| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2509 00413 1771 |
| Дугаар | 2026/ДШМ/532 |
| Огноо | 2026-04-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/532
Э.Ө-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Анужин,
шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч С.Болорчулуун,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Ө-од холбогдох эрүүгийн 2509 00413 1771 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ж- овогт Э-гийн Ө-, 1999 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, интерьер дизайнер мэргэжилтэй, хувиараа тавилга угсралтын ажилтай гэх, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт ........тоотод түр оршин суух хаягтай, /РД:ЛЭ-/;
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн.
Шүүгдэгч Э.Ө- нь цахим орчинд байршуулсан зарын дагуу хохирогч Э.Э-тай холбогдож “Интерьер зураг гаргаж өгнө”, “Ариун цэврийн өрөөнд тавилга хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Э.Э-ыг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Э- тоотод байхдаа 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 2.600.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5Э-1 тоот дансаар шилжүүлэн авсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд байршуулсан зарын дагуу хохирогч Б.Н-тай холбогдож “тавилга хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “Худалдаа хөгжлийн” банкны 4Н-7 тоот данснаас шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Э-1 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах" гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Ө-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-оос нийт 5.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э-т 2.600.000 төгрөгийг, хохирогч Б.Н-д 3.000.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Э.Ө-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Э.Ө- нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөн мэдүүлэг өгдөг бөгөөд шүүх хуралд мэдүүлсэн “...өөрийн үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, үлдэгдэл хохирлыг ажил хийж төлөх болно...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар Э.Ө- нь анхнаасаа энэ хэрэг дээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг анхан шатны шүүхийн шатанд нөхөн төлөхөө илэрхийлэн тодорхой хувийг төлсөн бөгөөд давж заалдах шатны шүүх хурлаас өмнө өөрийн үйлдсэн хэрэгт маш их гэмшин хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно.
Ялтан Э.Ө- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон бөгөөд тухайн хэрэгт оногдуулах ял нь “...450 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл нийтэл тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэсэн ялын төрлүүдтэй байна. Ялтан Э.Ө- нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлсөн, хохирогч нар нь хорихоос өөрийн төрлийн ял шийтгэж өгнө үү гэх санал хүсэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дуураа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Э.Ө-од хорихоос өөр төрлийн ял оногдуулах юм уу, хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар заасан бөгөөд шүүхээс Э.Ө- нь гэм буруугаа хүлээн гэмшсэн байдал, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Э.Ө-од оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болох торгох ялаар солих буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар дурдаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байгаа, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие интерьер дизайнер мэргэжилтэй, өөрөө зураг төслийг нь гаргаж, хувиараа тавилга хийдэг. Нийслэлийн прокурорын газар болон Сүхбаатар дүүргийн прокурорын газарт тавилгын интерьер гаргаж байсан.” гэв.
Прокурор О.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд ямар нэгэн байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, процессын алдаа гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан болохыг хэлэх нь зүйтэй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлж, тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Э.Ө-д оногдуулсан 1 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй байсан. Түүний хохирол төлбөр төлөөгүй нөхцөл байдлыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн. Гэсэн хэдий боловч шүүгдэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан хэлэлцэгдэхээс өмнө хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул дээрх нөхцөл байдалд шүүх дүгнэлтээ хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрээ гарах байх гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Э.Ө- нь цахим орчинд байршуулсан зарын дагуу хохирогч Э.Э-тай холбогдож “Интерьер зураг гаргаж өгнө”, “Ариун цэврийн өрөөнд тавилга хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Э.Э-ыг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Э- тоотод байхдаа 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 2.600.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5Э-1 тоот дансаар шилжүүлэн авсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд байршуулсан зарын дагуу хохирогч Б.Н-тай холбогдож “тавилга хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Худалдаа хөгжлийн банкны 4Н-7 тоот данснаас шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Э-1 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч Б.Н-гийн “...2024 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр фейсбүүк цахим орчинд би өөрийн “Н- Б-” гэх цахим хаягаараа тавилга захиалгаар хийлгэнэ гэсэн зар оруулсан. Тэгсэн удалгүй Ө- гэх нэртэй цахим хэрэглэгч чатаар манайх өмнө хийж байсан тавилга болон хамтран ажиллаж байсан газрынхаа зургийг явуулаад та захиалга өгөх бол 10 хоногийн дотор гаргаж өгнө гэсэн болохоор тухайн хүнтэй хамтарч тавилга хийлгэхээр болоод тухайн тавилга хийлгэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Б- 28 дугаар байрны 11 тоот гэртээ ирж хэмжээ аваад явсан. Тэгээд араас та урьдчилгаа 80 хувь төлөлт хийх хэрэгтэй шүү гэж тэгээд тухайн урьдчилгаа мөнгийг би 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны хажууд машин дотор байх үедээ өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас Хаан банкны 5Э-1 дугаарын Э- овогтой Ө- гэх нэртэй данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш ямар нэг холбоо барилгүй алга болсон...” /хх 19/,
хохирогч Э.Э-ын “...Би 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эхнэрийн фейсбүүк хаягаар интерьерийн зураг гаргуулна гэж пост оруулсан. Тухайн постны доор Ө- гэсэн хаягтай хүн чат бичээд интерьер зураг гаргана шүү гэж хэлээд ороод ирсэн. Тухайн хүний 8Б- гэсэн дугаар луу нь ...залгаж холбогдоод интерьер зураг гаргах талаараа ярилцаад 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр уулзахаар тохиролцоод маргааш өдөр нь Э.Ө- гэх залуутай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Б- хотхоны 34 дүгээр байр 80 тоот байрандаа уулзаад, энэ байранд интерьер зураг гаргах гэж байгаа талаараа ...хэлэхэд тухайн залуу Б- гэх пэйж хуудастай, би энэ компанид ажилладаг. Манай компаниар зургаа гаргуулбал үнэтэй тусахаар байна. Харин би хувиараа 1.350.000 төгрөгт хийж өгье гэж ...хэлээд тохиролцсон. ...Э.Ө- гэх залуу нь надаас урьдчилгаа 900.000 төгрөг авна гээд мөнгийг нь шилжүүлсэн. Э.Ө- нь манай байрны интерьер зургийг гурван хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлээд ...над руу болсон болоогүй ганц нэг хананы зургийг нэхүүлж байж явуулсан. Ингэж зургаа гаргаж өгөлгүй явсаар байгаад 14 хоногийн хугацаанд надад 10 орчим зураг гаргаж өгсөн. Тухайн зураг нь чанарын шаардлага хангахгүй байсан тул ...зургууд чинь болохгүй байна гээд дахиад хийж өг гэхэд ...та надад үлдэгдэл мөнгө болох 450.000 төгрөгөө өгчих гэж хэлсэн. Би тэгж хэлсний дагуу нь үлдэгдэл мөнгө болох 450.000 төгрөгийг Э.Ө- гэх хүний данс руу шилжүүлсэн. Маргааш нь дуудаад хоёр 00 өрөөний тавилга хийлгэхээр болоод ...Э.Ө- ...хоногийн дотор ...1.500.000 төгрөгөөр хийж өгнө гэж хэлээд надаас 250.000 төгрөгийн урьдчилгаа аваад маргааш өглөө нь буюу 10-ны өдөр Э.Ө- гэх залуу нь над руу залгаж орж ирээд тавилгын материал авах гэж байна та над руу 1.000.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Тэгж хэлсний дагуу би мөнгийг нь тэр дор нь Э.Ө-ын данс руу шилжүүлсэн. Тэгж шилжүүлснээс хойш таг алга болоод залгаад авахаараа одоо удаахгүй мөнгийг тань өгнө гэж хэлээд худлаа хэлээд яваад байгаа. Тэгээд ...тэр газар луу залгаж ярихад тухайн газрын хүн нь Э.Ө- гэх хүн бол манай дээр үндсэн ажилт биш зураг гаргадаг ч хүн биш, манай компани ажил ихтэй үедээ энэ хүнийг дуудаж тавилга угсруулахдаа дуудан ажиллуулдаг гэж хэлсэн. Тэгээд Э.Ө- гэх залуутай утсаар ярьж чи зураг гаргадаг хүн биш байна шүү дээ гэхэд “за уучлаарай би мөнгийг чинь удахгүй өгнө” гэж хэлээд таг алга болсон...” /хх 115-117/ гэх мэдүүлгүүд,
Б.Н-гаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /хх 15/,
Э.Ө-ын эзэмшлийн Хаан банкны 5Э-1 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн орлого, зарлагын гүйлгээ /хх 31-51/,
Э.Э-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл түүнээс гаргаж өгсөн зарлагын гүйлгээний баримт /хх 108-114/,
хохирогч Э.Э-аар шүүгдэгч Э.Ө-ыг таньж олуулах ажиллагаа явуулсан баримт /хх 124-129/,
хохирогч Э.Э-ын Хаан банкны 5Б-1 тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 138-144/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.Ө-од холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ө-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгчийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авч залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүх шүүгдэгч Э.Ө-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн хохирогч нарт төлөх 5.600.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Ө- нь шүүх хуралдааны дараа бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-од 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх үндэслэл”-д нийцнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Э.Ө-ыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-ын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 76 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон түүнд оногдуулсан ялаас хасаж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/486 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтын “...Шүүгдэгч Э.Ө-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...Шүүгдэгч Э.Ө-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-ын цагдан хоригдсон 76 хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 120 /нэг зуун хорь/ цагаар тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ө-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.
3. Шүүгдэгч Э.Ө-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.
4. Шүүгдэгч Э.Ө- нь хохирогч Э.Э-т 2.600.000 /хоёр сая зургаан зуу мянга/ төгрөгийг, хохирогч Б.Н-д 3.000.000 /гурван сая/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ