсан ялыг торгох ялаар солих нөхцөл хангагдахгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч нь анхан шатны шүүхээс Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэн 49.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх хэдий ч энэ нь түүний ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахгүй болно.

Иймд шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/671 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Т-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Т- нь Эрүүл мэндийн даатгалын санд 49.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ОЧМАНДАХ

 

 

                                   ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

 

 

                                  ШҮҮГЧ                                 Б.БАТЗОРИГ