| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0251/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/267 |
| Огноо | 2018-10-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч М.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мягмарсүрэнгийн Бямбасүрэнд холбогдох эрүүгийн 1838003410286 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-33-03 тоотод иргэн Ц.Обайшинд хууль бусаар нэвтрэн орж борц хулгайлан 280.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Бнь 2018 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-33-03 тоотод иргэн Ц.О байшинд нэвтрэн орж борц хулгайлан 280.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "… Би гэр лүүгээ орох гэж яваад 1-33-3 тоот айлын хашааны хаалга нь онгорхой байсан. Хашаа руу нь яваад орсон чинь байшин нь гэрэлгүй хүнгүй юм шиг байсан. Таамбарын хаалгыг нь татсан чинь цоожгүй онгойсон. Тэгээд таамбарт нь ороод жожголкны гэрэл тусгаж харахад таамбарын хойморт том модон авдар байхаар нь очиж тагийг нь дээш сөхөж онгойлгоход дотор нь шуудайтай юм байхаар нь тэмтэрч үзэхэд борц юм шиг байсан. Тэгэхээр нь тэр шуудайтай борцыг аваад шууд үүрээд явсан. Буцаж хашааны хаалгаар нь гараад гэр лүүгээ очсон. Хашаандаа ороод хашааны зүүн хойд буланд нууж тавьсан. Тэгээд гэртээ орж унтаад маргааш өглөө нь 07 цагт босоод нөгөө борцоо үүрээд зах руу явсан. Хүнсний захын том хашаа руу ороод контейнерийн хажууд 2 эмэгтэй байсан. Тэгээд намайг борцоо зарах юм уу гэхээр нь зарсан. Тэгээд тэр эмэгтэй хилэн дээр тавиагүй барагцаагаар хилийг нь тогтоогоод 3 кг орчим байна гээд 15,000 төгрөг өгсөн. Би борцныхоо мөнгийг аваад таксинд суугаад 1-р хороо орж дэлгүүрээс архи авч уусан...Би согтуудаа 25 кг-ийн шуудайтай юм болов уу гэж харсан. Ямар ч байсан гурилын цагаан шуудайгаар дүүрэн хийсэн амыг нь уячихсан шуудайтай борц байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна." гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 16-19 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...23 цагийн үед гарч хашааны хаалгаа түгжчихээд орж ирээд том бандийгаа таамбарын хаалгыг
түгжээд унтаарай гэж хэлчихээд унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цаг 20 минутанд
босоод цонхоор харахад хашааны хаалганы хажуу талын онгойдоггүй хадчихсан
байсан хаалгыг дотогш нь онгойлгосон харагдахаар нь гайхаад гүйгээд гарсан
чинь таамбарын хаалга дэлгээтэй байхаар нь таамбар доторх модон авдараа
сөхөөд үзтэл шуудайтай борц алга болсон байсан. Тэгээд тэр дороо цагдаад
дуудлага өгсөн...Манайх хязаалан үхрийн 4 мөчийг борцолсон юм. 25 кг-ийн шуудайнд яг
дүүрэн хийгээд амыг нь боосон борц байсан. Шуудай нь 25 кг-ийн гурилын шуудай
байсан бөгөөд гадуур нь давхар 40 кг-ийн шар шуудайнд хийсэн байсан...Алдсан борцныхоо үнийг нэхэмжилнэ... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-26 дугаар хуудас/,
Гэрч Д.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "… Манайх Мөрөн сумын 10-р багийн нутаг дэвсгэр “Цагаан бургас” гэдэг газар байдаг юм. 2018 оны 04 дүгээр сард би хүргэн Отгонболдынд 25 кг-ийн шуудайтай гадуур нь 40 кг-ийн шар шуудайнд хийсэн борц өгсөн юм. Тэгтэл 2018 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө нөгөө борцоо хулгайд алдсан байна. Тэгээд авсан хүн болох Баба нь хохирлоо барагдуулж өгөхгүй байгаа...Би яг жинлэж үзээгүй юм. 10-аад кг борц байсан байх үхрийн борц байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 37 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838003410286 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Ц.О нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 55 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч М.Б нь 41 настай, эмнэлгийн хяналтанд байдаг, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 11 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Бямбасүрэнг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мягмарсүрэнгийн Бямбасүрэнг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийн цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1838003410286 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР