| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 191/2025/03388/И |
| Дугаар | 191/ШШ2026/01607 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2026/01607
| 2025 01 27 | 191/ШШ2026/01607 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 19,115,822 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 19,115,822 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Х.******* миний бие 2020 онд цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмж зарна гэсэн зарын дагуу дугаарт холбогдож Ц. гэх хүнтэй анх холбогдсон. Ц. нь өөрийгөө шингэн хүнсний технологич мэргэжилтэй, үйлдвэрлэлийн бүх төрлийн тоног төхөөрөмж гаднаас оруулж ирж, монголын үйлдвэрүүдэд нийлүүлдэг ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал, ерөнхий инженер нь гэж өөрийгөө танилцуулж, 20 гаруй жилийн ажлын туршлагатай, олон компаниудад зөвлөгөө өгч, үйл ажиллагаанд нь тусалдаг гэж өөрийгөө танилцуулсан учраас түүнд итгэж, туршлагатай, хамтран ажиллаж болох хүн юм байна гэж бодоод тоног төхөөрөмжийг нь үзье, очиж уулзъя гэсэн санал тавьсан.
Харилцагч нарынхаа усны суурь шинжилгээнд үндэслэж, маш сайн чанарын буюу нэн цэнгэг цэвэр ус үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг нийлүүлнэ гэсэн учир эхлээд суурь усаа шинжилгээнд өгч, шинжилгээний хариуг Ц. руу явуулахад танай усны бүтцэд тохирсон тоног төхөөрөмжийн судалгаа хийгдсэн, дунд оврын цагт 1000 литрээс багагүй цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай Орос тоног төхөөрөмж суурилуулбал болох юм байна гээд 16,000,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг нийлүүлэх үнийн саналыг ******* ******* ******* ******* ХХК-ийн албан бичгээр 2020 оны 2 сарын 25-ны өдөр илгээсэн.
Ингээд Улаанбаатар хотод очиж тоног төхөөрөмжөө худалдан авсан. Авсан газраараа төхөөрөмжөө угсруулахаар тохиролцож, манайх ачаалал их байдаг, угсралтын төлбөрийн урьдчилгаа 1,500,000 төгрөг өгсний дараа угсралтын ажлын жагсаалтад орно гэж хэлснийх нь дагуу 1,500,000 төгрөгийг нь төлсөн.
2020 оны 04 дүгээр сарын сүүлээр угсралтын баг ирнэ гээд хүлээж байтал угсралтын баг биш нь өөрөө эхнэртэйгээ хамт ирж, манай үйлдвэрийн байранд тоног төхөөрөмжийг угсрахаар болж, тухайн өдрөө угсралтын ажлаа хийгээд үлдсэн. Маргааш өдөр нь цаасан дээр зааварчилгаа гараараа бичиж өгөөд, одоо буцлаа гэсэн. Үүнд нь гайхан яагаад хүлээлгэж өгөхгүй байгаа талаар нь лавлахад тоног төхөөрөмжүүдийг угсрахад цавуу ашиглаж холболтуудыг тогтоосон тул 72 цагийн дараа буюу 3 хоногийн дараа усаа нээх боломжтой. Үгүй бол цавуунууд хатаж амжихгүй гэсэн албан бус итгэхэд хэцүү зөвлөмж өгөөд явцгаасан.
72 цагийн дараа үйлдвэр дээр очиход хамаг юм нь ундуй сундуй, төхөөрөмжөө залгаад асаахад бүх холбоосоор нь ус задгай гоожиж, нэг баллоны дээд талын хаалт цуурсан байдалтай байсан. Ингээд Ц.той холбогдож нөхцөл байдлыг хэлэхэд та нар өөрсдөө цуулсан байна, дахиж өгөх боломжгүй. Баллоны хаалтын үнэ 1,600,000 төгрөг болно, мөнгө явуулбал дахиж явуулъя гэхээр нь худлаа ярьж байгаа юм шиг санагдаад ижил үйл ажиллагаа явуулдаг газруудаас үнэ судалтал тухайн хаалтын үнэ нь 40,000 төгрөгийн үнэтэй байсан.
Үүнээс хойш залгахаар янз бүрийн тайлбар хэлээд огт хүлээж аваагүй. Тухайн төхөөрөмжөөс гарч буй уснаас дээж аван шинжилгээнд өгч шалгуулахад анхны суурь усны бүтэц огт өөрчлөгдөөгүй, ус шүүгдээгүй гарч байгаа талаар дүгнэлт гарсан. Энэ тухай нь хэлэх гээд залгахаар утсаа авдаггүй, ор сураггүй холбоо барьж чадахаа больсон.
Усны шинжилгээг 2020 оны 6 сарын 17-ны өдөр Шинжлэх ухааны академийн Газар зүй Геоэкологийн хүрээлэн, усны шинжилгээний лабораторид өгч шинжлүүлсэн. Энэ газраар 2 төрлийн шинжилгээ хийлгэсэн. Дундын уртын худаг болон шүүсэн усандаа шинжилгээ хийлгэсэн. Дундын уртын худагт хийсэн шинжилгээний дүнгээр Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү, хатуулаг дотроо магни зонхилсон, хатуувтар ус байна. Шинжилсэн химийн үзүүлэлтүүд нь Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2018 шаардлага хангаж байна гэж дүгнэсэн.
Шүүсэн усанд хийсэн шинжилгээний дүнгээр Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү, хатуувтар, хатуулаг дотроо магни зонхилсон ус байна. Уг усыг анхны устай харьцуулахад уг шүүсэн ус чанар, найрлагад бараг өөрчлөлт ороогүй, шүүгээгүй ус байна гэж дүгнэсэн.
Ингээд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад эргэлзээтэй байсан тул тус төхөөрөмжийг ажиллуулж үйлдвэрлэлээ эхлүүлж чадаагүй. 2020 оны 8 сарын 10-ны өдөр ХХК, 2020 оны 8 сарын 25-ны өдөр ХХК-иар дахин шинжилгээ хийлгэсэн.
Эдгээр шинжилгээний хариутай танилцаад тус цэвэр усны төхөөрөмжөөр үйл ажиллагаа эрхлэх боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, ашиглаж чадаагүй. Дахин шинээр тоног төхөөрөмж худалдаж авахаар болж, тус газраас авсан төхөөрөмжийг үйлдвэрлэл явуулах байрнаас хураасан. Анх авсан тэр чигтээ хадгалагдаж байгаа. Зориулалтын дагуy ашиглах боломжгүй төхөөрөмж худалдсан гэж үзэж байна.
Иргэний хуулийн 254.6-д зааснаар өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч доголдлыг арилгах талаар худалдагчаас шаардах эрхтэй. Уг доголдлыг илрүүлсэн даруйдаа утсаар ярьж шаардаж байсныг миний аав Хүрэлбаатар болон бусад ажилчид хажууд харж, сонсож байсан. Учир нь шинжилгээний хариу гарсны дараа үйлдвэртээ хурал хийж, тус хуралд оролцсон бүх хүмүүсийн дэргэд чанга яригч дээр нь тавьж утсаар ярьсан юм.
Дээрх эрхээ хэрэгжүүлэн доголдлын талаар удаа дараа утасдаж хэлсэн боловч хариуцагч энэхүү доголдлоо арилгаагүй, арилгахаас зайлсхийж миний дуудлагыг авахаа больсон тул анхнаасаа залилах, хуурч мэхлэх санаа зорилготой байсан юм шиг санагдаад залилангийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Ц.од холбогдуулан 2021 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргахад гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021 оны 1 сарын 15-ны өдрийн 121 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 7 сарын 24-ний өдөр анх нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагч оршин суугаа хаягтаа байдаггүй үндэслэлээр хэргийг 2023.09.27-ны өдөр хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023.12.06-ны өдрийн шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Цагдаагийн байгууллагаас өнөөдрийг хүртэл хариуцагчийн оршин байгаа газрыг олж тогтоож өгөөгүй боловч нэхэмжлэгч миний зүгээс хуулийн этгээдийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтийн дагуу ийнхүү шаардах эрхээ хэрэгжүүлж байна.
Тоног төхөөрөмжийн доголдлыг илрүүлсэн 2020 оны 8 сарын 25-наас эхлэн шаардах эрхээ тасралтгүй хэрэгжүүлсэн, зохих ёсоор нэхэмжлэлээ гаргаж байсан.
Иймд ******* ******* ******* ******* ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна.
Тоног төхөөрөмжийн 16,000,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 24-ний өдөр урьдчилгаа 13,600,000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нөхрийнхөө дансаар төлсөн. н. 15,000,000 төгрөг авсан гэдгээ албан тоотоор бичээд өгсөн. Засварын зардалд нэмж төлсөн 3,115,822 төгрөгт Сүхбаатар аймагт очоод угсраад буцах зардал орж байгаа. Энэ мөнгийг өгчих тэгвэл очоод угсраад өгье гэсэн. Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад хандаж байх үедээ нарийн тооцооллоо гаргасан. Тухайн үедээ 19,115,822 төгрөг байсан. Холбогдох зарим баримтаа гаргаж өгөөгүй байгаа учраа байгаа баримтын хүрээнд буюу н.ийн 15,000,000 төгрөг авсан гэх баримтын хүрээд нэхэмжлэлийн шаардлагаа 15,000,000 төгрөг болгож бууруулж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
2. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Шүүхээс ******* ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр ирүүлсэн нэхэмжлэлд дурдсан асуудлын талаар миний бие огт мэдэхгүй. Тус компанийг 2024 оны 7 сард татан буугдсан компанийн нэрс дундаас сэргээн ашиглах боломжтой эсэхийг нь лавлаад болно гэвэл ав гэсний дагуу авсан. Элдэв хэлцэл гэрээ шилжүүлэн авах юм уу худалдаж аваагүй. Шүүхээс ирүүлсэн нэхэмжлэхийг хариуцах үндэслэлгүй тул тайлбар гаргаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/,
3.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/,
3.3. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлага /хх 6/,
3.4. Х.*******ийн Хаан банкны дансны хуулга /хх 7/,
3.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх 14-15/
3.6. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.27-ны өдрийн 182/ШЗ2023/12034 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 16-17/
3.7. Тоног төхөөрөмжийн захиалгын жагсаалт /хх 18-19/
3.8. Санамж /хх 20-25/
3.9. Кассын орлогын ордер /хх 27, 30/
3.10. Шинжлэх ухааны академи Газарзүй-Геоэкологийн хүрээлэн Усны шинжилгээний лабораторийн 2020.06.24-ний өдрийн Усны химийн шинжилгээний тодорхойлолт /хх 28-29/
3.11. ХХК-ийн Унд, Ахуйн усны дотоод хяналтын лабораторийн 2020.08.11-ний өдрийн Шинжилгээний дүн /хх 31/
3.12. ХХК-ийн Итгэмжлэгдсэн лабораторийн 2020.08.26-ны өдрийн шинжилгээний дүн /хх 32/
3.13. Албан бичиг буцаасан тухай /хх 42/
3.14. Итгэмжлэл /хх 43, 170-171/
3.15. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2021.01.15-ны өдрийн 121 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх 162-163/
3.16. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.06-ны өдрийн 147/ШШ2023/00432 дугаар шийдвэр /хх ................/
3.17. С.******* тодорхойлолт /хх .........../.
4. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх 36-37/
4.2. Хариу тайлбар /хх 42/.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* ******* ******* ******* ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг, Хил хамгаалаах ерөнхий газраас Ц.ын хилээр нэвтэрсэн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулсан. /хх 49-50, 75-111, 157-158/
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* 2025.04.09-ний өдөр хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийн үнэ 16,000,000 төгрөг, засварын зардалд 3,115,822 төгрөг, нийт 19,115,822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ыг татан оролцуулсан боловч 2025.11.25-ны өдрийн шүүх хуралдаанд түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг бичгээр гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч Х.*******ийн хариуцагч Ц.од холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 19,115,822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж Ц.од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад засварын зардалд 3,115,822 төгрөг болон тоног төхөөрөмжийн үнэ 16,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 15,000,000 төгрөг болгон багасгаж тодорхойлсон.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмж зарна гэсэн зарын дагуу Ц.той холбогдож 2020.02.25-ны өдөр ******* ******* ******* ******* ХХК-иас 16,000,000 төгрөгийн үнэтэй, дунд оврын цагт 1000 литрээс багагүй цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай Орос тоног төхөөрөмж худалдан авч, угсруулсан. Гэвч тухайн тоног төхөөрөмжөөс дээж авч шинжилгээнд өгч шалгуулахад ус огт шүүгдээгүй дүгнэлт гарч, зориулалтын дагуу ашиглах боломжгүй доголдолтой байсан. Доголдлын талаар ******* ******* ******* ******* ХХК-ийн захирал Ц.од мэдэгдэж арилгахыг шаардсан боловч хариуцагч холбоогүй болсон тул цагдаагийн байгууллага, шүүхэд хандсан. Хариуцагч доголдолтой эд хөрөнгө худалдсан учир гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийн үнийг буцаан шаардах эрхтэй гэнэ.
5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэлд дурдсан асуудлын талаар огт мэдэхгүй, компанийг 2024 оны 7 сард татан буугдсан компанийн нэрс дундаас сэргээн ашиглах боломжтой эсэхийг нь лавлаад авсан. Элдэв хэлцэл гэрээ шилжүүлэн авах юм уу худалдаж аваагүй. Шүүхээс ирүүлсэн нэхэмжлэхийг хариуцах үндэслэлгүй гэнэ.
6. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:
6.1. Нэхэмжлэгч Х.*******ээс өөрийн Хаан банкны тоот данснаас тоот данс руу 2020.01.24-ний өдөр 13,000,000 төгрөгийг тоног төхөөрөмж төлбөр гэх утгаар, 2020.01.25-ны өдөр 600,000 төгрөгийг гэх утгаар тус тус шилжүүлжээ. /хх 7/
6.2. Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нь 2020.02.25-ны өдөр Орон нутгийн *******жиг Дунд Үйлдвэрийг дэмжих зорилгоор /удаагийн буцалтгүй тусламжаар/ өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтын дагуу ******* ******* ******* ХХК - Сүхбаатар аймаг, Баруун урт сумын иргэн ******* *******т бага оврын ус цэвэршүүлэх үйлдвэрийн ус савлагч, бөглөгч, багцлагч тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-аас нийлүүлж өгөх ба технологийн тоног төхөөрөмжийн үнэ дээр нэмж үнэ тооцохгүй ба нийт 16,000,000 төгрөгийн үнийн дүнд багтсанаар тооцох ба тоног төхөөрөмжийн угсралт холболтын монтажийн зардал болох 4,500,000 төгрөгийн ажлын хөлсийг авахгүй болохыг давхар уламжилъя. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бага орлоготой өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж буй болно гэх, тоног төхөөрөмжийн нэрийн жагсаалт болон худалдсан үнэ худалдаалагдсан шүүлтүүр ба бүтэц. Нийт худалдсан үнэ 16,000,000 төгрөг гэх албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. /18-19/
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж заасан.
Дээрх албан бичиг болон дансны гүйлгээ нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч Х.******* болон хариуцагч ******* ******* ******* ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
6.3. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч Х.******* нь тоног төхөөрөмжийн үнэ 16,000,000 төгрөгийг худалдагч ******* ******* ******* ******* ХХК-д төлөх, ******* ******* ******* ******* ХХК нь тоног төхөөрөмжийг худалдан авагч буюу Х.*******т нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.
6.4. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан байх бөгөөд хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, нь 2014.12.19-ний өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр компанийн 100 хувийн хувьцааг од шилжүүлснээр тэрээр 100 хувийн хувьцаа эзэмшигч, компанийн гүйцэтгэх захирал болохоо улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.
Улмаар 2024.07.18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Ц.оос т ******* ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлснээр т ******* ******* ******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байна. /хх 75-111/
Ийнхүү компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн нь компанийн иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох үндэслэл болохгүй бөгөөд компани нь өмнөх үүрэг, хариуцлагаа үргэлжлүүлэн хүлээсээр байх тул хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
6.5. Нэхэмжлэгчээс тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлсөн, ******* ******* ******* ******* ХХК нь тоног төхөөрөмжийг нийлүүлсэн буюу компанийн захирал Ц. тоног төхөөрөмжийг угсарч өгсөн талаар тайлбар гаргасан бөгөөд энэхүү тайлбар нь 2020.04.18-ны өдөр Зориг гэх хүний үйлдсэн тоног төхөөрөмжтэй холбоотой 24 зүйлтэй 5 хуудастай Санамж бичиг, давтан зөвлөмж болон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2021.01.15-ны өдрийн 121 дүгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна. /хх 20-25, 162-163/
7. Нэхэмжлэгч худалдан авсан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж, 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч нь худалдан авсан төхөөрөмжөөс гарч буй уснаас дээж авч, шинжилгээнүүдийг хийлгэсэн.
Шинжлэх Ухааны Академи Газарзүй-Геоэкологийн хүрээлэн Усны шинжилгээний лабораторийн Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум, Дунд уртын худгаас сорьц авч хийсэн 2020.06.26-ны өдрийн шинжилгээний Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү, хатуувтар, хатуулаг дотроо магни зонхилсон ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2018 шаардлага хангаж байна гэх,
мөн өдрийн Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум, Дунд уртын худаг, шүүсэн уснаас сорьц авч хийсэн 2020.06.26-ны өдрийн шинжилгээний Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү, хатуувтар, хатуулаг дотроо магни зонхилсон ус байна. Уг усыг анхны устай харьцуулахад уг шүүсэн усны чанар, найрлагад бараг өөрчлөлт ороогүй, шүүгээгүй ус байна гэх дүгнэлтүүд болон Дунд урт, гүний худгийн усанд шинжилгээ хийсэн ХХК-ийн ахуйн усны дотоод хяналтын лабораторийн шинжилгээний, ХХК-ийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгүүдээр тухайн худалдан авсан тоног төхөөрөмж доголдолтой, ус цэвэршүүлэх боломжгүй буюу зориулалтын дагуу ашиглах боломжгүй болохыг тогтоосон гэж тайлбарласан. /хх 28-29, 31-32/
Түүнчлэн нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн доголдлын талаар хариуцагчид холбогдуулан хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргасан болохоо Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2021.01.15-ны өдрийн 121 дүгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.27-ны өдрийн 182/ШЗ2023/12034 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.06-ны өдрийн 147/ШШ2023/00432 дугаар шийдвэр зэргээр нотлоно гэж тайлбарласан. /хх 16-17, 162-163, /
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойшхи хугацаанд дээрх үйл баримтыг эсэргүүцсэн аливаа тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зохицуулсан тул дээрх үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд т нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй мөн өдөр танилцсан бөгөөд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд ******* ******* ******* ******* ХХК-иас худалдан авсан тоног төхөөрөмж нь биет байдлын доголтолтой болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х.******* нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас учирсан хохирол болох тоног төхөөрөмжийн үнэ 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс худалдан авсан тоног төхөөрөмжийг биет байдлаар хариуцагчид буцааж өгөх талаар тайлбар гаргасан бөгөөд хариуцагч нь тус тоног төхөөрөмжийг буцаан авахаар шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 15,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 15,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн хариуцагч Ц.од холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 19,115,822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж Ц.од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-иас 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА